ДЭЛХИЙ

Юу болов | Кремль ба Пригожиний тоглоом: Гадаадын хэвлэлүүд, үйл явдал, нэгдсэн тойм

Вагнер”-ын бослого: “Орост бүх зүйл дөнгөж л эхэлж байна”

Барууныхан Орост болж буй үйл явдлыг анхааралтай ажигласаар байгаа талаар Германы DW агентлаг онцолжээ.

Гадаадын улс орнууд хойд хөрш ОХУ-д өрнөж буй цэргийн бослогыг тайванаар хүлээн авч, нөхцөл байдлын үйл явцыг анхааралтай ажигласаар байгаагаа мэдээлсээр байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк эл үйл явцыг “Орост бүх зүйл дөнгөж л эхэлж байна” хэмээн дүгнэжээ.

Оросын хувийн цэргийн компани болох “Вагнер” бүлэглэлийг үндэслэгч Евгений Пригожин бослого өдөөсөнтэй холбоотойгоор Барууны хэд хэдэн орны удирдагчид Орост болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа зургаадугаар сарын 24-ний бямба гарагт буюу өчигдөр мэдэгдлээ.

Тухайлбал, Берлин дэх Засгийн газрын орлогч төлөөлөгч Кристиане Хоффман (Christiane Hoffmann) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний улс оронд нь үүсээд буй өнөөгийн байдлыг “1917 онтой” харьцуулсанд анхаарлаа хандууллаа. Тэрбээр өөрийн Twitter хуудсандаа жиргэхдээ: “Энэ бүхэн Орост “хувьсгалын өмнөхөн” болж байгаагаараа “маш сонирхолтой” гэжээ.

Харин ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Баербок (Annalena Baerbock)-ийн хэлснээр, Берлин “Өчигдөр шөнөөс эхлэн олон улсын түншүүдтэйгээ ойр дотно харилцаатай боллоо” гэж жиргэжээ.

ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамнаас Засгийн газрын “хямралын бүлэг”-ийг байгуулан шуурхай хуралдсан байна. Шуурхай хуралдаанаар ОХУ руу зорчих, аялах талаарх аюулгүй байдлын зөвлөмжийг шинэчилж, Германы ард иргэдийг ялангуяа Москвагийн төв рүү ойртож очихоос зайлсхийх ёстой гэдгийг сануулсан мэдэгдэл гаргалаа.

Түүнчлэн, Бербок “Их 7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай нөхцөл байдлын талаар ярилцсан талаар тус улсын Гадаад Хэргийн Яам мэдээлжээ.

Европын Холбооны Гадаад харилцааны комиссар Жозеп Боррел мөн “Их 7”-гийн хүрээнд болох уулзалтын товыг зарласан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүний хэлснээр, Брюссель “Москва дахь манай Элчин сайдтай байнгын холбоотой байж, манай гишүүн орнуудтай зөвлөлдсөөр байна” гэсэн байна.

Европын Холбооны нөхцөл байдлын талаар

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдлыг Европын Холбоо ч анхааралтай ажиглаж байгаа талаар тус холбооны зөвлөлийн дарга Чарльз Мишель “Их 7”-гийн түншүүдтэй харилцах үеэрээ “Энэ бол гарцаагүй Оросын дотоод асуудал” гэж Twitter  хуудсандаа бичихийн зэрэгцээ “Европын Холбооны Украинд үзүүлэх дэмжлэг хэзээд гуйвшгүй хэвээр байна” гэж мэдэгдлээ.

Харин НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч Оана Лунгеску мэдэгдэхдээ, “Эвсэл зөвхөн нөхцөл байдлыг ажиглаж байна” гэсэн байна.

Жо Байден Орост болж буй үйл явдлын талаар товч мэдээлэл өглөө

Цагаан ордон Орос дахь “нөхцөл байдлыг хянаж” байна, Ерөнхийлөгч Жо Байден үйл явдлын талаар цаг тутам мэдээлэл авч байгаа талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адам Ходж мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, “Бид нөхцөл байдлыг хянаж байгаа, үйл явцын талаар холбоотнууд болон түншүүдтэйгээ зөвлөлдөх болно” гэсэн юм.

Франц урьдын адил Украиныг дэмжихэд анхаарлаа хандуулсаар байна

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Орос дахь цэргийн бослоготой холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгааг Елисейн ордны хэвлэлийн алба онцолж, үүний хажуугаар “Урьдын нэгэн адил Украиныг дэмжихэд анхаарлаа хандуулсан хэвээр байна” гэдгээ дахин мэдэгдлээ.

Италийн Ерөнхий сайд Жорж Мелони мэдэгдэхдээ, ““Вагнер” бүлэглэлийн хөлсний цэргүүдийн бослого бол Орос Украины эсрэг түрэмгий дайн эхлүүлснээр ийнхүү дотооддоо тогтворгүй байдалд орж байгаагийн нотолгоо болж байна” гэсэн байна. Мелони өчигдөр хэд хэдэн сайд болон аюулгүй байдлын албаны төлөөлөгчдийг оролцуулсан шуурхай хурал хийхээр товложээ.

Ром дахь Гадаад Хэргийн Яам Орост байгаа италичуудыг болгоомжтой байхыг уриаллаа.

Их Британийн тагнуулын алба өдөр тутмын тоймдоо Пригожинийн бослогыг “Оросын төрийн эсрэг хийж буй сүүлийн үеийн хамгийн ноцтой сорилт” хэмээн нэрлэлээ. “Ойрын хэдэн цагийн дотор Оросын аюулгүй байдлын хүчнийхэн, ялангуяа Оросын үндэсний гвардийн “хэр үнэнч байх” нь хямрал цааш хэрхэн өрнөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн онцлоод “Вагнер” бүлэглэлийнхэн ямар ч эсэргүүцэлгүйгээр Москва хот руу улам л давшсаар байгааг тэмдэглэсэн байна.

Киевийн хариу үйлдэл

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский Пригожиний бослогын талаар тайлбар хийхдээ, “Энэ бол илтэд Орос бүрэн сул дорой байгаагийн илрэл” гэж нэрлээд, “Орос цэрэг армиа, хөлсний цэргүүдээ манай газар нутаг дээр удаан байлгах тусам улам л эмх замбараагүй байдал даамжирч, зовлон шаналал, асуудал улам л ихсэх болно” хэмээсэн байна.

В.Зеленьский цааш нь хэлэхдээ, “Хорон муу замыг сонгосон хүн эцэстээ өөрийгөө л сүйтгэдэг. Өөр улс орны амьдралыг сүйрүүлэхийн тулд цэргээ үй олноор нь илгээдэг ч амьдрал эсэргүүцээд ирэхээр тэднийгээ зугтахаас нь, урвахаас  нь сэргийлж чаддаггүй. Хэдэн зуун мянган хүнийг доромжилж, дайн руу явуулж хаячхаад эцэст нь өөрөө өөрийнхөө зэвсэглэсэн хүмүүсээс өөрийгөө хамгаалуулахын тулд Москвад бүгдэг. 1917 оноор далайлган дахин дахин айлгахаас өөр зүйл хийж чадахгүй ганцхан хүн л энэ бүхнийг хийж байна” хэмээн мэдэгджээ.

Postimees: Бямба гарагийн орой гэхэд Пригожин сөргөлдөөнийг зогсоохоор шийдлээ

Москвагийн цагаар зургаадугаар сарын 24-ний өдрийн 20:35 цагт оросын Postimees вэбсайтад “Кремль Пригожины эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хааж, босогчдыг шийтгэхгүй гэдгээ амлалаа” гэх гарчигтай нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.

ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны анги нэгтгэлүүд хөлсний цэргүүдийн хуаран руу пуужингаар довтолсон хэмээн “Вагнер” бүлэглэл мэдэгдлээ. “Вагнер” бүлэглэлтэй холбоотой сувгуудаар “олон хүн нас барсан” талаар мэдээлж эхэлсэн. Үүний дараа ОХУ-ын цэргийн удирдлагатай зэвсэгт мөргөлдөөн бодитоор эхэлсэн талаарх мэдэгдэл хийсэн юм. Бямба гарагийн орой гэхэд Пригожин идэвхтэй сөргөлдөөнийг зогсоохоор шийдсэн нь тодорхой боллоо.

Удалгүй Пригожин “энэ бүх гутамшигт явдлыг зогсоохыг” уриалсан ч дараа нь үүнийгээ бослого байсныг үгүйсгэж, “шударга ёсны жагсаал байсан” хэмээн нэрлэж эхэлсэн талаар “Новая газета.Европ” сайтад бичжээ.

Пригожины эсрэг хүмүүсийг бослогод турхирсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Украинд тулалдаж байсан “Вагнер” бүлэглэл зургаадугаар сарын 24-ний шөнө ОХУ-д бослого гаргалаа. Ерөнхийлөгч В.Путин тусгай мэдэгдэл хийж, Евгений Пригожины бослогыг “урвалт” гэж нэрлээд, урвалт төдийгүй “Оросын эсрэг цохилт” хэмээн нэрлэв. Үүний хариуд Пригожин хэлэхдээ, “Ерөнхийлөгч эх орноосоо урвасан гэж гүн андуурч байна” хэмээн хариулсан байна. Зургаадугаар сарын 24-ний орой Пригожин “Вагнер” бүлэглэлийн Москва руу чиглэсэн хөдөлгөөнийг зогсоох тухай Александр Лукашенкогийн саналыг хүлээн авснаа зарлалаа.

Юу болов? Пригожин, Шойгу хоёрын сөргөлдөөн

Зургаадугаар сарын 23-ны өдрийн (Москвагийн цагаар) 21:10 цагийн орчимд Оросын цэргүүд хөлсний цэргүүдийн хуаран руу пуужингаар цохилт өгсөн хэмээн “Вагнер” бүлэглэл мэдэгдсэн. Энэ талаар бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин мэдэгдсэн юм.

“Вагнер” бүлэглэлтэй холбоотой Telegram сувгууд олон хүн нас барсан талаар мэдэлж эхэлсэн ба “Бид тэдний энэ харгислалд хэрхэн хариулахаа шийдэх болно, дараагийн алхам бол биднийх” хэмээн Евгений Пригожин мэдэгдэл хийсэн.

Удалгүй Пригожинын хэвлэлийн албанаас цэргийн командлагчдын нэрийн өмнөөс бичлэг нийтэлж эхэлсэн байна.

“Вагнер” бүлэглэлийн командлагчдын зөвлөлөөс: “Тус улсын цэргийн удирдлагуудын үүрч буй бузар булайг таслан зогсоох ёстой. Тэд цэргүүдийн амь насыг үл тоомсорлон, “шударга ёс” гэх үгийг умартсан, бид үүнийг буцааж авчрах болно” гэсэн шийдвэр гаргалаа. Тиймээс өнөөдөр манай залуусыг, мөн Оросын олон арван мянган цэрэг эрсийн амийг хөнөөсөн хүмүүс шийтгэлээ хүртэх болно. Бид эхлүүлсэн үйл хэргээ дуусгаад эх орноо хамгаалахаар фронт руу буцна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Засгийн газар, Дотоод Хэргийн Яам, Үндэсний гварди болон бусад байгууллагууд үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Бид Оросын цэргүүдийг хөнөөж буй тэдгээр хүмүүстэй тооцоо бодоод, фронт руугаа буцаж очно” хэмээн Евгений Пригожин мэдэгдсэн юм.

Тэрбээр мөн бүлэглэлийн маршрутын дагуу гадагш гарахгүй, зорчихгүй байхыг сануулж, байлдагчид нь ”эхэлсэн ажлаа дуусгасны дараагаар” фронт руу буцаж очихоо амлав.

Пригожин өөр нэгэн мэдэгдэлдээ, Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгуг Ростов хот орхиод гарсан талаар дурдаж, “Шойгу 22:00 цагийн орчимд Ростовоос яг л эм хүн шиг хулчгар царайлан зугтлаа. Тэр чухам яагаад манай залуусыг устгахаар нисдэг тэрэг хөөргөж, яагаад пуужингийн цохилт өгснөө тайлбарлахгүйн тулд ийн зугтсан. Тэр “амьтныг” бид зогсооно” хэмээсэн байна.

Үүний дараа Пригожин бүхэл бүтэн арми, бүх улс орныг бүлэглэлд нэгдэж, “энэ замбараагүй байдлыг дуусгахыг” уриаллаа.

Харин ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яамнаас “Вагнер” бүлэглэлийн хөлсний цэргүүдийн байрлалд цохилт өгсөн гэх мэдээллийг үгүйсгэв. “ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яамнаас “Вагнер” бүлэглэлийн хуаран руу хийсэн цохилтын талаарх Евгений Пригожины нэрийн өмнөөс нийгмийн сүлжээнд тараасан бүх мессеж, дүрс бичлэгүүд нь бүгд бодит байдалтай нийцэхгүй зүйл бөгөөд мэдээллийн өдөөн хатгалга юм” хэмээн РИА Новости-гийн мэдээнд иш татсан байна.

Кремль, Пригожин хоёр дахин тоглохоор шийдсэн нь

Нийслэл Москва руу орохоор зэхэж байсан Пригожины бааз болсон “Вагнер” бүлэглэлийнхнийг Ростов хотоос эргүүлэн татсан тухай мэдээлж эхлэв. “Вагнер” бүлэглэлийн дайчид болон зэвсэг техникүүд хотын төвөөс гарч эхэлсэн. Чеченийн Ерөнхийлөгч Кадыровын бослогыг дарахаар илгээнэ гэж амласан Чечений анги нэгтгэлүүд Вагнерчуудтай хэзээ ч холбоо тогтоогоогүй хэмээн тус сайтад нийтэлжээ.

Кремлийн мэдэгдсэнээр, “Евгений Пригожинд зэвсэгт бослогод уриалсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч түүнийг хэрэгсэхгүй болгож, “Вагнер” бүлэглэлийнхэн хээрийн бааз руугаа буцаж очих тохиролцоонд хүрлээ, Пригожин харин өөрөө Беларусь руу явна” хэмээн В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн гэж бичжээ.

“Вагнер” бүлэглэлийн дайчдад “өмнөх фронтын гавьяа”-г нь харгалзан үзэж, ял шийтгэл оноохгүй гэдгийг дурдсан гэжээ.

“Вагнер” бүлэглэлийг үндэслэгч Евгений Пригожинтой хийх хэлэлцээрт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко биечлэн оролцсон нь А.Лукашенко Евгений Пригожиныг 20 орчим жилийн өмнөөс таних тул ийнхүү биечлэн оролцсон талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Д.Песковын хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн удирдагчийн ярианы үеэр тэд “Лукашенко асуудлыг зохицуулах үйл хэрэгт хүчин чармайлт гаргаж зуучлагчаар оролцоно. Тиймээс бид түүний энэ бэлэн байдлыг өндрөөр үнэлж байна” хэмээн тохиролцсон талаар онцолжээ.

Д.Песков өнгөрсөн өдрийг “эмгэнэлт үйл явдлаар дүүрэн нэлээд хүнд өдөр байлаа” хэмээн нэрлээд, “гэсэн ч үйл явдал Украины эсрэг дайны явцад нөлөөлөхгүй” хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2023 14:40

Пригожин амиа аврах �##�хам өөр арга байхгүй манай м�##� украиныг б�##�иашилагчид сэтгэл дундуур үлдлээдээ гол нь монгол орон маань тайван байв�##� л болоодоо өргүй бол баян өвчингүй бол жарг�##� гэдэг яасан үнэн үг .вэ. ?

Зочин
Зочин
6 сар 25, 2023 18:38

Муу эр дайнд хөөрнө гэгчээр хойд хөршид үймээн самуун гараасай гэж мөрөөддөг хүмүүс болих хэрэгтэй. 2 хөрш маань үймээн самуунгүй байх тусмаа эх оронд минь өлзийтэй. "No war" гээд байсан хүмүүс яагаад өчигдрийн үйл явд�##�д хөөрөөд байсныг "ер ойлгоогүй" шүү.

Холбоотой мэдээ

Back to top button