Top StoriesБаримтУЛС ТӨР

Сонгуулийн шинэ хуулийн "төрх": Жагсаалтаас ямар дарааллаар сонгох тодорхойгүй ч хүйсийн харьцаа 1:1 байна

Улс төрийн орчинд дөрвөн жилд нэг удаа тогтмол хийдэг зүйлсийн нэг бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг “хөндөх” явдал юм. 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байдаг. Товчоор бол өмнөх сонгуулийн товлосон хугацаанаас хагас жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. 

Харин одоо бол уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд буй. Тиймээс ч хэдийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тодруулбал одоогоос гурван долоо хоногийн өмнө буюу 5-ны өдөр Н.Энхболд гишүүнээр ахлуулсан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар уг хуулийн төслийг боловсруулахад оролцсон юм. Тэдний боловсруулсан хуулийн төсөлтэй танилцахад дараах асуудлууд ажиглагдав.

НЭГТ. Гишүүдийн квотыг анхаараад хүн амын шилжилтээс хамааруулж нэр дэвшигчийн тоог өөрчлөх боломжтойг орхисон

Тэдний хувьд санал зөрөлдсөн зүйл нь квотын харьцаа байв. Тодруулбал, хамтран өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийнх тоог 38:38 хэмээн тусгасан хэдий ч уг хуулийнх төслийг дагалдуулж АН-аас өргөн мэдүүлсэн хуульд 48:28 харьцаатай байхаар тусгажээ. Товчоор бол тойргоос хийгээд жагсаалтаар гарч ирэгсэд харилцан адилгүй гэсэн үг. Тэр дундаа тойргоос сонгогдох гишүүд олонхыг нь бүрдүүлэх зүй ёсных хэмээж буй. 

Гэсэн хэдий ч хүн амын шилжилт хөдөлгөөн, оршин суугчдын тоонд хамааруулсан нэр дэвшигч шаардлагатай талаар мартсан бололтой. Тухайлбал, 80 болон 60 мянган хүн амтай аймагт тус бүр гурван нэр дэвшигч байх нь хэр оновчтойг бодох хэрэгтэй. Нэг гишүүнд нь 26.7 мянган хүн хамаарч байхад нөгөөд нь 20 мянган хүн хамааралтай байх жишээтэй. Тэгш эрх, нэг гишүүнд ногдох иргэдийн тоо гэх мэтийг хуулийн төслийг хэлэлцэх үедээ ярилцах хэдий ч энэ талаар цухуйлгасан нэг ч заалт байсангүй.

ХОЁРТ. 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэх нь

Хуулийн төсөлд 30.5 дугаар заалтад “Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцааай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” хэмээн заажээ. Энэ заалт нь ихээхэн учир дутагдалтай. Учир нь хүйсийн харьцааг тэгшитгэх хэмжээний эмэгтэй нэр дэвшигч байгаа эсэх нь эргэлзээтэй. Улмаар улстөрч бус нэгнийг хүчээр гаргаж ирсний дараагаар суудлаас нь унагаж, нам дотроосоо өөр нэгнийг суулгах боломжийг ч нээхийг үгүйсгэхгүй. 

Энэ талаар хуульч Б.Мэргэн “Эмэгтэйчүүдийн квотыг нэмлээ гээд бодит практик дээр нэр дэвшээд явах хүн олдох эсэх нь эргэлзээтэй. Намаас нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэй байна гэж заасны улмаас хоёр том нам хүртэл эмэгтэй хүйсийн нэр дэвших хүн хайж, хэцүүддэг. Тоонд нь бариулахын тулд хүчээр нэр дэвшүүлэх нь ч бий. Мэдлэг чадвартай хүн олддог ч улстөрч болох хүсэл эрмэлзэл байдаггүй байх гэж боддог. 20 хувийг босгож чаддаггүй намуудад уг квот нэмэгдсэнээр хэнийг нэр дэвшүүлэх асуудал үүсэх байх гэж бодож байна. Эмэгтэй квот байх ёстой ч хуульчлах нь хэр оновчтой бол” хэмээсэн юм.

ГУРАВТ. Ухуулагч сайн дураар ажиллах ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина

Эл заалт нь угтаа бол бусдын хөдөлмөрийг мөлжиж буй хэрэг. Шалтгаан нь “сайн дурын” гэх үгийн сонголт юм. Товчоор хэлбэл та ухуулагч хийснийхээ хариуд цалин авахгүй ч байх боломжтой гэх утгатай. Сайн дурын үндсэн дээр ухуулагч хийж буй нь цалингүй хөдөлмөр эрхэлнэ гэсэн үг. Цалин гэх үгийг бус урамшуулал хэмээх нэр томьёог ашигласан нь дээрх нөхцөл байдлыг үүсгэхээс гарцаагүй. 

ДӨРӨВТ. Жагсаалтаар нэр дэшигчид хамаарах бас хамаарахгүй 41.1 дэх заалт

Уг заалтад Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах эрхийн талаар тусгасан байдаг. 41.1-д “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй. Үүнд, гурван хэвлэлийн хуудас сонин болон сэтгүүл, нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас” хэмээн заажээ. 

Гэтэл нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд жагсаалтаар нэр дэвшигчид уг зүйл заалтад заасан хэлбэр хэмжээ хамаарахгүй хэмээсэн юм. Тэгэхээр жагсаалтаар нэр дэвшигч арван хуудас бүхий сонинг иргэдэд тараасан ч болно гэх утгыг агуулж буй.

Тийн атлаа нэмэлт оруулж буй төсөлдөө 41.17 “... сурталчилгааны хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заажээ. Тэгэхээр жагсаалтаар нэр дэвшигчид 41.1 дэх заалт хамаарах хэдий ч бас хамаарахгүй гэсэн үг юм.

ТАВ. “Үл үзэгдэгч” 48.15 заалт

УИХ-ын сонгуулийн тухай хуульд 48.15 гэх заалт байхгүй. Гэтэл нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд 48.15 гэх заалтыг дурдсан ч ямар заалт байгаа талаарх нэг ч үсэг байхгүй. 

Нэмэлт оруулах хуулийн төсөлд 48.16 гэх заалтад дээр дурдсан заалтыг дурдсан. Тодруулбал “Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 48.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авна” гэжээ. 

ЗУРГАА. Сонгуульд хараат бус оролцох эрхгүй иргэд

Иргэд сонгуульд оролцохдоо хэнд саналаа өгснөө мэдээлдэггүй. Өөрийн хувийн мэдээллийг ч барагтай бол ил гаргахыг хүсдэггүй. Гэсэн хэдий ч хуулийн дагуу нэр дэвшигчдэд бидний мэдээллийг харах боломж байдаг.

Одоогийн хэрэглэж буй хуулийн 20.13-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн байдаг. 

Бид хүсээгүй байхдаа мэдээллээ алддаг хэрэг. Гэтэл энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дээрх заалтад “Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эсвэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллага нь санал хураалтын өмнө болон дараа сонгогчдын нэрийн жагсаалт, түүнийг үйлдэх үйл ажиллагаатай холбогдох журмын дагуу танилцах эрхтэй” гэжээ. 

Хэдийн өмнө нь мэдээллээ алддаг бид саналаа өгснийхөө дараа ч нэр дэвшигчдийн хараа хяналтад өртөж буй. Түүнчлэн “үйлдэх үйл ажиллагаа” гэх утга нь тодорхойгүй үг ч ашиглажээ.

ДОЛОО. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийсэн нэвтрүүлгээ сонгуулийн үеэр цацах заалт

Одоогийн хуульд “Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. 

Ойлгомжтой тайлбарлавал сонгуулийн сурталчилгааны үеэр тухайн цаг үеэс өмнө орсон ярилцлага, нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхийг хориглосон гэсэн үг. Гэвч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд сонгуулийн сурталчилгааны үеэс өмнөх сонгуулийн сурталчилгааны бус нэвтрүүлгүүдээ гарган ирж, цацах боломжтой болж буй. Ингэснээр тэдний өөрсдийгөө сурталчлах боломж илүү их нэмэгдэнэ гэсэн үг.

НАЙМ. Сонгуулийн санал авах байр бүрд хяналтын камер ЗААВАЛ байх заалт

Бидний одоогийн ашиглаж буй хуульд “... санал авах байруудад камер байрлуулж болно” гэснийг нэмэлт оруулах хуулийн төсөлд “... санал авах байруудад хяналтын камер байрлуулна” хэмээн тусгажээ. Тайлбарлавал, одоогийн хуульд камер байрлуулж ч болно, байрлуулахгүй байсан ч болно гэх утгатай юм. Харин нэмэлт оруулах хуулийн төсөлд ЗАЙЛШГҮЙ камер байрлуулсан байх ёстой хэмээн тусгасан байна.

-Нам, эвслийг хэрхэн жагсаах талаар нэг ч заалт байхгүй-

Хамгийн энгийндээ одоо ашиглаж буй хуультай харьцуулахад дээрх зураглал УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс шүүн харах боломжтой байгаа юм. 

Сонгуулийн тогтолцоог өөрчилж буй нь онцлох хамгийн том зүйл хэдий ч үүнийг дагалдуулан орхигдуулсан нэг зүйл бий. Энэ бол хэрхэн жагсаах явц юм. 38 ч бай 28 ч бай жагсаалтын эхэнд хэн байхыг зүйлчлэн зааж өгөөгүй нь эргээд сонгуулийг шударга зохион байгуулсан эсэхэд эргэлзэхэд хүргэх юм. 

Энэ талаар хуульч, өмгөөлөгч Н.Ариунболд “Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд бусад жижиг зүйл заалтыг дагалдуулж оруулж буйгаас бусдаар реформ хийсэн хуулийн төслийг огтоос оруулж ирдэггүй. Үүний хамгийн том жишээ бол саналын хуудсан дээрх улс төрийн намуудын жагсаалт юм. Эхэлж бүртгүүлсэн нь эхэндээ жагсдаг зарчмаар манайх 30 жил явсан. Бусад улс оронд сугалаагаар хэдэд жагсахаа шийддэг. Эхэлж бүртгүүлсэн нь давуу эрх эдэлдэг тогтолцоо байсаар. Одоо жагсаалтаар орж ирэх хүмүүсээ ч ийм аргаар шийднэ гэвэл утгагүй. Хуулийн төсөлд энэ талаар нэг ч заалтыг тусгаагүй байна” гэсэн юм. 

Мөн нэмэлт оруулах хуулийн төсөлтэй холбоотойгоор тэрбээр “Олонхын санал авдаг сонгуулийн тогтолцоотой. Гэтэл олонхын санал аваагүй нэр дэвшигчид улс төрд гарч ирдэг. Санал өгсөн иргэдийн 50 хувийн саналыг ч авдаггүй. Олонх болж чаддаггүй тогтолцоо байсаар, үүнийг өөрчлөх шинэчлэлтийг хийхгүй байна. Нам дотроо дотоод ардчиллаа хөгжүүлээгүй, олонх нь олонхын саналаараа гарч ирдэггүй, нэмэлт гэх хуулийн төслүүдэд нь ямар ч шинэлэг зүйл байхгүй. Мөн сонгуулийн жилд юм тарааж болохгүй ч бусад үед нь болдог жишиг хэвээр байгаа. Юу өөрчилж, юуг өөрчлөхийг хүсэж байгаа талаарх ямар ч тодорхой зүйл заалт байхгүй. Эрх баригчид нь ямар нэгэн байдлаар өөрт давуу зүйл заалтуудыг тусгах байх. Хэн өөрсдийнхөө эсрэг хуулийг батлах билээ” хэмээлээ.

Эцэстээ гэхэд хуулийн зүйл заалт ямар ч хүн уншсан ойлгомжтой байхаас гадна тухайн үг нэг бүр нь шилжсэн утгаар бус өөрийн утгаар илрэх ёстой. Өөрөөр хэлбэл хуулийн зүйл заалт агуулгаар бус үг үсгээр хэрэглэгддэг байх ёстой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-26 09:11

Орон нутагт лав шовшийн юм болдог. Би ахиж сонгуульд ажиллахгүй. Хаширсан. МАН-ынх гээд баахан хөөрсөн з�##�уучууд /хятадын улаан хамга�##�агчид гэгчийг санагдуулсан/, хөлд нь хий орж зүсэрсэн хөгшицүүл гээд л бүр араа шүдийг нь хурцлаад тавьдаг юм шиг байн�##�ээ. Тэд лав л сонгуулийн үеэр хүн чанар, нэр төр, анд нөхөд, хүний гол ноён нуруу гээд эрхэмлэж явах бүхнээ гээчихдэг нь сонин! Бусад намынхан нь болохоор тэднийг нүдээ орой дээрээ гарт�##� гайхаж харсаар сонгууль дуусгадаг юм билээ. Нөгөө “Сэрэлт” кинон дээр Орос эмчийн гадуур яваад л ламбугайх руу цувцгаагаад л байдаг дүр төрх, агуулга ажиглагддаг.

Зочин
Зочин
2023-04-26 10:24

Төлөөлөл гэдгээ эхлээд ойлгочих хэрэгтэй л дээ. Мэдлэг, чадвартай гэхээсээ илүү хүн амын 51 хувийн төлөөлөл амьдр�##�д нь нөлөөлөх улс төрийн шийдвэр гаргар түвшинд 17хон хувийн төлөөлөлтэй бгаа шүү. Т�##� хувь нь бх ёстой, Үндсэн хуульд заасны дагуу УИХ нь төлөөллийн байгууллага юм бол. Тэгээд ч одоогийн болон өмнөх эрэгтэй гишүүд бүгд мэдлэг чадвартай хүн сонгогдсон уу гэвэл тийм биш гэдгийг бүгд л амьдр�##�аасаа, орчин тойрноосоо хар. Амьдр�##� болохгүй бна гэж шаагилдаад л бла бла гэцгээх хэрнээ одоо дахиад л түмэн асуудлыг авчирсан нөгөө замаараа сурсан дуугаа дуулаад явах уу? Айл гэр, үр хүүхэд, ажлын хамаг нарийн ширийнийг эмэгтэйчүүддээ л да�##�гаж, итгэж хариуцуулдаг хэрнээ амьдр�##�д нөлөөлөх хамгийн чух�##� шийдвэрүүдээ эрчүүдэд даатгаад, нэг хүйсийн нүдээр харсан өрөөсгөл бодлого өнөөдөр юунд авчирч бгааг хараач ээ.

Холбоотой мэдээ

Back to top button