Brain Drain буюу Монголоос явсан оюунлагууд

Brain Drain буюу махчлан орчуулбал тархины шилжилт, тархи шавхах гэх утга бүхий энэ үг нь тухайн улсаас өндөр боловсролтой хүмүүс өөр улс орон руу цагаачилж, эсвэл одоогоосоо илүү сайн боломжийг олж авахын тулд гадаад орныг зорих явдлыг хэлнэ.
Тэгэхээр товчхондоо бол оюунлаг хүмүүс эх орноосоо явж буйг ийн нэрлэдэг юм. Нөгөө талаасаа уг нэршлийг бид орон нутгаас хотыг зорих иргэдийн шилжилттэй холбон ярьж болох билээ.
Улс орон бүрийн "Human Flight"-"Brain Drain" индексээр манай улс сүүлийн таван жилийн турш буурсан үзүүлэлттэй гарсан байдаг. Тодруулбал,
- 2018 он - 3.50
- 2019 он - 3.80
- 2020 он - 4.00
- 2021 он - 4.20
- 2022 он - 4.30 оноог тус тус авсан байна.
Уг индекс нь 10 оноогоор дүгнэдэг бөгөөд үзүүлэлт нь нэмэгдэх тусам гадагшаа чиглэх иргэдийн урсгал өсөж, тус улсын үзүүлэлт нь буурч байгааг илтгэдэг.
Үүнд макро болон микро хүчин зүйлс ихээхэн нөлөө үзүүлдэг билээ. Тухайлбал, иргэдийн амьжиргааны түвшин, нийгмийн анхдагч хэрэгцээ, боломж бололцоо, ядуурал, эдийн засгийн өсөлт гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.
Шилжилт хөдөлгөөн бол хүн төрөлхтний түүхэнд байнга тохиолддог хэвийн үзэгдэл. Нэг газраас нөгөөд байнгын болон түр хугацаагаар суурьших хөдөлгөөнийг шилжих хөдөлгөөн хэмээн нэрлэдэг. Угтаа энэ нь хүн ам зүйн хувьд хийгээд эдийн засгийн нөхцөл байдалд ихээхэн нөлөө үзүүлж буй зүйл юм.
Ихэвчлэн энэ нийтлэлд дурдагдаж буй оюунлагууд улсаасаа явах нь буурай хөгжилтэй болон хөгжингүй улс оронд түлхүү ажиглагддаг зураглал билээ.
-Оюунлагууд гадагш урсахын үр дагавар-
Дэлхий даяар мэргэшсэн хүний нөөцийн хомсдолд орсон тул буурай улс орныг ажиллах хүчээ болгохыг эрмэлзэх нь хөгжингүй улс орны гол бодлогуудын нэг болж буй.
Энэ нь нийгэмд хэд хэдэн нөлөө үзүүлдэг. Тухайлбал, иргэдээ алдаж буй улсад боловсролын салбарт хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Учир нь боловсрол сайн эзэмшиж чадвал ирээдүйд өндөр хөгжилтэй, орлого сайтай газар амьдрах боломжтой гэх хүмүүс нийгэмд олширч, тэр хэрээр уг салбар дахь дотоод болон гадаад мөнгөний эргэлт нэмэгддэг ажээ. Дотоодын хэлний бэлтгэлийн төвүүд нэмэгдэх, суралцагчид олшрох, түүнийг дагаад гаднын улс руу сурахаар явагсдын тоо өсдөг.
Жишээ нь, өнгөрсөн онд манай улсаас боловсролын чиглэлээр 422 сая ам.долларын урсгал гадагшилжээ.
Гадагшилсан урсгал нэмэгдэх нь дотоодод буй хүмүүст ч ийм боломж байгаа гэдгийг ойлгуулдаг тул гадаад улсыг зорихын тулд дотооддоо эзэмших боловсролоо сайжруулдаг байна.
Мөн мөнгөн гуйвуулгын урсгал нэмэгдэж, олон улсын гүйлгээний зардлыг бууруулж, худалдааг нэмэгдүүлдэг байна. 2022 оны байдлаар нийт 139 сая ам.долларын мөнгөн гуйвуулгыг хийсэн хэмээн Монголбанкны статистик мэдээлэлд гарчээ.
Энэ нь хоёрдогч орлогын данс буюу гадаад улсаас манай улс руу орж ирэх валютын тоо нэмэгдэх нөлөө үзүүлдэг.
Шилжилт хөдөлгөөн байнгын үргэлжилдэг зүйл тул гадагшаа явагсад эргэн ирэх нь гаднын инновац, технологийг эх орондоо нутагшуулах, дамжуулах нөхцөлийг бий болгодог.
Дээрх эерэг нөлөөг үзүүлэх ч сөрөг үр дагаврыг ч бий болгодог.
Тухайлбал, шинийг санаачлагч, чадварлаг иргэдээ алдах нь тухайн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хөдөлмөрийн чадавх буурахад нөлөөлдөг билээ. Энэ нь эрүүл мэнд, боловсрол гэх мэт нийгмийн суурь, чухал салбаруудад ажиллах хүчний хомсдолыг багасгадаг.
Ингэснээр тухайн улсын татварын орлого алдагдаж, төсөвт төвлөрөх мөнгөн дүн буурдаг.
Дээрх бүгдээс дүгнээд харвал эдийн засгийн ядуурал нь өндөр ур чадвартай иргэд орлого муутай байдгаас үүдэж, хөгжиж буй, хөгжингүй оронг зорьж, хамгийн сайн ажиллах нөхцөлийг эрэлхийлэхэд хүргэдэг. Эцсийн дүндээ эдийн засгийн дорой байдал биднийг зах зээлийн ажиллах хүчнээ гаднын улс орныг зориход хүргэж, энэ нь өнгөн дээрээ нийгмийн хөгжилд төдийлөн нөлөө үзүүлэхгүй мэт харагдавч, улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлж буй. Тэр дундаа манай улсын хувьд ажиллах хүчний хомсдолд орж буй нь зөвхөн нийгмийн халамжтай холбоотой бус, оюунлаг ажиллах хүчнээ гадаадын улс оронд алдаж буйтай ч холбоотой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.