Тойм: "Вагнер"-ын довтолгоог олон улсын шинжээчид хэрхэн дүгнэсэн бэ

Олон улсын шинжээчид, Барууныхан, Зүүнийхэн цаашлаад оросууд өөрсдөө “Вагнер” бүлэглэлийн гаргасан үйлдлийн талаар ямар өнцгөөр харж, хэрхэн дүгнэж байгаа талаарх нийтлэл, мэдээллийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сайтуудаас нь шууд орчуулан хүргэж байна.
НЭГ
Эхний ээлжинд, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, Нийгмийн Хөгжлийн Яамны албан ёсны зөвшөөрөлтэй www.orda.kz хэмээх сайтад нийтлэгдсэн мэдээллийг хүргэе.
Оросын нөхцөл байдлын талаар гадаадын шинжээчид: Хэрэв би Путиний оронд байсан бол Пригожиноос айх байсан
orda.kz сайтын сурвалжлагч Орост өрнөж буй үйл явдлын талаарх Дэлхийн шинжээчдийн үзэл бодлыг судалсан байна. Үүнд:
Их Британийн тагнуулын албаныхан Орост үүссэн нөхцөл байдлыг сүүлийн үеийн ОРОСЫН ХУВЬД ХАМГИЙН ТОМ СОРИЛТ хэмээн нэрлэв.
“Ойрын хэдэн цагийн хугацаанд Оросын аюулгүй байдлын хүчнийхэн хэр үнэнч байхаас хямралын үйл явц хэрхэн өрнөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн Британийн мэдээлэлд дурджээ.
АНУ-ын цэргийн улс төр судлаач Майкл Кофманы дүгнэснээр одоо Пригожин ганцаараа үлдэх үү, эсхүл өөр чухал хүмүүс түүнтэй нэгдэх үү гэдгээс их зүйл шалтгаална хэмээжээ.
Майкл Кофман (Michael Kofman, 1982 онд Киевт мэндэлсэн) – бол ОХУ-ын Зэвсэгт хүчинд ажиллаж байсан туршлагаараа алдартай Америкийн цэргийн шинжээч. Тэрбээр Орос судлалын хөтөлбөрийн захирал, Америкийн шинэ аюулгүй байдлын төвийн судлаач, 2021 он хүртэл Вудро Вилсоны нэрэмжит Олон Улсын Төвийн Кеннаны хүрээлэнгийн ажилтан байсан нэгэн.
Кофман Twitter хуудсандаа “Энэ бүхэн Пригожиний хувьд эсхүл “Вагнер”-ын хувьд сайнаар төгсөнө гэдэгт би эргэлзэж байна” хэмээн жиргэсэн.
Мөн Орос дахь “Карнеги Евразийн төв”-ийнахлах ажилтан Татьяна Становаягийн үзэж байгаагаар, Пригожинд эрх баригч элитүүд дундаас холбоотон байхгүй хэмээн онцлоод, гэсэн ч тэдгээр элитүүд Путинийг буруутгах болно гэдэгт найдаж байгаа хэмээн бичжээ.
Татьяна Становая (1978 онд мэндэлсэн) – бол ОХУ-ын улс төр судлаач, сэтгүүлч, нийтлэлч. Карнегийн сангийн Орос-Евразийн судалгааны төвийн ахлах ажилтан. Улс төрийн технологийн төвийн аналитик албаны дарга асан нэгэн.
“Пригожин Кремлийн “тэвчээрийн хязгаар”-ыг давж байгаа нь олон хүнд илт байсаар байтал нөхцөл байдлыг ийнхүү туйлд нь хүртэл хурцатгаж, цаг тухайд нь зохистой хариу үйлдэл хийгээгүйд эрх баригч элитүүдийн дийлэнх нь Путинийг биечлэн буруутгах болно. Тиймээс, энэ бүх “туульс” Путиний нэр хүнд, рейтингийг унагаж байна” хэмээн Становаядүгнэжээ.
Гадаад бодлого судлалын хүрээлэнгийн Евразийн хөтөлбөрийн ахлах ажилтан Роб Лигийн дүгнэснээр, Путин Пригожиний гаргасан үйлдлийг олон нийтийн өмнө “урвалт” хэмээн зарласны дараа түүнтэй тохиролцоонд хүрч, буулт хийхэд хэцүү байх болно” хэмээв.
Роб Ли – бол Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн Евразийн хөтөлбөрийн ахлах ажилтан. Тэрбээр өмнө нь Тэнгисийн явган цэргийн офицер байсан ба ОХУ-ын батлан хамгаалах бодлогын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Стратеги-Технологийн Шинжилгээний Төвд урилгаар ажиллаж буй зочин ажилтан.
ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд асан Майкл Макфолын үзэж байгаагаар, Путин Пригожинд найз Шойгугаа түлхэн унагах зөвшөөрөл өгч, үүнийхээ дараа түүнтэй тохиролцоонд хүрнэ гэдэг санаа бол дэндүү хол санагдаж байна гээд, “Хэрэв би Путинийоронд байсан бол Пригожинаас маш их айх байсан. Гэсэн ч, энэ бол хачирхалтай, хувьсан өөрчлөгдөж буй цаг үе аж” хэмээн Twitter хуудсандаа бичжээ.
Майкл Макфол – Америкийн улс төр судлаач, дипломатч, Стэнфордын Их Сургуулийн профессор, 2012-2014 онуудад АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байсан. 2009-2011 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан ба Оростой хийх “дахин тохируулах бодлого”-ын “архитектор” гэсэн нэрээрээ олонд танигдсан нэгэн.
Майкл Макфол цааш нь жиргэхдээ, “Одоогоор Орост өрнөж буй үзэгдэл бол энгийн нэг төрийн эргэлт бус, Пригожин Путинийг түлхэн унагах гээгүй, зөвхөн Оросын Зэвсэгт Хүчний командлагч, генералуудыг түлхэн унагахыг оролдож байна” гэсэн байна.
Австралийн тэтгэвэртээ гарсан генерал Мик Райаны бодлоор, “Иймэрхүү үймээн самуун дэгдэх нь дайны шинж чанартайг илтгэнэ” гэсэн байна.
Мик Райан – бол Австралийн армийн тэтгэвэртээ гарсан хошууч генерал бөгөөд одоо Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвийн зөвлөх ажилтнаар ажиллаж буй олон улсад танигдсан нэгэн.
Мөн тэрбээр, “Орос улс бүрэн ялагдах хүртэл Пригожин мэтийн гэнэтийн зүйл гарсаар л байх болно” гэж онцолжээ.
Германы цэргийн шинжээч Густав Грессель Орост цэрэг-улс төрийн байдал хурцадсан талаар тайлбар хийв.
Түүний хэлснээр, “Ростов бол Донецкийн фронт, Воронеж бол Харьковын фронтын төв. Эдгээр нь бүгд цэрэггүй бүс биш юм. Москва дахь Путиний эрх мэдэл (одоогийн байдлаар) аюул эрсдэлд ороогүй гэж би бодохгүй байгаа ч цэрэг армийнхны уур бухимдал, сэтгэл ханамжгүй байдлын төвшин өндрөөавсан байж таарна” хэмээжээ.
ХОЁР
Одоогоос 3 жилийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр www.theguardian.com сайтын сэтгүүлч Люк Хардинг (Luke Harding)-ийн нийтэлж байсан “Илчлэгдсэн нь: НҮБ-ын Суданы шинжээч Оросын олигарх Пригожинтай холбоотой” гэсэн нийтлэл мэдээг орчуулан хүргэе.
Учир нь, Орост үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлын шалтгаан, сэдэл нь ямар учир шалтгаанаас үүдэв гэдгийг арай илүү тодотгох зорилгоор бид хуучирсан ч шинэ байж болох мэдээг хүргэхийг зорив.
“ИЛЧЛЭГДСЭН НЬ: НҮБ-ЫН СУДАНЫ ШИНЖЭЭЧ ОРОСЫН ОЛИГАРХ ПРИГОЖИНТАЙ ХОЛБООТОЙ”
Баримт бичгээр АНУ-ын хориг арга хэмжээнд багтсан академич болон олигархиуд холбоо сүлбээтэй болохыг харуулж байна
Ил болсон баримт бичгүүдээс үзвэл НҮБ-ын Суданы асуудал хариуцсан шинжээчдийн зөвлөлд ажиллаж байсан академич болон сүүлийн үед Оросыг Африк руу хөл тавих ажиллагааг голчлон удирдан чиглүүлсэн, АНУ-ын хоригт багтсан Оросын олигарх Евгений Пригожин нар нь холбоо сүлбээтэй болохыг харуулж байна.
АНУ-ын мэдээлснээр, Пригожин нь Судан, Ливи, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг улс руу хөлсний цэргүүдээ илгээдэг “Вагнер” бүлэглэлийг удирддаг ба Доналд Трампыг дэмждэг алдартай интернет-троллийн багийн ард байдаг аж.
2019 оны есдүгээр сард АНУ-ын Сангийн Яамнаас Пригожин болон түүнтэй нягт холбоотой байдаг хэд хэдэн хувь хүн болон аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ авч байв. Хоригт оруулсан шалтгаан нь тэд дэлхий даяар “хор хөнөөлтэй нөлөө”-гөө түгээдэг “олон улсын дэмжигчдийн сүлжээ” гэх байгууллагын нэг хэсэг юм байна.
Энэ оны долоодугаар болон есдүгээр саруудад Пригожин нь “M-Invest” болон “Lobaye Invest” гэх Африкийн хоёр ч уул уурхайн компанийг онилсон гэжээ.
Ил болсон баримтуудаас үзвэл, 2017 онд Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн Африк судлалын мэргэжилтэн, профессор Николай Добронравинийг Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Бангид очих аяллын зардлыг нь “M-Invest” компани төлжээ.

2018 оны тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутерриш Добронравинийг НҮБ дэх Суданы асуудал хариуцсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хэсэгт ОХУ-ыг төлөөлөх төлөөлөгчөөр батламжилж байв. Тухайн үед Добронравиний эл томилгоог АНУ эхлээд хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь, томилгоог Москва, Вашингтоны хооронд өрнөж буй “чимээгүй төлөөлөгчдийн дайн”-ы нэг хэсэг хэмээн үзэж байсантай холбоотой.
Николай Добронравин нь 2017 онд Пригожиний компанийн гурван ажилтны хамтаар Банги хот руу аялсан гэх ба үүнд нь “Lobaye Invest” компанийг үүсгэн байгуулагч Дмитрий Сытый багтсан байв.
Сытый нь есдүгээр сард АНУ-ын яллах дүгнэлтийн дагуу Пригожинийн хариуцдаг Санкт-Петербург дэх тролл хийгч интернет судалгааны агентлагт ажиллаж байжээ. Сытый болон түүний хоёр хамтрагчийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. “Lobaye Invest” компани бол Африкийн газрын дор баялаг, нөөцийг нь ашиглах зорилгоор Кремлийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан хэмээн АНУ үзэж байв. Харин Добронравиний эсрэг хориг тогтоогоогүй юм.
Ил болсон баримт бичгүүдтэй Лондон хотод төвтэй “Dossier Center” гэх мөрдөн шалгах алба үзэж танилцсан аж. Цөлөгдсөн Кремлийн шүүмжлэгч Михаил Ходорковскийн санхүүжүүлдэг тус төв нь Вашингтонд төвтэй “The Guardian” болон “New America” хэмээх судалгааны төвүүдэд файл руу нэвтэрч орох эрхийг олгожээ.
Орос улс НҮБ-аас тогтоосон хориг арга хэмжээгээ цуцлахаар лоббидож, олон улс орон, тэр дундаа олон жилийн эртний холбоотон болох Судан зэрэг орнуудыг лоббидож эхэлсэн. Орос улс дайнд нэрвэгдсэн Дарфур мужид тавьсан зэвсгийн хоригийг цуцлахыг шаардаж эхэлсэн ба нөхцөл байдал хэвийн болсон тул одоо хориг тавих шаардлагагүй гэх болсон. Харин үүнтэй нь Их Британи, Франц, Герман улсууд санал нийлэхгүй байгаа юм.
Добронравиний бүрэлдэхүүнд нь багтаж чадсан НҮБ-ын шинжээчдийн баг бол Дарфур муж дахь зэвсгийн хоригийн талаарх мэдээлэл, дүн шинжилгээ гаргах, түүнчлэн зорчих хориг тогтоох, эд хөрөнгө царцаах зэрэг өргөн хүрээнд зөвлөх үүрэгтэй ажилладаг. Үүний нөлөөгөөр, Суданы Засгийн газар хориг арга хэмжээг цуцлахыг хүсэж байгаа юм.
Шинжээч мэргэжилтнүүдийн баг нь хориг арга хэмжээг цуцлах, Дарфур мужийг уран болон бусад газрын баялаг олборлолтыг нээлттэй болгоход нөлөөлөх онцгой байр суурьтай хэмээн шинжээчид дүгнэж байна. Хэрэв ийм зүйл боллоо гэхэд Пригожиний компаниудаас гадна Москвагийн Хартум дахь гол холбоотон Суданы цэрэг арми, мөн Ливийн хилээр алт худалдаалж буй зэвсэгт хүчний бүлэглэлүүдэд ашигтай байх болно.
Николай Добронравин нь Евгений Пригожинтай ямар холбоо сүлбээтэй байсныг НҮБ мэдээгүй бололтой. Шинжээчдийн зөвлөлд нэр дэвшсэн бүх нэр дэвшигчид хяналт шалгалтын үндсэн дээр батламжлагддаг. Пригожиний Судан дахь үйл ажиллагааг хариуцсан дарга Михаил Потепкин нэгэн цахим ярилцлагынхаа үеэр Николай Добронравинийг “НҮБ-д суугаа манай профессор” хэмээн ярьсан удаатай.
Николай Добронравин Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад “багахан хэмжээний зөвлөгөө” өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч, түүнийг урьсан нь “хувийн урилга” байсан гэх ба “M-Invest” компанитай холбоотой асуудлыг зөвхөн сүүлд л олж мэдсэн гэж мэдүүлсэн байдаг. Тэрбээр энэ бүхнийг түүний НҮБ дахь одоогийн үүрэгт ажилд нөлөөлсөн гэдгийг үгүйсгэж, тухайн үед компани хориг арга хэмжээнд ороогүй байсан гэж байсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Би хувьдаа Пригожинд ажиллаагүй. НҮБ-д ажиллахад минь энэ бүхэн саад болж байна гэж бодохгүй байна” гэсэн юм.
2017 оны аяллаас хойш хэдхэн сарын дараа ОХУ-ын Гадаад Хэргийн Яам Николай Добронравинийг НҮБ дэх Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын асуудал хариуцсан шинжээчдийн бүрэлдэхүүнд оруулахыг оролдов. Гэсэн ч, энэ нь бүтэлгүйтсэн. Хожим нь, Оросын өндөр албан тушаалтай нэгэн дипломатч Добронравинийг бэлтгэн дасгалжуулж, Судан дахь НҮБ-д ажилд орох хүсэлт өгөхөд нь тусалсан аж.
Добронравин хэлэхдээ, 2017 онд Бангид түүнтэй хамт аялсан хамтрагчид нь “овог нэрээ ч хэлээгүй, ер нь өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулаагүй” гэсэн байдаг. Ил болсон баримтуудаас харвал, түүнийг Дмитрий Сытый болон Санкт-Петербург дахь Пригожинтай холбоотой бусад хүмүүстэй байнга холбоотой байсан аж.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Евгений Пригожин нь Африкийн хэд хэдэн улс руу зөвлөхүүдийн багийг илгээжээ. 2018 онд Оросын улс төрийн стратегичид Суданыг удирдаж байсан дарангуйлагч Омар аль-Баширын Засгийн газрыг эсэргүүцэгчдийн дүрээр түүнийг дэмжих зорилгоор улс төр, эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр гэгчийг боловсруулсан байна.
2019 оны дөрөвдүгээр сард Суданы цэргийнхэн төрийн эргэлт хийж, Омар аль-Баширыг огцруулсан юм. Газрын тосоор баялаг тус улсыг одоо шилжилтийн үеийн иргэний армийн бүрдүүлсэн Засгийн газар удирдаж байна. Москва Суданд нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж байгаа юм. Арваннэгдүгээр сарын 11-нд Москва Суданы шинэ Засгийн газартай Оросын байлдааны хөлөг онгоцуудыг оруулах тэнгисийн цэргийн бааз байгуулахаар тохиролцож чадсан.
Николай Добронравин НҮБ-д ажиллахдаа Пригожинд ашигтай зүйл хэзээ ч бичиж байгаагүй гэсэн байдаг. Тэрбээр хэлэхдээ, “Аливаа өрөөсгөл ойлголт байвал багийнхан маань нэн даруй олоод харчихна шүү дээ” гээд өөрөө болон түүний багийнхан жилийн тайлангаас гадна нууц баримт бичгүүдийг гаргадаг хэмээсэн байдаг.
Тэрбээр Дарфур мужийн хориг арга хэмжээний дэглэмийг “нөхцөл байдалд тохируулан, орчин үеийн болгохыг” дэмжиж байна гэжээ. “Миний хувьд НҮБ-д ажиллаж байгаагаараа бахархаж байна. Үүнийгээ би бүх боломжит байдлаар хийж гүйцэтгэсэн” гэсэн юм.
В.Путин Пригожинийг Оросын Засгийн газартай холбоотой гэх мэдээллийг үгүйсгэсэн. 2018 онд Хельсинк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үеэр В.Путин Евгений Пригожинийг Америкийн буяны үйлстэн Жорж Соростой жишин зүйрлэсэн юм. Ил болсон баримтуудаас харвал Пригожиний “сүүдрийн далд үйл ажиллагаа” эцэстээ Оросын өндөр албан тушаалын хүмүүстэй нягт уялдаатай байгаа юм.
Суданы судлаач Жан-Батист Галлопин хэлэхдээ, “Орос улс...Судан улсыг ардчилсан улс байхыг хүсэхгүй байна” гээд “Москва Суданд алт олборлох болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд маш идэвхтэй оролцсоор байна. Энэ бол сүр хүчний тухай асуудал” гэж онцоллоо.
Николай Добронравин НҮБ-д ажилд орох өргөдлөө өгөхдөө Москва дахь Гадаад Хэргийн Яамнаас тусламж авсан гэдгээ хэлээд, тэгээгүйсэн бол тэр хэзээ ч ийм албан тушаалд очихгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Мөн, тэрбээр “Би хэзээ ч юу ч нуухгүй” гэсэн юм. Тэрбээр Евгений Пригожинтай “албан ёсоор” биечлэн уулзаж байгаагүй гэж ярьсан ч “албан бус харилцаа” байсан эсэхэд хариулахаас татгалзсан юм. Үүндээ ямар нэгэн тайлбар өгөхийг нь хүсэхэд ямар ч тайлбар, хариулт өгөөгүй аж.
2018 онд АНУ Николай Добронравинийг “Мэдээллийн дайн” явуулж байна хэмээн буруутгасны дараа тэрбээр “Тэд чөтгөр харахыг хүсэж байвал, түүнийгээ л харах болно” хэмээсэн. Тэрбээр троллуудын багт оролцсо, холбоотой гэдгээ үгүйсгэж, бүр “Вагнер” гэх бүлэглэл байхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Одоо харин www.atlanticcouncil.org сайтад зургаадугаар сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Шинжээчдийн хариу үйлдэл: “Вагнер” бүлэглэлийн бослого Путинд юуг өгүүлэх вэ” гэх том багц мэдээний “Вагнер” бүлэглэл байхгүй бол Путин Африк дахь байр суурийнхаа багагүй хэсгийг алдана (https://www.atlanticcouncil.org/blogs/new-atlanticist/experts-react/prigozhin-rebellion/) гэсэн хэсгийг орчуулан хүргэхээр бэлдлээ. Энэ нь дээр орчуулсан мэдээний утга агуулгатай шууд холбоотой гэдгийг энд онцлон дурдах нь зүйтэй болов уу.
“ВАГНЕР” БҮЛЭГЛЭЛ БАЙХГҮЙ БОЛ ПУТИН АФРИК ДАХЬ БАЙР СУУРИЙНХАА БАГАГҮЙ ХЭСГИЙГ АЛДАНА
Пригожин хараахан ялагдаагүй байна. Тэрбээр цус урсгахаас зайлсхийхийн тулд бодлоо өөрчлөхөөр шийдсэн нь зөвхөн зохиолыг төдийгүй Путиний хорин гурван жилийн туршид эрх мэдлийг атгасан ирээдүйг ч хянаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Путин Пригожинийг баривчлахгүйгээр орхих ёстой юу? Цэргийн ажиллагаа явуулж байгаа Африк дахь түүний үйл ажиллагаа, нөлөөллийн талаар юу хэлж болох вэ?
Эл бослого үймээн Африкт, ялангуяа “Вагнер” бүлэглэлийн цэргүүдээ байршуулсан Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ливи, Судан зэрэг орнуудад нөлөөлөх нь дамжиггүй. Өнөөг хүртэл Оросын Засгийн газар болон “Вагнер” бүлэглэлийн ашиг сонирхол хоорондоо яг цав нэгдэж байсан бол одоо тэдгээр улс орнуудын хувьд өрсөлдөгчийн хувиар ашиг сонирхолтой байгаа Оросын хоёр “тоглогчтой” бизнес, хэлэлцээ хийх шаардлага тулгарна. Энэхүү өрсөлдөөн Африкийн холбоотнуудыг тун ч эвгүй байдалд оруулах болно.
Пригожинийн удирдсан бослого нь Орос болон Африкийн тэдгээр нэр бүхий улс орнуудын хоорондын түншлэлийн мөн чанарыг тодруулах явц руу түлхэнэ. Тэдгээр орнуудад “Вагнер” бүлэглэл ямар нөлөөтэй болохыг нь мэддэг Москвагийн хувьд Африк тив дэх нийлүүлэлтээ таслахад нь саад болох магадлалтай.
Цэргийн эргэлтийн нөлөөгөөр бий болсон Засгийн газруудтай тэдгээр улс орны удирдлагууд эрх мэдлээ хадгалах эсхүл улс орноо жихадистуудын хөдөлгөөнөөс хамгаалахын тулд “Вагнер” бүлэглэлийн хөлсний цэргүүдэд найдлага тавьж байгаа юм. “Вагнер” бүлэглэл Мали, Судан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад алт, кофе, элсэн чихэр, алмаз (очир-эрдэнэ) зэрэг бүх зүйлд маш ашигтай наймаа хийж, гэрээ байгуулсан.
“Вагнер” бүлэглэлийг үндэслэгчийн бослого болон Путин нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж буйгаа нотлон харуулах шаардлагатай байгаа гэсэн энэ хоёр зүйл Бамако, Бангиг Москватай харилцах эвслээ хадгалан авч үлдэхийн тулд Пригожинаас зайгаа барихад хүргэж ч болзошгүй юм.
Үнэхээр, Москва “Вагнер” бүлэглэлээс гадна Африкт зэр зэвсгийн төдийгүй улаан буудайн тэргүүлэгч экспортлогч нь болсон байгаа. Оросын Төрийн Өмчит Компаниуд уул уурхай, нүүрсустөрөгч, тэр ч байтугай иргэний цөмийн салбарт ч идэвхтэй ажилласаар байгаа юм. Харин Орос улс илүү найдвартай түнш мэт санагдвал эрх мэдэл нь суларсаар байгаа Путинийг хэрхэх ёстой вэ?
Эцэст нь хэдэхэд, “Вагнер” бүлэглэлийн хамгийн тод томруун нөлөө бол МЭДЭЭЛЛИЙН фронтод оршдог: Оросын Цэргийн Тагнуулын Алба болох ГРУ-тай нягт холбоотой ажиллаж байсан Евгений Пригожин РИА болон “Патриот” медиа группээрээ дамжуулан Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Мали улсуудыг Барууны эсрэг үзэл санааг өдөөх, мөн Путинийг өрөвдүүлэх суртал ухуулгын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ашигласан. Эл хүчирхэг хэрэгсэлгүйгээр Оросын нөлөө Африкийн тэдгээр улс орнуудад хүчтэй хэвээр үлдэнэ гэдэгт би итгэхгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pirogijin bol putiniig het sul ba geed ukrianiig darou ezleh zubshuurul olon udaa hussen hair nairgui ustgana geed baigaa magadgui zubshuurul ugsin vaih