Top StoriesСурвалжилга, Нийтлэл

“Монголбазальт” ХК: Чулуун хөвөн тогтвортой хөгжлийг дэмжиж, эрчим хүчийг хэмнэдэг

2009 оноос хойш барилгын дулаан тусгаарлагч материал буюу чулуун хөвөн үйлдвэрлэж буй “Монголбазальт” ХК Европын сэргээн босголтын банкны эх үүсвэртэй, ХААН банкны “Ногоон” зээлийн шалгуурыг хангажээ.

Улмаар үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх чиглэлд шинэ алхам хийсэн байна.

Галд шатдаггүй чулуун хөвөн Монголдоо үйлдвэрлэдэг “Монголбазальт”-ын Гүйцэтгэх захирал А.Энхгэрэлтэй уулзахаар “Барилга их дэлгүүр” дэх Showroom-д нь очлоо. Эднийх зөвхөн чулуун хөвөн үйлдвэрлэхээс гадна, хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлээд байна.

Нэгт, мэдээж бидний мэдэж буйчлан галд шатдаггүй, дулаан тусгаарлагч “Basaltwool” чулуун хөвөнгөө зах зээлд нийлүүлсээр буй.

Хоёрт, “Базальт” нэрийн арматур үйлдвэрлэж эхэлжээ. Импортоор орж ирдэг арматураас хөнгөн бөгөөд бат бөх.

Гуравт, угсармал сендвич - базальт хавтангийн үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлжээ. Давуу тал нь гэвэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг нөлөөтэй.

Дөрөвт, “Growool” хэмээх тогтвортой газар тариалан эрхлэлтийн ухаалаг системийг өнгөрсөн жилээс хөгжүүлсэн шинэ мэдээтэй.

Чухам яагаад “Монголбазальт” ногоон буюу эко юм бэ?

-Процесс: Галт уулын чулуулаг хэрхэн чулуун хөвөн болдог вэ-

Базальт бол галт уулын түгээмэл тархацтай чулуулаг. Энэ чулуулгийг олборлож, 1800-2000 хэмд хайлуулна. Энэ бол олон сая жилийн өмнө анх галт уулаас дэлбэрч байхдаа магма хэлбэрт урсаж ахуй тэр шингэн төлөвт нь буцаан хувиргана гэсэн үг.

Үүний дараа тэрхүү шингэн магмаг секундэд хэдэн мянган удаа эргэлдэх центрифугийн тусламжтай “хөөсрүүлж”, хөвөн болгодог байна.

Энэ бол галд шатдаггүй чулуун хөвөн.

Чулуун хөвөнг гал тусгаарлагч гэж үздэг. Showroom-д зэхсэн чулуун хөвөнг галаар үлээлгэхэд огтхон ч шатахгүйн дээр хиншүү, утаа гарахгүй байгааг харах боломжтой.

Харин чулуун хөвөнгийн хамгийн гол онцлог нь тогтвортой хөгжлийг дэмждэг, эрчим хүчийг хэмнэдэг. Эргээд бүтээн байгуулалтад ашиглагдахаараа ч “Ногоон” агуулгыг дэмждэг байна.

-Зах зээлийн “ногоон” эрэлт-

Сүүлийн таван жилийн хугацаанд чулуун хөвөн, дулаан тусгаарлагч материалын эрэлт 25-30 хувиар өсөж иржээ. Энэ нь “ногоон” барилгын стандарт код, галын аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах сонирхолтой ААН-үүд нэмэгдсэнтэй холбоотой хэмээн “Монголбазальт” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл хэллээ.

Тэрбээр “Ногоон эдийн засаг, ногоон бүтээн байгуулалтыг дэмжих санхүүжилтийн эх үүсвэр хайх хүндрэлтэй. Харин бидэнд Европын сэргээн босголтын банкны эх үүсвэрийн санхүүжилттэй, ХААН банкны Ногоон эдийн засгийг дэмжих зээл тохиромжтой байсан. Уг төслийн шаардлага, шалгуурыг тус компани бүрэн хангасан” гэлээ.

“Монголбазальт” ХК энэ хүрээнд эцсийн бүтээгдэхүүнд хүрэх процесст нүүрсхүчлийн хийн ул мөрийг хамгийн бага түвшинд байлгах зорилго бүхий 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

А.Энхгэрэл “Энэ зээлийн онцлог нь, аж ахуйн нэгждээ уян хатан, санхүүгийн ачаалал бага. Эхний 12 сар үндсэн хүүгийн төлөлтөөс чөлөөлөгддөг. Харин хоёр дахь жилээс хүү болон эх үүсвэрээ тэнцүү төлж явах 36 сарын зээл юм. Дотоодын үйлдвэрлэгч, тэр дундаа хүнд үйлдвэрлэлийн салбарын ААН-үүдэд маш том давуу тал, боломжийг бий болгох сайн санхүүгийн эх үүсвэрийн нэг” гэлээ.

-А.Энхгэрэл: Монголчууд энэ технологийг эзэмшиж, нутагшуулсан нь нэг талаар гайхамшиг-

-Ногоон зээлийн санхүүжилтийг авснаар бодитоор ямар өөрчлөлт авчирна хэмээн харж байна вэ?

-Манай компани жилдээ 16 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин энэ санхүүжилтийг авснаар,

  • Эрчим хүчний хэрэглээг хэмнэж
  • Үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой.

Эхний жилдээ үр ашгаа 20-30 хувиар нэмэгдүүлэх боломж бий хэмээн харж байна. Тэр хэрээр эрчим хүч хэмнэж, өртгөө бууруулах урвуу хамааралтай юм. Тийм учраас манай бүтээгдэхүүнийг эрчим хүчний өндөр хэмнэлттэй, хамгийн эко буюу ногоон гэж харж болно.  

-Тодруулж асуухад, энэ санхүүжилтийг яг ямар чиглэлд зарцуулах вэ?

-Үйлдвэрлэл маань өөрөө ногоон. Бүтээгдэхүүн нь бас ногоон тодотгол хүлээж буй. Иймд бид энэ санхүүжилтийг эргэлтийн хөрөнгөд зарцуулна. Бидний санхүүгийн төсөөлөл, үйл ажиллагааны төлөвлөгөө тооцоог ногоон хэмээх шаардлагыг хангасан гэж үзсэн.

Учир нь бидний ашигладаг түүхий эд материал болон эцсийн бүтээгдэхүүн өөрөө ногоон учир шууд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авах бүрэн боломжийг бий болгож байгаа юм.

-Дулаан тусгаарлагч олон материал байна. Харин танайх яг ямар онцлогтой учраас л “Ногоон” гэдэг тодотгол хүлээж байгаа юм бэ?

-Олон улсын хэмжээнд 7-8 төрлийн дулаан тусгаарлагч материал бий.

Харин чулуун хөвөн бол нүүрсхүчлийн хийн ул мөрийг хамгийн бага байлгах бүтээгдэхүүн гэдгийг Европын холбооноос баталгаажуулсан. Учир нь анхны түүхий эд материал нь түгээмэл олдоцтой байгалийн галт уулын чулуулаг. Галт уулын базальт чулуу өөрөө дэлхий дээр хамгийн түгээмэл тархацтай түүхий эд (энэ чиглэлийн үйлдвэрлэлдээ) гэсэн үг.

Тодруулбал, үйлдвэрлэлд ашиглах нэг жилийн хэмжээнээс 100 дахин их галт уулын чулуулгийг дэлхий өөрөө бий болгож байдаг. Анхны түүхий эдийг нь байгаль өөрөө нөхөн сэргээж байдаг тул шавхагдах нөөцтэй бүтээгдэхүүний тоонд ордоггүй.

Харин хими, нефтийн үйлдвэрээс гарч ирсэн дайвар түүхий эдийг ашигласан үйлдвэрлэл нь нүүрсхүчлийн хийн ул мөрийг ихээр үлдээнэ. Өөрөөр хэлбэл, бусад дулаан тусгаарлагч материалуудын хувьд анхны түүхий эд нь “eco friendly” байж чаддаггүй.

Импортоор ижил төстэй эрдэс хөвөн бүхий бүтээгдэхүүнүүд орж ирдэг. Тэд нь өнгөц харахад чулуун хөвөн шиг боловч, түүхий эд нь цэвэр базальт биш. Төмрийн хайлш хүдрийг орц болгож нэмдэг. Гэтэл төмрийн хүдэр, хайлшийг анх гаргаж авахад аль хэдийн маш их хэмжээний нүүрсхүчлийн хий агаар мандалд ялгарсан байдаг. Тэгэхээр нийт циклээр нь харахад ногоон хэмээн тодотгох боломжгүй.

-Галт уулын чулуулаг олборлодог гэхээр хүмүүст олдоц бага, ховор түүхий эд юм шиг санагдаж магадгүй. Түгээмэл тархацтай гэдгийг нь илүү тодруулаач?

-Бидний мэдэж буйчлан, олон сая жилийн өмнө газрын доор, дээр болон тэнгист галт уул олноор дэлбэрсэн байдаг. Тэр галт уулын магма хатуу чулуулаг болж хувирдаг. Газарт үечлээд, өнгөцхөн давхарга үүсгээд байрлаж байдаг. Энэ нь нэг төрлийн силикат юм. Харин силикат буюу цайрт нэгдэл нь дэлхийн гадаргын 70 гаруй хувийг бүрдүүлдэг.

Гэхдээ бүх базальт чулуу хөвөн болж хувирдаггүй. Галт уул нь хэдэн сая жилийн өмнө дэлбэрсэн, газар дээр үү, тэнгис доор уу, чулуулаг өөрөө ямар бүтэцтэй вэ гэдгээс ихээхэн шалтгаална.

Тэгэхээр яг технологид таарсан чулууг олж олборлох явц урт удаан хугацааны бөгөөд амаргүй ажил. Чулуугаа оллоо гэхэд технологи таарахгүй байх эрсдэл нэн тэргүүнд үүсдэг. Тийм ч учраас технологийн өндөр хөгжилтэй орнууд энэ үйлдвэрлэлийг эзэмшсэн. Харин манай компани 2009 онд анх энэ технологийг нутагшуулж, эзэмшиж, хөгжүүлж ирсэн нь нэг талаар гайхамшиг.


“Монголбазальт” ХК анх 2009 онд гарын хуруу дарам 10 ажилтантай байжээ. Харин өдгөө үйл ажиллагаагаа хоёр дахин өргөжүүлж, хүний нөөцөө 10 дахин өсгөсөн байна.

Дотоодын дулаалгын материалын зах зээл 80-100 орчим тэрбум төгрөг. Үүнээс яг эрдэс хөвөнгийн зах зээл 45 орчим тэрбум аж. Энэ хэмжээ жил бүр 20-25 хувийн тогтмол өсөлттэй байгаа талаар “Монголбазальт” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл хэллээ.

Тэдний өнөөдрийн үйлдвэрлэж буй хэмжээ зах зээлийнхээ 20-25 хувийг хангадаг. Ийм учир дагавар үйлдвэрийн төслүүдээ эхлүүлжээ. Энэ хүрээнд ч ХААН банктай болон бусад санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдгээ А.Энхгэрэл онцолж байлаа.

-Далимд дайх мессеж: Өнөөдрийн нөөцөөр ирээдүйн хэрэглээг хангах нэгэн боломж-

Түүнчлэн А.Энхгэрэлийн хувьд Монгол Улс эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхээс гадна эцсийн хэрэглэгчид очих АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ чиглэлд анхаарах ёстой гэдгийг хэлж байсан юм.

Жишээ, факт: Дулааны магистраль шугамыг тусгай багажаар хэмжихэд 60-80 хувийн алдагдалтай байдаг. Тодруулбал, станцаас анх 200 хэмийн халуун шахсан ус айлд 60 хэм рүү хөрж очно. Буцаад айлаас станц руу 20-30 хэмийн дулаантай болж очих үед түүнийг дахин 200 хэм хүртэл халааж, түгээх шаардлагатай болно. Үүнийг эрчим хүч, дулааны алдагдал хэмээж буй.

А.Энхгэрэл “Манай Засгийн газар цахилгаан, дулааны станц нэмж байгуулахыг нэн тэргүүнд тавьдаг. Өөрөөр хэлбэл эх үүсвэрээ нэмэхийг чухалчилдаг. Гэвч хэрэглээг үр ашигтай байлгах тал дээр төдийлөн анхаардаггүй.

Тодруулбал, өдгөө ажиллаж буй станцуудынхаа үр ашиггүй зарцуулалтыг төдийлөн сөхдөггүй.

ЗХУ-ын үед байгуулсан дэд бүтэц, шугам сүлжээний хоолойг хэрэглэгч талд хамааруулж үзнэ. Мөн хүн амын өсөлтөө дагаад, жил бүр хэрэглээ 28 хувиар өсөж байгаа. Хуучирч элэгдсэн, дулааны алдагдалтай магистраль шугамуудаа шинэчлээгүй нөхцөлд цахилгаан станцууд үргэлж 30-45 хувийн алдагдалтай ажилладаг.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, “Даян дэлхийн ногоон хөгжил” гэх мэт олон улсын байгууллагуудын 2015 оноос хойш хийсэн тайлан бий. Эрчим хүчний зарцуулалтын тайлан гэсэн үг л дээ. Тэд Улаанбаатар хотын станцуудыг 2040-2050 он хүртэлх хэрэглээг бүрэн хангах бололцоотой гэж дүгнэдэг.  Гол нь эцсийн хэрэглэгчид хүрэх явцдаа алдагдал үүсэж буйг л онцолдог.

Манай магистраль шугамууд хуучирсан. Дулаалгын систем нь муудсан. Тэгэхээр, хэдийгээр бид хангалттай эх үүсвэртэй ч түгэх явцдаа 40-50 хувь нь үр ашиггүй болж болж байна.

Энэ процесс дундах алдагдлыг хэмнэх нь л эрчим хүчний хэмнэлт. Хэмнэнэ гэхээр нэг удаа гэрлээ унтраах, усаа хаах гэж ойлгодог шүү дээ.

Москва хотын жишээг дурдвал, тэд магистраль шугамын дулаалгаа шинэчилжээ. Зөвхөн ингэснээр дахин нэг станц байгуулах хэмжээний зардлыг хэмнэж чадсан байна.

Бид ч мөн хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр, богино хугацаанд энэ амжилтад хүрэх боломжтой. Товчоор хэлбэл, өнөөдрийн нөөцөөр ирээдүйн хэрэглээг хангах боломж байна” гэлээ.


Энэ алдагдлыг бууруулахад “Монголбазальт” ХК-ийн бүтээгдэхүүн ч хувь нэмрээ оруулах боломжтой. Ийм учир эргээд “Ногоон” тодотгол зүүх бас нэгэн үндэслэл болж байгаа юм.

Цахилгаан станцууд ачаалалтай, алдагдалтай ажиллах хэрээр л нүүрсхүчлийн хий агаар мандалд ихээр ялгарна.

А.Энхгэрэл “Ер нь наймаа амархан. Санхүүгийн балансаа бодох юм бол бид импортлоод зарсан нь амар. Гэтэл яагаад ийм их уурхай, үйлдвэрлэл босгож, олон арван инженерүүдтэй өдөр шөнөгүй ажилладаг вэ. Арай өөр агуулга шүү дээ” хэмээв.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-08 15:08

Амжилт

Зочин
Зочин
2023-06-08 15:08

Браво.

Холбоотой мэдээ

Back to top button