Ярилцлага

Г.Саранцэцэг: Хүүхэд тань ухаантайдаа гар утсыг амархан ашиглаж сурч байгаа юм биш

Бага болон өсвөр насны хүүхдүүд гар утас тэргүүтэй дэлгэцийн донтолтод ихээр өртөх болсон асуудлаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн поликлиникийн их эмч Г.Саранцэцэгтэй ярилцлаа.

-МАНАЙД ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭР ИРДЭГ НЬ ЦӨӨН Ч, НИЙГЭМД АСАР ОЛОН БАЙГАА НЬ ТОДОРХОЙ-

-СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн поликлиникээр сардаа хэр олон хүүхэд үйлчлүүлж байна вэ? Үүнээс хэд нь дэлгэцийн донтолт бүхий шалтгаанаар ирдэг юм бол?

-Манай Хүүхэд, өсвөр үеийн поликлиникээр сардаа 200-300 хүүхэд ирж үзүүлдэг. Тэднээс 30-50 орчим нь хэвтэн эмчлүүлэхээр болдог. Ер нь хэвтэн эмчилгээ хийлгэгсдийн тоо сурагчдын амралтыг тохиолдуулан ихсэх хандлага бий. “Хичээл нь амрахаар л нэг эмнэлэгт хэвтүүлье дээ” гэдэг эцэг, эхчүүдийн буруу хандлага үйлчлээд байгаа юм. Түүнчлэн хэвтүүлэхээс илүү тариа, дусал хийлгэхийг урьтал болгодог, энэ ч тийм зөв биш. Хүүхдүүдийн хувьд тариа тарилганаас айх айдас нь үгүй болоогүй учир бид аль болох сэтгэц эмчилгээ, тоглоомон эмчилгээ хийхийг зорьдог.

Дэлгэцийн донтолт гэсэн шалтгаанаар өнгөрсөн сарын байдлаар 13 хүүхэд ирсэн байна. Гэхдээ манайд ирж байгаа тоо хэдий цөөн ч нийгэмд дэлгэцийн донтолтод орсон асар олон хүүхэд байгаа нь тодорхой.

-Дэлгэцийн донтолтод орсон хүүхдүүдэд дийлэнх ямар өөрчлөлт гардаг талаар ярилцъя.

-Сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдийн нүд анивчдаг, нүүр татвалздаг болсон байдаг. Харин арай том болсон, өсвөр насны хүүхдүүдэд зан төрхийн өөрчлөлт илэрнэ. Гар утсаар тоглохоо болихыг шаардахад, хүчээр булааж авахад уурлах, уцаарлах гэх мэт.

Ном унших үед хийсвэр сэтгэлгээ хөгжиж байдаг. Харин телевиз үзнэ, гар утас оролдоно гэдэг хүүхдэд өөрөө сэтгэх боломжийг нь олгохгүйгээр мэдээллийг шууд өгдөг ялгаатай. Ийм учир биеийн болон сэтгэцийн хараат байдлыг үүсгэж эхэлдэг. Бие махбодийн өөрчлөлтөд: Хараа муудах, ядрах, сульдах, үе тэнгийнхнээсээ өсөлт муу болох, цаашлаад шингэний дутагдалд орох зэрэг хамаарна. Харин сэтгэцийн өөрчлөлтөд: Байн байн уурлаж, уцаарладаг болох болон аливаа зүйлийг тогтоох чадвар муудах, түүнчлэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй болох зэрэг ордог.

-ХҮҮХЭД ТАНЬ УХААНТАЙДАА ГАР УТСЫГ АМАРХАН АШИГЛАЖ СУРЧ БУЙ ХЭРЭГ БИШ-

Техник технологи хөгжихийн хэрээр дэлгэцийн донтолт газар авч байна гэж харж байна. ДЭМБ-аас бага насны хүүхдийн мэдээллийн технологийн хэрэгсэлтэй харьцах стандарт хугацааг тогтоосон байгаа. Гэвч бид тэр стандартыг хэтрүүлдэг нь мэдээж. Хүүхдээ уйлаад байвал дуугүй болгохын тулд шууд гар утсаа өгчхөж байна. Харин хүүхэд өөрийн рефлексээр шууд л Youtube рүү ороод, хүүхэлдэн киногоо тавьж үзээд тайвширдаг болж.

Эцэг, эхчүүд “Манай хүүхэд надаас илүү ухаантай, шууд гар утсаар интернет ороод хүүхэлдэйн киногоо үзчихдэг, тоглоом татаад тоглочихдог” гэж бахардаг. Энэ бол ухаантайдаа биш юм. Хүүхэд өөрөө автоматаар хийж сурч байгаа л үйлдэл, хүн ямар ч зүйлийг ингэж сурдаг. Тиймээс хүүхдийнхээ ухааныг гар утсаар биш өөр зүйлээр шалгах нь зүйд нийцмээр байгаа юм.

-Мэдээж бага насны хүүхдэд ээж, аав төдийгүй гэр бүлийн нөлөөлөл чухал. Зөв гэхээс буруу үлгэр дууриал үзүүлэх нь олонтаа болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Орой аав нь удирдлагаа бариад телевизийн ард суучихна, ээж нь хоолоо хийсэн ч Фэйсбүүкээ “ухаастай”... Угаас эцэг, эх ямар байна вэ -  хүүхэд үүнийг яг дуурайж өсдөг. Аав, ээж нь гэртээ ном дэлгээд суудаг байвал хүүхэд түүнээс үлгэр дууриал авна уу гэхээс өөрөө сэтгээд гар утасны хамааралтай болчихгүй шүү дээ. Иймээс юу юугүй хүүхдээ “Боль!” гэж загначхаад өөрсдөө гар утсаа оролдоод байх буруу.

Оройн цагаар гар утас тэргүүтэй мэдээллийн хэрэгслийн хэрэглээгээ хязгаарладаг, оронд нь гэр бүл дотроо амьд харилцаа үүсгэдэг, хамтдаа суугаад оройн хоолоо иддэг болох хэрэгтэй. Цэцэрлэг, сургууль дээр нь юу юу болсон талаар ярилцдаг, хамт тоглодог бай. Манайхан тоглоом худалдаж авч өгчхөөд л бусдыг нь хаядаг.

-Өсвөр үеийнхэн гэлтгүй цэцэрлэгийн насны хүүхдүүд ч ихэнх цагаа гар утастай өнгөрөөдөг, болиулвал уурлаж, уйлдаг боллоо?

-Эцэг, эхчүүд цэцэрлэгийн насны жаахан хүүхдүүдээ, “Шөнө тайван унтахгүй сэрвэлзээд байна, арай их уйлдаг болчихлоо” гэсээр ирдэг. Харин үүний цаана нөгөө л гар утасны нөлөөлөл байх нь элбэг. Зарим нь “Гар утсыг нь авахаар уурладаг, нэг уйлахаараа дуугүй болдоггүй” гэсэн бодит шалтгаан хэлнэ. Энэ бол донтолтын хэлбэр мөн.

“Жаахан хүүхэд юундаа донтдог юм” гэсэн бас нэг буруу ойлголт байдаг. Харин ч хамгийн ихээр донтоно. Болох, болохгүйн заагийг мэдэрч сурах болоогүй учир “Больё” гэж өөрийгөө хянаж чадахгүй. Нэг удаа эрхэлж уйлахад нь гар утсаа өгнө, дараачийн удаа хэргээр уйлж гар утас авдаг занд сурна шүү дээ.

Ийм бага насны хүүхдүүдийг бид хэвтэн эмчлэхээр авдаггүй. Сэтгэцийн эмнүүд ч энэ насанд эсрэг заалттай байдаг. Тиймээс аль болох зөөлөн эмчилгээ хийхийг зорьж ажилладаг гэж болно.

-ХҮҮХДЭЭ “БОЛЬ” ГЭЧХЭЭД ӨӨРӨӨ ГАР УТСАА ОРОЛДООД СУУХ НЬ ХЭР ЗӨВ БЭ?-

-Эцэг, эхчүүд өөрсдөө үүнд үлгэрлэснээс болж жаахан хүүхдүүд гар утас, телевизээс баяр баяслаа авдаг болж байх шиг харагддаг.

-Түүнээс гадна өөр зүйлээр ч тоглохоо байчхаж. Хараад байхад 3, 4 хүүхэд нийлээд хоорондоо тоглохгүй юм. Нэг, нэг гар утас бариад л суучихна. Үүний эх үүсвэр нь дахиад л эцэг эхчүүд өөрсдөө. Биедээ төвөггүй, амар хялбар байлгахын тулд үр дагаврыг нь бодохгүй хүүхэддээ гар утас өгчихдөг. Тийм болохоор хүүхдэд бурууг өгөхөөс урьтаж өөрсдийнхөө гар утасны хэрэглээг хянаж чаддаг болох ёстой.

Ойр тойрныхон маань намайг шинэ эрин зуун ирчхээд байхад сошиал ертөнцөд идэвхгүй гэж хэлэх нь олонтаа. Би ч бас сургуулийн өмнөх насны хүүхэдтэй. Хүүхдээ “Боль” гэчхээд өөрөө дэргэд нь утас оролдоод суух нь хэр зөв бэ? Хүүхдүүд гэлтгүй томчууд өөрсдөө нэг газар ороод суусан ч гар утсаа л оролддог, шууд л Wi-Fi код асуудаг болсон шүү дээ.

-Хүүхэд бүр л ухаалаг гар утастай болж. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ хэвийн байна уу, эсвэл хамааралтай болсон уу гэдгийг ялгаж таних гэдэг бас чухал шүү дээ?

-Бага насны хүүхдүүд өдөр тутамдаа цэцэрлэгт явдаг учир гар утаснаас арай хол байж таарч байна. Харин өсвөр насныхан биедээ үргэлж ухаалаг утсаа бариад явдаг учраас тэдний хувьд донтолт, хамаарал илүү их бүртгэгддэг л дээ.

Таны хүүхэд гар утсыг нэг барьж авахдаа хоол ундаа ч идэхгүй хэт удаан оролдож байна уу? Цаашлаад хийх ажилтай, төлөвлөсөн зүйлтэй байж түүнийгээ хойш нь тавиад гар утастай зууралдаж байна уу гэдгийг сайн анзаарах хэрэгтэй. Хэрэв “Болиорой” гэж хэлэхэд тогтмол уурладаг л болж эхэлвэл энэ донтолтын эхний шатыг давсан гэсэн үг.

Хамгийн гол нь, аливаа дэлгэцийн донтолт хүүхдэд худлаа ярих, хулгай хийх, гэртээ хонохоо байх гэх мэт сөрөг үр дагавруудыг араасаа дагуулдаг нь хамгийн эрсдэлтэй юм.

-Төлөвшиж амжаагүй бага насны хүүхдүүд дэлгэцийн донтолтоос үүдэж ямар эрсдэлт алхмууд хийдэг талаар бодит кейс сонирхуулбал?

-Эмч хүний ёс зүйн үүднээс өвчтнүүдийнхээ түүхийг ил ярих боломжгүй. Ойр дотны хүмүүс дотор гарсан нэг тохиолдлыг сонирхуулъя.    Бусад хүүхдүүдийн л адил гар утсаар тоглодог байсан хүү нь нэг өдөр ээжийнхээ данснаас 3 сая төгрөг гаргаж аваад, бүгдийг нь тоглоомондоо зарцуулчихсан байсан. Ингээд хүүхдийн сэтгэлзүй дэх цаад шалтгааныг судлаад үзэхэд, ерөөс гэр бүлийн асуудал байдаг.

Аав ээж хоёр нь салсан, эсвэл гэр бүлийн уур амьсал хүнд, хүчирхийлэлтэй байдаг бол хүүхэд ихэвчлэн компьютер болон гар утасны донтолтод өртдөг. Өнөөх тоглоомоо тоглож стрессээ тайлдаг, элдэв зүйл бодож санаа зовнихоос зугтдаг гэсэн үг. Ингээд нэгэнт хамааралтай болсон бол цаашлаад худлаа ярьж, хулгай хийж эхлэх нь гэм биш зан.

-ЭМЧЛЭГДЛЭЭ Ч ГЭРТ НЬ НӨГӨӨ Л НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮЛЭЭДЭГ-

Иймээс эцэг эхчүүд хүүхдээ аль болох эрт авчрах хэрэгтэй. Бодит байдал дээр дандаа хүндэрсэн үед нь ирдэг. Гурав, дөрвөн хоногоор гэртээ ирэлгүй тоглодог болчихсон, турж эцчихсэн, шингэний дутагдалд ороод уруул нь омголтчихсон хойно нь “Эмчлүүлье, миний хүү зүгээр болох уу?” гэж ханддаг. Ерөөс хяналтгүй гар утас, компьютерийн тоглоомонд дурлана гэдэг суурь хүмүүжил, төлөвшлийн доголдол төдийгүй гэр бүлийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. 10-н хэдэн жил нэг янзаараа явж ирсэн нөхцөл байдлаас шалтгаалж бий болсон донтолыг бид долоо хоногт засах боломж үнэхээр бага.

Засагдлаа ч хүүхдийг гэрт нь нөгөө л нөхцөл байдал хүлээж байгаа. Буцаад стресст орох, тоглоомоо тоглох шалтгаан. Иймээс эцэг, эхчүүд өөрсөддөө нэн түрүүнд анхаарах хэрэгтэй гэдгийг удаа дараа хэлээд байгаа юм.

Тухайн хүүхэд юмыг хэр зэрэг хүлээж авч байна, хувь хүн нь хэр зөөлөн бэ гэдгээс мэдээж эмчилгээний үр дүн хамаарна. Үүнээс чухал нь дээр хэлсэн шиг ар гэрийн хариуцлага. Асуудал өөрсөдөд нь байж болохыг сайтар ойлгож, хоёр талаасаа хичээвэл дэлгэцийн донтолт гэдэг зүйл бүрэн гүйцэт эмчлэгдэх боломжтой.

-Багадаа гар утастай ийнхүү ойр өсөж буй хүүхдүүдийн ирээдүйн амьдралд ямар сөрөг нөлөөлөл гарч болох бол?

-Багаасаа гар утас оролддог зуршилтай өссөн хүүхэд ирээдүйд аливаа зүйлд төвлөрөх чадвараа алддаг. Төвлөрөх чадвар сул байна гэдэг хичээл сурлагадаа муудахаас эхлээд олон асуудлын эхлэл шүү дээ. Мөн ид өсөж, торнидог нас нь учир гар утсанд биш эрүүл чийрэг байдалд нь илүү анхаарах хэрэгтэй юм. Давжаа, жижиг биетэй хүүхдүүд олширч байна.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-11-01 11:05

Маш зөв гэж бодож байна Ядуу айлын хүүхэд нь эрх баян айлын м�##� нь эрх гэж нэг үг байдаг даа Гадаадын баян аав ээжүүд хүүхдээ гар утаснаас холдуулах арга хэмжээ авч байна Мод заав�##� Монголоор дуусаж байх ёстой юм гэж үү Ер нь ихэнх юман дээр тэгэж харагдах юм

Tsegii
Tsegii
2019-11-03 15:51

Haana handah we ehnii shinj ilerheer

ЗОЧИН
ЗОЧИН
2019-11-06 12:49

Хэрэгтэй, чух�##� зөвлөгөө байнаа. Томчууд бид л өөрсдөөсөө асуудлын учгийг хайх хэрэгтэй. Гэртээ дүрэм зохиож хэрэгжүүлэх нь их зүгээр юм билээ. Жишээ нь, оройн хоолоо идэхдээ зурагтаа унтрааж, утсаа холдуулах г.м.

StevSlarie
StevSlarie
2020-01-17 02:03

Buy Generic Viagra Online Uk [url=http://cialibuy.com]Cialis[/url] Best Place To Buy Cialis Online Canada Online Meds Hydrochlorothiazide I

Kelgreelm
Kelgreelm
2020-01-27 15:01

Std Medications Online [url=http://cialibuy.com]Cialis[/url] Propecia Plm Cialis Canada Buy Kamagra

LesOrdiff
LesOrdiff
2020-01-30 15:55

Cheap Tadacip Uk [url=http://cheapcialisir.com]Buy Cialis[/url] Generic Viagra Healthy Man cialis 5mg Antibiotics Amoxicillin

Холбоотой мэдээ

Back to top button