Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Хуучин социалист орнуудад франчайзаа зардаг "Jet Sharing"-д хяналт тавьж чадах уу

Манай улсад түрээсийн скүүтерийн үйлчилгээ нэвтрээд 13 хоног өнгөрөөд байна. Иргэдийн болон сошиал ертөнцийн анхаарлын төвд буй тус "Jet Sharing" түрээсийн скүүтер болон тус үйлчилгээг нэвтрүүлсэн компанийн талаар манай баг сурвалжиллаа. 

Тэр дундаа замын хөдөлгөөнд скүүтер ашиглаж оролцоход ямар нэг зөвшөөрөл авдаг уу. Үүнтэй уялдуулаад "Jet Sharing Mongolia" нь ямар нэг зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн үү. Түүнчлэн насанд хүрээгүй, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн хүн скүүтер ашиглан зорчиж буй эсэхэд Тээврийн цагдаагийн алба хяналт тавьж чаддаг уу зэрэг асуудлыг хөндсөн юм.

Ингэхэд,

  • Нийслэлд түрээсийн скүүтерийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй
  • "Jet Sharing Mongolia"-ийн толгой компани нь бусад улс орнуудад үйлчилгээгээ нэвтрүүлсэн түүхтэй бөгөөд, заримд нь осол гэмтэл ихээр гарах болсонтой үүдэн хориглож ч байжээ
  • Скүүтерээр зорчигч нь насанд хүрсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэгт хяналт тавих боломж бага тул Франц улсад гэхэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан зэрэг мэдээллийг цуглууллаа.

"Жет шаринг монголиа" компанийг Г.Дашням ганцаараа эзэмшдэг

Эл түрээсийн скүүтерийн үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн "Жет шаринг монголиа" ХХК-ийн улсын бүртгэл дэх мэдээллийг шалгаж үзэв.

Тус компани нь Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор "Ninebot" брэндийн 3,000 скүүтер худалдан авч, Монголын зах зээлд нийлүүлжээ. Тус компани 2023 оны гуравдугаар сарын 29-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. 

Тайлбар: "Жет шаринг монголиа" ХХК-д Г.Дашням дангаар хувьцаа эзэмшиж буй байдал

Мөн хувьцаа эзэмшигч, гишүүнчлэл болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны мэдээллээс нэг хүн дээр төвлөрсөн болохыг харж болохоор байна.

Тодруулбал, Ганзоригийн Дашням ганцаараа эзэмшдэг аж. 

Тус компани Скүүтер, унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ болон төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн хоёр үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгэгдсэн байна.  


-ОХУ-д төвтэй "Jet Sharing" франчайз үйлчилгээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудад нэвтэрсэн"

Тус үйлчилгээг анхлан санаачилсан болон үйлчилгээг нэвтрүүлсэн орнуудыг шалгаж үзэв.

Түрээсийн скүүтерийн үйлчилгээг анх Казакстан улсын Алматы хотод эхлүүлж байжээ. Тус үйлчилгээг ТУХН-ийн орнуудын шинэхэн бизнес юм байна. ТУХН гэдэг нь тусгаар улсуудын хамтын нөхөрлөл гэх үгийн товчлол бөгөөд хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд багтаж байсан орнуудын хамтын ажиллагааны харилцааг зохицуулах ёстой бүс нутгийн олон улсын байгууллага юм. Үүнд дараах улсууд багтдаг аж.

Үүнд,

  • Армени
  • Азербайжан
  • Беларусь
  • Казахстан
  • Киргиз
  • Молдав
  • Орос
  • Тажикистан
  • Узбекистан

Дээрх орнууд түрээсийн скүүтерийн үйл ажиллагаа явуулаад зогсохгүй топ ангилалд нь багтдаг байна.

Мөн "Jet Sharing" түрээсийн скүүтерийн үйлчилгээг нутагшуулах эрх хэн бүрд нээлттэй Фаранчайз бизнес юм байна. Сайтаар нь бүртгүүлж, зээл хэлбэрээр авдаг аж.

Тус мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.


Түрээсийн скүүтерийн үйлчилгээ явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй

Скүүтер бол нэг төрлийн тээврийн хэрэгсэл. Автомашин, мотоцикл унахад үнэмлэх авах шаардлагатай. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй тул насанд хүрсэн (16 нас) байх учиртай. Мэдээж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээр зорчиж болохгүй. Түүнчлэн эрүүл мэндийн хувьд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой.

Энэ үүднээс Монголд түрээсийн скүүтерийн үйлчилгээ үзүүлэхэд ямар нэг зөвшөөрөл авах шаардлагатай эсэх нь анхаарал татна.

Улмаар энэ асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Сугараас тодрууллаа. 

Ингэхэд тэрбээр "Түрээсийн скүүтэрийн үйл ажиллагаа эрхлэхэд ямар нэг зөвшөөрөл авах шаардлага байдаггүй. Хувийн хэвшлийн санаачлан эрхэлж буй түгжрэлийн эсрэг энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа. Ер нь Нийслэлд хэн нэгний эрхийг зөрчихгүй бол аливаа бизнес эрхэлж болно” гэлээ.  


ТЦА: Хяналтаа чангатгаж байна

Түрээсийн скүүтерийг ашиглаж, замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо олширсон. Тэдний дунд насанд хүрээгүй хүүхэд байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Мөн анхаарал болгоомжгүйгээр хөдөлгөөнд оролцогчид элбэг байна хэмээн иргэд шүүмжилж буй.

Энэ талаар ТЦА-ны хэвлэлийн төлөөлөгч Г.Отгонтамираас скүүтертэй холбоотой зам тээврийн осол бүртгэгдсэн эсэх болон холбогдох мэдээллийг тодрууллаа. 

-Он гарснаас хойш скүүтертэй холбоотой ослын дуудлага бүртгэгдсэн үү? 

-Одоогоор бүртгэгдээгүй байна.  

-Иргэд олноор түрээсийн скүүтерийг хэрэглэх боллоо. Цагдаагийн байгууллагаас хяналт зохицуулалтыг хийж байгаа юу? 

-ТЦА-наас хяналт, шалгалтыг явуулж байгаа. Ингэхдээ гудамж, зам талбайд хөдөлгөөнд оролцохдоо дагаж мөрдөх шаардлагатай дүрмийн талаар чиглэл өгч ажиллаж байгаа. 

-Ямар чиглэл?

-Скүүтертэйгээр хөдөлгөөнд оролцож буй иргэн унадаг дугуйн замаар явах шаардлагатай. Хэрэв унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд явган хүний замаар бусдад саад учруулахгүйгээр зорчино.

Ингэхдээ 10 км/ц-аас дээш хурдтайгаар явахыг хориглоно. Мөн зорчих хэсгийн баруун эгнээгээр явах, саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн гар тал руу шилжихийг хориглоно.  

-Цахилгаан скүүтерийг унаж хөдөлгөөнд оролцох насны хязгаар байгаа юу?  

-Насны хязгаарыг замын хөдөлгөөний дүрмийн 25-р заалтад хамааруулж хуульчилсан байдаг.   

Тодруулбал,  

  • 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол скүүтер жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

-Насанд хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтертэйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хэрхэх вэ? 

-Тийм тохиолдол олноор бүртгэгдсэн. Ийм үед эцэг эх, асран хамгаалагч нарт мэдэгдэл хүргүүлж ажиллаж байгаа. 

-Скүүтертэй холбоотой ямар төрлийн зөрчил олноор гарч байна вэ. Мөн хэрхэн шийдвэрлэж байна? 

-Ихэнхдээ урсгал сөрж явах, эгнээ байраа буруу эзлэх болон зорчих хэсгийн голоор явах тохиолдлууд бүртгэгдээд байна.  

Хэрэв хөдөлгөөнд оролцож байхдаа бусдад аюул, саад учруулсан тохиолдолд гэмтлийн зэргээс хамааран хариуцлага оногдуулна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой, анхаарал болгоомжтойгоор оролцохыг хүсэж байна. 

-Ер нь насанд хүрээгүй хүүхэд болон согтууруулах ундаа хэрэглэсэн хүн скүүтерээр зорчиж буй эсэхэд та бүхэн хяналт тавих боломжтой юм уу?

-Түрээсийн скүүтер хэрэглээнд нэвтэрснээс хойш бид хяналтаа улам чангатгасан. Одоогоор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ скүүтерээр зорчсон тохиолдол бүртгэгдээгүй байна.


Цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцуулахыг гадаадын зарим оронд хорьжээ

Тэгвэл, гадаадын бусад оронд цахилгаан скүүтерийг тойрсон ямар кэйс бийг судалж үзэхэд, зарим улсад хоригложээ.

Жишээлбэл, Франц улсын нийслэл Парис хотноо скүүтертэй холбоотой ослын тоо олширч, явган зорчигчдод саад учруулах асуудал үүсэх болсны улмаас энэ тээврийн хэрэгслийг хэрхэх талаар олон нийтийн санал асуулга зохион байгуулсан удаатай аж.

Тус санал асуулгад Парисын оршин суугчид скүтерийг хориглох саналыг дэмжжээ.

2022 онд л гэхэд, Франц улсад цахилгаан скүүтерээр зорчиж яваад мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдаж, 460 хүн гэмтэж бэртсэн аж. Түүнчлэн ихэнх зорчигчид хамгаалалтын малгай өмсдөггүй, мөн 12-оос дээш насны хэн бүр хэрэглэж болдог байсан нь шүүмжлэл дагуулж байжээ.  


"Жет шаринг монголиа" ХХК-тай холбогдож чадсангүй

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Жет шаринг монголиа" ХХК-ийн байр суурийг дээрх агуулгуудын хүрээнд болон,

  • Тус компанийн санхүүгийн эх үүсвэр
  • Скүүтер нэг бүрийн үнийн мэдээлэл зэрэг бусад асуудлаар тодруулах гэсэн боловч холбогдож чадаагүй юм.

Тус скүүтерийг түрээслэн хэрэглэхэд нэг минутын төлбөр 200 төгрөг. Харин нэг цагийн төлбөр 12 мянган төгрөг байв. Харин хэрэглээнд нэвтрээд 13 хоносны дараах тариф гэхэд, нэг минутын төлбөр 300 болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл өдгөө нэг цагийн түрээс нь 18 мянган төгрөг байгаа гэсэн үг.

Тус нэмэгдсэн өртөг ч олныг бухимдуулах нэгэн шалтгаан болоод буй юм.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-09 09:10

Би дахиж хэрэглэхгүй ээ яагаад гэвэл хэт үнтэй тусаж байнлээ 120 оос 11 хороолол хүртэл 11700 төг гарсан,бас орос хэлтэй

Зочин.
Зочин.
2023-06-09 09:46

Иргэдийн төлөө хийж бгаа юм бол түрээсийн төлбөр бага бж олон үйлчлүүлэгчтэй баймаар юм.Манайхан юу юугүй үнээ нэмээд эхлэх юм.Юм үзээгүй яаж мөнгө хийхэв гэсэн ойлголттой бна.Иймд бизнес хийх гэж бгаа үйлчлүүлэгчийн төлөө хийх хэрэгтэй.Автобус болон таксинаас үнэтэй бна.

Зочин
Зочин
2023-06-09 16:43

Юун үнэтэй юм

Zochin
Zochin
2023-06-10 21:06

Үнэ тарифаа буулга одоо з�##�уучууд сонирхож байгаад болино 5000 болговол бүгд унана. Дэндүү үнэтэй юм.

Зочин яргайт
Зочин яргайт
2024-04-17 23:50

Хотоос �######�уулах хэрэгтэй хэнд ч гай болж мэдэх үйлчилгээ шүү. Гудамжаар явахад дарамттай бна, энд тэндээс гэнэт гарч ирээд дайрч гэмтээчих гд бна. Гадаадад болохгүй гэсэн юмыг нь л оруулж ирэх юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button