Top StoriesЯрилцлага

14 жилийн туршлагатай А.Тэнгис багш: Хүүхдийг голд сэлүүлж сургах боломжтой гээд эцэг эхчүүд алддаг

“Тэмүүлэл” спорт цогцолборын усан спортын багш түүнийг А.Дөлгөөнтэнгис гэдэг. Тэнгис хэмээх товчилсон нэрээр нь усан спортоор хичээллэгчид илүү сайн мэднэ. Тэрбээр 14 жил бусдыг сэлж сургасан туршлагатай. Харин өөрөө 2006 оноос хойш 20 орчим жил усан спортоор хичээллэж байгаа аж.

А.Дөлгөөнтэнгис хоёр бакалаврын мэргэжил эзэмшжээ. Эхлээд аялал жуулчлалаар, дараа нь англи хэлний багшаар төгссөн байна. Тэр мэргэжлээрээ буюу орос, англи хэлээр жуулчдад 10 гаруй жил хөтөч хийжээ. Энэ үеэрээ ч усан спортын багшаар ажиллаж байж. Ингээд сүүлийн жилүүдэд нэг ажлаа дагнан хийхээр шийдсэн нь энэ юм байна.

Тэр энэ 14 жилийн хугацаанд төрийн, хувийн олон бассейнд багшилжээ. Харин “Тэмүүлэл” спорт төвтэй 2015 оноос хойш хамтран ажиллаж буй. 5-6 цагийн дотор сэлж сургадаг VIP хөтөлбөр нь олны анхаарлыг татдаг.

Хүүхдүүд усанд сэлээд бүх стрессээ мартаж, тайвширдаг

-14 жил хуримтлуулсан туршлагадаа үндэслэн өөрийн VIP хөтөлбөрийг эхлүүлсэн байх?

-VIP хөтөлбөртөө би туслах багшийн хамт гар бие оролцдог. Мэдээж бусад багш нарын арга барилыг үгүйсгэж боломгүй. Харин өөрөө анх суралцаж байсан үетэйгээ харьцуулж боддог л доо. Тэр үед багш нар “Энэ хөдөлгөөнийг ингэж хий” гэдэг л аргачлалтай байсан. Харин би тухайн хөдөлгөөнийг яагаад хийж буй, ямар процесс явагдаж, ямар үр дүнд хүрэхийг нь тайлбарлаж өгөхөд илүү төвлөрдөг. Хөдөлгөөний дараалал, ритмүүдэд хүмүүсийн толгой эргэх нь элбэг. Харин хөдөлгөөн, техникийг эхнээс нь дуусах хүртэлх процессоор нь тайлбарласнаар ойлгож, толгойд нь бууна. Мөн  дараа нь өөрөө сэлж үзүүлэх юм бол бүр сайн ойлгодог. Тэгэхээр логик, процессыг тайлбарлахыг баримталдаг гэх үү дээ.

-Ихэвчлэн ямар насны хүмүүс зорьж ирдэг вэ. Мөн хүйсийн хувьд?

-16-35 насныхан илүү их ирж байна. Харин 80-85 хувь нь эмэгтэйчүүд.

-Хоёул өнөөдөр илүүтэй хүүхдүүдэд чиглэж ярилцъя. Эцэг эхчүүдэд олон сонголт байна. Яагаад усан спорт гэж?

-Дэг жаяг, тэсвэр хатуужилд суралцах, бие физиологийн хөгжил, эрүүл мэндээ дэмжих гээд олон талын эерэг нөлөөтэй. Миний харж буйгаар, олон жилийн дунджаар хүүхдийн өсөлтийн циклийг их дэмждэг юм билээ. Гэхдээ тухайн хүүхдийн генээс ч хамаарна л даа. Усанд сэлэхэд бүх үе мөч хөдөлж, бүх булчин ажилладаг. Түүнчлэн бие хатуурах бус улам уян зөөлөн болдог давуу талтай. Усан спортоор хичээллэсэн хүүхэд дараа нь фитнесст явахад бие нь хурдацтай хөгждөг. Энэ бол усан спорт биеийн суурь хөгжлийг сайтар хангадаг гэсэн үг.

-Сэтгэл зүйн хувьд эерэг нөлөөтэй юү?

-Юуны өмнө, усанд сэлж сурахын өмнө хүүхэд ч, том хүн ч айдаг. Ихэнх нь живжч  юм уу, ямар нэг эрсдэлд орж үзсэн байдаг болохоор ч тэр байх. Зарим хүүхэд шууд л уйлчихдаг. Тэгэхээр хөвөгч зүүж, айлгахгүйгээр ус руу анхлан оруулах нь чухал. Айдас багасах хэрээр дасгалжихад хялбар болно. Амьсгалын дасгал л хамгийн амаргүй. Харин усанд нэг нүүрээ хийж, амьсгалах дасгалдаа сайтар дадсан хүүхэд цааш хялбар суралцах талтай. Энэ бол сэтгэл зүйн урьдчилсан бэлтгэл тухайд юм л даа.

Мөн гэр бүлийн, сургуулийн орчиндоо стресс, дарамттай хүүхдүүд усанд сэлээд гарахдаа бүхнээ мартдаг, маш их тайвширдаг. Учир нь хүн усан дотор гагцхүү сэлэх техникээ л боддог. Өөр зүйл бодох боломж бараг үгүй.

-Мөн ариун цэвэрч болох гэх мэт ахуйн соёлд ч суралцдаг байх?

-Хүүхдийн  ахуй соёл бассейнд явдаг болсны дараа их өөрчлөгддөг шүү. Анх локертоо (хувцасны шүүгээ) хувцсаа хийхгүй, сандал дээр тайлаад тавьчих нь бий. Сарын дараа гэхэд локертоо эвхэж хийдэг, бассейндаа очоогүй байсан ч өдөр бүр усанд ордог, хувцсаа нямбай хатааж сурдаг.

Голд сэлэх, тогтмол усанд сэлэх асар их ялгаатай

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ ихэвчлэн яагаад усанд сэлж сургахыг зорьж байна вэ?

-Хамгийн түгээмэл нь, өөрсдөө хүүхэд ахуй цагтаа сэлж сурч чадаагүй болохоор хүүхдэдээ анхаардаг. Дараагийнх нь, хүүхэд нь амралтын газар очоод ч юм уу гол усанд сэлж чадахгүйн улмаас эрсдэлд орсны дараа ирдэг.

Асран хамгаалагчдынх нь хэн ч сэлж чадахгүй мөртлөө хүүхдээ голын усанд оруулаад, сэлүүлж сургачихна гэж бодох нь бий. Энэ маш том алдаа. Мэргэжлийн хүн бүтэн сар ажиллаж байж сэлж сургадаг шүү дээ.

-Тийм зүйл болдог гэж үү?

-Маш их.

-Тэгж сурах боломжтой юу?

-Боломжгүй. Хэрэв аав ээж нь өөрсдөө усан спортын тамирчид бол өөр хэрэг. Тэглээ ч тамирчин байна гэдэг нь өөр, тусдаа асуудал. Хэчнээн сайн сэлдэг нэгэн байлаа ч сургалтын туршлагагүй бол бусдад хичээл заана гэдэг их хүндрэлтэй. Хичээл заасны, сургалтын турглага гэдэг үйлчлүүлэгч дээр баталгаажиж харагддаг, тусдаа зүйл л дээ.

-Хүүхдээ голын усанд шууд сэлж сургах  гэж (өөрсдөө сэлж чаддаггүй мөртлөө) оролдсон ийм кэйс олон сонссон уу?

-Тийм ээ. Хамгийн том жишээ нь манай аав, ээж хоёр байна (Инээв). Багад маань аав, ээж хоёр надад цагариг хөвөгч зүүлгээд, голд сэлүүлэх гэж үзэж байсан. Харин би урсгал дагаж хөвөөд алга болох шахсан. Түүнээс хойш л намайг бассейнд явуулъя гэж шийдсэн хэрэг. Баянбүрдийн нэг жижигхэн бассейнд анх тийн очиж, суралцаж байлаа. Эцэг эхчүүдэд ч гэлтгүй, том хүмүүст мөн энэ ижил.

“Би голын усанд, далайд сэлж үзсэн, асуудалгүй ээ” гээд багшийн зааварчилга авахыг хүсдэггүй. Гэтэл урсгал ус нэг өөр. Тогтмол ус, нуур, бассейн шал өөр ойлголт болж ирнэ. Урсгал ус хүнийг өөрөө яваад явдаг. Гагцхүү самбаачлан амьсгалах, хөдөлгөөн хийх асуудал бий. Үүнийг сэлж байна гэж ойлгоод эндүүрдэг. Голын усанд сэлдэг хүмүүс нуур луу ороод л живэх эрсдэлтэй. Тэгж амиа алдсан тохиолдол Монголд маш их. Бассейнд ороод, живэх эрсдэлтэйг мэдэрснээр сургалт авах ёстойг ойлгох тохиолдол олон шүү.

06.00 цагаас оройн 22.00 цаг хүртэлх анги бий

-Суралцагчид ихэвчлэн тууштай байдалдаа алдаа гаргадаг уу. Хурдан сэлж сурахыг хүсэх ч юм уу, хандлагын нийтлэг ямар алдаа хийдэг вэ?

-Тийм тал бий. Хүүхдүүдийн тухайд, хичээлийн бус цагаараа, тодорхой цагийн хуваарь гаргаж ирэх нь дийлэнх. Тийм болохоор нэг сарын дотор айвуу тайвуу сэлээд сурдаг.

Харин том хүмүүсийн хувьд, өврөөр даллах сэлэлтийг харж татагдаад, хурдхан тэгж сэлж сурахыг хүсэх нь бий. Энэ шууд эхэлж сурахад их хэцүү хэлбэр л дээ. Монголд ихэвчлэн мэлхий сэлэлтийг түрүүнд нь заадаг. Энэ дасгал харин уйдах боломжтой. Үүнийг анзаараад, би мэлхий сэлэлтийг ч, өврөөр даллах сэлэлтийг ч VIP сургалтын хүрээнд 5-6 цагийн дотор сургадаг хөтөлбөр боловсруулсан.

-Нэг удаагийн оролт хэр удаан үргэлжлэх вэ?

-Ихэнх бассейнуудын хувьд 45 минут. Манай хичээл 60 минутаар явдаг.

-Тэгэхээр 5-6 цаг гэдэг нь 5-6 удаагийн оролт гэсэн үг байх нь?

-Тийм.

-Сошиал хаягаар нь дамжуулаад, хэр олон үйлчлүүлэгч танайхыг зорьж байна вэ?

-Өглөөний анги гэхэд сардаа тогтмол 20 хүнтэй байдаг. 06.00-07.00 цагт арав, 07.00-08.00 цагт мөн арав. Тэд нэг сарын дотор сэлж сурах учир сар бүр солигдоно. Сардаа 20 хүний эргэлттэй гэсэн үг л дээ. Бусад цагийн анги мөн ойролцоо.

Би “Coach Tengis” гэдэг Фэйсбүүк хуудастай. Мөн “Тэмүүлэл” төвийн хуудсаар  мэдээллээ түгээдэг. Хүмүүс түгээмлээр цагийн хуваарь асууна. Учир нь ихэнх хүн өдрийн цагаар амждаггүй. Тэгэхээр ажил эхлэхээс өмнө гээд 06.00 цагийн ангийг нээсэн. Мөн ажил тарсны дараа нээлттэй бассейн олдохгүй байна ч гэдэг. Тийм болохоор ажлын цагийн дараа буюу 20.00, 21.00, 22.00 цагийн анги ч нээсэн. Өдрийн цагаар завтай байдаг хүмүүст ч анги бий. Амралтын өдрийн анги ч байгаа.

-Хэдэн туслах багштай байна вэ?

-VIP ангидаа нэг туслах багштай. Заалны хичээлд мөн өөр нэг туслах багш бий. Дахин нэг туслах багш бэлдэж байна.

-Өглөө 06.00 цагаас орой 22.00 хүртэл ангитай гэхээр ийм их ачаалалтай ажилладаг гэсэн үг үү?

-Ихэвчлэн VIP ангидаа л өөрөө заадаг. Гэхдээ туслах багшгүй үед зааландаа ч заах шаардлага үүсэх нь бий. Би өөрөө хичээлийн үеэр нойрмог, өлсөж ядарсан байж огт болохгүй. Энэ бүхнээ зохицуулж, унтаж амрах шаардлагатай.

Усан бассейнд өвчин халддаггүй

-Усан спорт бусадтайгаа харьцуулахад санхүүгийн өртөг багатай гэж хэлж болох уу?

-Би дундаж л гэж хэлнэ. Усны хувцас гэхэд, нэг нүдний шил хамгийн багадаа 10 мянган төгрөг, түүнээс дээш. Эмэгтэй усны хувцас 150 мянган төгрөгөөс эхлэх жишээтэй. Харин бассейнө төлбөр дунджаар 200-250 мянган төгрөг байдаг.  

-Сэлж сурахаар шийдсэн хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд хамгийн түрүүнд юуг зөвлөх вэ?

-Яаралтай сурах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг нь эхэлж асуудаг.

Учир нь, гадагшаа, аяллаар, ажлаар явах гэж байна, түүнээс өмнө хурдан сэлж сурмаар байна гэх нь бий. Тэдэнд зориулж эрчимтэй хөтөлбөрөөр зааж болно. Харин цаг хугацаанаас хараат бус, тайван, системийн дагуу явъя гэсэн хүмүүс заалны ангиа сонгодог. “Оюу толгой”-д ажилладаг залуус манайд олон ирж байсан. 14, 14  хоногийн ээлжээр ажилладаг учраас.

Харин хүүхдүүдийн тухайд, гэр бүлээрээ ирж сурах гээд байдаг л даа. Аав, ээжид нь зааж байхад хүүхдэдээ анхаараад, ус залгичих вий гэж санаа зовон, хичээлдээ төвлөрч чаддаггүй. Тэгэхээр эхлээд эцэг эхийг өөрсдийг нь сэлж сураарай, дараа нь хүүхдүүдтэйгээ бассейнд ороорой гэж зөвлөдөг.

Мөн ус руу орохоос нэг цагийн өмнө хоол идсэн, шингэсэн байх ёстой. Дөнгөж хоол идээд орж ирвэл гэдэс эвгүйрхэж, бөөлжих гээд байдаг. Бие ч тавгүй. Бас өлөн ч байж болохгүй, хий аргаад мөн л бөөлжих эрсдэлтэй. Нэг өндөг, нэг талх байсан ч тэр хангалттай. Харин уснаас гараад их өлсөнө, тэгээд идэж болно.

-Хүүхэд хэдэн наснаасаа эхлэн санд сэлж сурахад тохиромжтой вэ?

-Заалны сургалтад тав болон түүнээс дээш насны хүүхдийг бүрэн хамруулах боломжтой. 2-3 насны хүүхдүүдээ сургахыг хүссэн хүмүүс бий л дээ. Тэд усны температур зэргийг эцэг эхийн хувиар шалгаж, хяналтын дор байна гэвэл би татгалзахгүй.

87 настай хүн ч ирж байсан. Сэлж сураад явдаг.

-Хүмүүс мөн эрүүл ахуйн шаардлага, стандарт хангалтыг ихээхэн сонирхож байгаа?

-Манай бассейн 16 метрийн урттай, гурван зам нь гурвуул 1.35 метрын жигд гүнзгий. Хлормин, давсаар үргэлж ариутгана. Хүмүүс хамгийн түгээмлээр “Усаа хэзээ сольдог вэ” гэж асуудаг. Жилдээ 2-3 удаа солино. Том бассейнууд бол жилдээ нэг л буулгаж, бүтэн сольдог. Харин энгийн үед бол доороос нь шинэ ус шахаж, гадаргуугийн ус нь бохирын хоолойгоор гадагшилдаг юм. Ингэж ус өөрөө эргэлдэн шинэчлэгддэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл ариутгалын бодисоо үргэлж хэрэглэдэг учир усыг ойр ойр солих шаардлага байдаггүй.

-Мөн массын дунд усанд сэлбэл элдэв өвчин авна гэх ч ойлголт бий. Ер бассейн дотор хүн хооронд өвчин халдах тохиолдол гэж бий юү?

-Олон улсад бол усан бассейнд үйлчлүүлэхийн өмнө шинжилгээний бичиг шаарддаггүй. Энэ нь аливаа өвчин халдах эрсдэл байдаггүйг харуулж буй юм. Манай улсад шинжилгээний бичиг шаардах стандарт бий. Түүнийг мэдээж мөрдөж ажилладаг.


А.Дөлгөөнтэнгисийн VIP хөтөлбөр ихээхэн үр дүнтэй, санхүүгийн хувьд өгөөжтэй гэдгийг үйлчлүүлэгчид нь хэлж байна. Мөн ярилцах үеэрээ анзаарахад, бассейнд туслах багшийн тусламжтай сэлж сурч буй хүүхдүүдэд тэр өөрөө очин, зөвлөж байлаа. Ингэхдээ хүүхдэд ойлгомжтой, ойр хэлбэрээр техникийг нь зааж, тухай бүрд нь урамшуулж байсан юм. Хөлөө чангалаад, хойш жийж чадахгүй байсан хүүхдийг 2-3 удаагийн оролдлогоор зүгшрүүллээ.

Тэр өмнө нь Зайсан дахь хувийн бассейнд ажиллаж байхдаа 12 настай нэгэн хүүг сэлж сургажээ. Хүү нэг өдрийн дотор мэлхий сэлэлтийг сурсан байна. А.Дөлгөөнтэнгис “Сургахад хоёр цаг л орсон байх. Маш эвсэлтэй хүүхэд байсан. Урамшаад, маргааш нь өврөөр даллах сэлэлтийг заахаар шийдсэн. 3-4 л хоног  болсон байх” гэлээ. Дараа нь А.Дөлгөөнтэнгис өөр бассейнд шилжин ажилласнаар мөнөөх хүүтэй тааралдахаа больжээ. Харин саяхан таарахад тэр усан спортоор дэд мастерын хэмжээнд хүрчээ. Хүү одоо 18 настай.

Тэрбээр “12 нас гэдэг усан спортыг спорт болгон суралцахад их орой нас л даа. Тэр хүү тэгж орой эхэлсэн мөртлөө одоо дэд мастер болсонд нь баярлаж, өөртөө ч итгэл найдвар өгч байгаа” гээд инээлээ.

А.Дөлгөөнтэнгист өдгөө өөрөө сэлэх чөлөө зав бага гардаг. Формоо алдахгүйн тулд хааяа зориуд эрчимтэй сэлдэг байна. Тэрбээр сэлэхдээ цэнгэг мэдрэмж авдаг. Массажид ороод гарч байгаа ч юм шиг, амрах мэт мэдрэмж мэдэрдэг хэмээн ярилаа.

“Тэмүүлэл” спорт төвийн Фэйсбүүк хуудсаар энд дарж зочлоорой. Мөн А.Дөлгөөнтэнгис багшийн холбогдох утас 9009 4018.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-27 11:26

Тэнгис багш мундаг шүү манай охиныг сэлүүлж сургасан

Зочин
Зочин
2023-05-27 11:27

Haaashaa holbogdoh we

Tengis
Tengis
2023-05-28 02:49
Reply to  Зочин

99682882

Зочин
Зочин
2023-05-27 11:34

Сэлнэ гэдэг маш том урлаг шүү

Зочин
Зочин
2023-05-27 11:35

Ohinooo ywuuldag uneheer sain argazuich shvv bayrlalaaa

Зочин
Зочин
2023-05-27 11:35

Энэ ярилцлагыг сэлэлт хийх амархан гэж боддог хүмүүст сайн уншуулмаар юм байна

Зочин
Зочин
2023-05-27 11:35

Amjilt bagshaa

Зочин
Зочин
2023-05-27 11:36

Хүүхдийг багаас сайн багш дээр явуулж учир утгатай сургах нь л зүйтэй

Зочин
Зочин
2023-05-27 11:37

MUNDAG SHVV manai bagsh

Зочин
Зочин
2023-05-27 11:37

Хөөөх үнэхээр хэрэгтэй ярилцлага болж баярл�##�аа

Зочин
Зочин
2023-05-27 11:38

BAYARLALAA

Зочин
Зочин
2023-05-27 11:39

mash chuhal medeelel ogsond bayrlalaaa Tengis bagsh mundag l daa

Зочин
Зочин
2023-05-27 11:39

Амжилт

Зочин
Зочин
2023-05-27 14:13

Тэнгис багштай яаж холбогдох вэ

Tengis
Tengis
2023-05-28 02:50
Reply to  Зочин

99682882

Холбоотой мэдээ

Back to top button