Бирж: Нүүрсний экспортод халтай ч бусад түүхий эдэд ашигтай

Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Тэр дундаа нүүрсний бүтээгдэхүүн экспортын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бөгөөд энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан.
Гэсэн хэдий ч төсвийн тодотгол хийхтэй зэрэгцэн энэ жилийн нүүрсний нийт экспортыг 50 сая тонн болгохоор өөрчилсөн. Угтаа бол 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийт 50 сая тонн нүүрс экспортлох зорилтыг тавиад байсан юм.
Энэ онд уул уурхайн салбарт гарсан нэгэн өөрчлөлт нь биржээр нүүрс худалдаалсан явдал байв. Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсны дагуу энэ оны хоёрдугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нийт 54 удаагийн нүүрсний цахим арилжааг байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр худалдаалжээ. Эрх баригчдын зүгээс ч эл явдлыг магтан, сайшаасаар.
Тэгвэл бид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг албан ёсоор мөрдөж эхэлснээс хойш таван хоног өнгөрлөө. Өнгөрсөн сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулийн төсөл нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой хэмээж буй.
Биржийн арилжаа нь эдийн засагт нөлөө үзүүлэх эсэхээс үл хамааран, хэрэгжиж эхлээд буй хуулийн төслийн онцлох заалт, зарим тайлбараас хүргэе.
-Хуульд биржийн арилжааны үнийг хилийн боомтын үнээр зарлана гэжээ-
Хуульд зааснаар биржээр бүтээгдэхүүнийг арилжаалахдаа дараах төрлийн арилжааны гэрээг байгуулах ажээ. Үүнд,
- спот /уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд худалдах, худалдан авах/
- форвард /уул уурхайн бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөлөөр биет байдлаар ирээдүйд нийлүүлэх болон төлбөр гүйцэтгэх/
- фьючерсийн /талууд тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг гэрээний талуудад үүсгэх гэрээ буюу үүсмэл санхүүгийн хэрэгсэл/
- опцион /гэрээний зүйл болох тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдан авах, эсхүл худалдахыг нөгөө талаас шаардах эрхийг нэг талд үүсгэх боловч үүргийг бий болгодоггүй, харин нөгөө талд уг шаардлагыг биелүүлэх үүргийг үүсгэдэг үүсмэл санхүүгийн хэрэгсэл/гэрээ юм.
Түүнчлэн хуулийн 14.1-д биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана хэмээжээ.
Мөн биржийн үйл ажиллагаанд дараах хяналтыг тавих ажээ. Үүнд,
22.1.Биржийн үйл ажиллагаа болон арилжааны явцад тавих хяналт нь Хорооны хяналт, дотоод хяналт болон хөндлөнгийн санхүүгийн хяналт гэсэн хэлбэртэй байна.
22.2.Биржийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон дотоод аудитын алба нь биржийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
22.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооноос сонгосон хараат бус аудитын байгууллага биржийн жилийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хамт биржийн цахим хуудсаар дамжуулан ажлын 10 өдрийн хугацаанд нийтэд мэдээлнэ.
22.4.Бирж, биржийн арилжаанд оролцогч брокер нь биржийн хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхэд Хорооноос хяналт тавина.
Мөн гэрээтэй холбоотой маргаан үүсвэл түүнийг арбитрын журмаар шийдвэрлэнэ хэмээн тус хуулийн 24 дүгээр зүйлд заажээ. /Хуулийн дэлгэрэнгүй төсөлтэй ЭНД дарж танилцана уу/
-Энэ жил 15 сая тонн нүүрсийг биржээр арилжаална-
Хуулийн хувьд эрх зүйнг орчинг бүрдүүлсэн тул олон улсын хэмжээнд экспортын арилжаа хийхэд ямарваа нэгэн асуудал үүсэхгүй. Харин биржийн арилжаа нь манай улсын эдийн засагт хэр өгөөжтэй байх нь чухал.
Засгийн газраас нийт экспортын 30 хувийг биржээр худалдаална гэж зарласан ч өнөөдрийн байдлаар энэ тоондоо ч хүрч чадахгүй нөхцөл бий. Учир нь "Эрдэнэс Тавантолгой" компани 2022 онд 11.2 сая тонн нүүрс олборлож, 6.6 сая тонн нүүрс борлуулжээ. Харин он гарснаас хойш биржийн худалдаанд шилжсэний дараах эхний таван сарын байдлаар нэг сая тонн нүүрс экспортолсон байна.
Орон нутгийн жижиг “Тавантолгой” компанид энэ онд гурван сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар 1.2 сая тонн нүүрс борлуулж байжээ. Тэгвэл тус компани ам нөхцөлөөр худалдаа хийхийг хориглон биржийн худалдаанд шилжсэн эхний хагас жилийн хугацаанд 51.9 мянган тонн нүүрс борлуулсан байна.
Биржийн худалдаанд шилжсэн нь нүүрсний тоо хэмжээг буулгаж, харин олох орлогын хэмжээг нэмсэн гэх тооцоолол үүнээс гарч ирж буй.
Хэдийгээр намар болоход нүүрсний эрэлт өсөж, экспортын тоо хэмжээ нэмэгдэх хэдий ч одоогоор уналттай яваа нь ч үнэн. Хамгийн сүүлд гэхэд л Хятадад үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас манай улсын нүүрсний үнэ хэсэгтээ өссөн. Гэвч зах зээл дээрээ нүүрний үнэ унасан байхад манай бирж дээр өсөлттэй байна гэх агуулгыг ярьсаар.
Нийт экспортын нүүрснийхээ 30 хувийг биржээр арилжаана хэмээн тооцвол энэ жилийн тухайд 15 сая тонн нүүрсийг биржээр арилжаалах билээ. Гэтэл өнөөдрийн зураглалаар ердөө хоёр орчим сая тонн нүүрсийг л биржээр арилжаалж буй. Тэгэхээр цаашид биржээр арилжаалах экспортын тоо хэмжээ өсөх үү. Ийн яривал холбогдох албаны хүмүүс нь тоо бус чанар чухал хэмээх агуулгыг ярина. Тийн атлаа жил бүр экспортлох нүүрсний хэмжээгээ нэмсээр.
-Биржийн арилжаа манай улсын эдийн засгийн дөнгө үү, хөшүүрэг үү-
Эдийн засагчдын хувьд болгоомжилж буй зүйлсийн нэг нь биржийн арилжаагаар нүүрсний экспорт хийгээд мөнгөн дүнгээ нэмнэ хэмээдэг ч бодит байдалд энэ нь алсыг харсан шийдвэр эсэх нь эргэлзээтэй явдал юм.
Тодруулбал, манай улс Хятадын нийт нүүрснийхээ 10 орчим хувийг импортлодгоос манай улс нэг хувийг нь бүрдүүлдэг. Тиймээс тус улсын хувьд манай улсын биржээр өндөр үнэ хаялцаж, нүүрсийг худалдан аваад байх шаардлага байхгүй.
Бидэнд зарах нүүрс байгаа бол нөгөө талд худалдан авах тал байх ёстой. Бизнесийн зарчмаар ч хоёр тал хоёул хожих "win-win" зарчим нөлөөлөх хэрэгтэй юм. Нүүрсний биржийн гол агуулга угтаа ийм байх ёстой. Одоогоор биржээс их хэмжээний ашиг олж буй мэт харагдах ч бидэнд цаашид худалдан авагч үлдэхгүй. Учир нь биржийн арилжаанд оролцож, худалдан авч буй компаниуд нь хятад болохоор тэр. Гуравдагч улс орон биржээр дамжуулан нүүрс худалдан авдаггүй тул эл биржийн ирээдүй бүрхэг болоод буй.
Хэрэв биржийн арилжааг цаашид хөгжүүлэх, сайжруулахын тулд худалдан авагчдад нийцсэн механизмыг бий болгох шаардлагатай юм. Үнэ, тээвэр, худалдан авалтын хувьд. Бирж тогтох гол шалтгаан нь худалдан авагчдад ашигтай байж, оновчтой механизмыг барьж ажиллах хэрэгтэй ч манай улсын хувьд хэт нэг тал руу хэлбийсэн төрх нь уг тогтолцооны ирээдүйг харлуулж буй.
Ингээд харвал бид таваарын биржийн гол механизмыг төдийлөн ойлгож, ухаарахгүй байгаа нь илт. Учир нь өөрсдийн нүүрсийг МОНОПОЛЬ хэмээн бодож буй нь бидний хувьд хамгийн том асуудал. Учир нь дотоодын уул уурхайн компаниудаас гадна Австралиас авч буй нүүрсний хэмжээ нь нэмэгдсэн тэдний хувьд манай бирж битгий хэл нүүрсийг сонирхох нь юу л бол.
-Биржээр худалдаалаад ашиг олох уу. Өөр ямар боломж байгаа вэ-
Биржийн арилжаагаар нүүрсний үнийг тонн тутмыг нь 105 ам.доллароор худалдаалсан гэх. Уг үнэд худалдан авагч талд хүргэж өгөх зардал багтдаг.
Тээврийн зардал бол хамгийн том асуудлуудын нэг. Тиймээс тээврийн зардал дээрх үнэд багтаж байгаа бол уг тонн тутмын үнэ нь дээрх ханшаасаа 1-1.5 дахин буурсан үзүүлэлттэй байх юм. Дунджаар 50 ам.долларыг бид бэлхнээ алдана гэсэн үг. Тээврийн зардалгүйгээр өмнө нь нэг тонн нүүрсийг 100 орчим ам.доллароор зардаг байв.
Өмнө нь дурдсанчлан нүүрс бол биржээр арилжаалахад төдийлөн тохиромжтой бүтээгдэхүүн байж чадахгүй байгаа юм. Учир нь үнэ хаялцаж, худалдан авах хэмжээний чанартай, ховор бүтээгдэхүүн биш. Нөгөө талаасаа тогтолцооны хувьд ч учир дутагдалтай.
Хэдийгээр биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах нь зөв зүйл хийгээд урагш хоёр алхсан алхам хэдий ч нүүрсний биржийн ирээдүйд үүсэж буй асуудлуудын улмаас нэг алхам ухарч буй.
Харин дэлхийн бусад улс орнууд худалдан авах боломжтой түүхий эдүүдээ биржээр арилжаалах нь илүү үр дүнгээ өгөх боломжтой. Магадгүй зэс, газрын ховор элемент, хийгээд бусад улс оронд шаардлагатай тодруулбал, цахилгаан техник хэрэгслийн түүхий эдийн металлуудыг бид биржээр арилжаалах нь илүү ашиг олохоос гадна хөрөнгийн биржийг хөгжүүлж, гуравдагч улсын бодлогыг ч дэмжих гол хүчин зүйл болох биз ээ. Гол нь бусад улсад ховор ч манайд элбэг байдаг ямар бүтээгдэхүүнийг үнэ хүргэж, биржээр арилжаалж болохыг судлах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.