ЭДИЙН ЗАСАГ

ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт 400 сая ам.доллараар ТАСАРЧЭЭ

-2018 ОНД НИЙТ 970 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОРЖ ИРЖЭЭ-

ОУВС-гаас “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг бага орлоготой, хөгжлийн доод төвшинд яваа улсуудад хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн гол зорилго нь тухайн улс орны эдийн засагт суурь шинэчлэл хийхэд чиглэдэг билээ. Тиймээс ч нийгмийн халамжийг танах, уурхайн түүхий эдийн гаралтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг чөлөөлөх, ямар нэгэн татвар болоод, татварын бус худалдааны хориг, хязгаарлалтуудыг арилгах, үнэ чөлөөлөх санхүүгийн зах зээлийг чөлөөлөх, өмч хувьчлалыг бүрэн хийх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьдаг. 

Хөтөлбөрт хамрагдсан улс улирал бүр тайлангаа тавих бөгөөд ОУВС-аас гурван сард нэг удаа хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналтын талаар тайлан гарган ажилладаг юм. Уг тайланд үндэслэн дараачийн зээлийг олгох эсэхээ шийддэг. Энэ Жишгээр манай улс одоогийн байдлаар нийт зургаан удаагийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлээд байна.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон бусад донор байгууллагаас 2017, 2018 онд нийт 970 орчим сая ам.долларын санхүүжилт орж иржээ. Үүний үр дүнд экспортын голлох түүхий эдүүдийн үнэ болон биет хэмжээ өссөнөөс нийт экспорт 6.5 тэрбум ам.доллар давж улсын зээлжих зэрэглэл өссөн байна. 2018 онд Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд  800 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт орж ирэхээр тохиролцсон. 

-ДЭЛХИЙН БАНК, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮЖИЛТ ХОЙШИЛЖ, ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БАЙНА-

Гэвч олгох ёстой санхүүжилт 400 сая ам.доллароор тасраад байна. Эдгээр санхүүжилтүүд 2019 оны эхний улиралд Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөлийн хурлын дараа шийдэгдэх хүлээлттэй байна. Анх доноруудаас Азийн хөгжлийн банк 900 сая ам.доллар, БНСУ 700 сая ам.доллар, Дэлхийн банк 600 сая ам.доллар, Япон улс 850 сая ам.долларын санхүүжилт олгохоор амлаж байсан ч Дэлхийн банк, Япон улсын Засгийн газрын санхүүжилт хойшилж хүлээлт үүсээд буй. 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилтүүд, гадаад зах зээлд түүхий эдийн үнийн өсөлт хадгалагдах, экспортын биет хэмжээ нэмэгдэх зэрэг нь 2019 онд ханшийг тогтвортой байх нөхцөл болж байгаа юм байна.Засгийн газар, Монголбанк 2020-2024 онд нийт 7.1 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай байгаа нь ханшийн бодлогод тулгамдсан сорилт болж байгааг Төв банк нэрлэсэн юм.  

"Гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангахад Олон Улсын Валютын Сан болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай" гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэж байв. Үүнээс гадна валютын зах зээлийн урт хугацааны шинжтэй сорилт нь урсгал дансны алдагдал болж байна. Урсгал дансны алдагдлыг арилгахын тулд экспортын орлогыг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Төв банк үзэж байгаа аж. 

Б.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button