Нийгэм ярилцлага

Шааран чимэглэлийн артист Б.Оюунгэрэл: Урлаг талаас нь хөгжүүлэхийг хүсдэг

Монголын анхны шааран чимэглэлийн артист Б.Оюунгэрэл 14 жилийн турш уг чиглэлээр ажиллаж буй. Тэрбээр 2012 он БНСУ-д шааран артистын I болон II зэрэглэлийн сургалтад суугаад, мэргэжлийн артист болсон байна. Өдгөө Wow Balloon гэх студитэй бөгөөд захиалга өгсөн үйлчлүүлэгийнхээ байршилд шаараар бүтээл хийж өгөх үйлчилгээг үзүүлдэг ажээ. Уг студийн гол онцлог нь солонгос, америк, хятадын мэргэжлийн артистуудад зориулсан шаарыг худалдаалдаг бөгөөд 65 өнгийн шаараас сонгож, ямар бүтээл хийлгэхээ зөвшилцөж, жижиг бүтээлээ студид хийлгэж, том хэмжээтэйг нь байршлаа хэлэн авах боломжтой гарааны бизнес юм. Түүнтэй ажил, мэргэжлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Яагаад энэ мэргэжлийг сонгон ажиллаж байгаа вэ. Энэ талаар ярилцаж, яриагаа эхлүүлье?

-Миний үндсэн мэргэжил маань өөр л дөө. Энэ мэргэжлийг сонирхлоо даган сонгож, хөгжүүлж байна. Шаар нь бүх хүнийг баярлуулдаг, аз жаргалтай болгодог зүйл учраас энэ чиглэлийг сонгон ажиллаж байгаа.

-Мэргэжлийнхээ талаар ярихгүй юу. Хүмүүсийн хувьд энэ чиглэлийн салбарыг төдийлөн сайн мэдэхгүй болов уу?

-Шааран чимэглэл нь дотроо олон техниктэй. Шаарыг зүгээр ч үлээхгүй, арга техник гэж бий. Үйлдвэрлэхдээ ч дугуй, нарийн гэх мэтээр төрөл бүрийн хэвтэй байдаг. Шаарыг техникийнх дагуу үлээж, ямарваа нэгэн зүйл урлахыг л артист хэмээн нэрлээд буй. Тухайлбал, амьтан, дүрс, орчин гэх мэт.

Шаараар бүтээл урлах нь хүч, цаг их зарцуулдаг ажил. Тиймээс бүтээлээ хийж дууссаны дараа хүмүүсийн баярлаж байгаа мэдрэмжийг авах нь чухал. Миний хувьд энэ бол хамгийн гоё мэдрэмж.

-Энэ мэргэжлээр мэргэшсэн хүн манайд хэр олон байгаа бол?

-Мэргэшсэн хүн байхгүй. Харин сонирхлоороо гарч ирж буй хүмүүс хэд хэд бий. Миний хувьд шааран чимэглэлийг хөгжүүлж буй гэх утгаараа Монголдоо анхны тохиолдол хэмээн хэлж болно.

-Нэг бүтээлээ хийхэд дунджаар хэр их хугацааг зарцуулдаг вэ?

-Урлаж, нарийвчлан хэлбэр дүрс үүсгэх загварууд цаг их шаарддаг, ажиллагаа ихтэй. Хамгийн багадаа 2-3 цаг зарцуулж байж маш жижиг хэмжээтэй бүтээлийг гарган авдаг. Харин төрсөн өдрийн гэх мэт хүлээн авалтын үеэрх бүтээлийг урлахад богино хугацаа хангалттай.

-Сингапурын рекордыг шинэчлэн тогтоосон юм билээ. Баяр хүргэе?

-Баярлалалаа. Бид "Marina Square" их дэлгүүрт 230 мянган шаараар бүтээл урласан. Бид 36-уулаа дөрвөн өдрийн турш шаараар Хавайн аралд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхээр ландшафтыг байгуусан. Хамгийн урт нь 35, өндөр нь 17 метр хэмжээтэй. Зургаан орны мэргэжлийн шаарны артистууд цуглаж, "World record team" бүрдүүлэн уг бүтээлүүдийг урласан юм. Уг багийг шааран чимэглэл хийгчид дунд алдартай Сингапур улсын артист Лили Тан ахалдаг. Тэрбээр энэ багаараа 2012 онд Гиннесийн амжилтыг тогтоож байсан.

Монгол хүн анх удаа "World record team" бүрэлдэхүүнд оролцон ажилласан амжилт байлаа. Шаарны артистууд хоёр жилд нэг удаа АНУ-д цуглаж, чуулдаг. Цар тахлын жилүүдэд цахимаар уулзалт нь болсон. Түүнд оролцож байсан. Одоогоор дараагийн уулзалтын тов тодорхой болоогүй байгаа.

-Таны хувьд манай улсын хэмжээнд шаарны чимэглэлийн хөгжлийг хэр түвшинд байгаа хэмээн харж байна?

-Шааран чимэглэл нь урлаг талаасаа хөгжөөд дэлхийд олон жил болж байгаа. Манай улсад буй хөгжил нь анхны шатаа дуусгасан. Учир нь хэдийн энэ чимэглэл манайд нэвтрээд 14 жилийг өнгөрөөсөн байна. Харин одоо урлаг талаас нь илүүтэй хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

Жил ирэх тусам шаарны төрөл, загварууд шинэчлэгдэж байгаа. Үүнийг дагаад артистуудын хийж буй загварууд шинэчлэгдэж байна.

-Энэ чиглэлээр суралцахаар тантай холбогдсон хүмүүс байгаа юу. Монголд энэ төрлийн сургалт байдгийг мэдэхгүй юм байна?

-Сургалт Монголд байхгүй. Харин хүмүүсийн хувьд маш их хандаж байгаа. Орон нутгаас ч олон хүн холбогдож, сургалт байвал суух хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Удахгүй шааран чимэглэлийг мэргэжлийн талаас нь зааж, сургах зорилго, төлөвлөгөөтэй байна.

-Бага байхын гарын эв дүйтэй хүүхэд байсан уу?

-Багадаа гар урлалын бүтээл их хийдэг байсан. Цүнх оёх, нэхэх, зураг зурах гэх мэт гараар хийж болох зүйлсэд ур сайтай байсан юм. Магадгүй багын энэ зан чанар маань одоогийн мэргэжлийг сонгох суурь болсон гэж боддог.

-Ямар шааран бүтээл урлах вэ хэмээн их боддог байх. Бүтээлийнхээ сэдвийг хэрхэн сонгодог вэ?

-Хүмүүс чимэглүүлэх сэдвээ хэлдэг. Тэгэх даруйд шууд л хүссэн чимэглэлийг нь хийж өгөхөөр ажиллаж байгаа. Бүтээлээ хараад хүмүүсийн баярлаж буй мэдрэмжээсээ маш их урам зориг авдаг.

-Зах зээлд танай салбарынханд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь юу вэ?

-Мэргэжлийн ажиллах хүчний хомсдол бий. Мэргэжлийн, чадварлаг хүний нөөц аль ч салбарт тулгамдсан асуудал болж байна. Манай салбарынхны хувьд ч энэ чиглэлийг хөгжүүлж явах хүмүүсийн тоо одоогоор маш бага байгаа. Удахгүй нэмэгдэнэ гэдэгт итгэлтй байна.

-Цаашдын хийхийг хүссэн зүйлийнхээ талаар хэлэхгүй юу. Ямар мөрөөдөл тээж байгаа вэ?

-Шааран чимэглэл хийж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Мэргэжлийн болон урлаг талаас нь хөгжүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ. Шаараа үлээх техникээс эхлээд мэргэжлийн түвшинд очтол нь зааж сургах хүсэлтэй байгаа. Бидний бүтээлийг харан олон хүн сэтгэл ханамж аваасай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button