Төрийн түшээд нь таргалалттайгаа тэмцвэл иргэд дагах нь гарцаагүй

Эрүүл мэндийн яамнаас "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Уг аяныг санаачлан зохион байгуулж буй нь авууштай. Учир нь 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 16 хувь нь таргалалттай байгаа юм. Мөн 35-69 насны хүн амын 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жинтэй байгаа бөгөөд манай улсад илүү залуужиж байгаа.
Тэр дундаа сурагчид хийгээд залуучуудын таргалалт эрс нэмэгдэж буй нь бидний хувьд зайлшгүй анхаарах ёстой зүйл мөн.
Яамнаас хэвлэлийн хурлынхаа үеэр "Хөдөлгөөний идэвхгүй байдал болон буруу хооллолтоос улбаатайгаар таргалалт болон жингийн илүүдэл нэмэгдэж байна. Нийт хоёр сарын хугацаатайгаар энэ аяныг зохион байгуулж байгаа. Ингэснээр иргэдэд зуршил болгон суулгах зориулалттай. Монгол Улсын хүн амын дөрвөн хувь нь эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлж чаддаг" гэсэн байна.
Нэн тэргүүнд зохион байгуулж буй аян нь дээдэстээ ч доодчуулдаа ч нөлөөлдөг байх хэрэгтэй. Дээдчүүл нь идэхээ зохицуулж чадахгүй, доодчуул нь ядуурлаасаа болж таргалж буй. Дэлгэрүүлбэл, ядуу буурай иргэд хангалттай хэмжээний илчлэгийг хүнснээс хүлээн авч чадахгүй байгаа бөгөөд өлөө дарахын тулд гурил, гурилан бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг. Мөн түргэн хоол гэх хямдхан бөгөөд илчлэг, уураггүй, нүүрс ус их хэрэглэдэг байна.
Харин төрийн удирдлагууд нь жиндээ ч анхаарч чадахгүй хэмжээнд таргалалттай. Том машин унаж, хөлөө ч тонгойн харж чадахгүй цүдгэр гэдэстэй, цамцных нь товч ганц утасны зангилаанд арайхийн тогтож байгаа дүр зураг бол манай улсад байх удирдах албан тушаалтан, төрийн түшээдийн дүр зураг.
Ийм төрх бүхий этгээдүүд олны өмнө таргалалтаасаа салж, эрүүл амьдрах талаар яривал хэн үнэмшиж, үлгэрлэх вэ, бодох л хэрэгтэй. Япон улсад гэхэд л төрийн албан хаагч нь илүүдэл жинтэй байж болдоггүй. Учир нь өөрийгөө захирч чадахгүй нэгэн өрөөлийг захирч, үйлчилж чадахгүй хэмээн үздэг. Тэгэхээр аянаа үр дүнтэй байлгахын тулд төрийн түшээд нь эхлээд илүүдэл жинтэйгээ тэмцэх нь оновчтой ч байж мэднэ.
Мөн "Биеийн жингийн индекс, илчлэг, тооцох арга, өглөөний цай, эрүүл бус хүнсний хэрэглээ, зохистой хооллолт, хоол хүнсний аюулгүй байдал гэх сэвдүүвээр Эрүүл мэндийн яамнаас төсөв гаргаж, сургалт орно. Бичлэг байдлаар цахим орчинд байрлуулна" гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгэхээр хоёр сарын хугацаанд бид таргалалт, илүүдэл жинтэй тэмцэнэ гэдэг утгагүй хэрэг. Тодруулбал, хоёр сарын дараа эргээд буруу хооллолттой, бие нь өвдөх эрсдэл үүсэж болзошгүй. Гол асуудал нь үндсэндээ байгаа гэдгийг хэн нь ч ойлгохгүй байна уу, ойлгосон ч тоохгүй байна уу.
Үндэс буюу хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн боловсрол. Манай улсад ердөө ерөнхий боловсролын сургуульд долоо хоногт нэг л цаг ордог эрүүл мэндийн болон биеийн тамирын хичээл чанартай байж чаддаггүй. Тиймээс л бид хувь хүн болон төлөвшихдөө багаасаа л эрүүл мэндийн, хооллолтын болон хөдөлгөөний боловсролтой өсөөгүйн уршиг хожим илэрсээр.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.