Гадаад мэдээДЭЛХИЙ

Завины хүмүүс: Вьетнамчууд яагаад Ке Хуй Куаныг хүлээн зөвшөөрдөггүй вэ

Оскарын наадмын шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэнийхээ дараа Ке Хуй Куан залуу байхдаа Вьетнамаас Хонконг дахь дүрвэгсдийн хуарангаар дамжин, Калифорни руу завиар аялсан тухайгаа тайзнаа ярьсан.

Тэрбээр "Би дүрвэгсдийн хуаранд нэг жилийг өнгөрөөж, ямар нэгэн байдлаар Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна. Ийм түүх кинон дээр л гардаг. Надад тохиолдсонд итгэхгүй байна. Энэ бол америк мөрөөдөл" гэсэн юм.

Хуй Куаны хувьд Оскарын шагнал хүртсэн вьетнам гаралтай анхны хүн юм. Энэ жил вьетнам гаралтай хоёр хүн нэр дэвшсэний нэг нь "Халим" киноны Хонг Чау бөгөөд гэр бүлээрээ Вьетнамаас завиар зугатаж байсан түүхтэй.

Тэгвэл Вьетнамын хэвлэл мэдээллээр Ке Хуй Куаны талаар барагтай л бол мэдээллээгүй. Түүний гарал үүслийг вьетнам гэхээс илүүтэй хятад угсааных хэмээн тэмдэглэсэн байдаг. Тодруулбал, 1971 онд Вьетнамын өмнөд хэсгийн нийслэл болох Сайгон хотод төрж, гэр бүл нь Зүүн өмнөд Азийн олон хотод байдаг хятад үндэстний цөөнхийн нэг хэсэг гэжээ.

Түүгээр ч зогсохгүй Вьетнамд түүн шиг дүрвэсэн иргэдийг "Завьтай хүмүүс" хэмээн нэрлэдэг байна.

-Тэд яагаад хамгийн алдартай нэгнээ хүлээн зөвшөөрөөгүй вэ-

1970-1980-аад онд вьетнамчууд олноор завиар дүрвэсэн явдал нь тус улсын түүхэн дэх хамгийн бараан үйл явдлуудын нэг юм. Хятад үндэстэн хэдий ч Вьетнамд амьдарч байсан 1.5 гаруй сая иргэн Өмнөд Хятадын тэнгисийг завиар гаталсан байдаг. Энэ үеэр нийт 200-400 мянган хүн нас барсны зарим нь харгис далайн дээрэмчдийн гарт өртсөн хэмээн НҮБ-ын дүрвэгсдийн комисс мэдээллэж байв.

АНУ-ын цэргийн хүчийг ялаад удаагүй цаг үед, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байсан мөчид ийм үйл явдал болсон нь эрх баригч коммунист намын хувьд мартахыг, дурсахыг хүсдэггүй үйл явдлуудын нэг юм.

Харин Ке Хуй Куаны Оскарын шагнал авсан явдал нь дээрх түүхийг сөхсөн явдал болжээ. БНХАУ болон Вьетнам гэх хоёр коммунист улс Дэлхийн II дайны дараа бүрэлдэн тогтох хугацаандаа хамтрагчид байсан цаг үе. Тодруулбал, эхлээд Франц дараа нь АНУ-ын эсрэг хийх тэмцэлд нь Хойд Вьетнамд Хятадаас их хэмжээний тусламж үзүүлж байв.

1975 онд Хятад АНУ-ын харилцаа сайжирч, харин ЗХУ-тай хуваагдсан харилцаатай байх үед Вьетнам ЗХУ-ын талд орж байсан гэдэг. Энэ үеэр хятад үндэстний олон хүн ам, тэр дундаа Ке Хуй Куаны гэр бүл коммунистуудын шахалтад орж, капиталист дэглэмд үнэнч байсан хэмээн сэжиглэгдэж байв.

Дайны дараа Вьетнамын эдийн засаг хүнд байдалд орж, асар их хохирол амссан. Ихэвчлэн албан тушаалтнуудад авлига өгөх замаар завь хөлсөлж, 1978 оны есдүгээр сард Вьетнамаас гадагш урсах урсгал тасраагүй юм.

Харин дүрвэгсдийн тоо эрс нэмэгдсэн үе нь 1979 оны хоёрдугаар сард юм. Учир нь тэр үеэр хятадууд Вьетнам руу дайрч байсан тул хятадын эсрэг үзэл нийгэмд тархаж байв. Энэ байдал 10 гаруй жил үргэлжилсэн юм.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын улмаас Хятадын талаас явуулж буй түрэмгий бодлого нь тэднийг үзэн ядах үзлийг одоо ч нэмсээр байгаа.

Дээр дурдсан түүхтэй холбоотойгоор Ке Хуй Куаныг шагнал авсны дараа олон нийтээс дараах байр суурийг хамгийн ихээр цахим орчинд нийтэлж байгаа ажээ. Тухайлбал,

  • Тэр бол Хятад-Америк хүн. Өмнө нь Вьетнамын иргэншилтэй байсан гэдгийг тодорхой дурдах хэрэгтэй. Би энд ямар ч вьетнам гарал үүсэл харахгүй байна
  • Хуй Куаныг Вьетнамд төрсөн, хятад гаралтай хүн тул Вьетнам гэж хэлэх нь зүй ёсных
  • Тэр Сайгон гаралтай ч АНУ-д өсөж, алдар нэрд хүрсэн. Түүнд зүгээр л баяр хүргэцгээе гэх агуулга бүхий зүйлсийг бичсэн байв.

Сидней дэх Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Анагаах ухааны профессор, завьчин асан Нгуен Ван Туан "Вьетнамын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ке Хуй Куанын түүхийг үл тоомсорлож байгаад харамсаж байна. 1970-1980-аад оны дүрвэгсдийн түүх бол эмгэнэлтэй хийгээд тэр үеийнхэн их ядуу байсан. Тэд амьд үлдэхийн тулд бүхнийг хийсэн. Өнөөгийн вьетнамчууд тухайн үеийн дүрвэгсдийн зовлонг төсөөлж ч чадахгүй байгаа нь түүхийн гашуун зовлонг дараагийн үеийнхэнд зааж өгөөгүйтэй холбоотой" гэсэн юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-18 13:08

Завьтай хүмүүсээс нэг нь ч гэсэн амжилтанд хүрсэнд баярлах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button