НИЙГЭМНийгэм мэдээ

Усны хомстолоос сэргийлэх энгийн арга

Өнөөдөр бол дэлхийн усны өдөр. Цаг хугацаа өөрчлөгдхийн хэрээр дэлхий дээрх хүн төрөлхтөний амьдрал цэвэр усны хомстолтой нүүр тулсаар байгаа юм. Иймд хаягдал ус болон борооны усыг боловсруулан ашиглах шаардлага үүсч эхэлсэн. Энэ дундаа борооны усыг хурааснаар ундны усанд ашиглах боломжтой ба цэвэр усны хомстолоос бүрэн сэргийлдэг аж. 

Өнөөдрийн байдлаар борооны ус хураах технологийг Бразил, Хятад, Сингапур, Герман, Австрали зэрэг цөөн оронд хэрэглэж байна.

Тэгвэл тэд асуудлыг хэрхэн шийдсэн вэ?

БРАЗИЛ:

Бразил улс 2003 оноос усны хомстолд өртөж эхэлсэн байна. Иймд “Programa Um Milhão de Cisternas” борооны усыг боловсруулан ашиглах төслийг хэрэгжүүлжээ. 

Төслийн хүрээнд 16 тоннын багтаамжтай борооны ус  цуглуулгын нөөцлүүр байрлуулж, нэг сая айлыг усаар хангасан байна. 

СИНГАПУР:

Сингапур 1977 оноос борооны усыг ашиглах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 26 мянган айлын орон сууцны бохирыг борооны усаар шийджээ. 

Борооны усыг хуримтлуулсанаар үерийн аюулыг 98 хувиар бууруулсан.

ХЯТАД:

1995 онд хятадын газар тариалан эрхлэгчид усны хомстолд орж эхэлсэн. Иймд Хятадын Засгийн газраас “Газар тариалан эрхэлж буй айл бүр борооны ус цуглуулах 2 нөөцлүүртэй байх ёстой” гэсэн шаардлагыг тавьжээ. 

Ийнхүү 1 жилийн дотор 1.3 сая хүн усны хомстлоос ангижирсан.

ГЕРМАН:

Герман улсад 1999 оноос борооны усаар ахуйн хэрэглээгээ хангаж эхэлсэн байдаг.

Үүний гол суурь болох “Mall-Beton GmbH” компани 100 мянга гаруй усны нөөцлүүрийг ажиллуулдаг байна. Түүгээрээ сургууль, цэцэрлэг, машин угаалгын газруудыг усаар хангадаг байна. 

АВСТРАЛИ:

Сүүлийн жилүүдэд Австралийн Виктория мужийн усны нөөц 20 хувиар буурч, ган гачиг их тохиолдох болсон. 

Иймээс борооны усыг нөөцлөх аргыг хэрэглэж ундны усны хомстолтой, хомстолд орох магадлалтай ихэнх айлыг ус цуглуулах системтэй болгожээ. Энэ арга нь ч амжилттай хэрэгжиж олон мянган айл усны хомстолоос аврагдсан байна. 

Хэрэв цэвэр усны нөөцөө хайрлахгүй бол хүн төрөлхтний 52 хувь эрсдэлд орох боломжтой

Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулан 4600 гаруй шоо километр ус олборлож буйгаас 69 хувийг нь хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд, 19 хувийг нь аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг нь хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж байна.

Хүн амын хурдтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр усны хэрэглээ жил бүр эрчимтэй нэмэгдэж байна. Жишээ нь, 2050 гэхэд дэлхийн хүн амын тоо 9.8 тэрбумд хүрч, усны хэрэглээ өнөөгийнхөөс даруй 20-30 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ (НҮБ 2019). 

Улмаар дэлхий даяараа усны нөөцөө үр ашигтайгаар удирдах томоохон сорилттой тулгараад байна. Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл дэлхийн ДНБ-ий 45 хувь, хүн амын 52 хувь, үр тарианы үйлдвэрлэлийн 40 хувь нь эрсдэлд орохоор тооцоологдсон байгаа аж. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button