НИЙГЭМ

Оюутны хөдөлмөр эрхлэлт: Тэдний ажлын хөлс Солонгосоос 5, АНУ, Германаас 9 дахин бага

М.Намуунцэцэг нь CU дэлгүүрт хоёр дахь жилдээ ажиллаж байгаа Этүгэн их сургуулийн оюутан. Ирээдүйд шүдний эмч болохоор суралцаж буй гуравдугаар дамжааны оюутан юм. Түүнийг анх цагийн ажил хийж эхлэх үеэр буюу 2021 онд нэг цагийн хөлсийг 4500 төгрөгөөр тооцдог байжээ. Харин одоо нэмэгдэж 5200 төгрөг болсон аж. М.Намуунцэцэг одоогоор зэрэглэл өндөртэй гэх тодотголоор нэг цагт 5600 төгрөгийн цалинг авдаг болжээ.  

Тэрбээр худалдагч гэх нэрийн дор таван төрлийн ажил хийдэг байна. Үүнд, хоол бэлтгэгч, барааг хүлээн авагч, өрөгч, цэвэрлэгч болон үйлчлэх зэрэг багтдаг ажээ. Нэг гараандаа 8-10 цаг ажилладаг бөгөөд ингэхдээ 44-56 мянган төгрөгийн цалин авдаг байна.  

Түүнийг одоогийн ажилд орохоос өмнө бусад байгууллагууд бүтэн цагаар өдөр бүр ажиллахыг шаардаж, цалингаа хугацаанд нь өгөхгүй, хуваарьгүй цагаар ажиллуулж холбоо хамааралгүй даалгавар гүйцэтгэхийг шаарддаг байжээ.  Жишээлбэл, хүүхдийг нь сургууль цэцэрлэгт хүргэх гэх мэт. 

Тиймээс CU дэлгүүрийг сонгон ажиллах болжээ. Түүнд дэлгүүрийн цалин олголт, цагийн менежмент нь таалагддаг аж. Тэрбээр ажиллах явцад тохиолдсон асуудлаа ийнхүү ярилаа. 

-М.Наранцэцэг: Боловсролгүй болохоороо дэлгүүрийн шал угааж байгаа биз дээ хэмээн чичлүүлж байсан- 

-Үйлчилгээний газар цагийн ажилтан хийхэд ямар асуудлууд үүсдэг вэ?

-Ер нь цагийн ажил хийж, ажиллахад ихээхэн тэвчээр шаарддаг. Яагаад гэвэл үйлчлүүлэгчдийн харилцаа хандлага хэцүү. “Хэрэглэгч бол хаан” гэсэн байр сууринаас хандаж, “Боловсролгүй болохоороо дэлгүүрийн шал угааж байгаа биз дээ” гэх зэргээр чичлүүлэх тохиолдол ч байдаг. 

Өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрийн онцлогийг залуучууд тэр дундаа 12-25 насныхан сайн ойлгодог. Хөгшин хүмүүс бол яг л зоогийн газар, ТҮЦ-ний үйлчилгээг хүснэ. Хоолыг нь аваачиж өгөх, хүссэн барааг нь лангуунаас авч ирж өгөх гэх мэт. Тэгж дээрэлхэнгүй байдлаар хандаж, эцэст нь дараагийн хүн үйлчлүүлнэ хэмээн тооцож, ширээ сандал цэвэрхэн хэрэглэхгүйгээр бохирдуулаад л гараад явдаг. Заримдаа яах гэж ажиллаж байгаагаа ойлгодоггүй. Яагаад гэвэл хүний идсэн уусан, хаясан гишгэсэн, өтгөн шингэнийг цэвэрлэх тааламжгүй санагдаж хүний “боол” хийж буйдаа харамсдаг. 

-Өөрсдийгөө хамгаалахад ч хүндрэлтэй байдаг байх?

-Харилцаа хандлагын доголдолтой хүмүүс их тааралддаг. Үүний тод жишээ бол саяхан GS25 дэлгүүрт гарсан тохиолдол. Үйлчилгээний байгууллагад ажил хийснийхээ төлөө доромжлуулдаг байж болохгүй шүү дээ. Хэрэв тэр бичлэг дээрх шиг хутга гаргаад дайрвал намайг хэн ч хамгаалахгүй. Эмэгтэй оюутнууд ихэвчлэн ажилладаг болохоор хохироод л үлдэх байх. 

-Цагийн ажил хийх үед хулгайн асуудал гардаг уу. Бараагаа алдсан үед та нар төлбөрийг нь төлөх үү?

-Хулгайчдад насны хязаар, хүйсийн ялгаа байдаггүйг ойлгосон. Миний үеийн охидууд хүртэл хулгай хийгээд баригддаг юм. Тэдний дунд хүүхэд, том хүн, бүр нярай хүүхдээ тэврээд орж ирсэн ээж хүртэл хүүхдийнхээ манцуйд бараа нуугаад гарах үе бий. Олон удаа хулгайд бараагаа алдаад, түүнийгээ өөрөө төлөөд ирэхээр бүх хүмүүсийг хулгайч байх вий гэсэн нүдээр харж эхэлдэг юм билээ. 

-Хангалттай цалин өгвөл ажил хийх сонирхолтой 31 мянган иргэн байна-

Гэвч энэ асуудал ганц М.Намуунцэцэгт тохиолдоогүй. Оюутан залуусын хувьд хэрэгцээнийхээ мөнгөө олж, аав ээждээ дэм болох сонирхолтой байдаг ч төдийлөн хангалттай цалинжиж чаддаггүй. Ажил олгогчид дипломгүй, туршлагагүй хэмээн ажилд авдаггүй бөгөөд цөөн хэд нь бага цалингаар олон цаг ажиллуулах сонирхолтой байдаг аж. Үүнийгээ ачаалал даах чадвар гэж тодотгодог байна. 

2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 1.1 сая ажиллагчид байна хэмээн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харуулсан судалгаанд тэмдэглэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.2 мянгаар, өмнөх улирлаас 47 мянгаар буурсан үзүүлэлт юм.

Товчоор бол хөдөлмөр эрхэлж буй иргэд буурсан гэсэн үг. Дээрх судалгааны хамгийн сонирхолтой тоон мэдээлэл нь цалин хөлс хангалтгүйн улмаас 31.2 мянган иргэн ажиллах хүчний эгнээнд шилжиж чадахгүй байгаа явдал юм.

Гэвч цагийн ажил горилогчдын дийлэнх нь оюутнууд байдаг. Тиймээс ч бага цалингаар олон цаг ажиллах эсвэл сайн дурын ажил нэрийдлээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх нь түгээмэл.

Амталгаат худалдаа, жагсаал цуглаан, уралдаант тэмцээнүүдэд сайн дурынхан элбэг харагддаг. Тэр дунд ихэвчлэн 12-оос дээш насныхан оролцдог албан бус мэдээлэл бий. Шалтгаан нь энгийн. Хожим ажил эсвэл сургууль горилогчийн анкетад хэрэг болдог тул үүнийг нь мэдэх байгууллагууд ч зүй бусаар ашигладаг. 

Тэгвэл гадаад улсыг сурахаар зорьсон монгол оюутнуудын хувьд одоо байгаа улсдаа болон Монголд цагийн ажил хийх хэр зөрүүтэй байдгийг тодруулав.

-АНУ-д ажлын нэг цагийн хөлс 13-25 ам.доллар буюу 45-86 мянган төгрөгтэй тэнцдэг-

Д.Номундарь нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Тэрбээр Монголд хийгээд АНУ-д цагийн ажил хийж байсан туршлагатай.  

Одоогоор АНУ-ын Аляска мужид тогоочоор ажиллаж буй. Түүний нэг цагийн цалин 17 ам.доллар буюу 58 мянган төгрөг аж. Өдөрт найман цаг ажилладаг бөгөөд монгол мөнгөөр 464 мянган төгрөгөөр цалинждаг байна.  

Тэрбээр Монгол болон АНУ-д ажиллахын ялгааг ийнхүү тайлбарлалаа. 

"Монголд ажил хийхэд хэзээ ч тогтсон нэг ажлаа хийдэггүй. Нэг хүн хэд хэдэн хүний үүргийг гүйцэтгэдэг. Харин АНУ-д ажлаа дуусгасан бол амарч болдог. Хариуцсан ажлаа л сайн хийхэд хангалттай цалинждаг.  

Харилцаа хандлагын хувьд найрсаг нь “дэндсэн” гэж хэлж болохоор санагдсан юм. Хамтарч ажиллахад тухтай байдаг тул хоёр дахь жилдээ энд ирээд байна.  

Өмнөх нь ирэхдээ буудлын үйлчлэгчийн ажил хийж байсан бөгөөд нэг цагийн цалин 13 ам.доллар буюу 45 мянган төгрөг байсан юм. Ер нь АНУ-ийн үйлчилгээний байгууллагад ажиллахад нэг цагийн цалин 13-25 ам.доллароос эхэлдэг" гэлээ.

-БНСУ-д ажлын нэг цагийн хөлсийг 25 мянган төгрөгөөс бодож эхэлдэг-

Б.Уранхишиг нь БНСУ-д суралцдаг. Тэрбээр хичээлийнхээ хажуугаар кофе шопт ажил хийдэг бөгөөд нэг цагийн хөлс нь 9620 вон буюу монгол мөнгөөр 25 мянган төгрөг аж. 

Тэрбээр өмнө нь гурван сарын турш гал тогоонд угаагчаар ажиллаж байжээ. Тухайн газар нь их бохир санагддаг байсан бөгөөд кофе шопт бага цагаар цагийн ажил хийхийг сонгожээ.  

Тэнд амьдрах өртөг өндөртэй болохоор мөнгө илүүчилж, хадгалах хэцүүхэн ч багахан хуримтлалтай аж. Харин Монголд байхдаа тэрбээр хуримтлуулах огт боломжгүй, олсон хэдийгээ өрөндөө өгсөөр гар дээрээ юу ч үгүй үлддэг байжээ. 

Солонгос улсад ямар ажил хийж байгаагаас шалтгаалан цагийн хөлс нь өөр өөр юм байна. Тодруулбал, 9-15 мянган воны хооронд байдаг ажээ. 

Тухайн оюутан ийнхүү ярилаа. 

"Хувь хүн амьдрах зардал хэр байхаас хамаарч зардал харилцан адилгүй байх. Дотуур байранд амьдардаг бол зардал багатай. Байр түрээсэлдэг бол барьцаа мөнгөнөөс эхлээд зардал нэмэгддэг юм. Солонгос улсын хувьд хэрэглээний зардал өндөртэй хэдий ч цагийн хөлс чамгүй болохоор хэрэглээний зардал өндөр мэдэгддэггүй. 

Монголд цалин багатай болохоор бараа бүтээгдэхүүний үнэ нь өссөн мэт санагддаг юм. Энд зарагдаж буй бүтээгдэхүүний үнэ Монголоос дутахааргүй. Гэхдээ Солонгост хүний хөдөлмөрийг байгаагаар нь үнэлдэг юм.  

Гэхдээ оюутнууд төлбөр болон амьдрах зардлаа өөрсдөө олж буй нөхцөлд бүхий л зүйл хүнд. Хаана ч суралцангаа ажиллах нь хүнд төвөгтэй зүйл. Найз нөхөд, гэр бүл нь ойлгож, дэмждэг байгаасай гэж хүсэж байна. 

Монголоос ирсэн эмэгтэйчүүд буудал цэвэрлэх, хоолны газарт зөөгч, угаагч, нүүлгэлтийн цэвэрлэгээ хийдэг билээ. Буудалд 09.00-18.00 цагийн хооронд ажиллахад 100-120 мянган вон авна. Хоолны газарт 11.00-23.00 цагийн хооронд ажиллаад 80-100 мянган воноор цалинждаг. 

Хэрэв хэлний чадвар өндөр бол илүү цэвэр тохилог орчинтой газар ажиллах боломжтой. Үгүй бол хүнд хүчир ажил хийхээс өөр сонголтгүй байдаг юм. 

Энд харилцаа хандлага ч өөр түвшинд байдаг. Үйлчлүүлж байгаа болон үйлчилгээ өгч байгаа хүмүүсийн хувьд шүү дээ. Автобусанд суухдаа ч залуучууд жолоочтой нь бөхийж мэндлээд суудаг. Эхэндээ таньдаг хүн нь юм байх гэж боддог байлаа. Одоо бол өөрөө ч мэнд мэдээд автобусанд сууж үйлчлүүлдэг болсон доо.  

Монголчууд ойрд их харлаж байгаа. Баривчилгаа ч их байна. Тиймээс цагийн ажил хийх гэхээр ямар улсынх, визний ангиллыг ч асуудаг болсон. Монгол гэдгээ хэлбэл жоохон дурамжхан ханддаг. Яагаад гэвэл Монголчууд ч хэрэгт их орооцолддог тул заримдаа монгол гэдгээ нуух нь хамгийн зөв сонголт байдаг юм" хэмээлээ.

-ХБНГУ-д цагийн ажлын доод хөлс нь 45 мянган төгрөг-

ХБНГУ-д зуныхаа амралтаар очиж, ажиллаж буй оюутан У.М-тай ярилцлаа. Тэрбээр мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн ч нэрээ гаргахаас татгалзсан юм.

Тэрбээр одоогоор Германд гүзээлзгэнэ борлуулагч хийдэг байна. Гүзээлзгэний ургацаас хамааран өдөрт 6-10 цаг ажилладаг ажээ. Өдөр, өглөөний гэх хоёр ээлжтэй бөгөөд өглөөний ээлжийнхэн заавал 07.45 гэхэд бэлэн болоод 8.00 цагт нээх ёстой аж. Харин өдрийн ээлжийн хугацаа нь янз бүр байдаг ажээ. Цайны цагийн хувьд 15 минутийн хугацаа байдаг ч ажлын байрнаасаа холдож болохгүй юм байна. Мөн хэр их үйлчлүүлэгчтэй байгаагаас хамаарч өөрөө шийдэж завсарлага авдаг ажээ. Ихэнхдээ бэлдэж ирсэн хоолоо л иддэг байна.

У.М ажлынхаа талаар ийн ярьсан юм.

"Цагийн 12 евро буюу 45 мянгаар цалинжиж байгаа. Одоогоор цалингаа хэзээ авахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ сар сараар нь өгдөг. Ажил гэр хоёр хол учраас галт тэргээр мөн автобусаар явдаг. Тасалбарыг нь ажил олгогч өгдөг. Тасалбарын мөнгө болон байрны түрээсийг цалингаас суутгадаг юм.

Ажил олгогчдын хувьд сайхан ааштай ч үйлчлүүлэгчдийн хувьд янз бүр байдаг. Мөн энэ улсын залуус гэхээс илүүтэй өөр улсын хүмүүс их ажиллаж харагдсан. Залуучуудаас илүү дунд эргэм насны хүмүүс хамт ажилладаг. Цалингийн хувьд бусад газрыг мэдэхгүй ч бидний хувьд цагийн хөлсний хамгийн доод хэмжээгээр ажилладаг юм.

Энд ажил хийхэд ямар нэгэн байдлаар туршилтын хугацаа байгаагүй. Шууд л ажилдаа орсон" гэв.

Дээрх мэдээллээс дүгнэхэд манай улсын хувьд цагийн ажлын доод хөлс хангалттай биш гэдэг нь анзаарагдаж байна. Учир нь сүлжээ дэлгүүрт нэг хүн хамгийн багадаа таван хүний ажил хийдэг хэдий ч хөдөлмөрөө бүрэн гүйцэд үнэлүүлэх боломжгүй байгаа юм. Хэдийгээр бусад улс оронд цагийн ажлын хөлс нь өндөр байгаа боловч нөгөө талд бараа бүтээгдэхүүний үнэ ч өндөр байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж авсан мөнгө нь зардалд нь хангалттай хүрэхүйц.

Харин манай улсын хувьд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч цагийн ажлын хөлс нэмэгдээгүй нь товчхондоо бол ажил хийгээд ч сургалтын төлбөрөө олох боломжгүй нөхцөлийг үүсгэж буй. Эцэстээ гэхэд манай улсын нэг цагийн хөдөлмөрийн хөлс АНУ болон Германаас ес, Өмнөд Солонгосоос тав дахин байгаа юм.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2023 08:36

Оюутан гэхгүй монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж энэ шүү дээ.5600×8 цаг=44800 төг өдөрт .44800× 26 хоног= 1.164.800 төг .Ийм ц�##�ин авдаг газар тун цөөхөн дөө.

Холбоотой мэдээ

Back to top button