WEDF2023: Монголын экспортыг хүчирхэг болгох арга органик хүнсний бүтээгдэхүүн

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтыг манай улсад энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Дэлхийн 100 гаруй улс орны 400 орчим зочид, төлөөлөгчид дөрвөн хоногийн турш Шангри-Ла-д чуулж байгаа юм. Цар тахлын дараах эдийн засгийн хөгжил, улс орон хоорондын тээвэр, худалдаа, экспортын асуудлыг хөндөж, дэлхийн цаашдын чиг хандлага болох ногоон бизнес, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, залуу бизнес эрхлэгчдийг нэмэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зэрэг агуулгын хүрээнд чуулж буй.
Эгүүр мэдээллийн агентлаг та бүхэнд тухайн чуулга уулзалтаар хөндөгдөж буй сэдвүүдийг мэдээлэн хүргэж байгаа билээ. Тэгвэл дэлхийн экспорт, манай улсад тулгамдаж буй асуудал зэрэгт талуудын байр суурийг мэдээллэн хүргэж байна.
-Памела Кок-Хамилтон: Чингис хаан бол аялал жуулчлалын хүчирхэг брэнд-

Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок-Хамилтон дэлхийн худалдаа, экспортын цаашдын чиг хандлага, ногоон бизнес, стратегийн дахин глобалчлал гэх агуулгуудыг онцоллоо. Мөн манай улсыг аялал жуулчлалын тогтвортой байдлын хүрээнд Чингис хааны түүхийг брэнд болгох боломжтойг зөвлөсөн юм.
-Дэлхийн худалдааны чиг хандлагын хувьд сүүлийн үед маш их сорилттой, хэцүү цаг үетэй тулгарч байгаа. Тэр дундаа тэгш бус байдал нэмэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн худалдааны чиг хандлага таамаглах аргагүй болж байна.
Цар тахал бидэнд маш том сорилт болсон. Үүний дараагаар дижитал худалдаа буюу цахим худалдаа руу чиглэж хөгжиж байна. Үүний хүрээнд манай байгууллагуудаас жижиг, дунд, бичил бизнесүүдийг дижитал худалдаанд нэгдэж ажилахад анхаарч байгаа.
Мөн ногоон худалдааны хувьд олон улсад шинэ бодлогууд бий болсон. Тухайлбал, Европ болон АНУ ногоон чиглэлээр бий болгосон бүтээгдэхүүнийг л импортоор авч, байгаль орчинд хортой арга замаар бүтсэн бүтээгдэхүүнийг авахгүй байх хоригийг тавьсан юм.
Ийм нөхцөл байдал нь дэлхийн худалдааны ирээдүйн чиг хандлагад нөлөөлж байна. Энэ нь өнөөг хүртэл бий болсон худалдааны хуучин арга замыг өөрчилсөн. Манай байгууллагаас стратегийн дахин глобалчлал гэх шинэ ухагдахууныг гаргаж ирсэн.
Стратегийн дахин глобалчлал гэдэг нь бөмбөрцгөө тойрч худалдаа хийдэг байсан явдал нь улс орнууд тээвэр, логистикийн жижигрүүлсэн эко систем рүү шилжсэнийг тодорхойлж байгаа юм. Тодруулбал, алс холын улс руу бус ойр орчмын улсуудтай бага хэмжээний худалдаа хийж, ирээдүйд бий болж болзошгүй хямралыг даван туулахад амар гэх утга бүхий чиг хандлага билээ.
Энэ нь Монгол Улсын хувьд том боломж. Учир нь Монгол Улс Орос болон Хятад гэх хоёр хүчирхэг гүрний дунд оршдогоороо давуу тал болж байгаа юм. Стратегийн дахин глобалчлалын замаар Монгол хөрш улсуудтайгаа тээврийн асуудлаа шийдэж чадвал худалдааны хүчирхэг түншүүд нь давуу тал болж хувирна гэсэн үг.
Монгол ноолуурын экспортоор дэлхийд тэргүүлдэг. Мөн хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний бий болгох боломж өндөр. Учир нь Европын холбоо болон Япон улс органик бүтээгдэхүүнийг импортлон авах сонирхол их байдаг нь Монгол Улсад маш том давуу тал юм.
Органик фермийн аж аухй, тогтвортой аялал жуулчлал нь Монголын дараагийн боломж. Тогтвортой аялал жуулчлалаар жишээ авахад л Чингис хааны арвин баялаг түүх бий. Чингис хааны түүхийг дэлхийд сурталчилж чадвал Монгол Улсын хүчирхэг том брэнд нь болж чадна.
Манай байгууллагын зүгээс үндэсний шинэ стратегийг боловсруулахад Монголтой хамтарч ажиллаж байна. Ямар салбаруудыг хэрхэн дэмжих тал дээр стратегийг нь гаргаж өгөх юм. Мэдээлэл харилцаа холбооны салбар бол бидний онцолж байгаа салбар. Дараа нь цахим худалдааны салбар юм. Мөн Монголоос экспортлож буй бараа бүтээгдэхүүнийг олон улсын эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцүүлэхэд нь тусалж ажиллаж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлж, өндөр үнэ цэнтэй, олон ажлын байрыг бий болгох үйлдвэрлэл рүү чиглэх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгаа төрөлжүүлж, цаашдаа ДНБ-ээ өсгөж чадах нь тодорхой юм.
-Ч.Даваабаяр: Экспортлох боломжтой хүнсний бүтээгдэхүүн олон байгаа ч эхлээд олон улсын стандарт шаардлагыг хангах ёстой-

Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, Доктор, Профессор Ч.Даваабаяр хүнсний экспорттой холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр далайд гарцгүй улс орон дижитал экспортыг хөгжүүлэх ёстойг онцоллоо.
-НҮБ-аас Дэлхийн жижиг, дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх өдрийг зарласан нь форумтай давхцаж байна. Манай улсад Хүнсний хувьсгалын хөдөлгөөнийг бий болгоод хэдийн нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ үеэр форумыг зохион байгуулж буй нь томоохон ач холбогдолтой.
Учир нь бүх шатны хүнсний бизнес эрхлэгчид дотоодоо хангахаас гадна дэлхийд экспортлох томоохон зорилго тавьсан. УИХ-ын тогтоолоор бүс нутагтаа экспортлогч улс болох зорилтыг тавьсан билээ. Үүний хүрээнд арьс шир, ноос ноолуур, хүнсний салбарынхан түлхүү оролцож байна.
Цар тахлын дараагаар хүмүүс эрүүл мэнддээ анхаарах болсон нь органик хүнсний эрэлтийг нэмэгдүүллээ. Мөн эмэгтэйчүүд болон ЖДҮ, бизнес эрхлэгчдийг дижитал орчинд ажиллахад гол анхаарал хандуулж байна. Энэ төрлийг хөгжүүлэхэд технологийг түлхүү ашиглах санааг чуулга уулзалт агуулж байгаа юм.
Далайд гарцгүй улсууд төмөр зам эсвэл хатуу хучилттай замаар экспорт хийж байгаа. Гэсэн хэдий ч дэлхийн нийт экспортын нэг хувийг далайд гарцгүй улс орон эзэлж байна шүү дээ. Үүнд ерөөс технологийг хөгжүүлж, смарт худалдаанд түлхүү ажиллаж, дэлхийн хэрэгцээнд экспорт хийх гарц байгаа юм. Ингэснээр тээвэр, ложистикийн үнэ хөлсийг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой.
Бид далайд гарцгүй ч хүн гарцтай улс. Биднийг тойроод 1.6 тэрбум хүн амьдарч байна. Үүний тулд органик хүнс үйлдвэрлэх ёстой. Органик хүнсээ ч экспортлох гарц бий.
Манай улсад экспортлох боломжтой олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байгаа. Гэвч олон улсын стандарт шаардлагуудыг хангах ёстой. Сургалт авч, дотоодын шаардлагаа хангасны дараа олон улсын стандартыг мөрдвөл экспортлох боломжтой. Төрөөс үүнд уян хатан бодлого явуулж байгаа. Хүсний хувьсгал болон энэ форумын нөлөөгөөр ирэх жил бид хүнс экспортлогч улс болсон байхыг үгүйсгэхгүй.
-Тапан Мишра: Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох боломж бий-

Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра дэлхийн худалдааны салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байдаг тул тэднийг дэмжих нь чухал гэдгийг онцлов.
-Дэлхийн худалдааны салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа. Монголчуудын хувьд худалдааны салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь 20 орчим байдаг. Дэлхийн худалдаа болон эдийн засгийн орчинд эмэгтэйчүүдийн оролцоо их байдгийг НҮБ хүлээн зөвшөөрдөг. Үүний хүрээнд Олон улсын Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллаж, тэднийг дэмжиж, хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх чиглэлээр байнга хамтарч ажиладаг.
Олон улсын худалдааны байгууллага нь НҮБ-аас байгуулсан хамтарсан агентлагуудын нэг юм. Олон улсын худалдааны байгууллага эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Уг хөтөлбөр нь дэлхий даяар хэрэгжиж буй ч дэлхий даяар хамгийн амжилттай хэрэгжиж буй сайн төслүүдийг бусдад нэвтрүүлдэг юм.
Эл хөтөлбөрийн үр дүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн олон улсын худалдаанд оролцох боломж нэмэгдэж, хүртээмжтэй болно. Мөн тэдний арилжаа, худалдааны ур чадварыг нэмэх юм. Монгол Улсын хувьд байгалийн баялаг ихтэй улс хэдий ч нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр нийлүүлэх асар их боломж бий.
Дэлхийн зах зээл бол агуу. Монгол Улс үүнд өөрсдийн хувь нэмрээ оруулж чадвал эдийн засгийн салбараа хөгжүүлэх том ахиц болно. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоо их бөгөөд тэдний чадавхыг нэмэх хэрэгтэй. Чадавхыг нэмэхийн тулд дижитал технологийг ашиглахыг зорьж байна. Дижитал технологи нь орчин үеийн чиг хандлага юм. Зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тиймээс цахим худалдаа ч цаашид хөгжих боломжтой.
Монгол Улсын иргэдийг цаашид худалдаа, арилжаа, бизнест илүү их хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Ц.Ганцэцэг: Манай улс дэлхийн кашмерын 50 хувийг бүрдүүлдэг. Одоо санхүүжилт болон тээвэрлэлтийг шийдэх хэрэгтэй байна-

Итали, Англи, АНУ, БНСУ, Энэтхэг, Япон тэргүүтэй 10 гаруй төрлийн улс руу самнасан ноолуур болон сүлжмэл бүтээгдэхүүн экспортлож буй Ханбогд кашмерын Ерөнхий захирал Ц.Ганцэцэг бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилт хамгийн ихээр тулгамдаж буй асуудал болж буйг онцоллоо.
-Бүтээгдэхүүнээ экспортлох улс орны тоо нэмэгдэж байгаа энэ үед тогтвортой үйлдвэрлэл, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, малын бэлчээр, тавлаг байдал, хүлэмжийн хийг бууруулах гэх мэтээр Тогтвортой хөгжлийн бодлогод уялдуулж, үйл ажиллагаагаа явуулдаг.
1999 оноос хойш бүтээгдэхүүнээ экспортлож эхэлсэн. Үүнээс хойш жил бүр экспортын хэмжээ нэмэгдсээр өнөөдрийн байдлаар жилд дунджаар 60 сая ам.долларын экспорт хийдэг болсон. Жил бүр 10-30 хувиар нэмж ажиллах зорилт тавьдаг.
Бизнес эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход санхүүжилтийн асуудал хамгийн ихээр тулгардаг. Банк нэг жилийн хугацаатай зээл өгснөөр хагас жилийн дараагаас л эргэн төлөлт хийх шаардлага үүсдэг юм. Экспорт хийхийн тулд бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх, худалдан авах агуулгын нөөцтэй байх шаардлагатай. Гэтэл богино хугацааны зээлээс болж агуулгын нөөцийг бэлдэх боломжгүй болдог.
Дэлхийн томоохон брэндүүд дараа төлөх нөхцөлтэйгөөр бараа бүтээгдэхүүн авдаг. Экспортын зээлийн даатгалын үйлчилгээг ирэх жилээс хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг хийж байгаа юм билээ. Хэрэв уг үйлчилгээ бий болвол давхар даатгалаар мөнгөжих, санхүүжилтэд санаа зовохгүй байх нөхцөл үүснэ.
Мөн бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тээвэр ложистикийн асуудал хамгийн их бий. Бидний хувьд онгоцоор болон Оросын газар нутгаар тээврээ хийдэг. Онгоцоор тээвэр хийхэд богино хугацаа нь давуу тал болдог ч өндөр өртөгтэй байдаг нь компанид дарамт болдог юм. Харин газраар Оросын нутгаар тээвэр хийснээр одоо үүсээд буй мөргөлдөөний улмаас давхар даатгал үйлчлэхгүй байгаа нь бүтээгдэхүүнд эрсдэл учруулж байгаа.
Кашмер бүтээгдэхүүний эрэлт дэлхийд өссөөр байх төлөвтэй байна. Дэлхийн зах зээлд Монгол болон Хятад улс л энэ төрлийн бүтээгдэхүүнийг экспортлодог. Тэр дундаа манай улсын хувьд дэлхий дээр байгаа нийт кашмерын 50 хувийг дангаар бүрдүүлдэг юм. Дэлхийн ТОП брэндүүд кашмер хэрэглэж эхэлсэн нь бидэнд цаашид экспортоо нэмэх боломж байгааг харуулж байна.
Манай улс цаашид экспортын бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх хэрэгтэй гэж боддог. Учир нь уул уурхайн бус экспорт зургаан хувьтай байгаа шүү дээ. Тиймээс уул уурхайн бус экспортыг нэмж, эдийн засаг маань солонгорч, илүү хүчирхэг болоосой гэж хүсдэг.
-М.П.Сингх: Энэтхэг Монголын хооронд арьс шир, цагаан идээ болон эмийн бүтээгдэхүүний экспорт хөгжих боломжтой-

БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтран ажиллах боломжтой төслүүд хийгээд хамтарч ажилаж байгаа ажлуудын талаар дурдсан юм.
-Монгол болон Энэтхэгийн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ төрлийн бизнесүүд өргөжиж, хөгжих боломжтой. Одоогоор түүхий эд болонх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд голчлон анхаарч байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихаар Энэтхэгийн засгийн газраас Монголын талд хөнгөлөлттэй зээл олгосон. Тухайн ажил урагштай байна. Гадаадаас Монгол Улсыг зорьж ирэн ажиллаж байгаа хүмүүсийг улс орноор нь эрэмбэлвэл Энэтхэг гуравдугаарт жагсдаг.
Энэтхэг Монголын хооронд арьс шир, цагаан идээ болон эмийн бүтээгдэхүүний экспорт хөгжих боломжтой. Мөн Улаанбаатар-Шинэ Дели хооронд Хүннү Эйр компанийн онгоц нисэж эхэлсэн нь агаарын тээврийг өргөжүүлэх боломж бүрдсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.