Фрэдди Меркюри: Миний пянз гадаад Монголд л хүрчих юм бол...

2018 онд МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Пянз цуглуулагчдын клуб” гэх хөгжимд дурлагсдын цугладаг цахим орчны нэгэн группт дэлхийн домогт хамтлаг Queen-ий, тэр дундаа Фрэдди Меркюригийн нэг ярилцлагын хэсгийг фэнүүдэд нь хуваалцаж байсныг тодхон санаж байна. Уг бичлэг дээр Фрэдди “Миний пянз Гадаад Монголд л хүрчих юм бол” гэж хэлдэг. Харин энэ бичлэг өдгөө олдохоосоо өнгөрөв бололтой. Илэрц, холбоос нь устсан байв. Магадгүй фэнүүдийнх нь хувийн цуглуулгад хэдийнэ орсон биз ээ. Мөн тус хамтлагийн гоцлол гитарчин Брайн Мэй 1990-ээд оны дундуур Монголд ирээд буцсан талаар зохиолч маань товчхон түүхийг хуваалцсан байсан юм.

Харин энэ явдлаас таван жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө Queen хамтлагийн “Bohemian Rhapsody” дуу анхандаа “Mongolian Rhapsody” нэртэй байсныг гэрчлэх Фредди Меркюригийн гар бичмэл ноорог ил болж дэлхий дахины анхаарлыг татаж эхлэв. Энэхүү ноорог нь Меркюригийн найз, өв залгамжлагч Мэри Остинид харъялагдаж байсан бөгөөд ирэх 9-р сард дуудлага худалдаагаар зарагдах гэж буй Меркюригийн олон мянган эд зүйлсийн нэг нь юм. Мэри Остини энэ талаараа “Өөрийн ажил хэргийг цэгцлэх шаардлагатай байгаа тул цуглуулгаа зарахаар шийдсэн" хэмээн ВВС-д ярьжээ. 1991 онд Фрэдди Меркюриг нас барснаас хойш Лондон дахь түүний гэрт хадгалагдаж байсан уг цуглуулгад тайзны хувцас, тавилга, мөн “Bohemian Rhapsody” дууны 15 хуудас анхны ноорог багтсан нь энэ аж. Эдгээр хуудсуудын нэгэн дээр нь домогт хамтлагийн алдарт дууг анхлан “Mongolian Rhapsody” гэж бичсэн ч Монгол гэдэг үгийг дараад Bohemian гэдэг үгийг дээр нь бичсэн байв. Ийнхүү намтар судлаачид болон түүний фэнүүд дууны анхны нэр яагаад өөрчлөгдсөн талаар ихэд сонирхцгоож эхэлсэн юм.

“Bohemian Rhapsody” дуу Фрэддигийн хувьд хүсч, шатаж хийсэн дуунуудынх нь нэг бөгөөд дууны түүхийн талаар хэд хэдэн таамаг байдаг. Бодит амьдралаас сэдэвлэгдсэн хэмээдэг ч чухам хэний ямар үйл явдал, амьдралаас сэдэвлэсэн нь одоог хүртэл нууцлаг хэвээрээ. Тус хамтлагийн дуунуудын шилдэг хитүүд Иран улсад хуурцгаар гарах үед тайлбар дээр нь перс хэлээр “Залуу эр санамсаргүйгээр хэн нэгнийг хөнөөж, яг л Фауст шиг сүнсээ чөтгөрт худалдсан тухай” хэмээн бичсэн байжээ. Үнэхээр ч дууны агуулгын хувьд гүн гүнзгий утга санаатай төдийгүй Фрэдди уг дууг төгс бүтээл байлгах гэж хичээсэн нь ч талаар болоогүй юм. Бүх цаг үеийн хит дуунуудын тэргүүнд бичигддэг уг дууны нэрээр 2018 онд нээлтээ хийсэн Фрэдди Меркюри, Queen хамтлагийн тухай киног нэрлэсэн билээ. Гэвч уг хамтлагийн жинхэнэ фэнүүдийн хувьд кино сэтгэлд нь хүрээгүй гэх сэтгэгдэл, шүүмж чамгүй их. Учир нь Queen болоод Фрэдди Меркюри тэртээ тэргүй алдар хүндтэй хамтлаг учир тэдний урлагийн болон хувь амьдралынх нь замнал үргэлж олны нүдэн дээр ил байсан учраас фэнүүдийнх нь хувьд тэдний мэдэлгүй орхисон болон, дуунуудынх нь ардах жинхэнэ түүхүүд хамгийн сонирхол татам сэдэв байсан ч кинонд төдийлөн тусгадаггүй. Мөн Фрэдди уран бүтээлчийнхээ хувьд ямар өвөрмөц, гоц хүн байсныг ч дутуудуулсан байв. Queen бол ганцхан Фрэдди Меркюри байгаагүй бөгөөд уран бүтээлч сэтгэлгээгээрээ тэд хоорондоо маргалддаг байсныг өсвөр насны залуусын хамтлагийнхны хоорондын зөрчил шиг харагдуулсан мэт нь сонсогчдынх нь урмыг хугалсан юм. Фрэдди “Bohemian Rhapsody”-г зохиох гэсэн чин хүсэл нь ердөө л ийм дуу хиймээр байна гэсэн ярианаас нь үүссэн шиг, гэнэтийн мэтээр кинонд харуулдаг ч түүний нооргуудыг харвал эртнээс дуугаа дотроо бүтээж явсаар сая нэг жинхэнэ уран бүтээл болгодог нь илт байсан хэмээн фэнүүд нь шүүмжлэн бичсэн байв.
Анхлан уг дуу “Mongolian Rhapsody” байсан тухайд мөн удалгүй болох дуудлага худалдааг зохиох Sotheby’s-ийн ном гар бичмэлийн мэргэжилтэн Габриэл Хитон Лондонгийн дуудлага худалдааны ордонд өгсөн ярилцлагадаа Меркюри дуу бичихдээ дууны үгээр тоглодог, ижил төстэй сонсогдохуйц үгсийг сольдог болохыг ноорог дээр тодорхой харуулсан хэмээн тайлбарлажээ. Нооргийг харвал дууны үгийг Британийн татан буугдсан агаарын тээврийн Бритиш Мидлендийн 1974 оны календарь бүхий цаасан дээр ноороглосон бөгөөд зарим хэсэгтээ Меркюригийн абстракт зургуудаар чимэглэгдсэн байв 1.2 сая фунт стерлинг буюу 1.5 сая ам.долларын үнэтэй байхаар тооцсон ноорогуудын дунд “Монгол” гэдэг үг өөр аль ч ноорогт нь байхгүй бөгөөд анхны ноорог дээрээ ийнхүү бичсэн аж.

Queen хамтлагийн тухай хэд хэдэн номын зохиолч Марк Блэйр утсаар ярилцлага өгөхдөө тус нэрийн талаар “хөгжилтэй бяцхан баримт” гэж хэлэхдээ тийм ч гайхширсан шинжгүй байв. Учир нь “Queen хамтлаг нь бусад хамтлагуудтай нэгэн адил эхэндээ дууны нэрээ хошигнох байдлаар гарчигладаг байсан. Дэвид Боуитай хамтран гаргасан “Under Pressure” дууг анх “People on Streets” гэж нэрлэсэн байсан гэжээ. Queen хамтлагийн албан ёсны намтар судлаачдын нэг Жим Женкинс Меркюрийг олон жилийн турш мэддэг байсан ч “Mongolian Rhapsody” гэх санааны талаар хэзээ ч сонсож байгаагүй гэжээ. Учир нь Фрэдди дуунуудынхаа шүлэг болон гарчгийг бусдад тайлбарлах дургүй байсан хэмээн хэлсэн байна.

Зарагдаж буй Меркюригийн өөр нооргуудад Queen хамтлагийн өөр хит дуунууд болох “Somebody to Love,” “We Are the Champions”, “Killer Queen” багтсан байна. Эдгээр нооргуудыг ажиглахад Меркюри нь дууныхаа үгсийг дуу болоход тохиромжтой болгохын тулд өөр үгсээр, зарим тохиолдолд мөрөөр нь сольж оролдож үздэг байсныг харж болно.
Ялангуяа “Bohemian Rhapsody” дууны үгсийн нэг бадгийн эхлэл хэсэг тэр чигтээ өөрчлөгдсөн байдаг. Сүүлийн хувилбар нь:
Mama
Just killed a man
Put a gun against his head
Pulled my trigger, now he’s dead.
Гэдэг бол анхан үеийн ноорогтоо ингэж бичжээ:
Mama
There’s a war began
I’ve got to leave tonight
I’ve got to stand and fight
Өөр нэг хуудсан дээр хэдэн арван үгс сараачсан байх бөгөөд үүнд нь “fandango,” “thunderbolts and lighting”, “belladonna” гэх үгсүүд багтсан байна. Энэ хуудас нь "Bohemian Rhapsody"-гийн дуурийн хэсгийн хувилбаруудыг туршиж үзсэн олон оролдлогууд харагдаж байна хэмээн Хитон онцолсон юм.
Меркюри өгч байсан ярилцлагууддаа “Bohemian Rhapsody”-г бичихэд хэцүү байсан гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Оргүй хоосноос гэв гэнэтхэн гарч ирээгүй, зарим дуунууд дэндүү тансаг ур чадвар шаарддаг. Би энэ дууг бүтээхийн тулд галзуурсан аятай л ажиллах ёстой болсон” хэмээн хэлж байжээ. Хамтлагийн гитарчин Брайн Мэй, бөмбөрчин Рожер Тэйлор нар “Mongolian Rhapsody” нооргийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. 2002 онд гарсан баримтат кинондоо Мэй хэлэхдээ Меркюри "Bohemian Rhapsody" нэрийг санал болгосон тэр мөчийг дурсахдаа “Чи түүнийг наргиж байна уу үгүй юу гэдгийг мэдэхэд хэцүү.Түүний зарим санаа нь нухацтай гэхээсээ илүүтэйгээр хэтэрхий удаан бодож, тунгааж явсаар түүндээ автаж, гацсан мэт санагддаг байсан” хэмээн хэлсэн байна.
Хамтлагын намтарч Жим Женкинс “Bohemian Rhapsody” дуу нь нэрнээс үл хамаарч хит болох байсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Меркюригийн эцсийн сонголт илүү дээр ч байсан байж магадгүй гэв. Мөн Жим энэ дуу дөнгөж гарч ирэх үед Bohemian гэдэг үг ямар утгатайг хайж байснаа огтхон ч мартдаггүй талаараа хэлсэн юм.
Ц.ТАМИР
Эх сурвалж: www.theguardian.com
IMDb: Ratings, Reviews, and Where to Watch the Best Movies & TV Shows
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та минь Mogolian rapsody байлгах гэж хичээх хэрэггүй шүү. Бохемиа, Монгол ялгаагүй базаахгүй утга санааг илэрхийлдэг. Нэг эрэмдэг, зэрлэг бүдүүлэг, танхай, та-лхнаггүй, а-ль л өөдгүй бүхний бэлгэдэл Монгол болдог. Монголчууд нэгэн цагт бүх Европт тийм л мэдрэмж, ул мөр үлдээжээ. Тэдний буруу биш. Уг нь болж өгвөл ирээдүйд бид энэ олхиогүй нэрнээсээ татга-лзах хэрэгтэй байх. Ха-лхагийн бүгд найрамдах улс болж яагаад болохгүй вэ? The republic of Khalkha. Ха-лха үндэстэн.
Тэнэгт.
hend hereggui heden onii angliin tagnuuliin tuhai bicheed bnaa.heregtei yum bicheeeei hulsmii bicheechee
Үнэхээр баримттай дэлгэрэнгүй сайн найруулгатай сайхан нийтлэл бна. Сэтгүүлчийн ур чадварыг маагтья