“Global Press journal”-ын сэтгүүлч О.Нансалмаа: Эх сурвалж өөрөө хүссэн эсэх нь хамгийн чухал, гуйж, ятгаж хэзээ ч болохгүй

Бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Global Press journal олон улсын сэтгүүлийн Монгол дахь сурвалжлагч, сэтгүүлч О.Нансалмааг урьж ярилцлаа.
-Та Global Press journal-д хэдийнээс хэрхэн ажиллаж байна вэ?
-Глобал прэсс жуорнал олон улсын сэтгүүлд 2020 оноос албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тэгэхээр 4 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.
-Таны нэг өдрийн ажил хэрхэн өрнөж, үргэлжилдэг вэ?
Өдөр бүр өөр өөр байдаг. Ихэнхдээ чимээ багатай кофе шопт аяга халуун кофе уунгаа бичиж буй нийтлэлийнхээ судалгааг хийх, камераа үүрээд гадуур явж зураг авах, орон нутаг руу томилолтоор явах гэх мэтээр өрнөдөг. Өнөөдрийн тухайд бол байгууллагын дотоод сургалтаа дуусгасны дараа Өмнөговь дахь хамтрагчтайгаа онлайнаар уулзаж, томилолтын сэдвийнхээ талаар ярилцлаа.
-Монголын сэтгүүлдийн өдөр тутмын ажлаас ялгаатай байдал юу байдаг вэ?
Цагт баригддаггүй тул үнэхээрийн тухтай ажилладаг. Өдөр тутмын хэвлэлд цаг бол алт байдаг. Харин манай сайтын ялгаатай тал нь бид 24 цагийн циклээр ажилладаггүй. Үйл явдлын мэдээг хүмүүс өөр хэвлэлүүдээс эсвэл сошиалаас хангалттай авчихдаг болсон тул илүү мэргэжлийн хандаж, илүү нухацтай, өгүүлбэр бүрийн цаана баримттай бичдэг. Өглөөний шуурхай гэж байхгүй, хэвлэлийн хурал руу гүйхгүй нэг тийм тайван байдаг. Шаардлагатай гэж үзвэл нэг өгүүллийг хэдэн сар ч бичсэн болдог. Мөн бүгд нэг оффист суудаггүй байгаа газраасаа ажилладаг тул заримдаа хөдөө гэрээсээ ч лаптопоо асаагаад сурвалжилгаа бичиж л байдаг.
-Global Press journal ажлын байрны тогтвортой, сэтгэл ханамжтай байдал зэрэгт хэрхэн анхаарч ажилладаг бол. Таны харж мэдэрснээр...?
Глобал Прэсс Жуорнал дэргэдээ Глобал Прэсс Институттэй. Тухайн бүс нутагт салбартай болох гэж байгаа бол эхлээд шалгаруулалт явуулаад, шалгарсан хүмүүс институтыг амжилттай төгссөнөөр глобалын сурвалжлагч болдог.
Ажлын байрны сэтгэл ханамжтай байдал бол хангалттай цалин урамшууллаас гадна үргэлжийн халамж анхаарал тавьж байдагт оршдог болов уу. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад түгээмэл байдаггүй нэг зүйл гэвэл “Duty of care” буюу халамжлах үүргээ хангалттай биелүүлдэг гэх юмуу даа. Жишээлбэл Глобалын сурвалжлагч нарт мэргэжлийн сэтгэл зүйчид хэзээд туслахад бэлэн байж байдаг. Хүндхэн нийтлэл бичсэний дараа ч гэхгүй энгийн үедээ ч сэтгэл зүйчтэйгээ ярилцаж, амьдралд тохиолдоод байгаа зүйлсээ хуваалцаж зөвлөгөө авч болдог. Монголд шөнө газар хөдөллөө гэхэд л үүрээр манай удирдлагуудаас “Бүх зүйл зүгээр үү, хариу өгөөрэй. Ямар нэг зүйл тохиолдсон бол заавал мэдэгдээрэй” гээд и-мэйл ирж байх жишээний.
Тэгэхээр хүний нөөцөө эхлээд сургаж бэлдээд, зөв аргаар халамжилж урамшуулж, жинхнээсээ хамтарч аз жаргалтайгаар нийтлэл сурвалжилга бэлдэж, гэрэл зурагаа авдаг хүмүүс юм даа.
-Таны ажиллаж байсан олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагууд цаг үеийн шинжтэй хувирал, өөрчлөлтүүдэд дасан зохицохын тулд ямар шинэчлэлүүд хийсэн нь анзаарагддаг вэ?
-Манайх хажуудаа Институттай гэж би хэлсэн. Сая ковидоор гэхэд л бүх сэтгүүлчдээ сургалтаар бүрэн хангалаа. Гэртээ байх хугацаандаа сурвалжилгаа хийж чадахгүй болсон ч сургалтаар байнгын сурвалжлага бичиж байсан. Одоо ч сэтгүүлч гэрэл зургийн мэдлэгээ нэг сэргээе гэвэл сургалт нь байнгын онлайнд байж байдаг. Ерөнхийдөө тэр ингэлээ, тэглээ гэж өдөр бүр мэдээ бэлтгэдэггүй болохоор өөрчлөлтүүд маш тайван, нэг их сүртэй нөлөөгүй явагддаг.
-Хэдий хүлээн авагчдын хандлага болон технологийн дэвшил шинэ тутам өөрчлөлтөд дуудаж байгаа ч уламжлалт хэлбэрээр үнэнчээр хадгалж үлдэж буй хэлбэрүүд нь юу байсан бэ?
-Хамгийн түрүүнд манай гэрэл зураг бодогдож байна. Гэрэл зургийг баримтат зургийн аргаар буюу элдэв эффект оруулахгүй, эвлүүлэхгүй, дээр нь юм сараачихгүй яг бодит байдал, зураг хэвээр нь нийтлэдэг. Яг ийм стандартыг барьдаг хэвлэлүүд цөөхөн. Бичвэр бол амин сүнс юм. Өгүүллийн үгийг тодорхой тоонд багтаадаг тул бичвэр дээр маш нямбай, өгүүлбэр бүрийн ард бид баримтыг бэлдсэн байдаг.

-Редакцын хүний нөөцийн хувьд манайхаас ялгарах ямар онцлог стратеги анзаарсан бэ. Чөлөөт сэтгүүлчид олон уу, оффист төвлөрч суух нь хэр вэ, насны болоод мэргэжлийн хувьд ямар байсан бэ?
-Ихэнх хэвлэлээс эрс ялгаатай, бүгд албан ёсоор суралцаж төгсөөд дараагаар нь ажилладаг тул чөлөөт сэтгүүлч гэж байхгүй. Дэлхийн 40 гаруй хотод манай сурвалжлагч нар бий. Нэг оффист сууж ажилладаггүй. Аль болох л камераа үүрээд гадуур явдаг, яриа авах бол утсаар эсвэл чатаар авдаггүй, заавал нүүр нүүрээ харж байж яриа авдаг. Нас мэргэжил гээчийг жинхэнэ ялгаварладаггүй газар бол манай сайт гэж би харж байсан, одоо ч тийм. 60 гаран насны шинэ сурвалжлагч байж л байна. Манайд сурвалжлагч хийхийн тулд заавал сэтгүүлчийн сургууль төгссөн байх албагүй. Ер нь хөдөлмөрийн зах зээл дэх дэлхийн чиг хандлага ч ийм болж байх шиг.
-Ялангуяа залуу сэтгүүлчдийн хувьд анзаарсан зүйл бий юу. Ирээдүйд сэтгүүл зүйн салбарыг авч явах залуу сэтгүүлчид тэнд хэрхэн бэлтгэгдэж байгаа бол?
Манай бүх л сэтгүүл зүйн багш нар эхлээд “Хүн” байхыг сур гэдэг. Гэтэл одоо сэтгүүлч хүн өөрөө “Хүн” болсон уу, тэд хүний эрхийг мэдэрч байна уу, эсвэл ажиллуулж буй удирдлагууд нь тийм байхыг шахаж шаардаж байна уу гэвэл эргэлзээтэй. Глобал яадаг вэ гэхээр эхлээд “Эх сурвалж өөрөө хүсч байна уу” гэдгийг нэгдүгээрт тавьдаг. Эх сурвалж яриа өгөхийг хүсч байна уу, хүсэхгүй бол яриа авахыг гуйж, ятгаж болохгүй, эх сурвалжийг айлгаж ичээж, дайрч давшилж хэзээ ч болохгүй, эх сурвалжийн яриаг хэзээ ч гуйвуулж болохгүй гэх мэт. Эргэлзэж, таамаглаж, төсөөлж бичдэггүй. Энэ бол Глобалын ёс зүйн дүрэмд тусгагдсан зүйл. Ингэж бидэнд ёс зүйн дүрмээ ягштал мөрдөхийг анхнаасаа л сануулдаг. Редакц дотроо мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй байж, түүнийгээ олон нийтэд ч сануулж явах нь эргээд сэтгүүлч, редакц, эх сурвалж бие биедээ итгэх итгэлийг олоход нөлөөлөх болов уу. Сэтгүүлч гэхээр айгаад байгаа чинь эх сурвалжаа хүндлэхгүй, хүн гэж харахгүй байгаатай л холбоотой.
-Технологийн дэвшил, дижитал (сошиал) ертөнцөд сэтгүүл зүйн эзлэх орон зай улам эргэлзээтэй болж буй нөхцөлд тэд ямар өөрчлөлт, бодлого баримталж байгаа бол?
-Ямар ч нэмэлт хачиргүй, жинхэнэ олон талын бодит байр суурийг бичиж, тийм зургийг дарж байж мэргэжлийн байна. Сошиал хөгжих нь 2 талтай. Нэг талаасаа сошиал сэтгүүл зүйтэй хутгалдаад байгаа юм шиг боловч мэргэжлийн сэтгүүл зүй ямар байхыг сануулж, биднийг илүү тодотгож, уншигч үзэгчдийг улам чамбай байхыг шаардаж жинхэнэ хэвлэлийг яаж ялгахаа сурах ёстойг сануулдаг. Манай сайт дээр реклам байдаггүй. Жинхэнэ уншигчийг бэлдээд байгаа юм шиг санагддаг. Бодит байдлаас өөр зүйлгүй цэвэр сэтгүүл зүй.
"Global Press journal" олон улсын сэтгүүлийн Монгол дахь сурвалжлагч, сэтгүүлчид, тэдний ажилтай ЭНД дарж уншаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын өнөө цагийн зарим сэтгүүлчид нөгөө хүн нь ярилцлага өгөхгүй гээд байхад с�##�ахгүй дагаж, ш�##�аад гүйгээд байгаа харагддаг. Тэр бол маш буруу гэдгийг тод тодорхой хэлсэн байна. Сэтгүүлчид уншиж, ухаарч, соёлтой байхад сур�##�цах хэрэгтэй