Ярилцлага

"Цагаан уул" цомын эзэн Г.Хашбаатар: Хаанаас гоо зүйг олно, тэнд бичих зүйл илхэн бий

Энэ удаагийн зочноор бид гэгээн хайрын валентинийн баярын өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-уул”(2023) хайрын шүлгийн наадамд тэргүүн байр эзэлсэн яруу найрагч Г.Хашбаатарыг урьж оролцууллаа.

-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахыг хүсэж байна?

-Гантөмөрийн Хашбаатар гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. УЗНАДС-ийг “Утга зохиолын ажилтан” мэргэжлээр төгссөн. Одоогоор сонины сэтгүүлч хийж байна даа.

-Та энэ жилийн “Цагаан-уул” хайрын шүлгийн наадамд:

Цас ороод дуусчихсан уу?
Цас романаа уншаад дуусчихсан уу?
Би цас байсан ч болоосой
Ном байсан ч болоосой" гэсэн шүлэг дуудсан. “Цас” гэдэг үгийг сонсоход танд хамгийн түрүүнд ямар дурсамж орж ирдэг вэ?

-Сайхан асуулт байна. Байгалийн үзэгдэл юмс ихэвчлэн хүүхэд насны хамгийн нандин дурсамжуудтай яагаад ч юм зууралдаад байдаг. Магадгүй миний хувьд л тийм байж мэдэх юм. Дүүтэйгээ хамт том, том цас лавсан будрахад тэнгэр ширтэн өнөөх цасан ширхгүүдээс бултан тоглодог байлаа. Тэгээд хэн хэнийгээ харахгүй мөргөлдөж унаад л... Хамаг хувцсаа норгоод л... Би чинь нарсан ой дунд өссөн хүн шүү дээ. Нарсан ой цасанд дарагдах, цасанд дарагдсан нарсан ойд түлээнд явах, нөмөрт нь зогсох гээд л олон сайхан дурсамж бий.

-Дээрх шүлэгт түлээ хагалах талаар их дурдсан байсан. Өссөн орчинтой холбоотой байх нь ээ?

-Хотод арваад жил амьдрахдаа "Нэг их сайхан түлээ хагалах юм сан” гэж их боддог байв. Түлээ хагална гэдэг чинь ой тайган дундах сумын хүүхдүүдийн сүх даахтай үгүйтэй л зэрэг хийдэг энгийн нэг ажил. Тийм ээ, яалт ч үгүй өссөн орчны нөлөө л дөө. Би ер нь түлээ хагалах их дуртай. Яртай мод цуулан хагалах ч хамаг бачуурлаа тайлах сайхан арга байдаг шүү.

-Арван жилийн уран зохиолын хичээлд улирлын талаар шүлэг бичих эсвэл ээжийн тухай дөрвөн мөрт бичих гээд л яруу найрагтай анх хүүхдүүд танилцаж эхэлдэг. Таны хувьд анх яаж яруу найраг гэдэг урлагтай холбогдсон бэ. Аль нэг яруу найрагчийн номыг уншиж, өөрөө бичих гэж оролдох эсвэл үлгэр дуурайлал авах хэн нэгэн байв уу?

-Үнэндээ тийм зүйл байгаагүй л дээ. Холбогдсон гээд байхаар ч зүйл байхгүй дээ. Бага ангийн багш н.Энхцэцэг гэдэг хүний л гярхай нүд гэж би боддог. Анх дөрөвдүгээр ангид байхад “Багш” гэдэг сэдвээр шүлэг бичүүлсэн юм. Би нэг юм бичсэн нь багшид их таалагдаад аав, ээж хоёрт танай хүү шүлэг бичих авьяастай юм байна хөгжүүлээрэй гэж хэлсэн гэнэ лээ.

-Аан зөв зөв. Та Эрдэнэтэд арван жилээ төгссөн үү?

-Үгүй, үгүй. Би чинь Сэлэнгэ аймгийн Шаамар сумандаа төгссөн. Би чинь хожуу 2019 онд Хутаг өндөрт очиж амьдарсан хүн шүү дээ. Эрдэнэтэд энэ жилээс л суурин суух төлөвтэй байгаа гэх үү дээ. Эрдэнэтийн “Гүн-Утга” нэгдэлд байдаг болохоор олон хүн намайг тэнд амьдардаг гэж ойлгодог бололтой.

-Арван жилд шүлэг бичдэг, уншдаг сонирхол нэгтэй найз нөхөд байсан уу. Яруу найраг сонирхогчдын нөхөрлөл бусад хүрээллээс ялгарах онцлогтой юм шиг санагддаг. Амьдралыг, бие биенээ илүү мэдэрч ойлгодог ч юм шиг?

-Манай суманд тийм хүүхэд байгаагүй ээ. Сумын хүрэл тулга гэдэг ч юм уу нэг шүлгийн тэмцээн болж тэрнээс түрүүлсэн нь аймагт явдаг байсан юм. Би үргэлж ганцаараа ороод түрүүлдэг байлаа (инээв). Тийм болохоор би арван жилдээ юу ч уншдаггүй, хоосон толгойлсон нөхөр л байсан даа. Зүгээр л багаасаа шүлэг бичээд л медал аваад л тэр чигээрээ өөрийгөө шүлэг бичдэг хүн болно л гэж бодсон байх.

-Харин хотод оюутан болж ирээд сонирхол нэгтэй залуучуудтай нийлээд ирэхээр ямар санагдсан бол?

-Данзангийн Нямсүрэн гэж эмэгтэй юм уу, эрэгтэй юм уу гэж хүйсийг нь асуусан оюутан гэхээр ёстой юм уншаагүй байсан нь илт байгаа биз. Гэтэл манай ангийнхан Галсансүх ч гэнэ үү, Уянсүх ч гэнэ үү, Өлзий, Аюур гээд л миний мэдэхгүй баахан зохиолч яриад л шүлгийг нь уншаад л. Би яах вэ, багын жаахан шартай хүүхэд байсан учраас шөнө орой гэлтгүй өнөөх хэдийг нь уншаад л. Манай үеийнхэн ихэнх нь аймгийн Хүрэл тулгын шилдгүүд байсан. Тэндээс “Хас-Дорно” гэх бүлгэмийн нөхөдтэйгээ анх танилцсан нь их сайхан хэрэг болсон.

-Хамгийн их юм уншсан, атаархал төрүүлдэг оюутан нь хэн байв?

-Юу ч уншаагүй хүнд хүн болгон л их уншсан санагддаг юм байна лээ. Хамгийн гол нь уншсан зүйлээрээ тултал онгирч, хүн доромжилж байсан нь Энхболдын Доржсүрэн гэж нөхөр. Тэрэнтэй тэрсэж л их уншиж их бичсэн шүү. Их ч зодолдсон доо (инээв).

-Та яруу найргаас гадна үргэлжилсэн үгийн төрлөөр бичдэг үү?

-Бичдэг. Эссэ, тууж, жүжиг, кино зохиол гээд л оролдоогүй төрөл зүйл алга даа. Цаг хугацаа нь хэрхэхийг хэн мэдэх вэ.

-Хоёулаа ярилцлагын эхэнд өвлийн тухай дурдсан. Улирал болгон өөр өөр дурсамж, өөр өөр мэдрэмжийг тээдэг. Таны хувьд аль улиралд илүү их дотоод мэдрэмжээ анзаарч эхэлдэг вэ?

-Өвлийн улиралд би угаас дуртай. Ер нь хүйтэнд дуртай гэх үү дээ. Даарахаар биеийн хамаг шар үс босоод, үс болгон биеэс минь нисэх гэж буй мэт, надаас зугтах гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж, тэр бүрт нь надад үс бүрийн сүвээр ямар нэгэн шинэ сэргэг мэдрэмжүүд түрэн орж ирэх шиг болдог.

-Тэгвэл өвлийн улиралд илүү их шүлэг бичдэг гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно шүү. Энэ бас л өссөн орчинтой холбоотой байх. Манайх чинь зөгийчин, ногоочин айл болохоор өвлийн улиралд ичээндээ орсон амьтад шиг л гэртээ бүгнэ. Тэгэхээр хамгийн их зав зайтай, урт саруудад бодлоо цэгцэлж сурсан байж ч магад. Гэхдээ би бичиж тууривахыг улирлаар зааглахгүй байхыг хичээдэг. Аль ч улирлаас өөрийн гоо зүйг нь мэдрэх, тэгээд тууривах сэтгэл зүйтэй байх нь уран бүтээлчийн гол чанар болов уу гэж боддог.

-Улаанбаатарын өвөл гэхдээ таны төрж өссөн нутгийн өвлөөс сонирхолгүй биш үү. Утаа, түгжрэл, халтиргаа гулгаа, хог гээд л... Илүү сатаарах зүйл олон ч гэх юм уу?

-Газар газрын өвөл өөрийн гэсэн гоо зүйтэй. Ер нь улирал бүр тухайн орчныхоо далд гоо сайхныг нээж харуулдаг шиг санагддаг. Хаанаас гоо зүйг олно, тэнд бидний бичих зүйл илхэн бий. Гэхдээ хүн нэг дүрслэл, хэв шинжид огт баригдаж болохгүй гэж боддог. Өвөл хаана, хаана хэрхэн ирж буйг анзаарах, хаана даарах гэдэг чинь бас л сонирхолтой бус уу. Цас хаа ч тогтож чадна шүү дээ. Гудамжны гэрлүүд дээр, уяаны шон дээр.

-Тийм шүү. Энэ жаахан хариулахад хэцүү эсвэл утгагүй асуулт байж мэднэ. Амьдрал, яруу найраг хоёрын аль нь илүү үнэ цэнтэй гэж та бодож байна?

-Энэ асуултад агуу суутан эсвэл адгийн тэнэгийн аль нэг нь л хариулах байх. Би адгийн тэнэг нь болж товч хариулахыг хичээе. Амьдралаа золих нь магадгүй жинхэнэ яруу найргийн мөн чанар юм шиг. Жинхэнэ уран бүтээл, уран зохиол амьдралаас тэрс шугамаар явж бүтээгдэх тохиолдол их байдаг шүү дээ. Гэвч нөгөө талаасаа амьдралын бүхий л асуудлыг хаос мөн чанартай гэж хараад, тэндээс бүх гоо зүйг нь мэдэрч чадваас яруу сайхан нь оршиж байж мэдэх. Үнэндээ надад зоосны хоёр тал шиг л санагдаж байна. Харин би зоосоо босоогоор буугаасай л гэж хүснэ.

-Сайхан хариулт байна. Хүн болгон дотроо яруу найрагч буюу уран бүтээлчид. Харин илэрхийлдэг арга хэлбэр нь л өнгө будаг, хэмнэл аялгуу, үг зэргээр илэрдэг. Зарим нь бүр бүх насаараа доторх дахин давтагдашгүй мөн чанар, мэдрэмжээ үл мэдэн амьдарсаар дуусдаг. Таны хувьд урлагаас олж авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ?

-Мөн чанар. Мөн чанар доторх өөрийн үнэн дүр төрхийг. Тэр төрхийн үнэн хийгээд худлыг таних боломжийг урлаг надад өгдөг. Сэтгэл минь хааяа хөгжмийн хамгийн нарийн утас шиг, заримдаа хөндөх төдийд тасрах үжирсэн утас шиг, заримдаа Сальвадор Далигийн сюрреалистууд шиг, хааяа Бродскийгийн шүлгүүд шиг алинд нь ч хувилан өөрийн таашаасан мэдрэмжүүдийг авдаг болов уу даа

-“Цагаан-уул” наадмын эцсийн шатанд "Нэгэн пянзны арван дуу" гэх шүлэг дуудсан. Хөгжим сонирхдог гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, пянзанд дуртай . Дуу хөгжмийг пянзаар сонсох хамгийн өндөр таашаалтай санагддаг

-Ихэвчлэн ямар жанрын дуу сонсдог бол? Уран бүтээлд тань нөлөөлдөг болов уу?

-Сүүлийн үед пост рок сонсож байгаа. Амьд хөгжим голчлон сонсдог. Мөн ардын дуунууддаа дуртай. Хөгжмийн нөлөө их бий шүү. Яруу найраг өөрөө дотоод аялгуутай, гадаад дуу хоолойтой байх ёстой.

-Монгол яруу найрагчдаас энэ шинжийг хамгийн сайн хадгалж бичдэг яруу найрагч хэн бол?

-Д.Урианхай найрагчийг хамгийн түрүүнд нэрлэнэ. Мөн А.Эрдэнэ-Очир болон Г.Аюурзана, Ц.Доржсэмбэ яруу найрагчийг санаанд орж ирснээр нь шууд нэрлэчихлээ. Мэдээж олон сайхан найрагч манайд бий дээ бий.

-Энэ жил А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болж буйгаараа онцлог "Цагаан-уул" яруу найргийн наадамд байр эзлэх талаар, за бүр түрүүлэх талаар төсөөлөл, хүлээлттэй байсан уу?

-Огтхон ч төсөөлөөгүй ээ. Том наадам шүү дээ. Ямартай ч гэргий минь хөдөөнөөс ирсэн тул түүнд зориулж шүлэг унших минь л хамгийн сайхан нь байсан. Харин аз тохиож түрүүлсэн нь сайхан байлаа.

-Таны "Хаанаас гоо зүйг олно, тэнд бичих зүйл илхэн бий" гэдэг шиг хүн бүхэн амьдралаас гоо зүй, сайн сайхныг олж харж өөрийн гэсэн давтагдашгүй мөн чанарыг шинээр нээх болтугай гэсэн ерөөлөөр энэхүү ярилцлагаа өндөрлөе. Хүсэлтийг маань хүлээн авч, цаг заваа зориулж, нээлттэй сайхан ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээл, ажил, амьдралд нь амжилт хүсье.

-Хүндэтгэн ярилцсан танд гүнээ талархъя. Арай балчирт их алдар, олох хүнд бага алдар дэмий хэмээн сэтгэн, тэрс зөрүү, дэлэм илүү омогтой явсан минь олон. Гэвч цаг хугацаа үргэлж биднийг ялах юм. Аль ч завинд суусан усан дээр л явах нь үнэн хойно доо. Таны далбаа үргэлж салхины нөхөр байг ээ. Амжилт хүсье.

-Баярлалаа,танд.

Э.ГАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сайн ах
Сайн ах
2023-03-16 16:39

П.. Да шүлэг нь хаана байна

Холбоотой мэдээ

Back to top button