"Арабуудад бэлэглэдэг шонхор нэг бүр орон нутгийн санд 30 сая төгрөгийг авч ирдэг"

Монгол улсын засгийн газраас Шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар 2012 онд зарлаж байжээ. Үүний дараа 2013 онд идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг хориглосон засгийн газрын тогтоол хүртэл гарсан байдаг.
Гэсэн ч эрх баригчид улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нэрийн дор засгийн газрын нууц тогтоол жил бүр гаргаж булангийн орнуудын соёлын болон бэлгэдлийн журмаар идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг олгосоор байна.
Тус зөвшөөрлийг засгийн газраас баталж БОАЖЯ-ны сайдын тушаалаар аймгийн Засаг дарга нутаг дэвсгэртээ идлэг шонхор бариулах гэрээг хийдэг аж.
Хэрэв тухайн аймгийн газар нутгаас шонхрыг барьж, акт үйлдсэн тохиолдолд орон нутгийн төсөвт мөнгө суудаг байна. Тодруулбал, тухайн газар нутгаас нэг шонхор шувууг барьсан тохиолдолд 30 сая орчим төгрөгийг авдаг ажээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "тухайн шувуунууд ихэнх тохиолдолд "Араб" улсын иргэдэд наймаалах эсвэл арилждаг" байна.
Тэгвэл Идлэг шонхор шувуутай холбоотой гэрээ актын тухайд дараах зөрчил гардаг байж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.
Үүнд,
- Шонхор шувууг барьсан нутагт бус өөр аймагт акт бичүүлж мөнгө олдог
- Тухайн актаа зардаг байж болзошгүй хэмээх мэдээллийг бидэнд ирүүлээд буй.
Бид Идлэг шонхор шувууг барих асуудалтай холбоотой мэдээллийг Өвөрхангай аймагт буй албаны эх сурвалжаас тодруулсан юм.
-Сайн байна уу. Танай аймагт Идлэг шонхор шувууг барих үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
-Журамд зааснаар, БОАЖЯ-аас тухайн аймаг, сумын засаг даргатай гэрээ хийж дараагаар нь шонхор шувуу барих үйл ажиллагаагаа явуулаад, хэдэн шонхор шувуу барьсан түүнийгээ авч явахаасаа өмнө акт/санхүүгийн баримт/ бичдэг.
Тухайн акт бол худалдан авах болон бэлгийн журмаар авч буй хүмүүс шонхроо аваад явахад сангийн яам дээр үлдэх баримт юм. Тус баримтын дагуу сангийн яаманд тухайн хүмүүс төлбөрөө төлж, улмаар сангийн яам орон нутгийн төрийн санд шонхрын төлбөр шилжүүлдэг хэмээн ойлгоод байна.
Манай аймгийн зарим сумдад энэ үйл явц бүрэн хэрэгждэггүй нь харамсалтай.
-Зарим сумдад Идлэг шонхор шувууг зориулалтаар барих үйл явц бүрэн хэрэгждэггүй хэмээлээ. Үүнийг тайлбарлавал?
-Албан бус эх сурвалжууд "Өнгөрсөн жил Есөнзүйл сумд отоглож байсан хүмүүс манай сумын нутаг дэвсгэр дээрээс шонхор барьсан" хэмээн мэдээлээд буй.
Хэрэв манай нутаг дэвсгэр дээрээс тухайн шувууг агнасан тохиолдолд актаа үйлдээд аваад явах ёстой. Гэтэл манай нутгаас агнасан шувууныхаа актыг Есөнзүйл сумд хамааруулан бичсэн байсан. Орон нутгийн төсвөө бөөцийлсөн нэгэн хэлбэр л дээ.
Үүнээс гадна Идлэг шувуунд хамааралтай тус актыг зардаг гэлцдэг. Угтаа мөнгийг нь төлөөд худалдаж авах боломжтой газруудад актаа зардаг гэсэн үг. Өнгөрсөн жил гэхэд нэг шонхор шувууны акт долоон сая төгрөгт хүрсэн гэнэ.
Жишээлбэл, ямар нэг сумаас агнасан Шонхороо аль нэг аймгийн нутаг дэвсгэрт барьсан мэтээр актыг бичүүлдэг. Ингэснээр тухайн аймгийн орон нутгийн санд 30 сая орчим төгрөг сууна гэсэн үг л дээ.
-Өмнө нь танай сум шонхор шувуу барьж өгснийхөө төлөө орон нутгийнхаа санд мөнгө авч байв уу?
-2019 оноос өмнө бол ганц нэг удаа авч байсан гэлцдэг. Харин өнгөрсөн жилийн төсөвт дөрвөн шонхрын акт бичүүлж 120 сая орчим төгрөг манай төсөвт суусан юм.
-Ярилцсанд баярлалаа.
Нэмэлт мэдээлэл: Хэрэв зөвшөөрөл гаргаагүй байхад идлэг шонхор барих, тээвэрлэсэн тохиолдолд 16 сая төгрөгийн торгуультай аж. Одоогоор аймгийн Засаг дарга нарт нэг ч идлэг шонхор соёлын зориулалтаар барих зөвшөөрөл олгоогүй байгаа юм байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боржигоны сүлд Цагаан шонхор шувууг өнөөдөр боржигон хүмүүс зарж идээд сууж байдаг ?! Мөн бөх зүрх шүү !!!
ӨВ аймагт Баяндэлгэр гэдэг сум байдаг болчихсон уу?
Арабуудын түүхэн зурганд ганц ч шонхор харагддаггүй. Манайхны түүхэн зурганд бол байдаг.