Top StoriesСурвалжилга, Нийтлэл

ШУТИС-ийн оюутнууд: Операторыг хиймэл оюун ухаанаар орлох технологи нэвтрүүлсэн

Тэд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуульд программ хангамж болон системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцдаг.

Эдгээр залуус нэгдэж хиймэл оюун ухааны тусламжтайгаар буюу хүний оролцоогүйгээр иргэдэд хүссэн мэдээллийг нь өгч, хариулах боломжтой дуудлагын төвийг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл иргэд оператор руу залгаж асуудаг мэдээллээ хоногийн 24 цагийн аль ч үед хиймэл оюун ухааны тусламжтайгаар авах боломжтой болжээ.

Операторын үйлчилгээг халж тэдний хийдэг ажлыг технологийн тусламжтайгаар шийдэх тус шийдлийг тэд Монголдоо анхлан нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой. Ингэснээр операторын үйлчилгээ үзүүлдэг компаниудад хүний нөөцөө бодлогоор танах, эдийн засгаа хэмнэх зэрэг давуу байдал үүсэхээс гадна иргэд тусгай дугаарт залгаж тухайн компанийн талаарх мэдээллийг авахдаа цаг алдалгүйгээр шууд холбогдох, хурдан хугацаанд хүссэн мэдээллээ саадгүй авах зэрэг давуу талтайг "Хангарди" багийн залуус онцолж байна.

-Операторын ажлыг хиймэл оюун ухаанд даатгаснаар иргэд хүссэн үедээ, хүссэн асуултад хариулт авах боломж бүрдэнэ-

-Баг хэрхэн бүрдсэн бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Бид зургуулаа. Анх сургуулийнхаа "Ментор студент" клубээр дамжуулан танилцаж байсан. Энэхүү клуб нь шинээр элсэн орсон оюутан дүү нартаа дээд курсийнх нь ах нар мэдлэг олгодог, харилцан зөвлөж, туслах зорилготой. Энд бидний дөрөв нь байдаг байсан. Ингэж л танилцах, баг бүрдэх эхлэл тавигдсан.

Мөн хавар гарааны бизнесийн уралдаанууд их болдог учир хэдэн тэмцээнд  оролцохоор шийдээд багаа бүрдүүлсэн. Гэхдээ зөвхөн уралдаанд оролцох зорилгоор нийлсэн юм биш л дээ. Цаашид ч гэсэн хамтраад тууштай хөдөлмөрлөж, шинэ зүйлүүдэд хүч сорих зорилготой. Аль болох туршлагатай, чадвартай залуусаар багаа бүрдүүлэхийг хичээсэн. 

-Энэ чиглэлээр тэмцээнүүд их болдог гэлээ. Одоогийн байдлаар хэдэн уралдаанд оролцоод байна вэ, хэр амжилттай явна?

-Хамгийн анх сургуулиас зохион байгуулсан бүтээлийн уралдаанд багаараа оролцож түрүүлсэн. Энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уралдаан бөгөөд шалгарсан багуудыг цааш бүтээлээ хөгжүүлээд явах боломжийг олгодог онцлогтой. Бид энэ уралдаанд ирц бүртгэлийн систем хөгжүүлж оролцсон. Тодруулбал, их дээд сургуулийн багш нар ирц бүртгэлдээ хамгийн багадаа 15-20 минутыг зарцуулдаг, энэ нь хичээлийн цагаас хасагддаг учир ямар нэгэн байдлаар шийдэл байж болно гэж анзаараад бүртгэлийн аппликейшн бүтээсэн. Энэхүү аппликейшн нь суралцагчид утсаараа QR кодыг уншуулж хурдан хугацаанд ирцээ бүртгүүлэх боломжийг бий болгосон. Энэ уралдаанд оролцож амжилт үзүүлсэн нь бидэнд маш их урмыг өгсөн. 

Харин дараагийн тэмцээндээ бид хиймэл оюун ухааны тусламжтайгаар иргэдэд хэрэгтэй мэдээллийг нь өгдөг системийг хөгжүүлсэн. Дэлгэрүүлбэл, мобикомын ч юм уу тусгай дугаарт залгаад хэрэглэгчид оператораас хүссэн мэдээллээ асуудаг шүү дээ. Бид үүнийг заавал оператор хэрэглэгчидтэй холбогдоод байх шаардлагагүйгээр буюу хүссэн асуултад нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хариулт өгдөг шийдлийг бий болгосон. Учир нь иргэд энэ төрлийн мэдээлэл авахын тулд удаан хүлээх шаардлага гардаг. Мөн шөнийн цагаар хүссэн мэдээллээ авах боломж байдаггүй зэрэг шалтгаанууд дээр суурилсан. Бид энэ системээрээ дамжуулан сая хэлсэн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулж чадлаа. Тодруулбал, иргэд хоногийн 24 цагийн аль ч үед залгаад хүссэн мэдээллээ авахаас гадна хугацаа алдаж хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. 

Мөн бид иргэд эмнэлэгт цаг авахдаа шууд залгаад аль ч эмнэлэгт үзүүлэх үйлчилгээ авах цагаа авах боломжтой системийг хөгжүүлсэн. Тухайлбал таныг залгах үед эмнэлгийн цаг байгаа эсэх, аль тасагт үзүүлэх, хэдний өдөр цаг байгаа байхгүй зэргийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тантай яриад, хариулт өгөөд хэрвээ цаг байгаа бол таны хүсэлтийг баталгаажуулах боломжтой. 

-Эдгээр санаагаа хэрхэн олж байна?

-Санаагаа олно, олж харна гэдэг хамгийн чухал зүйл л дээ. Бид эхлээд нийгэмд, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг жагсааж бичдэг. Өөрөөр хэлбэл технологийн тусламжтайгаар иргэдэд тулгамддаг нийтлэг асуудлуудыг хэрхэн амар, хялбараар шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг л олж шийдлийг нь бүтээхээр ажилладаг.

Тэмцээнд оролцохын өмнө шинэ санаа, бүтээлээ гаргах гэж их цаг авдаг. Ихэвчлэн маш богино хугацаанд хөгжүүлэлтээ хийгээд оролцох болдог. Уралдаан эхлэхийн өмнөх хоёр хоногийг бол шөнө ч унтахгүйгээр давдаг. Энэ бүхэнд бид дандаа хамт байж ард нь гарч чаддаг. Мэдээж маргалдах, үг зөрөлдөх зүйлүүд гарна. Энэ бүхний дүнд л бид илүү сайжрах, хөгжих санагддаг. Жишээ нь, уралдаанаа өглөө зарлаад маргааш орой гэхэд бүтээлээ хүлээн авах журмаар зохион байгуулдаг. Энэ тохиолдолд санаагаа олоод хөгжүүлэлтээ хийнэ гэдэг амаргүй. Тэр хэмжээгээрээ залуусаас ур чадвар шаардаж байдаг. Бидний гол зүйл бол тулгамдаж буй том асуудлыг хэрхэн энгийнээр, хялбараар шийдэж болох вэ гэдгийг олж харах юм.

-Эцсийн байдлаар жилийн дараа гэхэд зах зээлд бүрэн нэвтрүүлэх боломжтой-

-Гурван ч системийг төслийн хэмжээнд авч явж буйг нь онцолмоор байна. Хэр ахицтай байна гэж дүгнэх вэ?

-Хиймэл оюун ухаан дээр суурилсан дуудлагын төвийн санааг Call Pro компани дэмжиж нэг жилийн хугацаанд үнэгүй оффислож хөгжүүлэлтээ хийх боломжийг бидэнд олгоод байгаа. Харин ирц бүртгэлийн аппликейшны хувьд өөрийнхөө сургуулийн 5-6 багштай хамтраад туршихаас гадна бусад их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлж үзээд байна.

Ерөнхийдөө бид гурван системийг төслийн хэмжээнд авч явахыг эрмэлзэж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ цаг хугацаа их зарцуулдаг онцлогтойгоос гадна баг маань зургаан гишүүнтэй учир гурван төслөө адил хэмжээнд авч явах боломжгүй. Иймд нэг зүйлээ дуусгаад дараагийнх руугаа орох зарчмаар ажиллах шаардлага үүсээд буй. 

-Хиймэл оюун ухаан дээр суурилсан дуудлагын төвийн тухай тодруулаач. Операторын үйлчилгээг орлох боломжтой гэж ойлголоо?

-Эцсийн хэрэглэгч талаасаа харах нь зөв л дөө. Нэгдүгээрт, дуудлага хүлээн авах төвүүд утсаа авах гэж их уддаг. Энэ хугацаанд үйлчлүүлэгчийн нэгж тооцогдож байдаг гэдэг ч юм уу. Тиймээс энэ асуудал шийдэгдэнэ. 

Хоёрдугаарт, операторууд цайны цаг болон ажлын цагийн хязгаартай байдаг. Өөрөөр хэлбэл хоногийн 24 цаг иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Энэ дутагдалтай талыг бид энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр үгүй болгох боломжтой. Мөн хэдэн ч хэрэглэгч, хэзээ ч залгасан шууд холбогдоод хүссэн асуултдаа хариулт авч чадах юм. 

Байгууллага талаасаа дэд бүтцийн асуудлуудыг шийдэж чадна. Эдийн засаг, урсгал зардлын хувьд ч хэмнэх том боломж байх болно. Мөн байгууллага хэрэглэгчийнхээ ачааллыг дийлэхгүй буюу дуудлагыг нь авах боломжгүй удаан хүлээлгээд эсвэл таслаад байна гэдэг нь нэг талаараа үйлчлүүлэгчээ алдаж буй хэлбэр.

Тиймээс энэхүү үйлчилгээг нэвтрүүлчихвэл танай үйлчлүүлэгчид 24/7 буюу хүссэн үедээ хүссэн асуултдаа хариулт авах бүрэн боломжтой. Нийгэм талаасаа ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж харж байгаа. Мэдээж операторуудыг хэрэггүй, зуун хувь хална гэж ойлгох нь өрөөсгөл. Үүний ард машин ажиллаж байгаа учир алдаа гарах боломжтой.

Тиймээс зуун хувь операторын үйлчилгээг хална гэх нь учир дутагдалтай байх. Тиймээс бид операторын орон тоог ажил олгогчид тухайн компани цөөлснөөр мөнгө санхүүгийн хувд маш их зүйлийг хэмнэх боломжтой гэдэг санааг л хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэдэд мэдээлэл өгүүлэхийн тулд л ийм олон хүнийг цалинжуулж ажиллуулаад байхаас илүүтэйгээр зарим хэсгийг нь ухаалгаар буюу технологийн тусламжтайгаар шийдчихвэл тухайн компанид маш том өөрчлөлт ирнэ шүү дээ. 

-Энэхүү системээ үйлчлүүлэгчээ дуу хоолойгоор нь таних түвшинд хүртэл хөгжүүлнэ-

-Төсөөллийн хувьд энэ санаагаа бүрэн хөгжүүлж дуусахад хэр хугацаа зарцуулахаар байна?

-Эхний байдлаар бол жилийн дараа гэхэд зах зээлд нэвтрүүлчих боломжтой гэж харж байгаа. Бид энэхүү санаагаараа хоёр ч уралдаанд түрүүлээд буй. Тухайн уралдаануудыг салбарын шилдэг компанийн захирлууд шүүсэн. Ингэхдээ бидний санааг цаашид маш ирээдүйтэй, нийгэмд энэ төрлийн хэрэгцээ хангалттай байгаа учир үнэхээр боломжтой гээд дэмжсэн л дээ. 

Одоо зургаадугаар сарын 06-нд олон улсын “DX cup” гээд энэ чиглэлээр хөгжүүлэлт хийж буй хүмүүсийн дунд тэмцээн болно. Энэ бол бидний хувьд маш том боломж байх болно. Учир нь Японы талаас болон Монголын талаас маш том хөрөнгө оруулагчид оролцоно. Хэрэв бид шалгараад ямар нэгэн байдлаар дэмжлэг авч чадвал том боломж нээгдэх юм. Энэ тэмцээнд Япон улсын багууд ч өрсөлдөнө.

-Энэ тэмцээнээс юуг хүлээж байна?

-Мэдээж амжилт гаргачих юмсан гэж л хичээж байна. Гэхдээ бидний туйлын зорилго бол ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцоод байр эзлэх гэхээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө ямар түвшинд явааг харах, бодитоор ойлгож авах нь  чухал. Ингэж байж илүү хөгжинө шүү дээ. Тэмцээн болгон залуус бидэнд сургамж, туршлага, шинийг олж харах боломж байдаг. Тийм учраас бид ийм л өнцгөөс хардаг. Ямартай ч бид оролцлоо, тодорхой хэмжээнд алхам хийж чадлаа гэж бодох тэр мэдрэмж сайхан байдаг. Мөн нэгнээ таних ч боломж өгдөг гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд оролцсон хэд хэдэн тэмцээнээс бид энэ багаараа цааш ахин дэвших, зорьсондоо хүрэх боломжтой юм байна гэдэг итгэл төрсөн. 

-Операторыг орлох үйлчилгээг анх удаа нэвтрүүлж байна гэдэг өөрөө том амжилт шиг санагдаж байна. Цаашлаад илүү өөр түвшинд хүртэл хөгжүүлэх ямар бодол, боломж байна?

-Цаашлаад бид хэрэглэгчээ дуу хоолойгоор нь таньж үйлчилгээ үзүүлдэг болох хүртэл хөгжүүлэхээр зорьж байна. Ингэснээр тухайн үйлчлүүлэгч өөрийнхөө тухай мэдээллийг буюу заавал овог нэр, регистрийн дугаараа хэлж байж авах шаардлагагүй болох юм. Тодруулбал, тухайн компанийн харилцагчийн мэдээлэл, өгөгдөл дээр суурилж энэ шийдлийг бий болгох учраас илүү хялбар болж өгнө гэж тооцоолж буй. Мэдээж компанийн харилцагчийн мэдээлэл дээр тулгуурлаж байгаа учраас хувь хүний нууцын мэдээллийг авч ашиглах гэсэн ойлголт яригдахгүй. Таныг залгамагц шууд таньж нэрээр чинь мэндэлдэг ч юм уу ийм л болно гэсэн үг. 

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button