"Рио Тинто" соёлын өв сүйтгэдэг хар нэрээ арилгахыг хичээж байна

Англо-Австралийн “Рио Тинто” групп дэлхий даяарх салбар уурхайнууддаа соёлын өвийг хамгаалах талаар хэрхэн ажиллаж байгаагаа дүгнүүлжээ. “Хараат бус” хэмээх тодотголтой уг дүгнэлтээ /independent report on cultural heritage management performance/ өнөөдөр олон нийтэд танилцуулсан байна.
Хараат бус шалгалтад “Рио Тинто”-гийн эзэмшлийн Австрали дахь 20, хилийн чанад дахь 17 уурхайн бүс багтжээ.
Энэхүү шалгалт нь үйл ажиллагаа эрхлэхдээ соёлын өвд хүндэтгэлтэй ханддаг гэдэг ойлголт өгөхийн тулд “Рио Тинто” группын удирдлагуудын зүгээс гаргаж буй хүчин чармайлтын нэгэн чухал хэсэг юм.
Уул уурхайн аварга компанийн Австрали дахь уурхайнууд олборлолт явуулахдаа нутгийн уугуул аборигенчуудын түүхийн дурсгалт газруудыг эдлэн сүйтгэсэн явдал 2020 онд гарч, нь олон нийтийн шүүмжлэлд өртөн, улмаар өөр бусад асуудалтай хамраад гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг огцроход хүргэж байв.

Сануулбал, аборигенчуудын эртний түүхийг хадгалсан соёлын дурсгалыг агуулсан Пилбарагийн агуй “Рио Тинто”-гийн олборлолтоос болж 2020 оны тавдугаар сард нурсан юм.

Түүгээр ч зогсохгүй, “Рио Тинто” нутгийн иргэд эсэргүүцсээр байхад Жуукан дахь ижил ач холбогдолтой агуйг дэлбэлж устгасан бөгөөд энэ үйлдэл нь компанийн хувьцаа эзэмшигчид болон олон нийтийн бухимдлыг төрүүлж, сүм хийд ч компанийн эсрэг хандсан байдаг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.