УРЛАГЭнтертайнмент

Тэмдэглэл: Залуус өнгөлсөн “Мөнгөн мод”

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол өчигдөр ДБЭТ-т болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг өнөө жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан юм.

Энэ жил “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоор шилдэг судлаач, хөгжимчин, бүжигчин, дуучин, зохиолч, бүжиг дэглээч, зураач, продюсер, жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч, мөн соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл, шилдэг ном хэвлэл, шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, дуу хөгжмийн шилдэг бүтээл, зар сурталчилгааны шилдэг бүтээл, дүрслэх урлагийн шилдэг бүтээл, хувцас загварын шилдэг бүтээл, шилдэг дизайны бүтээл, архитектурын шилдэг бүтээл, шилдэг цахим бүтээл, тайзны урлагийн шилдэг бүтээл, кино урлагийн шилдэг бүтээл зэрэг 24 номинацад шилдгүүдийг тодруулсан.

Шагнал гардсан зарим уран бүтээлч болон уран бүтээлийг тодруулан хүргэе.

Бүжгийн урлагийн хоёр хархүү

“Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын оны шилдэг бүжигчнээр ДБЭТ-ын гоцлооч Ө.Мөнхжин, шилдэг бүжиг дэглээчээр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжигчин, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар нар шалгарав. Тэд хоёулаа л бүжгийн урлагт ид гялалзаж яваа залуус.

Тодруулбал, Ө.Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгсөж, 2018 оноос ДБЭТ-т ажиллаж буй. Түүнийг дотоодын үзэгчдээс илүүтэй олон улсын уралдаануудад амжилттай оролцож, гадаадын үзэгчдэд түрүүлж танигдсан уран бүтээлч гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, П.И.Чайковскийн “Щелкунчик”, “Хунт нуур”, А.Аданы “Жизель”, И.Морозовын “Амттаны доктор” зэрэг бүтээлд гол дүрүүдийг бүтээсэн тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан IBCC уралдааны тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Орос-Япон Евроази” балетын анхдугаар уралдаанаас дэд байрт шалгарсан бол өнгөрсөн онд БНСУ-ын олон улсын балетын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрт шалгарсан юм.

Ё.Дамчаабадгар монгол бүжгийг дэлхийд сурталчилахад авьяас, ураа зориулж буй залуу. 12 настайгаа бүжгийн урлагтай амьдралаа холбож, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, “Их эзэн хааны театр”, “Хүн” театрын уран бүтээлүүдэд гоцолж, өдгөө цагдаагийн “Сүлд” чуулгаар овоглож яваа. Тэрбээр сүүлийн жилүүдэд олон улсын А зэрэглэлийн 10 гаруй уралдаан, наадамд амжилттай оролцсоны зэрэгцээ “Дэлхийг тойрсон биелгээ” төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм.

Үндэсний урлагийн их театрынхан

Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Э.Цэндсүрэн “Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжимчнөөр шалгарсан бол тус театрын дуучин Т.Баатархүү шилдэг дуучнаар шалгарсан. Тус хоёр уран бүтээлчийн уран бүтээлийн онцлогоос дурдвал, хуучирч Э.Цэндсүрэн нь олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдаанаас удаа дараа шагнал хүртсэн, тэргүүний хөгжимчдийн нэг юм. Түүний хөгжмийн илэрхийлэл нь монгол хүний дотоод сэтгэлийн дуулал, хувь тавилан, хүсэл эрмэлзлэлийг шингээсэн байдгаараа онцлогтой. Дуучин Т.Баатархүү нь монгол дууны дэг, хөгжмийн аяыг үндсэн арга барилтай хослуулж орчин цагийн залууст зориулан монгол кантри урсгалаар уран бүтээлүүдээ туурвидаг. Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалын шавь тэрбээр 10 дуутай “Сэтгэл нэрнэ” цомгоо өнгөрсөн онд сонсогчдод хүргэсэн. Эл цомог нь АНУ, Япон, БНСУ, ХБНГУ, Австрали зэрэг улс мөн iTunes, Spotify зэрэг 150 орчим хөгжмийн цахим дэлгүүрээр борлуулагджээ.

“Гэртүүн” гэрэлтэв

Өнгөрсөн оны “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос тайз дэлгэцийн  шилдэг продюсероор шалгарсан “Гэртүүн” анимейшн студийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил өнөө жил шилдэг зохиолчоор шалгарав. Түүнчлэн тус студийн Э.Эрдэнэболд мөн оны шилдэг зураачаар тодорсон юм. “Гэртүүн” анимейшн студиийг 2019 онд үүсгэн байгуулсан бөгөөд “Мөнх, Тунх” 50 ангит хүүхэлдэйн киног бяцхан үзэгчдэд хүргэж, тус уран бүтээл нь цахим орчинд давтагдсан тоогоор 100 сая үзэлтийн хандалт аваад буй.

            Опал шиг гялалзсан О.Энхтуул

“Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчнээр О.Энхтуул АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрамын Опал Кронкийн дүрээр шалгарав. Опал чулуу гайхалтай өнгөний зохицол бүхий алмаз, бадмаараг, индранил, маргад эрдэнэнийн чулуутай ижил үнээр худалдаалагддаг төдийгүй харагдах байдал нь орчлон ертөнцийг агуулсан мэт алаглаж үзэгддэг. Эл гайхалтай чулуу шиг О.Энхтуул ч эл жүжигтээ гялалзсан. 15 шахам жил тайзан дээр гараагүй түүнийг тайз, тэрбээр тайзаа, санасан мэт “тас тэврэлдэж уулзсан” юм.

Шаргуу Э.Ёндоншарав

ОХУ-ын Театрын урлагийн сургуулийг дүүргэхээсээ өмнө Э.Ёндоншарав 2011-2015 онд УДЭТ-т туслах найруулагчаар ажиллаж, тухайн үед театрын урын санд байсан болон шинээр тавьсан бүх уран бүтээлд оролцож байв. 2014 онд бие дааж “Буруугүй буруутан” жүжгийг Ардын жүжигчин А.Очирбат гуайн зохиолоор найруулан, үзэгчдэд хүргэсэн юм. Харин төгсөж ирсэнийхээ дараа, зөвхөн өнгөрсөн жил гэхэд л “Жангар” хүүхдийн жүжиг, “Сычуанийн сайн хүн” гротеск драм, “Шөнө буусан аадар” уянгын жүжгийн “ард гарчээ”. Тэрбээр өнөө жилийн шилдэг найруулагчаар шалгарсан.

Тууштай уран бүтээлчид

Оны шилдэг судлаачаар Б.Баатархүү шалгарсан. Тэрбээр Монгол угсаатны түүх, соёл, ёс заншил, соёлын биет бус өвийн талаарх судалгааны ажилд амьдралынхаа 20 жилийн зориулж буй. Энэ хугацаанд судалгааны бүтээл 16, эрдэм шинжилгээний өгүүлэл 27, эрдэм шинжилгээний илтгэл 30, 2022 онд дотоод болон гадаадад болсон эрдэм шинжилэгээний хуралд 12 илтгэл хэлэлцүүлснээс гурваас дээш оролцоотой эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл хэлэлцүүлжээ. Шилдэг хөгжмийн зохиолчоор ДБЭТ-ын уран бүтээлч Х.Алтангэрэл тодров. 1996 оноос хөгжмийн бүтээлүүд бичиж эхэлсэн тэрбээр ХБНГУ-ын Гамбург хотод “Торгоны зам” төслийн долоо дахь тоглолтод төгөлдөр хуурын “Прелюди” бүтээлээр, ОХУ-ын зохион байгуулдаг Олон улсын хөгжмийн зохиолчдын II наадамд “Чин ван Ханддорж"-ийн аригаар тус тус амжилттай оролцож байв.

“Мөнгөн мод”-ын тайзнаа гурвантаа гарав, Д.Түвшинсайхан

Урлагийн гавьяат зүтгэлтэн, морин хуурч, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, удирдаач Д.Түвшинсайхан “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын тайзнаа гурвантаа гарав. Эхлээд тэрбээр оны шилдэг удирдаачаар шалгарч, тайзнаа гарсан. Улсын филармонийн Морин хуурын чуулгын дотоод, гадаадын олон тоглолт, уран бүтээлийн удирдаачаар ажилласан түүнд эл шагнал эзнээ олж очив. Удаахад нь тэрбээр удирдаачийн үүргээ биелүүлж тайзнаа гарсан. Харин гурав дахиа “Трио” кино дэлгэцийн уран бүтээлийн шилдгээр тодроход кино багийнхантайгаа хамт тайзнаа гарсан юм. Тэрбээр эл киноны дууны найруулгыг гүйцэтгэсэн аж.

Дээр дурдсанчлан оны шилдэг дэлгэцийн уран бүтээлээр “Трио” кино шалгарсан нь тус уран бүтээлийн ес дэх шагнал юм. Эл уран бүтээл Тайландын олон улсын кино наадмаас шилдэг кино, АНУ-ын Палм Спрингс даун синдромын кино наадмаас шилдэг зураглаач, “Улаанбаатар” олон улсын кино наадмаас шилдэг продюсер, Варшавын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг кино, Эстонийн Таллины кино наадмын шилдэг кино, Монтреалийн кино наадмаас шилдэг найруулагч, Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг “Арт юнайтэс” наадмаас шилдэг киноны шагналыг тус тус хүртээд буй. Тун удахгүй БНСУ-ын Жеонжугийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр сонгогдоод буй.

“Тамгагүй төр”-ийн хамтрал

Оны шилдэг тайзны уран бүтээлээр “Херо” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг тодорсон. Тус физикл драмын ерөнхий продюсер М.Есөнмөнх мөн оны шилдэг продюсероор шалгарсан. Ташрамд дурдахад, эл “Тамгагүй төр” жүжгийг уран бүтээлчид 117 удаа тайзнаа тоглон, гадаад, дотоодын нийт 68,074 үзэгчдэд хүргэсэн гэсэн тоо бий. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сараас Английн Лондон хотноо байрладаг “West end” театрт тоглохоор болжээ.

Бусад шилдгүүд

Өнөө жилийн соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээлээр “Чингис хаан” музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт, шилдэг ном хэвлэлээр Монголын үндэсний музейгээс эрхлэн гаргасан “Нүүдэлчдийн агсарга бүс”, шилдэг нийтлэл, нэвтрүүлгээр МҮОНРТ-ийн “Нүүдэлчин зөн” арт медиа төслийн “Ухамсар” бүтээл, дуу хөгжмийн шилдэг бүтээлээр Улсын филармонийн Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз, зар сурталчилгааны шилдэг бүтээлээр ЦЕГ-аас хүргэсэн “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” төсөл, дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр зураач Т.Одонгийн “Их эзэн Чингис хаан” бүтээл, хувцас загварын шилдэг бүтээлээр дизайнер Д.Ариундэлгэрийн “Devil” коллекц, дизайны шилдэг бүтээлээр “Декор хаус дизайн” ХХК-ийн “Хүрээ лоунж” интерьер, шилдэг архитектурын бүтээлээр “Балданс” ХХК-ийн гүйцэтгэсэн “Чингис хаан” музейн барилга, шилдэг цахим бүтээлээр “Дижитал солюшнс” ХХК-ийн “Guyuk” метаверс тус тус шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button