НИЙГЭМНийгэм мэдээ

Хуульд "тархидуулж", даатгалд "шулуулсан" малчид

Энэ хавар ч чамлахааргүй хүнд өнгөрч байна. Учир нь орон нутагт цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс улбаатайгаар малчид их хэмжээний хохирол амсаж буй.

Салхи шуурганаар уруудсан малаа эрэн хайх ажлыг өнөөдрийг хүртэл зарим аймагт хийж байгаа. Тодруулбал, Баян-Өлгий, Увс тэргүүтэй баруун аймаг гэлтгүй, төвийн Сүхбаатар, зүүн аймгуудыг ч эл асуудал тойрсонгүй.

Энэ асуудлын дундуур малчдын хувьд малаа алдсан ч даатгуулсан л бол нөхөн төлбөр авна хэмээх бодолтой байгаа нь өрөвдмөөр. Учир нь 2014 онд баталсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулиар тэд нөхөн төлбөр авахгүй ч байх эрсдэл үүсээд байгаа юм.

Тодруулбал, малчдын хувьд зээлд хамрагдахын тулд зайлшгүй даатгалд хамрагдсан, НДШ төлдөг байх хэрэгтэй. Нөгөө талаараа манай улсад байгалийн аюулт үзэгдэл их болдог нь тэднийг даатгалд хамрагдах ёстой гол шалтгаан байдаг.

Малын индексжүүлсэн даатгалын хувьд малын хохирлыг гурван бүлэгт ангилж, хуульд заажээ. Ингэхдээ тухайн сумын нийт малын

  • зургаа хүртэлх хувь хорогдсон бол бага эрсдэлтэй
  • 6-30 хүртэлх хувь хорогдсон бол эрсдэлийн дунд
  • 30-аас дээш хувь хорогдсон бол эрсдэлийн дээд түвшин хэмээн тодорхойлжээ.

Үүнд анхаарах нэгэн зүйл бий. Тэр бол малчид нөхөн төлбөрөө хэрхэн авах талаар юм. Өмнө дурдсанчлан цаг агаарын улмаас гамшигт өртсөн малынхаа нөхөн төлбөрийг авч чадахгүй шалтгаан нь "ХУУЛЬ" гэдгийг тодотгоё.

Тус даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд даатгуулагчид буюу малчид нөхөн төлбөр авахдаа малын төрөл тус бүрээр тооцон авах ёстой хэмээн заажээ. Ингэхдээ дээр дурдсан гурван төрлийн босго үзүүлэлтэд хүрэхгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэсэн үг. Эл босго үзүүлэлтэд тухайн сумын нийт малын зургаа хүртэлх хувийн хорогдол учирсан бол даатгуулагч болох малчин өөрөө хариуцлага хүлээх тул даатгалаас нөхөн төлбөр авахгүй гэсэн үг юм.

Тайлбарлавал, хэрэв тухайн сумын нийт ямааны зургаан хувьд хорогдсон ямааны тоо хүрэхгүй бол малчид хэчнээн малаа алдсан байлаа ч нөхөн төлбөр авах боломжгүй болно. Хэрэв тухайн сумын нийт адууны зургаан хувьд хорогдсон адууны тоо хэмжээ хүрэхгүй бол мөн л даатгалаас нөхөн төлбөр авахгүй.

Тэгэхээр малчид малаа даатгуулсан ч хохирол сумын хэмжээнд өндөр гарахгүй л бол даатгалаасаа нөхөн төлбөр авах боломжгүй гэдгийг дахин дурдъя. Хууль нь иргэнээ хамгаалдаг байх ёстой ч өнөөдрийн зураглалаар есөн жилийн турш малчиддаа хатуурхаж явсан зураглал нь энэ. Малчдаа дэмжинэ гэдэг ч эргээд тэдэнд хүртээлгүй хуулийн төслийг хэрэгжүүлж ирсээр байгаа нь 3гаднаа гяланцаг, дотроо паланцаг3 гээч л болж буй. Хууль үгээрээ үйлчилдэг. Тиймээс ч малчид хуульдаа "тархидуулж", даатгалд "шулуулсаар" авсан зүйлгүй аргаа барж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button