"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр нээлтээ хийнэ

"Улаанбаатар 2023" Зүүн азийн залуучуудын наадам өнөөдөр нээлтээ хийх билээ. Нийт долоо хоногийн турш үргэлжлэх уг наадмыг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Нийт есөн үндэсний олимпын хорооны 850 гаруй тамирчин‚ 450 эмч‚ 150 гаруй шүүгч‚ техникийн ажилтан‚ 2500 гаруй сайн дурын ажилчид оролцож буй. Энэхүү наадам нь жендерийн эрх тэгш байдлыг хүндэтгэн үзэж Хангарьд болон Галбингаа шувууг бэлгэдэл болгон сонгожээ. Тиймээс наадмын бэлгэдэл амьтдын нэрийг Хаки болон Инга хэмээн нэрлэсэн.
Хаки гэдэг нь Хангарьд шувууг хэлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг юм. Эр чадал‚ эрэмгий зориг‚ их ухаан цогцлоосон домгийн шувуу билээ. Тиймээс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хүсэл мөрөөдөл‚ хүч зориг‚ их үйлсийг бэлгэдэж байгаа ажээ.
Харин Инга гэдэг нь Галбингаа шувууг хэлж байгаа ажээ. Тус шувуу нь үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн бөгөөд үг хэл цэцэн‚ бурхны дууч‚ бүхнийг чадагч хэмээн өвөг дээдсийн үеэс эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Тиймээс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын итгэл найдвар‚ урам зоригийг бэлгэдэжээ.
Мөн тус тэмцээний медаль олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Медалийн диаметр долоон см‚ жин 165 гр бөгөөд деталь бүрийг зөвхөн гар урлалаар хийсэн нь гол онцлог болж байна. Монгол гэрийн унь‚ тооныг дээрээс нь харуулсан загвар бүхий тус медалийн эх загварыг Г.Занабазар гаргасан ба нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэх утга санааг илэрхийлэх ажээ.
Манай улс 2017 онд Тайчун хотноо болсон Зүүн Азийн олимпын хороодын хурлаар манай улс наадам зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан билээ. Монголд өмнө нь аль нэг спортын төрлөөр олон улсын чанартай тэмцээн болж байсан ч спортын олон төрлөөр нэг дор өрсөлддөг томоохон наадмыг анх удаа зохион байгуулж буй нь энэ юм.
Зүүн Азийн олимпын хороонд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Тайвань, Гуам, Хонконг болон Монгол гэсэн есөн ҮОХ багтдаг. Эдгээр хороод 1991 онд хийсэн анхдугаар чуулганаараа Зүүн Азийн наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, анхных нь 1993 онд Шанхайд болсон билээ. Тус наадам 2013 он хүртэл дөрвөн жил тутам зохиогдсоны эцэст хэлбэрээ өөрчилж, Зүүн Азийн залуучуудын наадам болгосон юм.
Залуучуудын анхдугаар наадам Тайванийн Тайчун хотноо 2019 онд зохиогдох ёстой байсан ч улс төрийн шалтгааны улмаас цуцлагдсан. “Тайчун-2019” хэдийгээр цуцлагдсан ч анхдугаар наадам гэсэн нэршлээ авч үлдэхээр болсон юм. Ингэснээр “Улаанбаатар-2023” үнэн хэрэгтээ анхны боловч албан ёсны нэршлээр хоёрдугаар наадам болон зохиогдох гэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.