Ярилцлага

“Орон сууцаар хүмүүжүүлэх хэв маяг”-ийг санаачлагч Үцүзаки Мицүё: Бүх насаараа хайсан төслийн шийдэл нь монгол гэр байсан

Хатагтай Үцүзаки Мицүё Япон улсын Токио хотоос Монголд 40 дэх удаагаа ирээд байгаа нь энэ. Чухам юуны учир 77 настай энэ эмэгтэй нааш зорих болов гэхээр 28 жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Орон сууцаар хүмүүжүүлэх амьдралын хэв маяг” төслийнхөө хүрээнд “Боловсрол төлөвшлийн сууц ба гэр бүл судлал” сэдвээр лекц тавьжээ. 

Маш товчхоноор ойлгуулахад хатагтай амьдралынхаа бүхий л он жилүүдэд, хөгжлийнхөө явцад хүн төрөлхтөн илүүд үзэж сонгох болсон олон хаалга, олон хайрцаглагдсан өрөө, тасалгаа, хананаас татгалзах сонголт хийхэд нөлөөлсөөр ирж. Мэдээж үүний үр дүнд халуун дулаан уур амьсгалтай аз жаргалтай гэр бүл бий болдог гэлээ. Үцүзаки Мицүёг урьж, ярилцлаа. 

-Та өөрийгөө танилцуулаач?

-Би өнгөрсөн арванхоёрдугаар сард 77 нас хүрсэн. Гэвч миний сэтгэл дотор 20 настан л байдаг. Миний аав, ээж бас би өөрөө бага сургуулийн багш мэргэжилтэй. Бага сургуулийн багшийн ажлыг таван жил хийхдээ орон сууц, амьдрах орчин гэдэг хүүхдэд ямар чухал гэдгийг ойлгосон юм.

-Өөрөөр хэлбэл та орон сууцаар хүмүүжүүлэх амьдралын хэв маяг төслийнхөө санааг олж авчээ, тэндээс?

-Тийм ээ. Багш хүн хүүхдүүдээ байнга анзаардаг. Гэр бүл дотор ойр харилцаа үүсэхгүй урт коридор, олон өрөөнд нэг нэгээрээ ороод хаалгаа хаачихдаг орчинд хүүхдүүд төлөвшил асуудалтай байгааг анзаарсан. Миний хувьд ч эдгээр шийдэл асуудал болж байв. Гал тогоондоо буруу харж зогсоод хоолоо бэлтгэж байхад хүүхдүүд минь “Ээж ээ, над руу хараач” гэж хэлэхийг байнга сонсдог байв. Хүүхдүүд ээжтэйгээ тогтмол харилцаж, ээжийнхээ дууг сонсож байх нь ямар чухал болохыг ойлгосон учраас би багшлахаа болиод энэ ажилдаа орсон. Дэлхийг тойрч, гарц шийдлээ хайж эхэлсэн. Монголд ч, Японд ч олон жилийн өмнө бор, цагаан, ягаан өнгөтэй урт коридор бүхий орон сууцууд нийтлэг байсан.

Тавь, жараад онд баригдсан барилгууд шүү дээ. Энэ үед миний багын дурсамжууд сэрж, энэ төслийн санаатай илүү ихээр холбож өгсөн. Бид эхээс дөрвүүлээ бөгөөд ээж, аавтайгаа маш том өрөө бүхий гэрт амьдардаг байв. Ээжийн минь биднийг өсгөх, гэр орноо авч явах өдөр тутмын амьдрал хэцүү мэдрэмж үлдээсэн. Ариун цэвэр, угаалгын өрөө, гал тогоо бүгд маш хол зайтай. Гал түлж хоол хийнэ. Энэ бүхнээс болоод ээжийн өдөр тутмын амьдралын хэв маяг нь маш гунигтай харагддаг байсан. Би ээжийгээ инээмсэглэж байгааг харах сан, өдөр бүр ээжийгээ аз жаргалтай амьдардаг болгох сон гэж боддог байв. Манай гэрийн зохион байгуулалт, хийц ээжийг минь илүү их ядраадаг байж л дээ. Удалгүй намайг хуримаа хийхэд интерьерт олон хаалга, ханаар шийдсэн сууцнууд хүч түрж байсан. Би гурван хүүхдийн ээж болж, амжилттай эмэгтэйн дүр бүтээсэн ч эзэгтэйн амьдралыг хялбар, өдөр тутамдаа түүртдэггүй болгоё гэж хичээсэн. Тэгээд л эрэлд гарч, би энэхүү нар шиг улаан хормогч зүүгээд 28 жил хичээж байна.

 -Яаж шийдсэн юм бол?

-Анх төслөө эхлүүлэхдээ Японы хуучны сууцнуудаас санаа авсан. Цэлгэр, саруулхан, бүгд бие биенээ харах, харилцах боломжтой орчинд бүх хэрэглээг шийдэж өгсөн. Гал тогооны хажууд ширээ, сандал тавьж өгснөөр ээжүүд хичээлээ хийж буй хүүхдийнхээ өөдөөс харж, харилцангаа хоолоо хийдэг болсон. Ер нь интерьер шийдлээр аз жаргалтай гэр бүлийг бий болгож, үүнийгээ танилцуулж, бусад улс оронд очиж лекц уншина. Төсөл эхэлснээс хойш таван жилийн дараа би нэгэн өвөрмөц урилга хүлээж авсан нь Монгол Улс байсан юм. Хуучны зочид буудлын /Мандухай зочид буудал/ интерьерийг хийх ажлын санал. Одоогоос 23 жилийн өмнө шүү дээ. Төслөө эхлүүлснээс хойш таван жилийн дараа гэсэн үг. Ирээд би анх монгол гэртэй танилцсан. Дараа нь миний олон жил хайсан шийдэл тэнд шингэсэн байгааг олж харсан. Нөхрөө өөд болсны дараа хүүхдүүдээ өсгөх нь бүр хэцүү болоод төслөө эхлүүлсэн. Тэр хэцүү үеүд, эрэл хайгуул хийсэн он жилүүдийнхээ гарцыг би Монголоос олж харсан. Одоо монголчуудын амьдарч байгаа орон сууц Хятад, Оростой яг адилхан том барилгууд. Гэхдээ монгол гэр гэдэг нь надад маш чухал байсан. Илүү хялбар, аз жаргалтай, тухтай амьдрах боломж монгол гэрт байсан учраас монгол гэр хамгийн  шилдэг нь.

-Монгол гэрийг төсөлдөө хэрхэн шигтгэсэн бэ?

-Тэр хэсгийг нь авъя, тусгая гэхаээсээ илүүтэй тэр шийдэлд зохицсон үндсэн амьдралын хэв маяг нь маш гялалзсан санаа байсан юм. Хүмүүс сонирхолтой хэв маягт шилжинэ. Илүү хялбар, өдөр тутамдаа түүртэхгүй, сэтгэл хангалуун амьдрах нь чухал биз дээ.

-Та төслөөрөө ээжийгээ инээмсэглүүлж чадсан уу?

-Энэ 28 жил гэдэг нь модель хаусаа барьж эхэлсэн хойших тоолол юм. Гэвч бүр 53 жилийн турш ээжийнхээ халамжид байхдаа, өөрөө хүүхдүүдээ асарч хүмүүжүүлж байхад эхэлсэн гэж хэлнэ. Ээждээ үзүүлсэн шүү дээ. Нэг см хөдөлгөөн хийж чадахгүй байсан ээж минь миний 40 см-тэй ваннд орсон. Тэгээд “Энэ маш чухал юм байна, хүмүүст хүргээрэй” гэж инээмсэглэн хэлсэн. Удалгүй ээж өөд болсон доо.

-Та төслөө хаана, хаана хэрэгжүүлсэн бэ?

-Олон оронд танилцуулсан. Москва, Бээжин, Филиппин, Кувейт, Монгол гээд л. Энэ бүхнээс Монголд модель хаусаа барьсан. Монголчууд намайг бариач гэж хүссэн учраас тэр шүү дээ.

-Бусад улс орнууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Тэдэнд би сургалт хийж, лекц уншдаг. Харин Японд төсөл хэрэгжсэн 800 гаруй байшин бий. Мөн 80 мянган хүнд зөвлөгөө, сургалт өгсөн. Анх багшийн ажлаа өгчхөөд интерьерийн ажил түлхүү хийж байхдаа Токио хотын том зочид буудлын 800 өрөөний интерьер хийсэн. Японы нэгэн том бизнесмэн интерьер яалт ч үгүй өөрчлөгдөж байна гэдэг саналыг тавьж, олон барилга дээр ажилласан. Яг тэр үед Монголоос зочид буудлын интерьер хийлгэе гэж урьсан юм.

-Та Монгол Улсад 40 гаруй удаа ирэхдээ төслөө хэрхэн хэрэгжүүлэв?

-“Жигүүр гранд” группийн захиалгаар модель хаус тохижуулсан. Би тэдний ямар гэр бүл бүтээмээр байгааг нь сонсоод ажиллаж эхэлсэн. Ингээд тухайн хотхонд нээлт хийгээд шоу рүүм хийе гэсэн ч эхнээсээ хүмүүс үзээд шууд худалдаад авчихсан юм аа. Тухайн үед харилцаа холбоо тэгтлээ сайн хөгжөөгүй учир нэг жижигхэн зүйлийг ч гэсэн шийдэхээр би Монголд ирдэг байлаа. Дараа нь би гэр бүл судлаач Т.Намжил гэдэг хүнтэй танилцаж, гэртээ урьсан. Тэгэхэд “Гэр бүл судлалаас илүү орчинг бүрдүүлэх нь чухал юм байна” гэж хэлсэн нь надад маш их итгэл, хүч өгсөн. Тэр үгэнд одоо хүртэл итгэдэг. Т.Намжил багш өөрөө би яг ийм орчинд амьдарч үзмээр байна гэсэн ч харамсалтай нь өөд болчихсон. Бас эрхэм хүндэт н.Баттулга эгч маань бас өөд болсон. Миний ажил амьдрал, Монголтой холбоотой түүхүүд эдгээр хүмүүстэй холбоотой. 

-Та төслийнхөө хүрээнд судалгаа, санал асуулга хийдэг юм байна. Үр дүнгээс нь танилцуулаач?

-Мэдээж интерьер маш чухал ч аз жаргалтай байх нь түүнээс илүү шүү дээ. Төслийг хүн нүдээрээ хараад, биеэрээ амарч, амьдарч үзээд мэдэрдэг. Японд модель хаусаа танилцуулахад Монголд очмоор санагдсан гэж байсан. Нэг судалгаагаар амьдрал нь тарчиг ч ийм шийдэл бүхий гэр дулаан уур амьсгалыг бий болгодог нь харагдсан. Модель хаусын нэг нээлт дээр хүмүүс цугларахад нэг хүн Монгол руугаа буцья гээд уйлж байсан. Тэгэхэд би монгол гэр чухал юм байнаа гэж ойлгосон. Ерөөсөө бие бие рүүгээ нуруугаа харуулахгүй, гаднаас хэн нэгэн орж ирээд гэр бүлийнхэнтэйгээ шууд мэндэлдэг, элдэв тусгаарлалт, хананаас татгалзсан шийдэл.

-Та энэ удаад Монголд ямар зорилгоор ирсэн бэ?

-Дээр нэр дурдсан гэр бүл судлаачидтай 2009 онд анх танилцсан. Би тэдэнд Монголд төслөө танилцуулах лекц тавина гэж амласан учраас ирсэн юм. Би Монголд маш их хайртай учраас ирэх дуртай. Ээжүүдийг мандах нар шиг байлгая гээд улаан хормогчоо зүүгээд ирдэг. Энэ тэмдэг бол Түнхэл тосгоны хүндэт иргэний тэмдэг, энэ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тэмдэг бас байна. Надад шагнал олон бий. Гэхдээ тэмдэг медаль, шагналаас илүү аз жаргалтай гэр бүл байж, ээж бүхэн нар шиг байх нь гол зүйл.

-77-той хэрнээ 20 наст шиг гэж та ярианы эхэнд хэлсэн. Та хаанаас тэр их залуу эрч хүчийг авдаг вэ?

-77 настай ч 20-той юм шиг дотоод сэтгэлтэй байгаа минь дуртай зүйлээ хийж, өдөр бүр амьдралдаа баяр хөөртэй яваатай холбоотой.

-Монголчууд таныг хуурсан гэж сонсож байсан?

-Муу дурсамжууд зөндөө бий. Хүрээд ирээч гэчхээд ажлаа зохицуулаад нисээд ирэхээр хаа нэгтээ явчихсан байдаг. Амалчхаад маргааш нь алга болно гэх мэт тохиолдол олон ч н.Ганхуяг эгчтэйгээ холбоо харилцаа сайн байсан болохоор би Монголд ирсээр л байсан. Тухайн хүмүүстэйгээ ч гэсэн би сайхан харилцаатай байхыг хүсдэг дээ.

-Та монголчуудад хандаад юуг хэлмээр байна вэ?

-“Орон сууцаар хүмүүжүүлэх хэв маяг” төсөл өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчилдөг.  Та бүхэн маань өндөр шилэн барилгууд гэхээсээ илүүтэй өөртөө аюулгүй, тухтай байх орон сууцыг сонгож амьдраарай. Одооноос боловсрол төлөвшлийн сууц Монгол орны дахин сэргэлтийн гарц болно. Миний бие багадаа тариалангийн талбайд аз жаргалыг зөөж авчирдаг өрөвтас шувуутай хөгжилдөн тоглодог байсан. Том болоод дэлхий дахинд ямар нэг юм зөөж явах юм сан гэж удаан бодсон. Тийм учраас боловсрол төлөвшлийн сууцыг та бүхэндээ зөөж авчирч, хүргэмээр байна.    

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button