ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АНУ: Бодлогын хүү таван хувь болсон нь бусад улсад хэрхэн нөлөөлөх вэ

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөлөө. Ингэснээр 4.75 нэгж хувьтай байсан бодлогын хүү таван хувьд хүрсэн юм.

Бодлогын хүү таван хувьд хүрсэн нь 2007 оны есдүгээр сараас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт билээ.

Тус улсын инфляцын түвшин буурахгүй байгаа нь бодлогын хүүг өсгөх гол хүчин зүйл хэмээн ХНС үзэж байгаа юм. Ингэснээр дарааллан есөн удаа бодлогын хүүг өсгөсөн тохиолдол болж буй. Цаашид үнийн өсөлтийг эргэн тогтворжуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах ажээ.

Тус улсад одоогоор банкны системийн хямрал үүссэн. Энэ нь бизнес болон айл, өрхүүдийн хувьд зээлийн орчин хязгаарлагдмал болсны үр дүн байх магадлалтай хэмээж буй. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид энэ оны эцсээр бодлогын хүүг 5.1 хувьд хүргэх төсөөлөлтэй байгаа юм.

-Бодлогын хүүгийн өсөлт нь АНУ-д хэрхэн нөлөөлөх вэ-

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг нэмэх нь дараах өөрчлөлтүүдийг дотооддоо харуулдаг байна.

1.Ажлын байр, цалинд нөлөөлнө.

Бодлогын хүүг өсгөснөөр АНУ-д эдийн засгийн өсөлт удааширч эхэлнэ. Эдийн засаг удааширснаар ажлын байр хомсдож, цалингийн хэмжээ багасах юм. Тухайлбал, тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр ажлын байрны өсөлт нь энэ онд дунджаар 420 мянга байсан бол өнгөрсөн он буюу 2021 онд 562 мянга байжээ.

2.Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд бусаар нөлөөлнө.

3.Хэрэглээний зээлийн хүү өсдөг.

Автомашин, ипотек гэх мэт бусад бүх төрлийн урт хугацааны хэрэглээний зээлийн хүү өсдөг. Ингэснээр зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо буурдаг байна. АНУ-д мөнгөний хатуу бодлогын улмаас эдийн засаг удаашралтай байгаа. Тиймээс орон сууцны борлуулалт болон барилгын ажил удаашралтай байна. Үүний улмаас ипотекийн зээлийн хүү өнгөрсөн долоо хоногт сүүлийн 20 жилийн дээд хэмжээнд буюу долоон хувьд хүрчээ.

4.Зээлийн картны хүү өөрчлөгдөнө.

Төв банк зээлийн хүүгээ нэмбэл зээлийн картны хүү ч дагаж нэмэгддэг. Учир нь ихэнх зээлийн картны хүү Төв банкны зээлийн хүүтэй адил байдагтай холбоотой ажээ.

-Дэлхийн улс орнуудад нөлөөлөх нь-

Дэлхийн эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын бодлогын хүү нэг нэгжээр өсөхөд хөгжиж буй орнуудын хөрөнгө гадагшлах урсгал 45 хувиар нэмэгддэг байна.

Товчхондоо хөгжиж буй манай улстай ижил төсөөтэй улс орны өрийн түвшин нэмэгдэж, эдийн засагт сөрөө нөлөө үзүүлнэ гэсэн үг. Улмаар зарим улс орон валютын хямралд өртөх юм.

Холбооны нөөцийн сангийн хэрэгжүүлж буй бодлогын улмаас олон улс орны валют суларсан жишээ 2018 оны аравдугаар сард тохиож байлаа. Жишээлбэл, Аргентины песо 52, Туркийн лира 38, ОХУ-ын рубль 15, БНХАУ-ын юань зургаан хувиар тус тус суларсан юм. Тухайн үед 170 орчим валютын 52.4 хувь нь дөрөв хүртэлх, 31.2 хувь нь дөрвөөс илүү хувиар суларч байжээ.

Тэгэхээр Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд дэлхийн 170 орчим валютын ханш сулардаг гэсэн үг. Цаашдаа цар тахлын дараа эдийн засгаа сэргээх гэсэн улс орнуудад шууд нөлөө үзүүлэхээр байна. Инфляцын дарамтад өртсөн хөгжиж буй орнуудад ам.долларын инфляц дахин дарамт үзүүлэх эрсдэлтэй болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button