"NASA" Санчир гарагийн дагуул Титаныг судална
NASA өчигдөр дараагийн судлах сансрын биетээ зарлажээ. Энэ удаа тус байгууллага Санчир гарагийн дагуул Титан руу судалгааны станц илгээхээр болсон байна.
Илгээх станц Dragonfly нь нисэх чадвартайгаараа онцлог юм. Гурван метр урт, гурван метр өргөнтэй станц нь давхарласан дөрвөн сэнстэй байна.
Цаг орчим хугацаанд 12-14 км зайд нисэх чадвартай байхаар бүтээгджээ.
Гэхдээ Dragonfly нь байнга нисээд байхгүй, 16 хоног тутамд нэг удаа нисэж, шинэ судалгааны талбайдаа хүрэх юм байна.
Мөн судалгааны газрын ойролцоо нь сонирхолтой зүйл ажиглагдвал ойрын зайд нисэх ч боломжтой гэнэ.
Титан дагуулын татах хүч нь дэлхийнхээс долоо дахин бага, атмосфер нь дөрөв дахин нягт тул ямар нэг биетийг нисгэхэд тун тохиромжтой юм байна. Тиймээс NASA газраар мөлхөгч станцыг давхар нисэх чадвартай болгохоор шийджээ.
Титан бол нарны аймгийн гарагуудын дагуулуудаас цорын ганц атмосфертэй биет юм. Cassini сансрын хөлгөөс хийсэн судалгаагаар Титан нь гадарга дээрээ шингэн метанаас тогтсон нууруудыг агуулдаг нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл нарны аймагт дэлхийгээс гадна шингэн агуулсан цорын ганц биет болж байгаа юм. Ийм сонирхолтой, судлах зүйл элбэгтэй Титан дагуул дээр Dragonfly станц хоёр жил ажиллаж, 175 км зам туулахаар төлөвлөжээ.
Судалгааны станцыг 2026 онд дэлхийгээс хөөргөж, 2034 онд Титаны гадаргууд буулгах юм байна.
Б.АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.