Top StoriesЯрилцлага

“Morningstar” хамтлаг боллоо: “ЁсГҮЙ байх ёстой”

“Morningstar” буюу Б.Аззаяа хэд хэдэн дуу олон нийтэд цацаж, 2-3 жилийн хугацаанд бүхний анхаарлын төвд орж байна. “Chihiro”-г нь хаана л бол хаана аялцгаана. Харин одоо тэр “MXrningstar” хэмээх хамтлагтай болжээ. Амьд хөгжмийн хамтлагийн гишүүн байх Б.Аззаяагийн хүсэл байсан гэлээ. Энэ тухайгаа ч өмнө нь нэгэн контентод оролцох үеэрээ ярьж байж.

“Mxrningstar” тавуулаа. Шинэ сингл нь энэ өдрүүдэд цацагдах болно. Мөн “Playtime” наадмын хоёр дахь өдөр тэд дуулна. Дараа нь намар, эхний цомгоо худалдаанд гаргахаар бэлтгэжээ.

Хамтлагийн ахлагч, бөмбөрчин нь Эрка буюу Н.Эрдэнэбаяр. Тэр анх хамтлагийнхнаа уулзуулсан юм байна. Харин басс гитарчин Эба (Г.Эрдэнэбаяр), соло гитарчин Обо (З.Оюунболд), даралтат хөгжимчин Эрдүк (Н.Эрдэнэсайхан) нар хамтлагийг бүрэн цогц болгож байна.

-Та нар хэзээ танилцацгаав аа?

Азаа: 2020 оны хавар. Хамтлагийн ахлагч Эрка биднийг цуглуулсан гэх үү дээ. Би “Morningstar” нэрээр хэдэн дуу цацчихсан байлаа. Нэг контентод орох үеэрээ хамтлаг байгуулахыг хүсдэг гэдгээ ярьсан байсан. Түүнийг маань сонсоод, анх уулзаж байсан.

-Бараг гурван жилийн өмнө юм байна. Өнөөдөр хамтлаг болсноо зарласан нь ямар учиртай вэ?

Азаа. Өнгөрсөн хугацаанд бид тус тусдаа, хувийн амьдралаараа амьдарч байлаа. Би ч ганцаараа дуугаа хийгээд явж байсан. Уулзсанаас хойш нийлж бэлтгэж, тавуулаа энд тэнд тоглох болсон л доо. Харин одоо албан ёсоор хамтлаг болохоор шийдэж, “MONADD” лэйбэл компанитай хамтарч, бүх зүйлээ эхэлж байна.

-Хамтлаг болоход сэтгэл нэгдэх шаардлагатай болно. “Болох юм байна” гэж санагдсан гол шалтгаан юу вэ?

Азаа: Нэг мэдэхэд л гурван жил найзалсан байна. Бэлтгэлийн байр олдоход нь бэлдэж, наргиж цэнгээд л, тоглоод л явж байтал гурван жил болж. Энэ хугацаанд нэг ч хүн солигдоогүй. Муудалцсан, больё гэсэн ч үе байгаа. Тэгсэн ч одоо хэр салаагүйг бодоход нэгэндээ хайртай, дассаных болов уу. Хамт байхад тухтай хүмүүс болжээ (Инээв).

-Яагаад анх шууд хамтлаг байгуулъя гээгүй юм бэ?

Азаа: Би анх 2019 онд, анхны дуугаа хийхээс өмнө “Playtime”-д очиж үзсэн. Миний зүрх сэтгэл рүү орсон. Амьд мэдрэмж төрүүлсэн. Амьд хөгжмийн хамтлаг байгуулах нь миний хийх ёстой зүйл юм шиг санагдсан. Тийм зорилго тавьсан. 2020 онд гэтэл цар тахал гараад, оролдлого хийж чадахгүй болчхоод байсан юм л даа.

-Муудалцаж, сайдалцаж байсан ч нэгдэж үлдсэн шалтгаанаа юу гэх вэ?

Эба: Дуртай юмаа хийж болохоор л. Бүгдийнх нь хэтийн зорилго нэг. Хөгжимд хайртай. Тэр дундаа амьд хөгжимд хайртай. Монголын нэрийг дэлхийд гаргасан гоё хамтлаг болох, чанартай бүтээл хийх гэдэг хүсэл л нэгтгэсэн.

-Урсгал чиглэлийг рок дотроо юу гэж тодорхойлох вэ?

Азаа: Пост-рок, альтернатив рок.

Обо: Эксперименталь рок.

-Тийм үү?

Азаа: Ер нь нэг их урсгал чиглэлд баригдахгүй. Биднээс юу гарч байна, түүнийгээ гаргана л гэсэн үг. “Энэ бидний урсгал биш байна” гэж өөрсдөөс төрсөн бүтээлээ орхихгүй, хаяхгүй.

-Залуу артистуудын ихэнх нь рок биш байна л даа. Тэгэхээр их сонирхолтой юм. Яг рокийг зарим хүн хоцрогдсон талаас харж магадгүй ээ. Яагаад рок юм бэ?

Азаа: Арай илүү нэг тийм... Өөрийнхөөрөө байх боломжтой. Хөгжмийг сонсоод, өөрийнхөөрөө байх мэдрэмжийг өгдөг. Галзуу ч гэх үү. Нэгэн хэвийн, баригдмал биш. “Нүдсэн”.

Эба: Хэлбэлзэл ихтэй.

-Нөлөөлсөн, үлгэр жишээ болсон хамтлагууд юу вэ?

Азаа: Маш олон юм байна. Тэр бүгдийг сонсож, одоогийн бид бүтсэн. “Ямар гоё дуу вэ, ийм дуу хийх сэн, ийм хүн болох сон” гэж хүсээд өнөөдөрт хүрсэн.

-Хамгийн сүлд дуу гэмээр дуу юу вэ. Хамгийн төгсөд дөхсөн санагддаг?

Азаа: Та нарт юу вэ. Миний хувьд магадгүй “Guns N’ Roses”-ийн “November rain” байж болох юм. “Ямар урт дуу вэ. Ямар олон зүйлийг нэг зэрэг сонсгож байна аа. Иймэрхүү дуу хийх сэн” гэж бодож байлаа.

-70, 80-аад оны хамтлагууд таалагддаг уу?

Азаа: Тэгэлгүй яах вэ. Галзуу авна шүү дээ. Хамтлагийн дуучин буюу frontman чухал үүрэгтэй. Ямар нэг байдлаар гоё харагдах гэдэгтээ биш, тайзан дээр өөрийнхөө юу хийж байгааг мэддэг болохоор л тэд олныг байлдан дагуулдаг шиг. Түүнээс нь суралцмаар санагддаг. Би тайзан дээр гараад, юу хийж, юу дуулж буйгаа мэдэж байгаа. Үүнийг дагаад надаас ямар характер гарах, яаж хөдлөх бүхэн нь ундардаг гэх үү. Ямар нэг жүжиглэлт шаардлагагүй. Тайзнаас буух үедээ л юу болж байгааг ойлгох үе бий. Яг дуулж байх хугацаандаа бүхнийг мартчихдаг.

Обо: Надад “Tokyo Hotel” гэдэг хамтлаг орж ирж байна. Дуундаа олон янз юм хийдэггүй. Нэг хэвийн мөртлөө хүчтэй дуу сонирхдог болохоор тэр.

-Одоо дууг цоо шинээр бүтээх ажил хийх нь. Дууны анхны сэдэл хэнээс нь, хэрхэн төрж байна?

Азаа: Ерөнхийдөө бид бэлтгэлийн байран дээрээ ирээд, ямар ч хамаагүй, санамсаргүй байдлаар Jam хийж үздэг. Хэмнэл өгөөд. Манай хоёр гитарчин түүн дээр нэмээд л. Эрдүка ч тоглох юмаа тоглоод л. Болохгүй бол болохгүй байна гээд болино. Харин таалагдвал бичиж авна, санаа авна. Түүнийгээ хөгжүүлнэ. Түүн дээрээ шүлэг бичнэ.

Би одоогоор дууныхаа үгийг голчлон бичиж байгаа.

Би их ажигч хүн. Амьдралыг их аждаг. Өөрөөсөө гарч, эргэн тойрноо хардаг. Жижиг сажиг зүйлсийг их ажигладаг. Тэр дундаас нэг юм гоцгойрон гарч ирнэ. Түүнийгээ бичдэг. Гоё сайхныг нь. Муухайг нь, гунигтайг нь. Хүнтэй ярилцаж чаддаггүй зүйлээ шүлэг болгож бичих нь кайфтай. Надтай адил мэдрэмжтэй хүмүүсээ өөрийн мэдрэмжээ хуваалцаж байна гэсэн үг.

-Анхны дуу бүтсэний дараа та нар ямар мэдрэмж авсан бэ?

Азаа: Долоодугаар сард цацагдах бидний анхны сингл бол яг хага *аасан.

-Тэр дуу хэрхэн бүтэв?

Эрдүк: Азаа анх санаагаа сонсгож үзүүлсэн л дээ. Тэгээд бид хамтдаа хөгжүүлсэн.

Азаа: Би Youtube-д ая хайж олоод, түүн дээрээ шүлэг бичдэг байсан. Тэр үед зүгээр л дөрвөн мөрт шүлэг тэгж бичээд ор тас хаячихсан байсан. Хамтлагийнхандаа хожим аяыг нь сонсуулсан хэрэг.

Эба: Сонсоод, өөрсдийнхөөрөө боловсруулж, буцаагаад гаргасан гэх үү.

Азаа: Тийм. Их үзэсгэлэнтэй бүсгүйд зориулж бичсэн. Обо соло тоглоно. Сэдэл нь анх үүдсэнээс хоёр жил хагасын хугацаа өнгөрч. Энэ хугацаанд тэр дуу өөрчлөгдөөд л байсан. Одоо хамгийн байж болох хувилбартаа ирсэн.

-Одоо “Playtime”-ийн тайзан дээр гарна гэхээр ямар байна?

Азаа: “Playtime” наадам өөрөө миний хувьд гайхалтай зүйл. Тэнд хүмүүс үнэхээр өөрийнхөөрөө байдаг. Тэр дуртай фестиваль дээрээ өөрсдийн хамтлагаар тоглоно гэхээр, бүр л гайхалтай санагдаж байна.

-2019 онд анх “Playtime” явжээ. Энэ хугацаанд өөрөө тайзан дээр гарах хүртэл үсэрсэн байна. 2019 онд жишээ нь хаана, юу хийж байв?

Азаа: 12-р ангидаа орж байсан. 11-р ангиа төгсөөд, зун нь “Playtime” явсан гэсэн үг. Тэр үед би хальт зураг зурдаг, архитектор болно гэдэг хүүхэд байсан. Нэг л болж өгөхгүй. Эморч байсан. Харин дотор буй зүйлээ яагаад шүлэг, дуу болгож болохгүй гэж гээд “Pluto Planet”-аа бичсэн. Найзууд аймаар гоё байна гэсэн. Найзынхаа төрсөн өдөр дээр дуулахад хүмүүс бас их сайхан хүлээж авсан. Тэгээд л, “Энэ миний хийх ёстой зүйл юм байна” гэж шийдсэн. Би анх тийм ч их дуулдаг бол байгаагүй. Өөртөө итгэлтэй биш. Дуулж чаддаг гэх бус, солгой бол биш л гэж боддог байлаа.

-Анхны имиж өөр байж. Хэзээнээс ээмэг зүүж, шивээс хийлгэж, үсээ ургуулъя гэж шийдэв?

Азаа: Чих хоёрдугаар ангиас л цоорхой байсан. Одоо гэхдээ цөөхөн шивээстэй. Харин үсээ яагаад ургуулахаар шийдсэн бэ гэхээр, үс ургах хэрээр амьдралын асуудал нэмэгдээд байх шиг санагддаг байсан. Тэгээд тэсэхгүй үсээ хусаад байдаг байсан. Аймаар том уналтын дараа өөртөө өөрчлөлт хиймээр санагдсан. Тэвчээрээ шалгамаар. Тэгээд үсээ ургуулъя гэж зорьсон. Энэ миний хувьд том сорилт, тэвчээр л дээ. Хоёр жилийн дараа авах байх аа. Том уналтын дараа өөртөө өөрчлөлт хийе гэж л шийдсэнийх.

-Тайзан дээр гараад бүхнийг мартдаг гэж ярилаа. Тэгж “савж” байхыг нь харсан. Тэгж өөрийгөө чөлөөлөхөд юу нөлөөлдөг вэ. Тайзан дээрх мэдрэмжээ илүү ярьж өгөөч?

Азаа: Энгийн амьдралдаа би энгийн л байдаг. Тайз, газар хоёр өөр. Тайзан дээр гарна гэдэг олны өмнө гарна гэсэн үг. Дотор буй илэрхийлэх гээд байгаа мэдрэмжээ хүмүүст хүргэмээр. Үүний тулд сэтгэл хөдлөл чухал. Тайзан дээр гарахаар миний дотор бугларсан жаргалтай, зовлонтой бүхэн асгардаг.

-Сандарч байсан уу?

Азаа: Одоо ч хааяа сандардаг.

-Амьд хөгжмийн хамтлаг гэхээр гэр бүлийн асуудал тулгамдана. Мэргэжилтэй бол, ажил төрөл хий гээд л. Үүнийг яаж даван туулж байна?

Азаа: Нэг талаар энэ аав, ээжийнхээ итгэлийг алдаж буй хэрэг. Золиос гаргаж байна. Мундаг, боловсролтой хүн болгохыг хүсэв ч өөрөө хөгжимд дуртай байгаад байдаг. Хөгжмөөр хоол олж идэж чадахгүй л гэдэг, нийтлэгээр. Боловсролтой бол, ажил хий гэдгийг нь бүгд мэдэж байгаа. Тэр дунд үнэхээр хийх юмаа мэдэж байгаа бол зүгээр л зориглох хэрэгтэй байх. Эрка ч гэсэн больё, Солонгос явж сурлаа гэсэн. Ээж нь тэгж зөвлөсөн гэсэн. “Чи хөгжимд дуртай биз дээ. Солонгост яваад дургүй юмаа хийж амьдармаар байгаа юм уу” гэж би хэлсэн. Тэгээд “ширлээд”, ээждээ шууд хэлсэн гэсэн. Ар гэрийн асуудлыг бид тиймэрхүү маягаар шийдэж байгаа.

-Хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн үү?

Азаа: Эхэлж байгаа. Одоо л бид эхэлж байгаа болохоор.

-Хүлээн зөвшөөрөгдөхийг хичээсэн тийм кэйсээ хуваалцаач. Б.Сарантуяа аавдаа дөрөв алгадуулж байж дуучин болсон гэсэн.

Эба: Мөнгө ол, ажил хий. Өдөр гараад л шөнө ирэх юм. Ямар ч өөрчлөлт харагдахгүй байна гээд л хэлдэг л дээ. Тусдаа гараад өөрийгөө авч явж чадахгүй нь гэж хэлдэг. Бусад шиг амьдар гэдэг байсан л даа. Одоо гайгүй болсон.

Эрдүк: Амьдрал үз, ажил хий гэдэг. Үнэхээр миний хийх ёстой зүйл хөгжим байсан.

-Хэрвээ хөгжмийг сонгоогүй бол ямар хүмүүс байх байсан бол оо?

Азаа: Манай Обо хамгийн боловсролтой нь. Замын инженер хүн шүү дээ. Хүн юу хийх ёстойгоо сайн мэдэж байх хэрэгтэй байх. Харин юу хийх ёстойгоо яаж олж мэдэх нь сонин. Чиний өвөг дээдсээс ирсэн ген цусанд бий. Энэ бол бэлэг. Түүнийгээ л таньж мэдэх нь чухал шиг. Хийгээд үз. Хийж үзээд, болж байвал үргэлжлүүлээд л бай. Болохгүй байвал харин өөр юм оролд гэмээр санагдаж байна.

Эрка:  Болохгүй байвал дахиад зүтгүүлээд үз (Инээв).

Азаа: Айхтар амьдрал мэддэг юм шиг ингэж яримааргүй байна, миний хувьд. Гэхдээ би аливаа юмыг “ёсгүй” байх ёстой л гэж боддог. Тийм байх ёстой, ийм байх ёстой гэдэг юмыг үзэн яддаг.

Обо: Дуртай юмаа олохын тулд бас олон зүйл хийж үзэх хэрэгтэй байх. Би багадаа бүжиглэдэг, дунд ангидаа зурдаг байсан. Ахлах ангид ороод гитар сурсан. Гитарыг яг өөрөө л сурсан. Youtube дээр гитарын хичээл ч бага байсан. Ковэр бичлэг үзээд л, секунд секундээр нь зогсоож, дагаж дарж байгаад гитар сурсан.

-Ур чадварын хувьд хэр явж байна?

Азаа: Сурах юм мэдээж их. Хөгжих гэж хичээгээд л явж байна. Одоо залуу байна. Нэгдүгээрт хүссэн юмаа хийж чадаж байна. Хэмжээндээ чадахаараа хийж байгаа л гэж бодож байгаа.

-Ямар нэг байдлаар алдаа гаргавал, сошиалд сенсацын гол баатар болох үе таарвал яах вэ. Үүн дээр бодлоо нэгтгэсэн үү?

Азаа: Худал мэдээлэлд үндэслэсэн тийм сенсац нэг талаасаа пи-ар болох байх. Нөгөө талаар мэдээж ямар олиг байх вэ. Миний бодлоор Монгол их түгшүүртэй. Их атаа жөтөө, хар хэл ам байдаг гэх үү дээ. Энэ цаашлаад хүний сэтгэл зүйн хүнд асуудалд ч хүргэж мэднэ. Зогсоох бол аргагүй байх. Харин өөрсдөө асуудлаас хол явах ёстой болов уу гэж бодож байна. Бид их ярилцдаг. Бас хэрэлдэнэ. Тавын таван өөр хүн байна. Таван хүн нийлнэ гэдэг тийм ч амар биш.

-Өөрсдөдөө ямар чиг шугам баримтлах вэ. Рок хэв маяг гаднаасаа зах замбараагүй харагдах нь бий. Харин цавын цаанаа гэр бүлийн суурь хүмүүжил, төлөвшил нь ямар вэ. Рокууд цаанаа лав их хүнлэг хүмүүс байдаг шиг ажиглагддаг.

Азаа: Тийм, зөөлхөн. Хөгжим нь л ширүүн сонсогддог.

Эба: Бухимдлаа хөгжмөөрөө гаргаж, тайвширдаг шиг санагддаг.

Азаа: Бусдад заавал сайн үлгэр дуурайл үзүүлэх ёстой ч гэдэг юм уу, тийм ёс суртахууны хатуу хэм хэмжээ тогтоогоогүй л байна. Яг одоохондоо бусдын юу гэж бодохыг үл харгалзан хөгжим хиймээр байна.

-Урт хугацааны дараа та бүхэн мөн чанарын хувьд хэр өөрчлөгдөх бол?

Азаа: Хүн бүр өөрчлөгддөг. Сарын өмнөх өөрийгөө харахаар шал өөр нэгэн байсан санагддаг. Таван жил, арван жилийн дараа бид бас л өөр болно. Нэг нэгийгээ ямар хүн байсныг мэдэх хойно, эвдрээд эхэлбэл атгах, татаж босгох л болно. Нэг нь хямсганаад ирвэл дарж өгөх ч юм уу. Үүнийг бас ойлгохуйц ухамсартай залуус гэж өөрийгөө ч, найзуудаа ч боддог.

-Хамгийн үл ойлголцдог сэдэв юу вэ?

Азаа: Юу юм бол. Бараг байхгүй юм шиг байна. Муудалцвал, муудалцааныг биднийг улам нэгтгэж буй зүйл гэж хардаг. Минийхээр явсан бол дараа нь Эбагийнхаар явж үзэх жишээтэй.

Эрдүк: Бид хамтлаг учраас зарим үед буулт хийх, зарим үед өөрийнхөө санааг гаргаж тавих гээд олон юм бий.

-Нэгдэж нийлээд энэ хугацааг өнгөрөөхөд бусдаас, бусад үеийнхнээс дайрсан, дарах гэсэн оролдлогууд ирсэн үү?

Азаа: Тийм юм болоогүй. Манай амьд хөгжмийнхөн тэр талдаа гайгүй байдаг байх. Таалагдахгүй ч юм уу хүнээ дээш нь гаргадаггүй, дардаг гэдэг зүйл дээр үед яригддаг байсан. Одоо бол тийм юм байх боломжгүй юм шиг. Залуус гарч ирэхэд дарах нь угаас утгагүй. Бид ч бас хөгширнө. Бидний араас гоё залуус гараад ирвэл улам их дэмжих, урам өгөхийг л хүснэ. Ах, эгч нар маань мөн ижил тэгж л боддог байх.

-Уран бүтээлчдийн дотор хэсэг бүлэг эмзэглэл, шарх явдаг. Тэр бүтээлийн сэдэл болдог. Тэр тээж явдаг зүйлсээсээ тус бүрдээ хуваалцахгүй юү?

Эрдүк: Надад бол өөр өөр үеийнхэн нэг нэгнээ илүү ойлгож, дэмждэг болбол манай урлаг хөгжих болов уу л гэж боддог.

Обо: Би зүгээр л зүүдэлдэг. Зүүдэндээ гоё дуу олон сонсдог. Ихэнхийг нь мартдаг л даа. Яагаад ч юм, огт сонсож байгаагүй дуунууд зүүдлэгддэг.

Азаа: Ээж маань намайг боловсролтой хүн болгохыг хүсдэг байсан. Загнана, үглэнэ. Бусдын хүүхэдтэй харьцуулна. Энэ бүгд тухайн үедээ надад дарамт болж ирдэг байсан. Үүнийг би өөртөө хүлээж аваад л явдаг байсан. Харин хөгжмөөр илэрхийлж гаргахад маш гоё санагдсан.

Эба: Минийх бараг л Азаагийнхтай ижил.

-Обо, зүүдэлснээ сэрээд ноотолж чаддаг уу?

Обо: Одоогоор ноотлох хэмжээнд арай суралцаагүй.

-Хамтлагийн ахлагчийн хувьд?

Эрка: Надад эмзэглэл бараг байхгүй дээ. Зүгээр л хийе гэдэг. Бүх зүйл ойлгомжтой мэт.

Обо: Надад хамтлагийнхандаа сонсуулаагүй нэг дуу бий. Манай нэг найз Англид сурдаг байсан. Маш их өртгөөр. Ноднин төгсөх байсан. Монголд ирэхээсээ өмнө, дөрвөн жилд юу ч сураагүй. Ээж, аавдаа юу гэж хэлнэ ээ гэж ярьдаг байсан. Тэгээд л ирэхээсээ нэг сарын өмнө амиа хорлочихсон. Тэр найздаа зориулж нэг ая зохиосон.

Монголын амьд хөгжмийн ертөнцөд шинээр мэндэлж буй “Mxrningstar” хамтлагийнхантай ийн цөөн хором ярилцлаа. Энэ хавраас эхлээд “MONADD” label-тэй хамтарч, тэд уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд хэдийнэ нэг цомгийн ард гарсан байна. Харин одоо сингл дуугаа цацаж, дараа нь цомгоо гаргах, хэд хэдэн амьд хөгжмийн шоу фестивальд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2023 22:10

❤️

Elio
Elio
7 сар 2, 2023 00:14

Yooo eguur tee bayrlalaaa

Elio
Elio
7 сар 2, 2023 00:15

Iim mundag zaluus ❤️‍????mundag daaa amjilt

Nar
Nar
7 сар 2, 2023 01:53

Hvleej tescoma❤️❤️‍????

Зочин
Зочин
11 сар 4, 2024 18:23

Tsum avdag batsaanuud daa tseejleed avaarai taanuud

Холбоотой мэдээ

Back to top button