Рэвью: Нийгмийг намаг болгосон эрээгүй “садизм”-аас гэрэл олж харахын учир

Энэ рэвьюг бичихийн тулд секс гэдэг үгийг нэг бус удаа ашиглах шаардлагатай болох нь. Монголчууд секс хэсэгтэй киног тийм ч сайн хийж чаддаггүй. Хүлээж авах үзэгчдийн хувьд ч дадаагүй гэхэд болно. Гэхдээ орон зай, боломж нэгэнт үүссэнийг дараалсан, урт секс сценүүд бүхий “Намаг” УСК харууллаа. Мэдээж тус уран бүтээлийн гол хэлэмжийг секстэй уяж холбохын учиргүй. Найруулагч Б.Ганболд нийгэм намаг болсон талаар тунхаглаж, хэн хүнгүй намагт шигдэж, гарах гэж оролдсон нэгнээ буцаан зулгааж буй талаар сэртхийтэл үзүүлжээ. Үүндээ сексийг, мөнгийг, эрх мэдлийг дэвсгэр болгон ашигласан нь харин гарцаагүй.
Намаг дахь эцэс төгсгөлгүй цикл
Найруулагч нийгмийг намаг хэмээн цоллосон тухай эхэнд дурдсан.
“Намаг” УСК дахь намаг нь шатлалт бүтэцтэй.
Эзэн, түүний доорх эзэн, дахиад түүний доорх эзэн, тэгээд тэдэнд үйлчлэгчид, дахиад тэдэндээ үйлчлэгчид, дараа нь тэднээр үйлчлүүлэгчид, эцэст нь хохирогчид. Харин хохирогч нь эргээд эзнийг татаж унагах нигууртай. Тэгснээрээ хохирогч ч намгийн нэг хэсэг. Энэ утгаараа төгсгөлгүй, гарах гарцгүй, гэрэл гэгээгүй намган тойргийг найруулагч биежүүлжээ.
ДБЭТ-т балетын тоглолтыг худалдаж аваад, ганцаараа үздэг баян эзэн хамгийн толгойд нь.
Түүгээр ажлаа бүтээлгэхийн тулд гуйж гувшиж жижгэрэх нь дараагийн эзэн.
Тэр өөрөө биеэ үнэлэгчдийг зардаг. Харин биеэ үнэлэгчдийг нь нэг эмэгтэй толгойлон, захирдаг.
Биеэ үнэлэгч дээрх эздийнхээ захиалгат ажлыг хийдэг. Мөнгийг ч олно. Хэдий энэ тэдний хувьд ажил ч гэлээ мөнгөөр хүнтэй унтана гэдэг өөрөө намгийн нэг хэсэг гэх.
Зарим биеэ үнэлэгч нь эрэлт ихтэй. Бас тэд ийм амьдралаасаа залхана. Явах гэж, энгийн л ажил хийдэг болохыг хүснэ. Энэ тойргоос чөлөөлөгдөхийг хүснэ. Гэвч хамгийн эрэлттэй биеэ үнэлэгч байхгүй бол эзний ажил бүтэхгүй.
Тэгэхээр эрэлттэй биеэ үнэлэгч гэдийснээрээ эзнийг эрсдэлд оруулна. Тийм учраас эзэн хамгийн сайн биеэ үнэлэгчээ тогтоон барихын тулд дахиад л намгийн санаа сэднэ.
Биеэ үнэлэгч нэгэнт унасан намгийн тойрогтоо ингэж улам бүр шигдэнэ.
Хамгийн эрэлттэй биеэ үнэлэгчээр үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нь эргээд эзнийг тэтгэх хамгийн суурь санхүүжүүлэгчид байна.
Энэ шатлалт бүтцэд хүн хоорондын итгэлцэл бий болох боломжгүй. Хайр ч боломжгүй. Хэн хэн нь намгаас гарахыг хүсэв ч эцсийн мөчид матна эсвэл бүтэлгүйтнэ, шантаажид орно.
Явж явж хохирогч бол нөхрөө ийм ажил хийдгийг, тэдний эзэн гэдгийг мэдсэн хөөрхийлөлт эмэгтэй. Тэр уг нь намгийн нэг хэсэг биш байсан.
Гэвчиг адын муухай ажлаас нь жигшсэндээ өшөө авахын тулд нөхрийнхөө зардаг биеэ үнэлэгчээр өөрөө үйлчлүүлж орхино. Ингээд тэр сайн дураараа энэ тойрогт нэгдэнэ. Бас эзний нууцыг мэдсэн учраас хүссэн хүсээгүй, намгийн хамгийн гүнд шигдэнэ.
Тэгвэл том гэрэл асаацгаая
Хэдийгээр өрнөл нь үзэгчийг “Энэ шатлалт бүтэц задрах болов уу”, “Хэн нэг нь намгаас гарч чадах болов уу”, “Аль нэг нь үйлийн үрээ хүртэх болов уу” гэсэн хүлээлтэд хөтлөх авчиг тэгэхгүй нь харамсалтай. Эндээс найруулагч яагаад уран бүтээлч хүний хувьд кинондоо ямар нэг гэрэл гэгээ, гарц гаргалгаа үзүүлсэнгүй вэ хэмээн гайхах шалтгаан үүднэ.
Нийгэм ийм намаг шиг болчихсон юм бол, түүнийг хэн хүнгүй ойлголоо, харлаа, мэдлээ гэж бодъё. Гэвч гарц хэрэгтэй шүү дээ. Харин найруулагч ямар ч гарц үзүүлсэнгүй. Бүгд намагтаа живсэн гэж хэлэхийг хүсжээ.
Уг нь хайр байх ёстой. Хайр л биднийг намгаас гаргаж чадна. Найруулагч үүнийг төгсгөлийн харилцан ярианд хөндсөн.
Эзэн “Жижиг гэрлээс том сүүдэр тусдаг. Чи миний гэрэл гэгээ байсаан” хэмээдэг.
Үүгээрээ тэр эхнэртээ хайртай байснаа хэлсэн болов уу. Өөрөөр хэлбэл сэтгэлд нь хайр байсан үеэ тэр одоо унтарч үгүй болсон гэрэл гэгээтэй зүйрлэлээ. Багахан ч болов гэрэл байдаг, байсан гэдэг санаа ингэж орж ирнэ. Гэвч “Жижиг гэрлээс том сүүдэр тусдаг” гэсэн нь ямар учиртай вэ. Эргээд нөгөө гэрэл гэгээ нь сүүдэрт хөтлөхийн шалтгаан болсон хэмээж буй хэрэг биш үү.
Хэрэв тийм бол жижиг биш том гэрэл л асаацгаая. Том гэрлээс жижиг сүүдэр тусна. Гэрэл нь давамгайлж, тал талаас нь “шараад” ирвэл сүүдэр гарах гарцгүй тэр хэмжээст хүрээндээ л тусна. Объектын бодит хэмжээг сүг чөтгөр шиг алавхийтэл томруулахгүй, айдас төрүүлэхгүй, бусдын зай талбайг тэр том сүүдэртээ татан оролцуулахгүй, бүрхэхгүй. Нөгөө талаар объект жижгэрэх хэрээр сүүдэр ч аандаа атийна. Эзэн объект цагаан будааны дайтай болчихвол, тал талаас нь, том том гэрэл асааваас магадгүй хэн ч сүүдрийг нь хайгаад олохгүй биз ээ.
Үзэгчдийг хэтийдтэл пессимист үзэл санаанд бүү автаасай хэмээн бодно. Харин гэрэл тусгах хэрэгтэйгээ л мэдрэх хэрэгтэй болов уу.
Тэр хатуу уур амьсгал ч нөлөөлсөн гэлтэй, үзвэрийн дараа гадаа зогсож байтал нэг эмэгтэй над руу шуудхан хүрч ирснээ “Утсаа авчих уу?” гэж байна. Намайг хулгайд сэрджээ. Олохгүй болохоор нь залгаж үзсэн юм байна л даа. Уг нь гар дахь цүнхэнд нь дуугараад байгаа юм. Гэтэл миний халаасанд дуугарч гэж бодож. Би түүнийг танихгүй, тэр намайг танихгүй. Хамт явсан хүн нь “Цүнхэнд чинь л байна ш дээ, солиотой юм” гэвэл тэр “Өө, Уучлаарай” гэчхээд юу ч болоогүй аятай яваад өглөө. Ямар ч гэмшсэн шинжгүй, хүссэн уучлалтаа нүүр лүү ч харж хэлсэнгүй.
Гар утсаа цүнхнийхээ ёроол руу шидчихээд огтын танихгүй хүнийг хулгайд сэрдэх нь лав нийгэм намаг болсон гэдгийг ойлгосных байх аа. Гэхдээ гэрэл л асаацгаах учиртай юм шүү.
Бүтээлийн ур хийц
Нэгт, жүжигчид сайн. Яг илэрхийлэх ёстой дүрүүдээ амьдруулж чадсан. Шинэхэн жүжигчин Б.Бямбасүрэнг хангалттай хувиргаж чаджээ. Нас залуу шинж төрх харагдаад байсан ч дотор нь шүглэсэн адын зүйлтэй тэрсэлдэж буй хөөрхийлөлтэй сэтгэл зүйг амжилттай харуулсан. Ш.Доржсүрэн, О.Гэрэлсүхтэй ярилтгүй. Д.Оюунзул, Н.Мөнхсоёл нар мөн дүрээ яв цав гүйцэтгэснээс гадна арай өөр эмэгтэй хүний төгөлдөр гоо сайхныг Монголын кино урлагт үлдээлээ. Тэр сэвх, эсвэл тэр задгай байдал, тэр шивээс, тэр үсний засалт, эсвэл тэр гэнэ сэнэгүй урсах нулимс, толинд хараад мэгших харц гээд. С.Төмөрбаатар гуай үзэгдээд өнгөрөх эхний хэсэгт, сонгодог хөгжмийн аялгуунд нүдээ анин хуруугаа дохихдоо л masterpiece хийжээ. Хуруу дохиод л тэр шүү дээ. “Энэ л”, “Тэр л” гэж гоочлом жүжигчин байсангүй шиг санагдлаа.
Хоёрт, атмосфер жаахан уйтгартай гэмээр ч зохирсон. Нэгэнт ийм абсурд кино хийх бол атмосферийг улам л абсурд байлгах ёстой байсан болов уу. Зарим хэсэг адал явдалт киноных мэт энхэл донхол үүсгэж байсан ба энэ нь найруулагчийн шийдэл байж болох ч нийт утга санаа болон атмосферээс зөрж байх шиг санагдав.
Гуравт, ашиглагдсан элементүүд хэт их давтагдах тусмаа залхах шинж рүү орсон. Давтагдахаас гадна хэт хэлбэрт шүтсэн шинж ажиглагдсан. Уух юм л гэхэд байнга гоёмсог шилэнд хийсэн өндөр чанарын виски. Биеэ үнэлэгчдийн удирдагч эмэгтэй л гэхэд Хятадын мафитай кинон дээр гардаг шиг дэвүүр дэвж, луун хээтэй хувцас өмссөн нь Монголын нөхцөлөөс нэг л харь хол. Эсвэл заавал “Cheers” гэж бөөн аялгатай хэлээд тулгацгаах нь.
Дөрөвт, сексийг ямар нэгэн байдлаар буруу, болохгүй, тэвчишгүй, зүдүүрт үйлдэл юм шиг харуулсан. Харагдах байдлын хувьд өмнөх монгол кинонуудад барагтай бүтэж байгаагүй гоо сайханлаг, бодит амьдралд ойр, ил тод, нууж хаасан зүйлгүй, зоригтой секс хэсгүүд байсан ч нэг тийм, цавын цаанаа хүлүүлсэн, хөшсөн сэтгэл зүйн хандлага мэдэгдэж л байлаа. Яагаад ч юм бүх секс хэсэг ямар нэгэн сэтгэл зүйн үгүйсгэл төрмөөр (хэргээр ч байх).
Тавт, харилцан яриа бага мөртлөө жинтэй. Төгсгөлийн текст сайхан.
Зургаад, үйл явдлын холбоо хамаарал логик алдаагүй, хэт агаарын барагтай л санагдахааргүй.
Долоод, шигтгээ шиг сэтгэлгээний хэсгүүд орсон нь үнэлмээр. Далайн гахай оцон шувуутай хурьцаж буй бичлэг ч юм уу Чарли Чаплины хайчилбар зэргийг дурдаж болно.
Наймд, юм бодуулахыг оролдсон. Энэ хамгийн том амжилт. Зүгээр л эцэс төгсгөлгүй нүгэл үзүүлж болох байсан. Үзэгчийг өөрөө бодог гээд орхиж, эсвэл үүнээсээ найруулагч өөрөө таашаал аваад үлдэх бүрэн бололцоо бий, энэ уран бүтээлийн эрх чөлөө. Гэхдээ төгсгөлд нь тэр харилцан яриаг хийж, дараа нь алавхийтэл төгсгөснөөрөө “Тэгээд яг яасан гэсэн үг үү. Явж явж ямар санаа илэрхийлчхэв” гэсэн бодол руу үзэгчийг хөтөлж чадсан. Өөрөөр хэлбэл, кино үзээд хэсэг бодолхийлнэ гэдэг л тэнд нэг “юм” байсан гэсэн үг.
Эцэст нь, хэтийдсэн эсвэл дутсан зүйл байх ч олон талаасаа үнэлмээр, үзэгдэл болмоор, алга ташмаар шинэтгэлүүд бүтжээ. Мэдээж үүнийг хийхийн тулд их хэмжээний зориг шаардлагатайг тэмдэглэх нь зүй. Зориглосонд нь талархаж байна.
Харин үзэгчид үзээд, гэрэл асаагчид байх ёстойгоо л ойлгохыг хичээгээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрөө ядаж Самуэль Бэкет, Рьүнэско, Марша Норманы жүжгийн зохиолыг уншсан уу? Энэ кино бол яавч абсурд биш юм аа.