СПОРТ

Б.Шоовдор: Спортоо орхих тухай бодол маань ДАШТ-ээс хоёр дахь медалиа авсны дараа өөрчлөгдсөн

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д таван удаа зодоглохдоо гуравт нь медалийн төлөө барилдан, хошой хүрэл медальтан болно гэдэг яах аргагүй бахдам амжилт. Эл амжилтын эзэн бол үндэсний шигшээ баг, “Хасу мегастарс” клубийн тамирчин, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Баатаржавын Шоовдор. 29 настай тэрбээр энэ жил Казахстанд болсон ДАШТ-ээс медаль хүртэн, эх орныхоо нэрийг дэлхийд дуургасан гурван гавьяатны нэг.

Тус тэмцээнээс Ховд аймгийн Булган сумын харьяат, 22 настай Б.Болортуяа хүрэл медаль авсан. Нэг жил ДАШТ-ээс нэг нутгийн бөхчүүд медаль хүртсэн нь содон амжилт. Ингэснээр Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при, “Монголиа опен”-ы аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий таван түрүүтэй Б.Шоовдор ДАШТ-ээс хоёр болон түүнээс олон медаль авсан Монголын чөлөөт бөхийнхнөөс 17, эмэгтэйчүүдээс долоо (С.Батцэцэг, О.Насанбурмаа, О.Бурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) дахь тамирчин болсон юм. Түүнийг “Од” фитнесст бэлтгэл хийж байхад нь ярилцлаа.

МӨРНИЙ БЭРТЭЛ БҮРЭН ЭДГЭЭГҮЙ

-ДАШТ-ээс эх орондоо ирээд нэлээд хэд хонож байна. Хангалттай амарч, сэргэж амжив уу?

-Хэд хоног сайхан амарлаа. Хөдөө, нутаг руугаа явж амжсангүй. ДАШТ-ий хагас шигшээд 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт, Канадын бөх Линда Мориастай барилдаж байхад мөрний бэртэл сэдэрсэн. Амарч, сэргэлт авахын хажуугаар мөрөө эмчлүүлж, илааршуулж байгаа. БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба, “Хатагтай” эмнэлэгт эмчлүүлж байна. Бэлтгэлээ ойрын хэд хоногоос хөнгөн хийж эхэлсэн. Би “Од” фитнесст гурван жил гаруй бэлтгэл хийж байна. Манай Ховд аймгийн Манхан сумын ах ажиллуулдаг юм. Энд бэлтгэлээ Батчулуун багшийн удирдлагад хийдэг байсан юм. Харамсалтай нь багш маань ДАШТ-ий дараа бурхан болчихлоо. Бэлтгэлээ системтэй хийх маш чухал. ДАШТ-ээс хойш ямар нэгэн тэмцээнд оролцоогүй. Ирэх (энэ) долоо хоногоос барилдааны бэлтгэлээ хийж эхэлнэ.

-Мөрнийх нь бэртэл бүрэн эдгэрсэн үү, ямар нэгэн зовиур бий юү?

-Яг бүрэн эдгээгүй, зовиуртай байгаа. Сайн гам бариад, эмчлүүлбэл удахгүй эдгэрчих байх.

-ДАШТ-д гурван жил дараалан медалийн төлөө барилдан, хоёрт нь ялна гэдэг том амжилт. ДАШТ-ий хошой медальтай боллоо гэх бахдал, медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй гэх харууслын аль нь илүү төрж байна вэ?

-Энэ жил амжилтаа ахиулах, дэлхийн аварга болох зорилготой өрсөлдсөн. Тэгэх боломж бүрэн байсаан, уг нь. Түрүүлэхгүй юм гэхэд мөнгөн медаль хүртэх зорилго өвөртлөөд дэлхийн дэвжээнд зодоглосон. Гурван жил дараалан хүрэл медалийн төлөө барилдсан болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай, өөртөө итгэлтэй хүч сорьсон. Жингийнхээ өрсөлдөгчдийг бүгдийг нь мэднэ, барилдааныг нь андахгүй. Хэнтэй ч таарвал яаж барилдах, хэрхэн өрсөлдөх гээд сайн судалж, төлөвлөгөөгөө боловсруулсан. Бэлтгэл сайтай, өөртөө их итгэлтэй байлаа. Даанч санаснаар болсонгүй. Хагас шигшээд Канадын бөхөд ялагдсаныхаа дараа зөндөө уйлсан, их харамссан. Маргааш хүрэл медаль хүртээд их баярласан. Баяр, гуниг ээлжилсэн өдрүүд байлаа. Шагналын тавцанд зогсож байхдаа хүрэл медалиа чамлаагүй. Одоо эргээд бодоход дэлхийн аварга болох боломжоо 100  хувь ашиглаж чадаагүйдээ харамсаж байна.

-Хагас шигшээд 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт, Канадын бөх Линда Мориаст дийлдсэн. Та түүнийг өмнө нь хоёр ч удаа ялаад байсан. Энэ удаа дахин дийлнэ гээд өөртөө хэт их итгэлтэй барилдсан тал бий юү?

-Тэгсэн байж магадгүй. Би түүнийг 2016 онд Италийн гран пригийн шигшээд, 2017 оны ДАШТ-ий дагах тойрогт барилдахдаа ялсан. Энэ удаа дахин ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Барилдаан, мэхийг нь сайн мэднэ. Түүнтэй хэрхэн барилдах, ямар мэх хийх талаараа хэтэрхий их бодож, төлөвлөсөн нь алдаа болсон байж магадгүй. Нэгэнт ялагдсан барилдааны талаар тэгсэн, ингэсэн гээд яах вэ. Түүнд ялагдсандаа их харамссан. Уг нь ялчихсан бол амжилтаа ахиулан, дэлхийн аваргын төлөө барилдах байсан юм. Бүх зүйл тэгээд дуусчихаагүй тул хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд өөрийгөө бэлдсэн. Сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, төвлөрөхийг хичээлээ. Шокноосоо аль болох хурдан гарсаан.

МӨР ХӨДЛӨХГҮЙ, ИХ ЗОВИУРЛАСАН Ч ШҮД ЗУУГААД Л ДЭВЖЭЭНД ГАРСАН

-Медалийн өнгөө хувиргах боломжоо алдан, мөрнийхөө бэртлийг сэдрээн дэвжээнээс буухад хэцүү байсан нь мэдээж. Тийм хүнд мөчид сэтгэл зүйгээ хэрхэн хурцлав?

-Барилдаан дуусан, дэвжээнээс буутлаа ямар нэгэн зовиур мэдрээгүй. Тэгэх сөхөө ч байгаагүй. Байрласан газраа очин, хувцсаа солих гэтэл мөр даагдахаа байчихсан байв. Ер хөдөлдөггүй ээ. Тэгээд өвчин намдаах эм уугаад хонов. Маргааш нь хүрэл медалийн төлөө барилдахын өмнө бие халаалт хийх гэтэл мөр хөдөлдөггүй ээ. Өвчин намдаах эм уун, мөс тавиад ч нэмэр болоогүй. Тийм үед амаргүй байдаг юм билээ. Тэглээ гээд юу гэж бууж өгөх вэ. Шүд зуугаад л дэвжээнд гарсан.

-Та 2017 онд ДАШТ-д бэртэлтэй барилдаад V байрт шалгарсан. Энэ жил бэртлийн улмаас медалийн оосроос дахин атгаад алдах вий гэж эмээсэн үү?

-Эх орноо төлөөлөн дэлхийн дэвжээнд зодоглож байгаа болохоор ийм юмнаас эмээж, бэртлээ улам сэдрээх вий гэж айх эрх надад байхгүй. Хэчнээн зовиурлан, өвдөж байсан ч тэсэх л үүрэгтэй. Бэртлийн улмаас зорилгодоо хүрч чадахгүй байх ямар хэцүүг би сайн мэднэ. Ялахгүй, дийлэхгүйдээ бус өөр бэртлийн улмаас ялагдах үнэхээр харамсалтай. 2017 онд ДАШТ-д оролцохоор Баку хотыг зорихын өмнөх өдөр зүүн өвдөг бэртсэн. Гишгэж чадахгүй шахам ДАШТ-д очсон. Жин жаахан их. Жингээ хасах гээд бэлтгэл хийхээр хөл өвдөнө. Өвчин намдаах эм уун, шүд зуун бэлтгэл хийж байгаад жиндээ орсон. Хөл зовиурлан, өвдсөн гэж тоймгүй. Байнга чинэрч өвдөнө. Чөлөөт бөх гэлтгүй ямар ч тулааны спортын төрөлд хөл их чухал. Хэчнээн хичээвч санасныхаа дагуу хөдөлж чадахгүй байх хэцүү юм билээ. Бэртэл сэдрэн, барилдах боломжгүй болох вий гэж санаа зовох сөхөө байгаагүй. Дэлхийн дэвжээнд медалийн төлөө барилдах боломж дахин олдоо ч уу, үгүй ч үү. Тиймээс олдсон боломжоо алдахгүйг хичээсэн юм. Том тэмцээний өмнө тэгж бэртэн, учраа бөхөө дийлэхгүйдээ бус бэртлийн улмаас ялагдах харамсалтай. 2017 онд ДАШТ-ий эхний тойрог олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайд ганцхан онооны зөрүүтэй (3:2) дийлдсэн шүү дээ. ДАШТ-д оролцохынхоо өмнө түүнд зориулж сар гаруй бэлтгэл хийсэн. Ерөөсөө Р.Кавайтай л барилдана, жингийнхээ гол өрсөлдөгчөө гэж онцлоод байв. Харамсалтай нь барилдаанд хөлний бэртэл их нөлөөлсөн. Хэрвээ бэртээгүй байсан бол түүнийг ялах боломж бүрэн байсан. Бэртлээс болоод барилдаанаа бүрэн гаргаж чадаагүй. Энэ удаа ДАШТ-ий үеэр бэртсэн ч медалийн оосроос атгаад алдах вий гэж эмээгээгүй. Би сүүлийн хоёр жил хувийн сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Унгар, Казахстанд болсон ДАШТ-д зодоглоход У.Чулуунчимэг гэдэг эгч надтай хамтран ажиллаж, зөвлөгөө өглөө. Сэтгэл зүйгээ тайван байлгаж, дэлхийн хошой медальтан болоход түүний ач гавьяа асар их. Дэвжээнд гарсны дараа бэртлээ ор тас мартсан. Барилдааны үеэр гараа өргөж болохгүй байсан ч өвдөж байна, бэртэл сэдрэх вий гэж бодох сөхөө байгаагүй. Тэр бүхнийг даван туулсны эцэст хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины бөхийг цэвэр ялсныхаа дараа үнэхээр их баярласан.

ЯЛСНЫХАА ДАРАА ҮЗЭГЧДИЙН ДУНДААС ААВЫГАА ХАЙСАН

-Зөвхөн өрсөлдөгчөө бус өөрийгөө ялсан тэр мөчид юу бодогдов?

-ДАШТ-ээс хоёр жил дараалан медаль хүртэнэ гэдэг яах аргагүй амаргүй амжилт. Украины бөхийг ялангуутаа үзэгчдийн дундаас аавыгаа хайсан. Энэ жил ДАШТ Казахстанд болсон тул олон монголчууд үзсэн. Цэнгэлдэхэд монголчууд уухайлж буй зүг рүү л хамгийн түрүүнд хардаг юм билээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд баярласандаа уйлж зогссон аавыгаа хараад сэтгэл бүр их хөдөллөө. Дэлхийн дэвжээнд “Баатаржавын Шоовдор” гэж дуудуулан барилдахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

-Аав тань өмнө нь Б.Шоовдортой тэмцээнд хамт явж байсан уу?

-Монголд болж буй тэмцээнд намайг дэмжин, дээлийн минь захыг мушгидаг. Гадаадад оролцсон тэмцээнд аавтайгаа хамт анх удаа явлаа. Энэ жил ДАШТ-д Сумъяа багш надтай хамт явж, дасгалжуулсан. ДАШТ-ий үзэгчдийн дунд аав минь суугаа, би ялагдаж болохгүй гээд өөрийгөө улам хурцалсан. Аав миний араас газраар Казахстанд очсон юм. Шагнал авсныхаа дараа уйлж суугаа аавыгаа, баярлан зогссон Сумъяа багшийгаа хараад өөрөөрөө бахархсан. Ховд аймгийн болон бусад сумын орлогч дарга нар ДАШТ-д очиж, монгол тамирчдаа дэмжсэн. Энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа бид хоёр нэг нутгийнх. Нэг жил ДАШТ-ээс Ховд нутгийн тамирчинтайгаа хамт дэлхийн дэвжээнээс медаль хүртсэндээ олзуурхаж байна. Өнгөрсөн жил ДАШТ-ээс анхны медалиа хүртэхэд аавын найз нь “Хэдийгээр долоон эмэгтэй хүүхэдтэй ч мундаг барилддаг, хүүгийн дайтай охин заяажээ” хэмээсэн гэнэ лээ. Олон эгчтэй байх сайхан. Тэд маань бүхий л зүйлд намайг түшиж, тулдаг, зөвлөдөг. Намайг үргэлж дэмждэг БТСГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ах, Ж.Түмэн-Аюуш захиралтай “Хасу Мегаватт” компани, “Хасу мегастарс” клубийн хамт олон, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Баярсайхан, Ө.Ууганбаяр, Цэдэнсодном, Батзориг багш нартаа, П.Сумъяа багшдаа, Ховд аймгийн ЗДТГ, Эрдэнэбүрэн сумын ЗДТГ, “Од” фитнессийн хамт олондоо, сэтгэл зүйч У.Чулуунчимэг эгчдээ, аав, ээждээ, гэр бүлийнхэндээ, монгол түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ах намайг олон жил дэмжин, бүх талаар тусалж яваа.

ВОЛЕЙБОЛЫН “УУРХАЙЧИН” КЛУБТ ТАВАН ЖИЛ ХҮЧИН ЗҮТГЭСЭН

-Та өмнө нь волейболоор хичээллэдэг байсан юм билээ. Таны аав волейболын спортын мастер цолтой. Б.Шоовдорыг волейболчин болоход их нөлөөлсөн байх.

-Тэгэлгүй яах вэ. Намайг спортод дурлуулсан, хөл тавиулсан хүн бол яахын аргагүй аав минь. Бага байхад манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэнд амьдран, аав сумынхаа сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг байв. Би аавынхаа төдийгүй хүүхдүүдийн сагсан бөмбөг, волейбол тоглохыг харан, өдөржин зааланд өнжинө. Цэцэрлэгт явах дургүй гэж жигтэйхэн. Зааланд л байвал болчихно. Аавын нэг найз надад жижигхэн бөмбөг бэлэглэсэн нь санаанаас ер гардаггүй юм. Түүгээр нь өдөржингөө тоглоно. Манайх Улаанбаатар хотод 2001 онд шилжиж ирсний дараа нэлээд хэдэн жил хичээлдээ шамдсан. Долдугаар ангид сурч байхад “Уурхайчин” клуб нийслэлийн 53 дугаар сургуульд волейболын анги нээв. Тэгээд ааваас зөвшөөрөл аван, шалгуултал тэнцэв. Волейболоор хичээллэхийн тулд 44 дүгээр сургуулиас 53 рүү шилжсэн. Одоо Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Н.Баярсайхан багшаар волейбол заалгаж байлаа. Волейболын спортоор таван жил хичээллэсэн, нэгдүгээр зэрэгтэй. “Уурхайчин” клубт довтлогчийн байрлалд тоглодог байв. Эл спортоор гаргасан олон амжилт бий. Хамгийн сүүлд буюу 2009 онд дээд лигээс хүрэл медаль авсан. Тэгж спортын суурь, амжилтын гараагаа эхлүүлж байлаа.

20 НАСТАЙДАА ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

-Волейболоор чамлахааргүй амжилт гаргасныхаа дараа чөлөөт бөхийг сонгоход юу нөлөөлөв?

-Ганцаарчилсан төрөлд өөрийгөө сорих хүсэл намайг чөлөөт бөх рүү хөтөлсөн. Үүний сацуу олон улсын тэмцээнд амжилт гарган, аавынхаа нэрийг дуурсгахыг хүссэн юм. Гэнэтийн шийдвэрээ гэр бүлийнхэндээ хэлж зүрхлэлгүй нэлээд удаан бодов. Зүрхшээж байгаад аавд хэлтэл зөвшөөрөв. Хан-Уул дүүргийн дасгалжуулагч А.Энхтөр багшийн шавь болж, чөлөөт бөх заалгасан юм. А.Энхтөр багш намайг тэгж дэмжээгүй бол чөлөөт бөхөөр хичээллэхээ больчих ч байсан юм бил үү. Дараа нь Батням багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байхдаа их зүйл сурсан, олон амжилт гаргасан. Одоо бэлтэлээ Сумъяа багшийн удирдлагад амжилтын төлөө зүтгэж явна. 

-Их спортоор амжилт гаргаж буй олонх бөх багаасаа хичээллэж, олон жил хөдөлмөрлөн байж олимп, дэлхийн медальтан болдог. Оройтчихсон байх гэж эргэлзсэн үү?

-20 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд манай үеийнхэн аль хэдийн амжилт гарган, зарим нь бүр олимп, дэлхийн медальтан болчихсон байлаа. Анхандаа ичин, хүмүүст огт хэлээгүй. “Их спортоор амжилт гаргахад оройтсон” гэж хэлэх байх гэж санаа зовсондоо тэр. Дараа нь гэр бүлийнхэн мэдэхэд аав дэмжин, эгч нарын зарим нь зөвшөөрч, цөөнгүй нь “Одоо оройтсон. Сургуулиа төгсөн, мэргэжлээрээ ажилла” гээд эсэргүүцсэн. Тухайн үед би ШУТИС-ийн Уул уурхайн автомашины тоног төхөөрөмжийн инженерийн ангид сурч байв. Би өсвөр үе, залуучуудын насны ангилалд барилдаж үзээгүй. Бэлтгэл хийж эхэлснийхээ дараа жил “Mongolia open”-оос хүрэл медаль авахдаа Монголоос Чанцалнямаа, Цэвэгмид эгчийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхийг ялсандаа их урамшсан. Спортоор амжилт гаргахын тулд сургуулиа дундаас нь орхисон. Бэлтгэл хийж эхлэхдээ Гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Б.Одончимэг эгчийн, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг найзынхаа барилдахыг хараад биширч билээ. Манай чөлөөт бөхийнхөн их сайхан. Үргэлж бие биенээ гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, атгасан гар мэт эв нэгдэлтэй сайхан халуун ам бүл.

ЭЭЖ МИНИЙ БАРИЛДААНЫГ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ

-Зарим эцэг, эх хүүхдийнхээ барилдааныг үзэж чаддаггүй юм билээ. Танай аав, ээж хоёр таныхыг үздэг үү?

-Ээж “айгаад” чаддаггүй, охиныхоо барилдахыг харах шиг хэцүү юм алга гэдэг. Аав харин зав гарвал л тэмцээн дээр ирж намайг дэмждэг. Би 2016 онд нэлээд хэдэн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тэгэхэд аав “Охиноо очиж дэмжсэнээс болж ялагдаад байгаа юм болов уу” гэж билээ. Би гэр амьтай. Долоон хоногт зургаан өдөр бэлтгэл хийдэг. Чөлөөт цагаараа аль болох гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Ээж надад “Бусдад аль болох туслаж, гэгээлэг бодолтой амьдраарай” гэж захьдаг. Энэ жил дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхэд төрсөн мэдрэмжийг дахин олон удаа мэдрэхийг хүсэж байна.

Би чамтай 2015 оны “Mongolia open”-д үзүүрлэснийхээ дараа уулзахдаа “ДАШТ-д оролцохыг хүсэж байна” гэж хэлснээ сайн санаж байна. Тухайн үед би дэлхийн дэвжээнд өрсөлдөж үзээгүй, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй байсан шүү дээ. Шигшээгийн тамирчин биш тул тэмцээнд оролцохдоо бүх зардлаа хувиасаа гаргана. Аав, ээжээрээ цалингийн зээл авхуулаад л тэмцээнд өрсөлддөг байв. Ганзага хоосон ирээд, тэднийхээ нүүрийг харахаас ч халгасан үе олон. 2015 онд миний хүсэл биелж, үндэсний шигшээ багийн тамирчин болж, ДАШТ-д анх удаа өрсөлдсөн ч хоёрдугаар тойрогт эзэн орны бөхөд ялагдсан. Дэвжээн дээр гарч ирэхэд америкчууд тамирчнаа дэмжин, шуугихад шоконд орчихож билээ. Түүнийг өмнө нь хоёр удаа (“Mongolia open”, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд) ялсан байсан ч тэгэхэд дийлдчихсэн. Тэгж дэлхийн дэвжээ олон улсынхаас өөр гэдгийг анх мэдэрч билээ. Үндэсний шигшээ багийн тамирчин болсноос хойш тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлыг улсаас дааж байгаа.

-ДАШТ-ий хошой медальтнаа харьяа яам, Ховд нутгийн зөвлөл хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн үү?

-Одоохондоо хүлээж аваагүй л байна, юуг нь нуух вэ. Шударга нь л дээр байх. Өнгөрсөн жил ДАШТ-ээс анхны медалиа хүртэхэд Ховд аймгийн болон Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар намайг хүлээж авсан.

ДАШТ-ээс МЕДАЛЬ ХҮРТЭЭД АМЬДРАЛ ТЭГШИРНЭ, ЮМ ЮМТАЙ БОЛНО ГЭЖ ЭНДҮҮ БОДСОН

-Улсын наадамд түрүүлсэн битгий хэл начин болсон бөхөө хэрхэн шагнаж урамшуулан, хүндэтгэл үзүүлдэг билээ. Их спортын тамирчдын үнэлэмж хэр байна вэ?

-Үндэсний бөхийн спорттой харьцуулахад тэнгэр, газар шиг өөр. Олимпын төрлийн, их спортын тамирчид бид дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө зүтгэдэг. Аймгийн цолтой бөхөө нутаг орон нь хэрхэн хүлээж авдаг билээ. Гэтэл чөлөөт бөхийн гэлтгүй бусад спортын тамирчид Монголдоо биш дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгадаг шүү дээ. Үүнд зөвхөн би гэлтгүй бусад спортын тамирчид сэтгэл дундуур явдаг нь анзаарагддаг.

-Энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Болортуяагийн эгч нь цахим хуудсандаа “Дүүтэйгээ хамт ингээд л автобусаар явж байна. Дэлхийн дэвжээнээс медаль хүртээд гавьяа шагнал, орон байраар шагнуулдаг гэж олон хүн боддог юм билээ. Бодит байдал ийм л байна” гэж нийтэлсэн байна лээ. Ер нь сүүлийн хоёр жил дараалан ДАШТ-ээс медаль хүртэхэд тань барим тавим ямар зүйл бэлэглэв?

-ДАШТ-ээс медаль хүртээд ирсэн болохоор байр, автомашин гээд олон зүйлээр шагнуулдаг байх гэх бодолтой явдаг хүн олон. Үнэнийг хэлэхэд би ч бас тэгж боддог байлаа, өмнө нь. Өнгөрсөн жил ДАШТ-ээс медаль хүртээд эх орондоо ирэхдээ “За, одоо надад байр бэлэглэх байх. Одоо л амьдрал сайхан тэгшрэх нь. Олон жил уйгагүй хөдөлмөрлөсний үр шимээ хүртэх нь” гэж бодсон. Гэтэл эндүүрсэн юм билээ. Бодит амьдрал дээр тийм зүйл байдаггүй юм билээ. Бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага зэрэг топ спортын тамирчдаа улсаа илүү анхаарч, дөмөгхөн дэмжээсэй.

-Монголын топ спортуудын нэг нь чөлөөт бөх. Тэр ч утгаараа монголчуудын хайртай, амжилтыг нь үнэлдэг спортуудын нэг нь л дээ. Гэтэл олимп, ДАШТ-ий анхны медальтнаа өлгийдсөн, олон алдарт тамирчин төрсөн чөлөөт бөхийн спортынхныхоо амжилтыг ингэж дутуу үнэлж байгаа нь харамсалтай. Шагнал урамшуулалдаа гол нь бус тамирчдад их урам өгнө, амьдралынх нь баталгаа шүү дээ.

-Тийм шүү дээ, яг үнэн. Ямар ч тамирчин амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын зэрэгцээ сайхан амьдрах, ар гэрээ тэжээхийн төлөө спортоор хичээллэдэг. Дэлхий дээр хэдэн хүн чөлөөт бөхөөр хичээллэж байгаа билээ. Тэднээс хэд нь олимп, дэлхийн медальтан болдог билээ. Залуу бөхчүүд биднийг анзаардаг л байх. “За, Шоовдор эгч ДАШТ-ээс медаль хүртээд ирлээ. Улсаас, нутгийнх нь зөвлөлөөс ямар нэгэн зүйлээр амжилтыг нь мялаасангүй” гээд ажигладаг л байх. Спорт залуу насны ажил. Насаараа спортоор хичээллэн, амжилт гаргах боломжгүй. Тэр цагт юу хийх вэ гэдэг асуудал тамирчин бүхний өмнө тулгардаг. Олонх тамирчин спортоор тууштай хичээллэн, боловсролоо хойш нь тавьдаг. Бэртэл гэмтэл хэлж бус хийсэж ирдэг. Өнөөдөр бэртлээ гэхэд маргааш барилдахаас өөр юу хийж чадах билээ. Зодог тайлсныхаа дараа юу хийх вэ гэдэгт бас санаа тавьж баймаар юм билээ. Амьдралаа бодохоор спортоосоо хөндийрчих гээд, спортдоо бүх анхаарлаа хандуулахаар хувийн амьдрал хойш тавигдчихаад байх юм. Олонх тамирчин хувийн амьдрал, залуу нас, боловсролоо золиослон байж зүтгэсний хүчинд амжилт гаргадаг.

ОЛИМПОД ОРОЛЦОХЫН ТУЛД ЖИН ӨГСӨН 62 КГ-Д БАРИЛДАНА

-Сурах, боловсролдоо анхаарах бодол бий юү?

-Хоёр жилийн өмнө байсан. Одоохондоо тийм бодол алга. Ямар ч байсан олимпын дэвжээнд зодоглон, дутуугаа гүйцээхийг хүсэж байна.

-Та одоо олимпын бус жин болох 59 кг-д барилдаж байгаа. Токиогийн олимпод зодоглохын тулд аль жинд өрсөлдөх вэ?

-Би төдийгөөс өдий хүртэлх хугацаанд 58-60 кг-д барилдсаар ирсэн. Тиймээс олимпын жин болох 62 кг-д бодолтой.

ЭНЭ ЖИЛ ДАШТ-д АМЖИЛТ ГАРГАХГҮЙ БОЛ СПОРТОО ОРХИХООР ШИЙДЧИХСЭН БАЙСАН

-Аливаа зүйл цаг хугацаатай. Хэдэн нас хүртлээ барилдах бодол, багцаатай байгаа вэ?

-Сонирхолтой асуулт байна. Үнэнийг хэлэхэд би энэ жил ДАШТ-д оролцчихоод хэрвээ амжилт гаргаж чадахгүй бол зодог тайлъя гэж бодож байсан юм. Дэлхийн дэвжээнээс хоёр дахь медалиа хүртээд их урамшлаа, улам хичээх урам авлаа. ДАШТ-ий дараа аав надад “33 настай тамирчин ДАШТ-ээс медаль авч байна. Миний охинд дахиад зүтгэх 3-4 жил байна” гэсэн. Одоо бодлоо өөрчилсөөн. Спорт хэзээ намайг голох нь вэ. Тэр хүртэл амжилтын төлөө зүтгэнэ.

-Спортоо орхие гэж бодоход юу нөлөөлөв?

-Би энэ жил ДАШТ-д тав дахь удаагаа өрсөлдлөө. Энэ жил би ДАШТ-ий хошой медальтан болж чадахгүй бол яах вэж гэж бодсон. Дараа жил олимпод зодогдоод ганзага хоосон ирвэл яах вэ. Хэдий болтол ингэж горьдлого тээн зүтгэх вэ. Амжилт гаргахын төлөө чөлөөт бөхийн спорт, бэлтгэлд би бүхнээ зориулдаг. Ингэж зүтгээд байхад яагаад гэсэн бодол эргэлддэг байв. Ийм байдлаар дахиад олон жил явбал яах вэ гэж бодсон. Тэгээд л спортоо орхихоор шийдээд байсан юм. Нөгөө талаар надад эрүүл эрхтэн хуруу дарам. Хөл, мөр, өвлөг, хуруу, тохой гээд л бүгд бэртэлтэй. Эрүүл эрхтэн нээрэн байгаа юм уу (инээв). Барилдахад ямар нэгэн зовиургүй ч байсхийгээд л янгинаж өвдөнө.

-Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг бас тан шиг бодолтой байсан юм билээ. Тэрбээр ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэндээ урамшаад амжилтын төлөө дахин зүтгэхээр шийдсэн гэнэ лээ.

-Ашгүй  дээ. Яг минийх шиг зүйл түүнд тохиолдож.

-Та зодог тайлсныхаа юу хийхээ төлөвлөсөн байсан уу?

-Төлөвлөсөн байсаан. Тэр тухайгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд зөвшөөрсөн. Одоо нэгэнт тэгэхээ больчихсон юм чинь тэр талаар яриад яах вэ.

-Удахгүй Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Японд болно. Та өрсөлдөх үү?

-Өрсөлдөнө өө. Японы Наритад болох 18 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд Монголын шигшээ багийнхан В хэсэгт ОХУ, АНУ-ын бөхчүүдтэй учраа таарсан. Тус тэмцээнд амжилт гаргахад тамирчин бүхний оролцоо чухал. Тиймээс би ч бас хичээх хэрэгтэй. Бэлтгэлээ үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа хамт базаана. Бид ойролцоогоор арваннэгдүгээр сарын 13-нд Японыг зорих болов уу.

Б.Шоовдорын гаргаад буй амжилт:

2011 он:

  1. “Моngolia open” олон улсын тэмцээнээс хүрэл медаль

2013 он:

  1.  “Моngolia open” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль
  2. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль
  3. Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль
  4. Оюутны универсиадаас мөнгөн медаль

2014 он:

  1. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
  2. Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн
  3. “Mongolia open” олон улсын тэмцээнд түрүүлсэн

2015 он:

  1. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль
  2. “Mongolia open” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль
  3. И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнээс алтан медаль
  4. Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн
  5. Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль

2016 он:

  1. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль
  2. “Mongolia open” олон улсын тэмцээнээс хүрэл медаль
  3. И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнээс хүрэл медаль
  4. Польшийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
  5. Италийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль
  6. Оюутны улсын аварга болсон
  7. Оросын олон улсын тэмцээнд түрүүлсэн

2017 он:

  1. Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн
  2. “Mongolia open” олон улсын тэмцээнээс хүрэл медаль
  3. Насанд хүрэгчдийн ДАШТ-д V байрт шалгарсан
  4. Польшийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль

2018 он:

  1. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс хүрэл медаль
  2. Дэлхийн цомоос хүрэл медаль
  3. Беларусийн олон улсын тэмцээнд түрүүлсэн
  4. Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль

2019 он:

  1. Буриадын Ерөнхийлөгчийн цомоос хүрэл медаль
  2. “Mongolia open” олон улсын тэмцээнд түрүүлсэн
  3. Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн
  4. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэн.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-29 13:23

Спортоо орхиж хүний нөхөр эргүүлж хүүхдүүд өнчрүүлэх ажлаа үргэлжлүүлэх байсан юмуу.Ховдын бөх Цогбаярын амьдр�##�аар тоглож байгаа авгай даа.Ийм эрэгтэй хүнийг сайхан з�##�уучууд яаж тоох билээ дээ

Зочин
Зочин
2019-10-29 17:17
Reply to  Зочин

Xaxaxa ergvvlchiheer ch saihan zaluu bish l yum bnlee shdee ter tsogbayr n yg l dorjpalam Solongodoo taarsan yum bh chinlee xixixi

Зочин
Зочин
2019-10-29 17:07
Reply to  Зочин

Тархи нь хөгжөөгүй буруу юм нь түрүүлээд хөгжчихсөн хүн л бусдыг өөр шигээ хэмээн бодож доромжилж кайф авдаг байхдаа өрөвдөлтэй амьдр�##�.????

Зочин
Зочин
2019-10-29 16:11
Reply to  Зочин

Доржп�##�ам Солонго гэх хүүхэн Ховд аймаг чандмань сумын хүүхэн үгээ сайн бодож бичвэл

Зочин
Зочин
2019-10-29 17:04

спорт мэдэхгүй юм байж амаа хамхиж сурмаар юм.Тийм чад�##�тай юм бол спортоор чи амжилт гаргачих харий.

Зочин
Зочин
2019-10-29 17:14

Бид цөөхүүлээ цөөхүүлээ гэж бүгд хэлж ярьдаг хэрнээ яг л тамын тогооны үлгэр шиг байх юм.Сайн байгаа нэгнээ дэмж, чадахгүй бол дуугүй байж сурах хэрэгтэй шдээ!!!

энхжин
энхжин
2019-10-29 18:23

Tsogbayr tvvnii ger bvliig hench tanihgvi Ene hvniig Delhii tanina m#lnuudaa

Зочин
Зочин
2019-10-29 18:41

Амжилт хүсэе Монголын минь бахарх�##� шүү

Зочин
Зочин
2019-10-29 19:05

super bn dvv amjilt hvsey

Зочин
Зочин
2019-10-29 19:16

Доржп�##�ам Солонго яасан айхтар хүүхэн бэ

тайвширцгааа та нар
тайвширцгааа та нар
2019-10-30 09:14

Цогтбаяр яв�##�дсан нь үнэн. Эхнэр хүүхдээ хаясан нь үнэн. Гэхдээ ийм мундаг хөөрхөн з�##�уу яах гэж тэр муухай сармагчин шиг Цогтбаяртай яв�##�даж нэрээ бузарлаваа... Хайран юм. Хэн хэндээ буруу байна даа уйлаад яахав дээ.

Зочин
Зочин
2019-10-31 12:27

Яг эр хүн шиг .эмэгтэй бөхчүүд....Цогбаярыг зодоод шүүхэд дуудагдсан гэсэн.эмэгтэй гэж хэлэхэд бас л хэцүү юмаа.
Цогбаяр нь ч гэсэн таарсан амьтан.Эр хүн чинь эхнэрээ дээрдүүлж хүүхэн эргүүлдэг болохоос бүүр дордуулдаг.хэхэхэ.бас л арчаагүй эр хүн.Эхнэр нь гэсэн эр нөхөрөө тогтоож чадахгүй .Ингээд бодохоор 3уулаа л нэн дугуйных юм бна л даа.Энэ Шоовдор харахад харьцахад үнэхээр эвгүй хүүхэн бна лээ.

шоовдор
шоовдор
2019-11-02 10:50

Цогбаярыгаа эхнэр хүүхэдрүүгээ явлаа гэж зодож цагдаад дуудаждаж бсан гэсэн. Цогбачр нь таарсан амьтан энэ хүүхний �######�онд нь лав болоогүй байх. Эдх хөрөнгө гэх юмгүй эр эм нь мэдэгдэхгүй хүүхний юунд болоод байдаг юм бол. Цогбаярын эхнэр бас их сонин юм. эргүү цогбаярын энэ хачин хүүхэнтэй нь яв�##�даж л байна биз. Гэрийнхээ ха�##�гаар оруулаад байгаа нь өрөвдөлтэй юм. Манай хэдэн бөхчүүд �######� нь толгойндоо, толгой нь �######�өндөө орчихсон юмнууд байдаг. Хүнтэй мэнд ус мэдэхгүй зан харьцааны доголдолтой ийм матар шиг хүүхний юунд дурлаад байдаг байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button