Top StoriesСурвалжилга, НийтлэлУРЛАГ

Иммерсив үзэсгэлэнгийн тэмдэглэл: Мона Лиза Улаанбаатарт ирж, Да Винчи хагас мянганы өмнөөс “ярина”

Хэрэв Парист очвол мөнөөх алдарт Мона Лизагийн эх хувилбарыг нүдээр үзэх боломж бий. Оччих л, хэд хоног амьдрах зардал мөнгөө бэлдчих л юм бол Луврын музейн такс ердөө 17 евро.

Гэхдээ Мона Лизаг үзье гэж Луврын музей рүү тэмүүлэхийн урьталд наад зах нь урлагт дур сонирхолтой байх хэрэгтэй. Эс бөгөөс аялж явахын далимд Лувраар ороод гарна, тэгэхдээ “Нөгөө Мона Лиза гэдгийг чинь үзсэн...” гэж ярих юмтай хоцорно, нэг бол урлагт татагдаж буйгаа тэр цаг мөчид магад анх удаа өөрөө өөрөөсөө олж нээнэ.

Харин Монголд Мона Лизаг эх хувиар нь харах боломж бий бил үү.  

Өөрөөр хэлбэл, урлагт дур сонирхолгүй байлаа ч, “Мона Лиза гэж зураг юу нь тийм мундаг юм, мэддэггүй, зүгээр л нэг эмэгтэйн хөрөг биз дээ” гэлцлээ ч нүдээр үзсэний дараа ямар нэг онцгой мэдрэмж тээж мэдэх, заавал Парист очсоны хойно таалагдах, эс таалагдах нь шийдэгдэх тэр хувь тохиол хэдэн мянган километр, хэзээ ч ирэхгүй байж мэдэх цаг хугацаагаар наашлахын нэр шүү дээ.

Монголын Уран зургийн галлерейд дэлгэгдээд буй иммерсив үзэсгэлэнд тийм боломж байх юм. Яриад буй тэр Мона Лиза, технологийн шийдэл ашиглаж хэвлэмэл байдлаар дэлгэн үзүүлсэн ч яг л эх хувиараа мэт нам жим оршиж байна. Элэгдэл, халцархайтайгаа, олон зуун жилийн турш зохирлоо олсон гэрэл, сүүдэртэйгээ, нууцлаг харцтайгаа, хэдэн мянган судлаачдын гайхан шагширдаг тэр мөн чанартайгаа, яг л Луврын музейд хэрхэн харагддаг, тэр хэлбэр хэмжээгээрээ.

Нэг үзэгч “Мона Лизагийн урд сандал тавьж болох уу. Нэлээд тухтай төвлөрч, сууж, бодлогширч үзмээр байна” хэмээн зохион байгуулагчдад хэлжээ. Нээрэн, Луврын музейд байх Мона Лизагийн иммерсив хувилбар нь Уран зургийн галлерейгаас ховстон татаж байна.

Иммерсивийн онцлог

Иммерсив үзэсгэлэн нь үзэгчид тухайн уран бүтээлийн нэг хэсэг болж, ойр, хүчтэй мэдрэмж авах боломж бий болгодог онцлогтой. Том том дэлгэц, технологийн шийдэл, 3D, 4D дүрслэлүүд бүхий ийм үзэсгэлэн дэлхий дахинаа дэлгэгдэх болжээ.

Энэ эх хувь биш хэдий ч өнөө цагийн хүчтэй мэдрэмж, эзэрхий сэтгэл хөдлөлийн эрэлд хатсан үзэгчдийн тэмүүлэх урсгалыг нэгэнт татаж чадсан. Винсент  Ван Гогийн “Одот шөнө”-ийг л иммерсив байдлаар дэглэлээ гэхэд, та яг л Ван Гогийн нүднээ үзэж, тархиндаа зурсан тэр шөнө, тэр байгальд, тэр орчинд очиж, тэр “агаар”-аар нь амьсгална гэсэнтэй дүйнэ. Ингэснээр зургаас урьд өмнө олж харж байгаагүй илэрхийлэмжийг илүү ойр дотно анзаарч, элементүүдийг нь тийн хүчтэйгээр хүлээн авах тусмаа Ван Гогтой дориун сайн танилцана.

Энэ томхон махны модноос өөрцгүй хэмжээтэй, магад наад зах нь “Өө, нөгөө алдарт уран зураг чинь бодитоороо ийм л байж шүү дээ” гэж бодмоор эх хувийг нь үзэхээс илүү сэрэл мэдрэмжид хөтөлж, улмаар урлагт татагдан сонирхох цаашдын сэдлийг идэвхжүүлдэг. Цаг үеэ дагасан, онцлогт нь тохирсон л дэвшилтэт хэлбэр гэх юм уу даа.

Харин Монголд иммерсив үзэсгэлэн цөөн.

Энэ удаа Леонардо Да Винчийн амьдрал, уран бүтээлээр сэдэлжсэн тийм үзэсгэлэнг монголчууд өөрсдөө, Уран зургийн галлерейдаа амжилттай дэлгээд байна. Энэ бол уран зургийн үзэсгэлэн биш, урлагийн үзэсгэлэн. Харин цаашлаад соён гэгээрлийн үзэсгэлэн болж таарч байна.

Таныг юу хүлээх вэ

Хөл тавихад л таныг Леонардо Да Винчийн амьдарч асан сэргэн мандалтын үеийн Европ “хүмүүс” угтана. “Хүмүүс” гэдэг нь, тэр үеийг тодорхойлж болох хувцас хэрэглэл өмссөн, үлгэр хүмүүс (манекен)  юм. Ингээд л юу юугүй 16-р зууны Италид очоод, хүн зон дунд нь гишгэчээд орчих шиг мэдрэмж төрөхөөс гадна бүх ханыг хараар будаж, хурц гэрлийг алсаас тусгасан нь бүгт хийгээд анхаарал төвлөрөм, тусгай орчныг бүрдүүлсэн байна.

Ингээд цаашилбал Леонардо Да Винчийн шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр буюу технологийн туршилтууд, ололтууд, оролдож байсан загваруудыг үлгэрчлэн дүрсэлсэн үзмэрүүд угтана. Мөнхийн  хөдөлгүүрийн загвар Да Винчийнхээр, анхны нисэх төхөөрөмжийн загвар Да Винчийнхээр, хүний биеийн анатоми бүтцийг задлан хийж үзсэний үндсэн дээр дүрсэлсэн таталбар зураг Да Винчийнхээр гээд.

Яв явсаар булан эргэмэгц түүний уран зургийн бүтээлүүд байна. Дэргэдээ өдгөө хадгалагдаж буй музейн нэр, бүтээсэн он, бүтээлийн тухай тодорхой тайлбартай. Мона Лиза ч тэнд таныг ширтэж буй. Цаашлаад Леонардо Да Винчи өөрөө тантай ярилцаж байгаа юм шиг хийц бүхий мультимедиа хэсэг бий.

Энэ үзэсгэлэнд хоёр чухал ач холбогдол байх шиг.

Эхнийх нь, классикийн тухай.

Хоёр дахь нь, мөрөөдлийн тухай.

Классикийн тухай

Бидний мэддэг мөртлөө мэддэггүй зүйл ерөөс классикт байдаг. Хүн бүр яаж ийгээд л Александр Дюмаг ч юм уу Виктор Хюгог багадаа уншчихсан байдаг. Харин агуулгы нь өнөөдрийн тухайд тийм сайн санадаггүй, эсвэл ойлгосон гэж хэлэхэд бэрхтэй. Түүн шиг хүн бүр л “Ромео Жульетта хоёр” гэвэл мэднэ, Л.Бэтховэны “Сарны сонат” гэвэл санана, “Мона Лиза” гэвэл толгой дохино. Тэгж мэдээжийн юм шиг ой дурсамжид хадгалагдсан байх тусмаа түүнийг илүү гүнзгий судлах, өөрөө өөртөө дахин шинээр нээхийг оролдох нь бага шүү дээ.

Сүүлийн үед хэд хэдэн галлерей идэвхтэй үзэсгэлэн дэлгэж, залуусын хөл хөдөлгөөн ч тийш чиглэдэг боллоо. Харин алинаас нь ч классик бүтээл үзэх боломж бага. Тэнд ихэвчлэн монгол уран бүтээлчдийн өөрсдөдөө хийж буй эрэл хайгуул, туршилт, ололтууд байх бөгөөд мэдээж орчин үеийн хэлбэр, хэлэмжтэй.

Харин өнөөдөр Леонардо Да Винчийн иммерсив үзэсгэлэнд хөл тавьж, уран зургуудын өмнө очмогцоо “Классик чинь нээрэн юу билээ. Ийм хол бил үү, эсвэл ийм шинэ бил үү?” хэмээн бодох юм. Классикийн үед уран бүтээлчдийн ур чадвар хамгийн хол хөгжсөн бөгөөд бүхнийг яг бодит, буй байдлаар нь, гарцаагүй дүрсэлж сурахын тулд хэдэн үеэрээ тэд хичээсэн. Тэр бүх оролдлого, хамгийн их тэвчээр, хамгийн их хөдөлмөр, хамгийн өндөр ур чадварын төгөлдөршил тэнд бий.

Библийн дүрслэлүүд давамгайлсан, шашны сэдэв дийлэнх эдгээр бүтээлүүдээс урлаг гэдэг ямар гоо сайхантай, ямар утга агуулгатай, ямар өргөн гэдгийг мэдрэх, хамгийн гол нь мэддэг мөртлөө мэддэггүй явсан классикийг өөртөө шинээр нээх боломж энд бий болжээ.

Мона Лизаг өнгөцхөн харахад зүгээр л нэг эмэгтэй, элдэв хачин, гайхаж анхаарал татам зүйлгүй. Гэвчиг нүүр тулаад харахад хэдэн зуун жил дамнан шагшиж буй нөгөө нууцлаг инээмсэглэл, ямар ч хэлбэрээр тайлан унших боломжтой гэмээр далд сэтгэл хөдлөл, дагуулан ширтээд байх шиг нүдний харц (ийм харц зурах нь л өөрөө асар өндөр хөгжсөн техник) зэргийг шинээр олж харж чадна.

Мөрөөдлийн тухай

Леонардо Да Винчи уран бүтээл, шинжлэх ухааны хослуулагч суутан байсан.

Тэр маш ихийг зүгээр л гайхсан болохоор, бас мөрөөдсөн болохоор туршсаар байсан бөгөөд энэ нь дараагийн 500 жилд олон хүнд сэдэл, суурь, урам, нээлт болох хэмжээнд хадгалагдан үлджээ.

Тийм ч учраас Да Винчи урлаг ба шинжлэх ухаан хоёрыг нэг зүйл хэмээн ойлгож байв.

Бүх зүйл гайхахаас эхлэх аж. Тэгээд мөрөөднө. Гайхах, мөрөөдөх хоёрын нийлбэрээр урлаг, шинжлэх ухааны аль аль нь төрнө. Шинжлэх ухаан урлагаар илэрч, урлаг, шинжлэх ухаанд суурилж болдгийг тэр өөрөөрөө батлан харуулсан.

Ямар сайндаа л тэр “Шувуу яаж нисдэг юм бол” хэмээн гайхаад (уг нь мэдээжийн юм шиг буудаг зүйл шүү дээ), “Хүн ч бас нисдэг болбол сайхан аа” гэж мөрөөдөөд л нисэх төхөөрөмжийн анхны төсөөллүүдээ зураг болгон буулгаж байх вэ. Түүний нисэх төхөөрөмжийг тооцож, төсөөлж бүтээсэн судалбар зураг нь хожим онгоц бүтээх шинжлэх ухааны ололтод чухал сурвалж материал болсон нь гайхалтай.

Тэгэхээр классик уран бүтээл үзэж, шинээр нээхээс гадна ер хүн гайхах, мөрөөдөх гэдэг ч бас мэдээжийн мөртлөө мэдээжийн бус, суурь чухал яс чанар вэ гэдгийг эндээс харах боломжтой.

Яг энэ мессежийг Леонардо Да Винчийн амьдралын түүхийг харуулсан мультимедиа хэсгээс мэдрэх боломжтой. Тэнд Да Винчи өөрөө “ярьж” буй.

Леонардо Да Винчи хагас мянганы өмнөөс “ярьж” байна

Мультимедиа орчинд хөл тавимагц дэлгэцээр тусгайлан бэлдсэн контентыг үзүүлэх бөгөөд Леонардо Да Винчи ийн “ярина”.

“Намайг Леонардо гэдэг. Леонардо да Винчи... Би багаасаа л мөрөөдөх дуртай хүүхэд байлаа.

Хамгаас илүү хүсэн мөрөөдөж байсан зүйл маань тэнгэрт дүүлэн нисэх. Намайг амьдарч байх үед нисэх гэдэг нь хэзээ ч биелшгүй мөрөөдөл байсан юм. Харин би мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүрээлэн буй байгаль ертөнцийг танин мэдэх хэрэгтэй гэдгийг л сайн ойлгож байв.

Хамгийн сонирхолтой нь байгаль ертөнцийг танин мэдэх тусам би уран зурагт улам л дурласан юм.

Тэгээд зурах тусам би улам л байгалийн нууцад нэвтэрч байгаагаа ойлгосон юм. Намайг амьдарч байх үед урлаг бол шинжлэх ухаан байсан... Харьцаа гэж ямар чухал болохыг, гэрэл сүүдэр юу болох тухай багш маань ярьж байв. 


Зурах тусам улам л нарийн нандин зүйлийг уран зурагтаа шингээхийг хүсэж байлаа. Бүүр хүний нүдэнд үр харагдах агаар, гэрлийг хүртэл зурахыг хүсэж байсан юм. Үр дүнд нь би чадсан.

Гайхамшигт эрдэм мэдлэг жинхэнэ авьяас билгээс ундардагт би итгэдэг. Харин авьяас билиг бол оюуны ухаан юм. Тиймээс өөрөө сэтгэдэггүй эрдэмтнээс өөрөө сэтгэн бясалгадаг эгэл нэгэн миний хувьд үнэ цэнтэй билээ. Бусдаас суралцах нь зүй боловч өмнөх мэдлэгийг давтаад л байвал чи зүгээр л ой сайтай хүн, харин өөрөө мэдлэг бүтээж байвал чи эрдэмтэн. Оюунтан билээ.

Би нисэлтийн хуулийг уйгагуй судалсаны ачаар агаарын  шүхэр, геликоптер, далавчит нисэх төхөөрөмж бүтээж чадсан.

Хүсэл мөрөөдлийнхөө сайн сайханд итгэдэг хүн л ирээдүйг өөрчилж чаддаг гэдэг. Төгс төгөлдөр зүйл үгүй ч бид төгс төгөлдөр сайханд үргэлж тэмүүлж байх ёстой гэдгийг Леонардо да Винчигийн амьдрал уран бүтээл нотлодог.

Энэ ертөнцийг илүү сайхан болгох олон нээлт бидний өмнө байна.

Мөрөөдлөөр жигүүрлэ”.

Н.Оргилболд: Сэтгэл хөдлөлийн араас хөөх биш тогтож суугаад, өөртэйгөө ярилцах л хэрэгтэй байна

Тэмдэглэлийнхээ сүүлд, уг төслийн санаачлагч, урлаг судлаач Н.Оргилболдтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Өнөө цагт Леонардо Да Винчиг, ийм хэлбэрээр үзүүлэх болсон тохиол юу вэ. Та хэзээнээс бодож төлөвлөв?

-Иммерсив хэмээх энэ формат олон улсад их хүчээ авсан. Миний хувьд 10-аад жилийн өмнөөс л энэ төрлөөр ажиллаж үзэх юм сан гэж бодож байлаа. Ингээд хоёр жилийн өмнө Леонардо Да Винчигээр эхэлье гэж шийдээд, төслөө бичсэн. Хүмүүс яагаад Да Винчиг сонгосон талаар сонирхож байна.

Тэрээр хоёр том мифийг нураасан. Нэг нь, урлагийг зөвхөн таашаал авах төдийд үздэг хандлага. Сэргэн мандалт анх удаа уран бүтээлч бол гүйцэтгэгч биш сэтгэгч юм гэдгийг тунхагласан. Үүнийг үйл хэргээрээ харуулсан хүн бол Да Винчи. Нөгөө талаар тэр шинжлэх ухааны хөгжил, дэвшилд том үүрэг гүйцэтгэсэн. Иймд аль, алийг нь багтаахаар шийдсэн.

Энэ бол уран зургийн үзэсгэлэн биш.

Төслөө бичихийн тулд Да Винчийн үзэсгэлэнгүүдийг жил хэрийн хугацаанд судалсан. Нэг зүйл анзаарсан нь, манайд дэлгэгдсэн шиг ийм цогц, бүрэн формат байгаагүй юм билээ. Иммерсив үзэсгэлэнгээр хамгийн алдартай нь Австралийн компани. Тэднийх Да Винчийн уран зургаар нэг удаа, зохион бүтээлээр нь нэг удаа үзэсгэлэн гаргасан байх жишээтэй. Харин ийм цогц дэглэсэн нь анх удаа болж байна.

Уран зургийн галлерей бидний санаачилгыг дэмжсэнээр, өнгөрсөн хоёр жилийн турш ажил хэрэг болгох гэж спонсор байгууллага нэлээд хайсан. Уран зургийг яаж харуулах вэ гэдэг нь өөрөө том сорилт байлаа. Эх зургийг авчрах мэдээж боломжгүй. Улс төрийн хүрээнд ярьж хэлэлцдэг, бүтэхээсээ бүтэхгүй нь их зүйл. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр, хүмүүс “Эх бүтээлийг нь дэлгэх юм уу” гэж асуусаар байсан.

Үзэгчдэд “Мона Лиза”-г ийм ойроос харна гэдэг боломжгүйтэй адил. Үүнийг технологийн хувьд яаж үзүүлэх вэ гээд л их ажилласан. Ямар нэг байдлаар инновац шингээхийг хүссэн. Урлаг судлалын салбарт нэлээд хэдэн жил ажилласан хугацаанд минь ихэнх ажил төсөөллөөс 60-70 хувьтай биелдэг. Энэ бол 90 хувьтай биелсэн гэж хэлнэ.

-Гүйцэтгэл, дэглэлтийн хувьд байж болох хэмжээндээ тулсан юм шиг санагдсан?

-Миний хувьд медиа ажлаа 360 градусын дэлгэц бүхий орчинд үзүүлсэн бол бүрэн болох байлаа. Санхүүгийн хувьд ч ихээхэн хүндрэлтэй л дээ. Харин одоогийн энэ шийдлийг богино хугацаанд бий болгож чадсан нь “Мобиком” группийн гавьяа.

Үүнийг урлагийн биш соён гэгээрлийн үзэсгэлэн гэж нэрийдмээр байгаа.

Олон жил багшлахад залуусаас маань өөртөө итгэлгүй хандлага их харагддаг. Нийгэм өөрөө залууст амжилтын талаар хэтийдсэн том төсөөлөл тавиад өгчихдөг. Түүн шиг амжилттай, түүн шиг үзэсгэлэнтэй, түүн шиг баян байх ёстой, тэр ч 20 настайдаа тийн баяжсан, энэ нь их сургуулиа хаясан гэх мэт. Тиймд энэ үзэсгэлэнг үзээд, залуус өөртөө итгэж, мөрөөдлөөр жигүүрлээд гараасай гэсэн цаад хүсэл тээсэн.

-Медиа ажил нь урлаг, уран бүтээл гэхээсээ яг тийм мөрөөдлөөр жигүүрлээсэй, итгэл найдвар аваасай гэсэн мессежид тулгуурласан байсан?

-Тэгвэл мессеж нь хүмүүст хүрч л байгаа юм байна. Медиа ажил дээр уншиж байгаа текстийг Ва Винчийн өөрийн хэлсэн үгээс эшилж, би өөрөө жаахан найруулж, зохиол хэлбэрт оруулан бэлтгэсэн.

Ер нь энэ мессежийг залуу үедээ ойлгуулахыг хүсэж явдаг. Уг ойлголтыг кинцуги урлагийн төрөл бий болсон түүхтэй жишиж, ярих дуртай.

XV зууны II-р хагаст засаглаж байсан шогун Ашикага Йошимаса хайртай аягаа хагалж л дээ. Хятад руу явуултал зүгээр л нийлүүлж хадаад буцаасан. Тэр нь таалагдаагүй. Тэгэхээр нь ордныхондоо аягыг цоо шинэ мэт болгох үүрэг өгсөн. Харин япончууд хэлтэрхий бүрийг алтан оруулгаар нааж өгсөн. Цаана нь ямар философи байна гэхээр, аливаа зүйл өөрийн гэсэн түүхтэй. Хагархай хэлтэрхий бүр нь эргэж нийлснээр, дахин шинэ оршихуйг олж буй идей. Бид өөрөө өөрсдийгөө кинцуги шиг хайрлах хэрэгтэй. Амжилт ч бай, алдаа ч бай бүгд хэлтэрхийн адил. Тэдгээрээс нийлж бүтдэг болохоос бид анхнаасаа өөгүй, бүрэн бүтэн оршихй биш. Ер нь өнөөгийн нийгэмд амжилтын тухай ойлголт хэтийдээд байх шиг санагддаг аа.

Одоо 21-р зуунд Да Винчи шиг мэргэд, тэрслэгчид, суутнууд төрөх боломж бага болсон шиг. Хамгийн сүүлээс Стивен Хоукингийг нэрлэдэг ч юм уу. Сайн мэргэжилтнүүд олон ч шинийг бүтээгчид тун цөөн. Тэгэх хэрээр нийгмийн болон байгалийн шинжлэх ухаан хоршин, нэмэгдээд IT салбар ч синергетик орших шаардлагатай болж байна. Ямар ч уран зургийг “нүцгэлбэл” гурвалжин, дөрвөлжин, дугуй гурван дүрс л үлдэнэ. Тэр утгаараа уран зураг өөрөө геометр, математик бас физик. Тийм учир урлаг бол нэг талаар шинжлэх ухаан. Сэргэн мандалтын үед Да Винчи уран зураг бол мэдрэмж гэж хэлсэн. Өнөөдөр энэ үгийг таван мэдрэхүйгээр хүртэх, сэрэл мэдрэмж, сэтгэгдэл авах хэмжээнд ойлгож байна. Харин сэргэн мандалтын үед хүн мэддэг юмаа мэдэрдэг гэж үздэг байжээ. Өөрөөр хэлбэл гүнд нь ортол ойлгосон, судалсан, нэг үгээр гартаа оруулсан зүйлээ хүн зүрхээрээ мэдэрдэг байх нь. Тийм учир мэдрэмжийн тухай өнөөдрийн ойлголт сэргэн мандалтын үеийнхээс өөр.

Тийм учир Леонардо Да Винчийн тухай номыг ч гаргахаар ажиллаж байгаа.

-Залуусыг жаахан тэрслүү, зоригтой байгаач хэмээн уриалахыг хүсжээ. Гэхдээ арай сүүлийн үеийн, тэдэнд ойр танил байдаг Винсент Ван Гог ч юм уу Пабло Пикассог барьж авсан бол арай дотно буух байсан биш үү?

-Ван Гог хэтэрхий “поп” болчхоод байна л даа. Гэхдээ дараагийн удаа цоо өөрөөр үзүүлэхийг бодож байгаа. Чиний хэлдэг үнэн байх. Гэхдээ л өнөө цагт аваачихын тулд мультимедиа хэсгийг оруулсан. Үнэнийг хэлэхэд үүнд маш их мөнгө орсон. Гэхдээ ингэж “солиорч” чадах хэн нэгэн хэрэгтэй байдаг байх. Хүүхдүүдэд бол их өөр хүрч байна. Тэднийг гайхшруулж байна, энэ өөрөө сайхан.

Нөгөө талаар Да Винчи орчин үед ч хуучраагүй. Одоо ч түүнийг бүрэн нээдэггүй, зохиол, бүтээлүүд нь хүчинтэй хэвээр. Тэр утгаар нь сонгосон. Ямар ч байсан цучлын төдий сэдэл өгье л гэж бодсоноос энэ бүхэн эхтэй.

-Сүүлийн үед үзэсгэлэнгүүд улам их дэлгэгдэх болсон ч ихэвчлэн контемпорари хэлбэртэй, нөгөө хүчтэй сэрэл, мэдрэмж өгөх агуулгад чиглэсэн онцлогтой байгаа. Гэнэт классик бүтээлүүдээр үзэсгэлэн гарсан чинь сонирхолтой бас олзуурхууштай байна. Хүн ер классик руу эгэх тусмаа илүү гүн бат суурьтай болж төлөвшдөг шиг санагддаг?

-Бид хэтийдтэл түр зуурын сэтгэл хөдлөлийн араас хөөцөлдөх болсон нь үнэн. Дэлхийн хаана ч адил, орчин үеийн онцлог тийм юм руу явчихлаа. Харин сонгодог бол тогтож суух, өөртэйгөө ярилцахыг шаарддаг. Үнэн хэрэгтээ классикийг сужетийн араас хөөж үзвэл уйтгартай. “Жизель” балет, “Ромео Жульетта хоёр” жүжиг уйтгартай шүү дээ. Харин мөнх байгаа учир нь мөн чанартаа бий. Өөрөөр хэлбэл хүн өөртөө асуулт тавиад гардаг. Урлагийн эцсийн зорилго бол хариулт өгөх биш. Харин аль ч цаг үеийн хүнд асуулт үлдээж чаддаг байвал сонгодог мэт. Бид хааяа сэтгэл хөдлөл хөөх биш, дарж байгаад классик сонирхох л хэрэгтэй байна.

-Та иммерсив гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөөч. Бидэнд яг үнэнийг хэлэхэд шинэ л байна?

-Ерөнхийдөө 100 хувь технологид суурилсан, проектор бүхий үзэсгэлэнг хэлдэг. Гол нь үзэгч өөрөө уран зургийн нэг хэсэг нь болдог. Да Винчийн бүтээлүүдийг үзэж, оролдож, нэгдэж, түүний амьдралын нэг хэсэгт хөл тавих боломжийг ийм үзэсгэлэн бага багахан ч болов олгож байгаа болов уу.

Ван Гогийг бол гадаадад яг иммерсивээр хийнэ.

-Үзэгчдийн сэтгэгдэл хэр байна. Сэргэн мандалт, классик яривал ойлгоно, мэднэ гэж цэцэрхэгсэд арай олон гарч ирнэ. Харин яг таны мессежийг харж байна уу?

-Нэг хэсэг нь гайхаж байна. Хэзээ ч Да Винчийг ийм хүн байсан гэж төсөөлөөгүй гэнэ. Нөгөө хэсэг нь бусад үзэсгэлэнгүүдтэй жишиж байна. Гадаадын орнуудад үзсэн, харсан үзэсгэлэнгүүдтэйгээ. Тэд их өндөр түвшинд гүйцэтгэсэн байна, үүнээс ч жижиг, цомхон үзэсгэлэнг 70 ам.доллараар үзсэн гэх жишээтэй. “Би ер нь юу хийж амьдарч байгаа юм бэ” гэж бодсон хүн ч байна. Мультимедиа хэсэгт ороод л хүмүүс ер бодоод байх шиг байгаа юм /инээв/.

-Та урлаг судлаачийн хувьд хэнд хамгийн хүчтэй татагддаг вэ. Да Винчид хувь хүний хувиар хэтэрхий автсан юм биш биз?

-Урлагт хайртай болох тусмаа уран бүтээлчдэд хайртай болдог. Явцдаа больдог шиг. Уран бүтээлч бүр асар үнэ цэнтэй зүйлийг хүн төрөлхтний оюун санаанд шигтгэсэн байдаг. Тэдгээрийг тэр, энэ гэж ялгах хэцүү. Монгол зураачид муу л гэдэг, би тэгж боддоггүй. Үнэхээрийн муу нь байдаг, тэр нь бас байх л асуудал. Ихэнхдээ хоорондоо “өөр” байдлаар нь л ялгамжлах боломжтой. Сайн ч бүтээлч бай, муу ч бай урлагт амьдралаа зориулах зориг бол өөрөө гайхамшиг.

Хүмүүс урлаг судлаачийг цоо шинэ нээлт хийгээч гэх нь бий. Чамайг бас агуу юм бичээч гэнэ. Гэхдээ хүн өөрөө өөртөө юуг шинээр нээсэн нь л чухал. Да Винчийн зургийг өөртөө шинээр нээж, сэтгэл оюуны таашаал авна гэдэг бол ангид мэдрэмж. Үзэх тусам шинийг нээж байвал тэр их сайн. Би Өндөр гэгээн Занабазарыг үзэх бүрдээ л ямар нэг шинийг нээдэг. Байнга шинэ байна гэдэг өөрөө агуу. Өөртөө хийж буй тэр шинэ нээлтүүд надад үнэ цэнтэй. Хүмүүс түрүүлээд олоод харчихсан байж болно.

ГЭРЭЛ ЗУРГУУД:

"Da Vinci Grand Exhibition" Монголын Уран зургийн галерейд, тавдугаар сарын 20-ныг хүртэл өдөр бүр 09.00-20.00 цагийн хооронд та бүхэнд хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-16 08:51

Тэмдэглэл их та�##�агдлаа. Баярл�##�аа.

Зочин
Зочин
2023-04-16 11:05

Ёстой их баярл�##�аа. Очиж үзнээ.

Холбоотой мэдээ

Back to top button