Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Төсвийн тодотгол: Зардал 1.9 их наядаар тэлж, гаднаас тэр хэмжээний зээл авна

2023 оны төсвийн тодотголыг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өргөн барилаа. Энэ жилийн хувьд төсвийн тодотголыг улсын төсвийн орлого ашигтай ажилласантай холбогдуулан хийж буй. Тодотгол хийх гол шалтгаан нь сүүлийн 20 сар дараалан улсын инфляцын түвшин 10 хувиас дээш байсан нь иргэдийн бодит орлогыг 5.9 хувиар буурахад нөлөөлсөнтэй холбоотой хэмээн үзэв.

Улмаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дуушлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр багц арга хэмжээг авахад чиглэжээ. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулж буй мөнгөн дүнгийн 60-70 хувь нь тэтгэмж болон тэтгэвэрт зарцуулж байгаа юм.

-Төсвийг 1.9 их наяд төгрөгөөр тэлснээр төсвийн зардал 23 хувь өсөв-

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 34.1.4 буюу Төсвийн ерөнхийлөн захирагч хоорнд төсвийн зохицуулалт хийх гэх заалт юм.

Төсөвт тодотгол хийснээр төсвийн нийт зарлагыг 1.89 буюу 1.9 их наяд төгрөгөөр өснө хэмээн тооцоолжээ. Энэ жилийн хувьд манай улс 20 их наядын төсөв баталсан. Ийнхүү энэ жилийн төсвийн нийт зардал 22.4 их наяд төгрөг боллоо.

Манай улсын 2024 оны төсвийн төсөөллийн нийт зардлыг дунджаар 22 их наяд төгрөг хэмээж байв. Гэсэн хэдий ч энэ удаа төсвийн тодотгол хийснээр бид ирэх жилийн төсвийн төсөөлөлтэй тэнцэх хэмжээний зардлыг гаргана.

Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 1.7 их наяд төгрөгөөр өснө хэмээн тооцоолжээ. Улмаар энэ оны төсвийн нийт орлого 20.8 их наяд төгрөг болох юм. Ингэснээр төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөг болно. Харин энэ жилийн баталсан төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг байсан бөгөөд тодотгол хийснээр 163.8 тэрбум төгрөгөөр өсөх тооцоотой байна.

Төсвийг батлахад зэс болон нүүрсний үнийг чухалчлан авч үздэг. Зэс боон нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцжээ. Ингэхдээ зэсийн үнийг тонн тутамд 8386.7, нүүрсний үнийг тонн тутамд 110.8 ам.доллар байхаар тооцоолов.

Дээрх үзүүлэлт бий босноор төсвийн нийт зардал 23 хувиар өслөө.

-Нүүрсний экспортыг найман сая тонноор нэмж, 50 саяд хүргэнэ-

Энэ жилийн улсын эдийн засгийг жилийн эцэст зургаан хувиар өснө хэмээн тооцоолж байгаа. Тодруулбал, 2023 онд уул уурхай, тээврийн салбар тус бүр 15 орчим хувиар өсөж, нийт эдийн засгийн өсөлтийг голлон дэмжинэ гэх. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлнэ хэмээдэг ч энэ оны эцэс гэхэд өсөлт нь саарах хандлагатай байгаа хэмээн тооцоолжээ.

Харин гадаад худалдааны нийт бараа эргэлтийн өсөлт цаашид хадгалагдаж, жил эцсээр 22.2 тэрбум ам.долларт хүрнэ хэмээв. Ингэснээр гадаад худалдааны тэнцлээс 3.4 орчим тэрбум ам.долларын ашигтай байх хүлээлттэй.

Мөн хилийн боомтууд дээр хийж буй өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үр дүнд нүүрсний экспорт 50 сая тоннд хүрч, экспортын хэмжээ 12.8 орчим тэрбум ам.доллар болно гэжээ. Манай улсын ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээг 50, энэ жил 42 сая тонн хэмээн тооцоолж байсан ч энэ жил ийнхүү найман сая тонноор ахиулахаар болов.

Эцэстээ инфляцын түвшин оны эцэст нэг оронтой тоонд хүрэх төлөвтэй хэмээн тооцоолсон байна.

-Төсвийн орлогын 1.7 их наяд төгрөгийг хэрхэн бүрдүүлэх вэ-

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 7.1 тэрбум төгрөгт хүрсэн билээ. Ингэснээр төлөвлөсөн хэмжээнээс 344.1 тэрбум төгрөгөөр илүү мөнгө төвлөрсөн юм. Шалтгаан нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар нэвтрэх машины тоог нэмснээр 19.6 сая тонн нүүрсийг экспортолсонтой холбоотой.

Харин тодотгол хийснээр 1.7 их наяд төгрөгийг илүү төвлөрүүлэх шаардлага үүсэв. Энэ хэмжээний мөнгийг бүрдүүлэхийн тулд дараах бодлогуудыг хэрэгжүүлэх аж.

Үүнд,

  • Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн нэвтрүүлэх хэсгийг өргөтгөх ажлыг үргэлжлүүлж, голлох боомтуудад шинэ технологийг нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх
  • Татварын бүртгэлийг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг нээлттэй арилжах замаар борлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавих системийг бий болгох ажээ.

Дээрх арга хэмжээг авснаар нийт нүүрсний экспорт 50 сая тоннд хүрч, уул уурхайн салбараас 6.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ.

-Хаягдал усыг дахин боловсруулах төслөөс 43.5 тэрбумыг танаж, сонгуулийн хар машин болон УБЕГ-ын тоног төхөөрөмжид зарцуулна-

Төрөөс тодотгол хийхдээ ямарваа нэгэн бүтээн байгуулалтын зардлыг царцаах эсвэл танахгүй гэдгээ мэдэгдэж байв. Тэгвэл АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрээс ДЦС-3, ДЦС-4 рүү нийлүүлэх шугам хоолойн угсралтын ажлын худалдан авах ажиллагааны дагуу гэрээг байгуулах ажил хийж байсан юм.

Дээрх төслийн санхүүжилтээс 43.5 тэрбум төгрөгийг танахаар болжээ.

Эл санхүүжилтээр,

  • Сонгуулийн автоматжуулсан систем буюу хар машины тоног төхөөрөмжийн зардалд 15.98
  • УБЕГ-ын шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 18.5 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.

Түүнчлэн "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн устөрөгчийн үйлдвэр, бензин боловсруулалт, висбрекинг, хүхэр ялгалт, дизелийн гидроцэвэрлэгээ, шингэн шахмал хийн цэвэрлэгээ, гидрокрекинг долоон барилгын зураг төслийн энэ жилийн гүйцэтгэл төлөвлөгөөт дүнгээс давсан тул 40.0 тэрбум төгрөгийг тодотголд тусгав.

-Цагдаагийн цалинг 21.0 хувиар нэмж, байнгын асаргаатай хүүхдийн эцэг эхийн тэтгэмжийг 275 мянга болголоо-

Төсөвт тодотгол хийснээр дараах өөрчлөлтүүд бий болно.

НЭГТ. Төрийн албан хаагчийн цалин хөлсний шинэчлэл

Төрийн албаны цалингийн шинэчлэлийн хүрээнд албан хаагчдын цалинд доорх өөрчлөлтүүд орно.

  • Захиргааны албан хаагч - цалингийн доод хэмжээ НЭГ САЯ төгрөгт хүргэнэ. Үүний тулд цалинг дунджаар 282.3 мянган төгрөгөөр нэмнэ
  • Тусгай албан хаагч - цалинг нь 242.1 МЯНГАН төгрөгөөр нэмнэ. Цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг одоогийн түвшнээс 21.0 хувиар нэмэгдүүлэх юм.
  • Улс төрийн зарим албан хаагч - суурь цалинг НЭГ САЯ төгрөг болгоно. Тухайлбал, багийн Засаг даргын цалингийн хэмжээг 1.25 сая төгрөгөөр тогтоох юм.

ХОЁРТ. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91.0 хувьд олгохоор тооцож байв. Тэгвэл төсөвт тодотгол хийснээр нийт хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох билээ. Ингэхдээ ирэх сарын 1-нээс эхлэн үлдсэн есөн хувийн хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох юм.

ГУРАВТ. Тэтгэврийг хоёр үе шаттай нэмнэ

Тэтгэврийн хэмжээг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт өндөр насны тэтгэврийг нэмэх юм.

Үүний үр дүнд 164.6 мянган өндөр настны тэтгэврийг арилгана. Мөн тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн хэмжээг үнйин өсөлттэй уялдуулж 10.0 хувь нэмэх юм. Ингэснээр 496.3 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ.

ДӨРӨВТ. Тэтгэвэр авах эрх үүсээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох тэтгэмжийг 325 мянга болгов

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгч нэмж буй. Ингэхдээ нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүрийг 288 мянга байсныг 325 мянган болгожээ.

Түүнчлэн,

  • нийгмийн асаргааны тэтгэмжийг 84.5 мянга байсныг 275.0 мянга
  • байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхэд олгох тэтгэмжийг 123.1 мянга байсныг 275.0 мянган төгрөг болгож нэмсэн байна.

Дээрх арга хэмжээнд давхардсан тоогоор 144 мянган хүн хамрагдах аж.

ТАВД. Хүүхдийн төлөө сангийн орлогыг нэмлээ

Хүүхдийн төлөө сангийн хуримтлагдсан орлогоос бүтээн байгуулалт болон улс, тив, дэлхийн тэмцээн наадамд оролцож амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах зардлыг нэмлээ. Мөнгөн дүн тодорхойгүй. Эл сан нь журмыхаа дагуу зөвхөн амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулдаг юм.

ЗУРГАА. Залуучуудын хөгжлийг дэмжинэ гэх ч төсөв болон юу хийх нь тодорхойгүй

15-34 насны залуучуудын хөгжил болон нийгмийн зарим асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнд шаардлагатай төсвийг нэмэгдүүлжээ. Гэвч мөнгөн дүн тодорхойгүй. Мөн ямар асуудлыг шийдвэрлэх талаарх мэдээлэл байхгүй.

ДОЛООД. Биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих зардал тодорхойгүй

Тив, дэлхийн хэмжээний спортын их наадмуудыг эх орондоо зохион байгуулах, эрхийн төлөө өрсөлдөх, эрх авах, олон улсын тэмцээнүүдэд оролцож амжилт гаргах боломжийг бүрдүүлэх, шагнаж урамшуулах зорилгоор "Зүүн Азийн залуучуудын наадам", "Улаанбаатар их дуулга 2023 наадам" зохион байгуулна.

Үүний хүрэнэд зардлыг төлөвлөж дуусгасан гэх боловч төсвийн тодотголын төсөлд ямар нэгэн мөнгөн дүн тавиагүй байна.

-Энэ онд гадаадаас 1.8 их наяд төгрөгийн зээл, тусламжийг авна-

2023 оны улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн гадаадын төслийн зээл, тусламжийг авч ашиглахаар төлөвлөгдсөнөөс эхний таван сарын гүйцэтгэлээр 360.0 тэрбум төгрөгийг хүлээн авчээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар Засгийн газрын

  • гадаад зээл 308.2 тэрбум төгрөг буюу 25.2 хувийн гүйцэтгэлтэй
  • тусламж 51.8 тэрбум төгрөг буюу 9.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Манай улс 2022 оны жил эцсийн айдлаар 31.9 их наяд төгрөгийн Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button