Хөрөнгийн, Крипто зах зээлЭдийн засгийн ярилцлагаЯрилцлага

Б.Өлзийбаяр: Хувьцаа бол койн биш. Богино хугацаанд ашиг олох тоглолт хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна

“Өлзий & Ко Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай банкуудын IPO болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хийгээд цаашдын чиг хандлагын талаар ярилцсан юм.

-ХААН банкны ногдол ашиг өндөр тул босгох хөрөнгөдөө хурдан хүрнэ-

-Системийн таван банкны гурав дахь нь өчигдрөөс IPO-оо олон нийтэд гаргах урьдчилсан захиалгаа авч эхэллээ. Банкууд IPO зарлах нь зах зээлдээ хэр нөлөө үзүүлж байгаагаас яриагаа эхэлье. Өмнө нь хоёр ч банк IPO хийсэн шүү дээ?

-2022 онд хийсэн хамгийн том ажлуудын нэг бол системийн таван банкны IPO байсан. Төрийн банк салхийг хагалж, Голомт банк удаалсан. Энэ нь зах зээлийн идэвхжилд шууд нөлөө үзүүлсэн юм.

Банк IPO хийхэд нэг чухал зүйл бий. Олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан, үнэнч хэрэглэгчидтэй аж ахуйн нэгж бол банк юм. Тэгэхээр үнэнч хэрэглэгчид нь олон жил үйлчлүүлсэн байгууллагынхаа хувьцааг нь итгэж худалдан авдаг.

Өөрөөр хэлбэл банкууд манай зах зээл рүү орж ирэхдээ шинэ бүтээгдэхүүн гаргахаас гадна хөрөнгө оруулагчдын тоог нэмсэн гэх хоёр давуу талыг үүсгэж байгаа юм.

-Монголын хамгийн олон хэрэглэгчтэй банк болон ХААН банк өчигдөр олон нийтээс хувьцааны урьдчилсан захиалгаа авч эхэлсэн. Тэдний хувьд одоо IPO гаргах нь цаг хугацааны хувьд хэр тохиромжтой бол. Босгох хөрөнгөө хангалттай хэмжээнд бүрдүүлж чадах уу?

-Миний хувьд ХААН банкны IPO их амжилттай болно гэж харж байгаа. Захиалга нь тооцооллоос давна гэж таамаглаж байна. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байж болох ч зах зээлд хүлээлт үүссэнээс улбаатай хэрэглэгчид нь хувьцаа авахаар бэлдэж байна. Миний хувьд цаг үеэ олсон гэж судлаачийн зүгээс харсан.

Стратегийн хөрөнгө оруулагчид дүүрсэн нь тодорхой. Өчигдрөөс урьдчилсан захиалга эхэлж байгаа гэхэд манайх руу ч холбогдож буй хүмүүс өглөөнөөс хойш тасрахгүй байна. Иргэдийн сонирхол их байна. Тиймээс санаа зовох зүйлгүй. Түүгээр ч зогсохгүй 40-60 хувиа ногдол ашиг болгож тараана гэж байгаа. Тэгэхээр ногдол ашиг өгдөг хувьцаа бол давуу тал гэсэн үг.

-ХААН банкнаас өмнө хоёр ч банк IPO гаргасан. Төрийн банкны хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна гэж ажиглагдсан. Харин Голомт банкийнх буурсан үзүүлэлттэй байна шүү дээ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Хувьцааны үнэ ханш унасан нь нэгдүгээрт, үнэт цаас гаргагчид үнэлгээн дээр анхаарах ёстой гэж харж байгаа. Зах зээлийнхээ онцлогтой уялдуулж үнэлгээгээ гаргах ёстой. IPO хийнэ гэдэг нь компанийн хувьд түүхэн дээд амжилт. Үйл ажиллагааныхаа дээд цэгт хүрсэн үедээ IPO хийх ёстой байдаг юм л даа. Хөгжсөн гадаадын зах зээлд Хөрөнгө оруулалтын, Тэтгэврийн гэх мэт сангууд энэ зах зээлд хамтран оролцдог.

Манай зах зээл сүүлийн хэдэн жилд л хөгжиж, бойжиж байна. Жижиг зах зээлтэй, хөрөнгө оруулагчгүй, сангууд нь идэвхгүй, алдагдалтай, данс нь улайсан гэх мэт хуримтлалгүй улс орон шүү дээ, манайх. Тиймээс эдгээрийг бодолцож компаниуд үнэлгээгээ гаргах ёстой.

Хоёрт, хөрөнгө оруулагчдын төлөв байдал. Монголчууд урт хугацаанд хөрөнгө оруулдаггүй. Мэргэжлийн сангууд ч байхгүй. Хувь хүмүүс богино хугацааны тоглолт хийдэг. Энэ нь санхүүгийн мэдлэггүй, мэдээлэлгүй, боловсролгүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй, богино хугацаанд ашиг хийхийг эрмэлздэг зэрэг байдал нөлөөлдөг юм. Хувьцаа койн биш. Үүнийг ойлгох хэрэгтэй. Цаашдаа мэдлэгтэй хүмүүс нэмэгдэж, хөрөнгө оруулагчид мэдээллийн хувьд илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна.

-Хувьцааны ханш унасан үед худалдаж авснаар хожим ашгийг нь хүртэнэ-

-Банкуудынх гэлтгүй компаниудын хувьцааны ханш ч унаж байгаа нь эдийн засгийн зах зээлээсээ болж байгаа гэсэн үг үү?

-Хувьцааны ханш унаж байгаа нь зөвхөн манай улсад тохиолдоогүй. Дэлхий даяар тохиолдож байна. Учир нь бусад орны эдийн засаг ямар байгааг тооцоолж үзвэл зарим нь хасахтай байгаа. Харин манай улсын эдийн засгийн өсөлт бусад улстай харьцуулахад дундаж үзүүлэлттэй байна.

Хөрөнийн зах зээл бол макро эдийн засгийн толь. Эдийн засаг сайн байвал компаниудын ашиг орлого нэмэгдэнэ. Улмаар хувьцааны үнэ ч дагаж өснө. Эдийн засгийн өсөлт бага байвал компаниудын орлого буурч, хувьцааны үнэ дагах жишээтэй.

Тиймээс хөрөнгө оруулагчдын санхүүгийн мэдлэг боловсрол дутмаг байгаа нь ийм нөхцөлд ажиглагддаг. Нөхцөл байдалдаа тохируулж юунд хөрөнгө оруулах нь хувьсдаг байх ёстой. Иргэн өөрөө салбарыг нь ойлгохгүй байгаа ч хөрөнгө оруулах бол бидэн шиг мэргэжлийн хүмүүст хандаж, мөнгөөрөө арилжаанд оролцох боломжтой. Түүнээс биш бусдын амаар мөнгөө захиран зарцуулж болохгүй. Бид эрсдэлээ тооцдог байх ёстой. Эрсдэл хүлээх сэтгэл зүйтэй байх ёстой. Олон нийт үүнд суралцаагүй байна.

-Гэхдээ хувьцааны үнэ унасны давуу тал нь хямд үнээр худалдан авах боломж үүсдэг?

-Тийм ээ. Манай эдийн засгийн сэргэлт уул уурхайгаас шууд хамааралтай. Бусад салбар нь тус салбараас хамааралтай байдаг. Ам.долларын ханш суларч, эдийн засгийн өсөлт багахан мэдрэгдэж байгаа энэ үед ханш нь унасан хувьцааг авч, хөрөнгө оруулах нь оновчтой хувилбар байдаг. Хямд үнээр удахгүй сэргэх салбарын хувьцааг худалдан авснаар ашигтай ажиллаж болно. Үүнд анализ хийх хэрэгтэй.

-Нэг үеэ бодвол компаниуд ногдол ашиг тараадаг гэдгийг олон нийт мэддэг болсон. Бүр энэ оны эхний улиралд 30 гаруй компани ногдол ашиг тараахаа зарласан. Энэ нь танай зах зээлд ямар нөлөө, үр дагавруудыг бий болгож байна?

-Өмнө нь цэнхэр тасалбарыг тараасан компаниудын 90-ээс дээш хувь нь төвлөрсөн байлаа. Хувьцаат гэж нэрлэгдэж байсан хэдий ч гэр бүлийн хүрээнд байх жишээтэй. ХХК-ийн зарчмаар ажилладаг байсан. Ногдол ашиг ч тараахгүй. Сүүлийн үед шинээр Хөрөнгийн биржид гарч ирж буй компаниуд ногдол ашиг тарааж эхэлж байна. Ашиг орлогоосоо хамтдаа өгөөж хүртэхийн тулд л ногдол ашиг тараана шүү дээ. Түүнийгээ ойлгож, ухамсарлаж байгаа хувьцаат компаниуд бүгд ногдол ашиг тараахаа зарласан. “Түмэн шувуут”, “Монос”, “Лэнд”, “Голомт банк” гэх мэт. Тэд зөв жишгийг түгээж байна.

-Баян, ядуугийн зөрүү их байгаа нь баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой-

-Макро эдийн засаг өсөж байсан ч хувьцааны үнэ уналттай байх боломжтой юу?

-Боломжтой. Хөрөнгийн зах зээл мэдээлэлд хамгийн өртөмтгий салбар. Цахимжилт нь хувьцааны ханш унахад нөлөөлдөг. Учир нь хүмүүс мэдээллийг хэт хурдан авч байгаа тул багахан сөрөг мэдээллийн улмаас хувьцаагаа зарах хөрөнгө оруулагчид нэмэгдэх үе ч бий.

-Зах зээл нь жижиг байсан ч гадныхан шиг цахимжилтад өртөх боломж их байх уу?

-Олон улсад дэлхий даяар хөрөнгийн биржүүдэд хувьцааны үнэ унаж байхад зөвхөн манайх л өсөлттэй байсан үе бий. Манай зах зээл мэдээлэлд соргог болж байна. Зах зээл нь хөгжиж байгаа учраас нөлөө үзүүлнэ. Үүнийг дагаад ёс зүйтэй болно. Улстөрчдийн амны зоргоороо ярьдаг нөхцөл байдал ч буурах юм. Муу зүйл хийсэн хувьцаат компанийн захирлын талаарх мэдээлэл түгэхэд л хувьцааны үнэ унадаг болсон. Олон хүнийг хохирооно шүү дээ. Хөрөнгийн зах зээлийн гоё зүйл нь хүмүүсийг ёс зүйтэй болгож өгдөг салбар. Бүхий л мэдээлэл чинь нээлттэй байдаг болохоор хийсэн буруу зүйл чинь хувьцааны үнэ ханшаар илэрдэг. Жишээ нь, жижиг Тавантолгойн ханш яагаад унав. “Ажнай” Бат-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдсоноос болсон.

Мөн улстөрчид попорсноос болж гадаадын хөрөнгийн бирж дээр байх компаниудын хувьцааны ханш унасан. Монголд гэнэт шийдвэр гаргаж, лиценз цуцлах гэх мэт асуудлаас болж Торонтогийн хөрөнгийн бирж дээр байх “Хан Ресурс”-ын лицензийг энд цуцалсны улмаас хувьцааны ханш унасан. Арбитрын шүүх болж, Засгийн газар ялагдаж, өрөнд орох гэх мэт асуудал хөвөрнө. Тиймээс улстөрчдийн дураараа ярих нь багассан.

-Монголд компани эзэмшдэг олон хүмүүс бий. Гэхдээ улстөрчид эсвэл өндөр албан тушаалтнууд олон компанитай байдаг. Тэд ихэвчлэн ХХК-тай. ХК болговол илүү давуу талуудтай хэдий ч хувьцааны үнээ унагахгүйн тулд ХК болох компанийн тоо бага байх юм биш үү?

-Нийгмээс ХК болгох шаардлага, дарамтыг байнга харуулж байх хэрэгтэй. Нийгэмд баян, ядуугийн зөрүү яагаад ийм өндөр байна. Баялгийн хуваарилалт хүртээмжгүй, тэгш бус байна. Нүүрсний хэдэн уурхайн эзэд баяжиж, хөрөнгөжиж байна. Гэтэл газрын баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульд заасан. Тиймээс уул уурхайн компаниуд ХК болох ёстой.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” манай улсын биржид бүртгүүлж, орон нутгийн иргэдэд хувьцаа тарааж өгсөн. Энэ бол зөв зүйл. Баялгийн хуваарилалт шүү дээ. Монголын хөрөнгийн бирж дээр 640 төгрөгөөр гарсан хувьцаа өнөөдөр 960 орчим төгрөг болсон. Алтын үйлдвэр нь баригдвал ногдол ашгаа тараана.

Энэ бүхэн дундаж давхарга нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан. Баялгийн хуваарилалтыг хамгийн зөв зүйтэй хийдэг газар нь хөрөнгийн зах зээл. Хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авч байж баялаг хүртэж байна шүү дээ.

-Иргэд санхүүгийн мэдлэггүйн улмаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог-

-Хөрөнгийн зах зээлийн идэвхжил өмнө нь ямар байв. Цаашид хэрхэх хандлагатай байна вэ?

-Хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд олон нийтийн анхааралд орлоо. Энэ нь урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй, өсөлттэй байхад нөлөө үзүүлсэн. Цар тахлын жилүүдэд иргэд нэмэлт орлого олох эрэлт ихэссэн нь энэ салбарыг хөгжүүлэх гол нөлөө байлаа. Бодлогын хүү 6-7 хувьтай байх үед хадгаламжийн хүү дагаад буурсан хэрэг. Хадгаламжийн хүүгээс өндөр бондууд гарч ирсэн. Мөнгөө өсгөх арга байсан.

Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компаниуд цахимаар сургалт явуулж эхэлсэн нь иргэд санхүүгийн боловсролоо өсгөх аргуудын нэг болж нөлөөлсөн юм. Ипотекийн зээлийг хойшлуулж, иргэн бүрд хөл хорионы үеэр 300 мянган төгрөг өгсөн нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд нөлөөлсөн.

Мөн татварын уян хатан бодлого их нөлөө үзүүлсэн хэрэг. Учир нь хөрөнгийн зах зээл дээрх нээлттэй бондын хүүг 10 байсныг таван хувь болгосон. Мөн хувьцаат компаниудын ногдол ашгийн татварыг 10 байсныг таван хувь болгосон юм. Энэ мэт нөхцөл байдал хөрөнгийн зах зээлд нөлөө үзүүлсэн.

Мөн 2022 онд системийн таван банкны хоёр нь IPO хийсэн. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2020 онд гурван их наяд байсан бол 2022 онд 6.9 их наяд төгрөгт хүрсэн юм. ДНБ-д эзлэх дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь нь өссөн гэх мэт эерэг үзүүлэлт их байлаа. Хувьцааны арилжааны үнийн дүнгийн мэдээлэлд 2020 онд 54, 2021 онд 304, 2022 онд 343 тэрбум төгрөгийн арилжааг хийсэн байх жишээтэй. Өдрийн арилжаа нь 2020 онд 200 сая төгрөг байсан бол 2022 оны жил эцсийн байдлаар 2.4 тэрбум төгрөг болсон байна.

Ингээд харвал манай улсын хөрөнгийн зах зээл жил ирэх тусам өсөлттэй харагдаж байна.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн дэргэд биржийн бус зах зээлийг гаргаж байгаа тусдаа зах зээлийг бий болгосон. Хөрөнгийн бирж дээр ч тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд гарлаа. Зөвхөн хувьцаа биш. Хувьцаа бол эрсдэлт бүтээгдэхүүнүүдийн нэг. Сүүлийн үед зах зээл дээрх хувьцааны үнэ ханш унаж байна. Шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдал юм. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас хувьцааны ханш унадаг. Ийм нөхцөлд эдийн засгийн тодорхой нөхцөл байдалтай бүтээгдэхүүн худалдан авах ёстой. Өөрөөр хэлбэл бонд, эсвэл компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, эсвэл хадгаламж юм.

Тухайлбал, хоёр жилийн хугацаатай бонд гаргалаа гэж бодъё. Жилийн хүү 18 хувь. Тэгэхээр бонд худалдаж авбал хоёр жилийн дараа 18 хувийн хүүг бодуулан мөнгөө авна гэсэн үг. Хөрөнгийн бирж дээр ХБҮЦ, бонд их гарсан. 2022 онд “Simple” 50 тэрбум төгрөгийн хөрөнгийг ХБҮЦ босгосон. “Инвескор”-ын бонд гарсан гэх мэт. Зах зээлд эрэлт байгаад хөгжиж байгаа тул гаргаж буй бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж буй хэрэг.

-Хэдийгээр идэвхтэй байгаа боловч иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байсаар байна шүү дээ?

-Санхүүгийн боловсролд анхаарах хэрэгтэй. Маш чухал зүйл. Монгол Улсад гарсан нийт гэмт хэргийн 32.8 хувь нь санхүүгийн шинж чанартай луйврын хэрэг байна гэх тооцоо мэдээлэл гарсан байна. Хүмүүс санхүүгийн луйварт ийм хэмжээнд өртөж байна гэдэг нь санхүүгийн боловсролгүйнх. Богино хугацаанд мөнгө олохын тулд өндөр өгөөж амласан хүмүүст хууртаад байна. Хэрсүү байж, мөнгөнд тооцоотой хандах хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн байгууллагуудад хандаж, зохих ёсны зөвлөгөө, сургалт авч хөрөнгө оруулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нацагдорж
нацагдорж
2023-04-08 10:09

Санхүүгийн (хөрөнгийн)зах зээлийн өсөлт нэмэгдэхийн хирээр бидний тэр т�##�ын мэдлэг мэдээлэл хоцрогдож байгаа юм байна. Баярл�##�аа дүүдээ.Танд сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

нацагдорж
нацагдорж
2023-04-08 10:13

Санхүүгийн зах зээл Монголд хөгжихийн хирээр бидний тэр т�##�ын мэдлэг мэдээлэл хоцрогдож байгаа юм байна. Танд баярл�##�аа.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Зочин
Зочин
2023-04-09 10:04

Мөрийтэй тоглоомтой бараг адилхан л даа

Холбоотой мэдээ

Back to top button