Жүжигчин Бенедикт Камбербэтчийн гэрт хутгатай этгээд халджээ

Жүжигчин Бенедикт Камбербэтчийн Лондон дахь гэрт хутга барьсан этгээд халдсан байна. Энэ сарын эхээр Камбербэтч эхнэр гурван хүүхэдтэйгээ гэртээ байхад Жэк Биссэл нэртэй 35 настай эрэгтэй хашааных нь урд хаалгийг өшиглөн орж ирж “Би чамайг энд нүүж ирсэн гэдгийг чинь мэдэж байна, энэ байр шатаасай” гэж орилжээ.
Биссел тавдугаар сарын 10-ны өдөр болсон шүүх хурлын өмнө бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч 250 фунт стерлингээр торгуулсан юм. Мөн түүнийг Камбербэтчийн гэр бүлийн гишүүдийн амьдардаг бүс газар луу ойртохыг 3 жилийн турш хориглосон байна.
“Daily Mail” сайтад Камбербэтчийн ойрын эх сурвалж “Тэр залуу хэн нэгэнд гар хүрж магадгүй гэж тэдний гэр бүл маш их айсан. Азаар тийм зүйл бололгүй өнгөрлөө. Бенедикт, София хоёр тэр явдал болсноос хойш өөр хүн тэдэнд заналхийлэх вий гэж бодон сэтгэл зовниж байгаа” гэж хэлжээ. Биссел яагаад тэдний гэр бүлийг онилсон гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэрээр өмнө нь хулгай, олон нийтийн эзэмшилд гэмтэл учруулсан мөн хар тамхины хэргээр баривчлагдаж байжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.