ОРОН НУТАГ

Үйлчилгээний гавьяат ажилтан, аврагч Х.Мөнхбат гурван өрөө байртай боллоо

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм.

Өчигдөр буюу энэ сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц болох Шинэ мөрөн хороололд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авч шинэ байрандаа орлоо.

Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Эгэл аврагчдад ард түмэн хайртай байдаг. Тэр хэрээр аймаг орон нутгийн удирдлагууд аврагчдын ажил үйлсийг цаг ямагт дэмжин ажиллаж байдаг. Үүний илрэл нь Хөвсгөл аймгийн удирдлагууд аврагч, ахмад Х.Мөнхбат, түүний гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж залуу гэр бүлд бодит хөрөнгө оруулалт хийсэн үйл явдал боллоо.

Х.Мөнхбат Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан, аврагчдын эгнээнээс төрсөн хоёр дахь гавьяат юм.

Тэрээр “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, нэг хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон.

Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос есөн км-ийн зайтай Модот булан гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууранд төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан найман иргэний амь насыг аварч үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button