Фракцуудаа дэд даргын суудлаар аргацаасан АН-ын дараагийн даваа нь генсекээ сонгох

Ардчилсан намын хувьд даргаа сонгосноос хойш анх удаагаа Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа өчигдөр /2023.08.28/ хийлээ. Эл хуралдаан ч олны анхаарлын төвд байв. Учир нь АН-ын дарга Л.Гантөмөр ирэх жилийн сонгуульд удирдаж орох багийг сонгох учраас тэр.
Энэ удаагийн хуралдааны гол онцлох зүйлс нь дэд дарга нарыг томилох, хорооны гишүүдийн тоо нэмэгдэх хийгээд тус намын генсекийн асуудал хөндөгдөх байв. Тэгвэл АН-ын хувьд генсекийн асуудлыг энэ удаад түр хойш тавьсан юм. Энэ талаар нийтлэлийн төгсгөлд дахин мэдээлэх болно.
ҮБХ-ны хуралдааныг намын дарга Л.Гантөмөр болон УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь нар удирдан явууллаа. Уг хуралдаанаар,
1.1. Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай
1.2. Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
1.3. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай
1.4. Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
1.5. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
1.6. Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай
1.7. Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцсэн юм.
-ҮБХ-ны хуралдааныг үймүүлэгчид-
Эл намын ямарваа нэгэн хуралдаан ч асуудалгүйгээр эхэлнэ гэж байдаггүй. Тэр ч утгаараа 12.00 цагт эхэлнэ хэмээж байсан хуралдаан 13.00 цагт албан ёсоор эхлэх тов гарсан юм. Харамсалтай нь хуралдааныг үймүүлэгчдээс болж 16.00 цагт хуралдааныг албан ёсоор эхлүүлсэн билээ.
НЭГТ. А.Цэрэнбат болон Б.Цэгмэд нарын хамтрал.
Хурал цагтаа эхлээгүй гол шалтгаануудын нэг бол тэд. Ардчилсан намын лидерүүд эхнээсээ ирж буй цаг мөчид өөрсөд нь мандат өгөөгүйн дээр ҮБХ-ны гишүүнээс хассан гэх агуулгатайгаар хуралдааны тайз руу дайран гарсан юм. Тэднийг АН-ын дарга асан С.Эрдэнийн фракцын хүмүүс хэмээдэг. ҮБХ-ны гишүүдийн тоог 504 болгон нэмэх явдлыг эсэргүүцэж, түүнчлэн "намын даргыг дахин сонгоё" гэх агуулга бүхий зүйлсийг ярьж байв.
Дунджаар 90-100 орчим минут үргэлжилсэн тэдний тэмцэл, хурлын зааланд үүсгэсэн асуудал нь Б.Цэгмэдийг албадан гаргаснаас хойш намжсан юм. Эл явдлын дараа хуралдааныг зохион байгуулагчид түүнд зааланд орох эрхийг нь олгосон. Ямартай ч тэд хоёул хурлын төгсгөл хүртэл зааланд сууж, хурлаа дуусгасан юм.
ХОЁРТ. Д.Ганбат өөрийгөө ҮБХ-ны дарга хэмээв.
16.00 цаг болохтой зэрэгцэн эхэлсэн АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилсэн билээ. Хуралдаан товлосон хугацаанаасаа дөрвөн цагийн эхлэх үеэр мөн л өөр нэгэн үймээн үүссэн нь УИХ-ын гишүүн Д.Ганбат байсан юм. Тэрбээр өөрийгөө ҮБХ-ны дарга хэмээж, тайзнаа хэсэг "дураараа дургив".
Ийн нэрлэх болсны цаад шалтгаан нь тус намын тамга эзэмшигчийн маргаантай холбоотой. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Ганбат Ардчилсан намын дарга асан С.Эрдэнээс "Үндэсний бодлогын хороо" гэх тамга авч ашиглан, өөрийн нэрэндээ уг сэтрийг давхар зүүсэн гэгддэг. Тэр ч агуулгаараа өнөөдөр өөрийн нэрэндээ уг албан тушаалыг уяхыг хүссэн нь талаар болсон юм.
-С.Баярцогтын эргэн ирэлт ба фракцуудыг нэгтгэх арга-
УИХ-ын гишүүдийн суудлын тоог 126 болгосонтой холбоотойгоор тэд ҮБХ-ны гишүүдийнхээ тоог дөрөв дахин нэмж, 504 болгож батлав.
Олон фракцтай тус намын хувьд хорооны гишүүдийн тоог нэмсний дараагаар тэргүүн дэд болон дэд даргын есөн суудлын томилгоог хийхээр байсан юм. Намын дарга Л.Гантөмөрийн зүгээс дараах 15 хүнийг нэр дэвшүүлэв. Үүнд,
- Р.Амаржаргал
- П.Батчимэг
- И.Мөнхжаргал
- Э.Одбаяр
- Ч.Өнөрбаяр
- н.Баярмаа
- О.Алтангэрэл
- н.Уртнасан
- н.Жандос
- П.Галиндэв
- Р.Эрдэнэбүрэн
- Т.Пүрэвхатан
- Ц.Жадамбаа
- Ш.Түвдэндорж
- С.Буяндэлгэр нарыг нэрлээд байв.
Дээрх 15 гишүүнийг нийт найман дэд даргын албан тушаалд санал асуулгаар хуваарилах байсан боловч оронд нь дэд даргын албан тушаалыг 15 болгон нэмсэн юм. Ингэснээр намын даргын нэрлэсэн гишүүд бүгд дэд даргын "хаяг"-тай болов. Товчоор бол дэд даргуудын суудал нь одоогийн АН-ын даргын хувьд дотоодын олон фракцаа нэгдмэл болгох гэсэн "ядмаг" арга мэт.
Дээрх гишүүдийн заримаас дурвал,
- Ц.Элбэгдоржийн талаас С.Баярцогт, Ч.Өнөрбаяр,
- С.Эрдэнийн талаас хүргэн Г.Энхболд,
- Л.Гантөмөрийн дэмжлэгээр Ц.Жадамба, О.Алтангэрэл, С.Буяндэлгэр,
- МоАХ талаас П.Галиндэв гэх мэт хүмүүс уг албан тушаалд очсон билээ.
Харин С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар сонголоо. Үүнд эсэргүүцэл үзүүлэх хүмүүс байсангүй. Учир нь тэр улстөрчийнхөө хувьд мэдрэмжтэй хийгээд одоогийн Ардчилсан намд хэзээ, хэрхэн, яаж дуугарахаа мэдэх, зөвшилцлөөрөө гаршсан нэгэн болохоор ямар нэгэн албан тушаалд суух нь гарцаагүй байсан хэрэг. Одоогийн 504 гишүүнтэй ҮБХ-ны дотоод уур амьсгалд нөлөөлж, тэднийг зангидаж чадах, хамгийн оновчтой сонголт ч байх магадлалтай юм. Ямартай ч С.Баярцогт ийн улс төрд эргэн ирэхээр боллоо.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоор А.Адъяасүрэнг халхалж, С.Одонтуяа гэрэлд, З.Нарантуяа сүүдэрт зогсоно -
Тус намын нүүрийг тахлах цөөн эмэгтэй гишүүд бий. С.Одонтуяа бол АН дотроо гэлтгүй УИХ дахь эмэгтэй гишүүд дундаа ч нэр хүнд сайтай. Гишүүний албаа сайн хашихын дээр боловсрол, туршлагаараа гологддоггүй тэрбээр сонгуульд нэр дэвших амбицтай бөгөөд тойрогт шууд ялах магадлал өндөртэй нэгэн. Нөгөө талаараа багагүй хугацаанд хашсан эмэгтэйчүүдийн холбооны даргын суудлаасаа бууж байгаа билээ.
Тэгвэл түүний оронд нүүрсний гэх хэрэгт холбогдоод буй А.Адъяасүрэнг суулгахаар хэдийн тохироо хийжээ. Нэгэнтээ тойрогт нэр дэвшээд гарахгүй түүнийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоор халхалж, жагсаалтаар гаргах эрмэлзэл тус намд бий. Нам ч гэлтгүй УИХ гишүүн тэрбээр өдгөө экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт орон нутгаар явж байгаа. Тиймээс ч "Женко"-гийн талын квот хүсэж буй хүмүүсийн нэгээр түүнийг нэрлээд буй.
Харин З.Нарантуяагийн хувьд нам дотроо хамгийн ажил хэрэгч, боловсролтой нэгэн билээ. Өмнө нь УИХ-ын гишүүн гэх алдрыг ч амжилттай хашсан. Тиймээс одоо намдаа ямар байр суурь эзлэх, цаашдын улс төрийн карьер нь хэрхэн үргэлжлэх тал дээр хамгийн их хүлээлттэй байгаа эмэгтэй гишүүн билээ. С.Одонтуяа "АН-ын эмэгтэй гишүүд түүнийг генсекээр томилуулах хүсэлтийг намын даргад өгсөн" хэмээн албан байр сууриа илэрхийлсэн. Тойрогт нэр дэвшээд сонгогдох магадлал нь одоогоор харьцангуй бага хэмээн үзэж байгаа түүнийг жагсаалтаар орох боломж бий хэмээн намын зарим гишүүд ярилцаж буй. Ямартаа ч тэр гарцаагүй АН-ын дотоод нөхцөл байдалд сүүдрээс ороцогч нэгэн юм.
-ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцээгүй генсект хэн хэн горилов-
Тус намын ҮБХ-ны хуралдаанаас хамгийн их хүлээлт үүсгэж буй сэдвүүдийн нэг нь генсек хэн болох талаарх сэдэв юм. Тэгвэл уг албан тушаалд хэд хэдэн хүний нэр дурдагдаад буй. Үүнд, Х.Тэмүүжин, З.Нарантуяа болон С.Эрдэнэболд нар юм. Харин уг албан тушаалд тэднээс өмнө С.Баярцогтыг нэрлэж байв.
Нэгт. Генсект горилогчийн жагсаалтаас нэн түрүүнд хасагдагч
Мэдээж хэрэг Л.Гантөмөрийн ойрын хүн гэдгээрээ генсекийн суудалд хуулиа ч сайн мэдэх, олон жилийн улс төрийн туршлагатай нэгэн суухаар зүтгэсэн нь Х.Тэмүүжин юм. Хэсэгтээ мандаж явсан түүний улстөрчийн карьер хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэх агуулгаараа унасан билээ.
Харамсалтай нь, генсект тохирох нэгэн боловч уг суудлын жагсаалтаас хамгийн эхэнд хасагдах хүн болж хувираад буй. Шалтгаан нь 2020 оны сонгуультай холбоотой. С.Эрдэнийг албан ёсоор намын дарга байх үед Х.Тэмүүжин тус намын дэд даргын албан тушаалыг хашиж, намаа ялагдуулсан тул дотоод хуулийнхаа дагуу намаа ялагдуулсан дарга нар намын удирдах албан тушаалыг дахин хашихгүй гэх дүрмийг баримтлахаас өөр аргагүйд хүрч буй.
Хоёрт. Эмэгтэйчүүдийн найдвар хэдий ч сүүдрээс цухуйх боломжгүй нэгэн.
Улстөрчийнхөө хувьд З.Нарантуяагийн карьер одоогоор уналттай яваа. Эмэгтэй хүнийхээ хувьд бус генсекийн суудалд өрсөлдөх хангалттай чадвар түүнд бий. Гэвч хоёр шалтгааны улмаас тэр ч мөн генсекийн суудлын өрсөлдөөнөөс хасагдаж буй.
Нэгдүгээрт, 2020 оны сонгуулийн үеэр намынхаа дэд даргын албан тушаалыг хашиж байсан тул Х.Тэмүүжингийн адилаар дотоод дүрмээрээ жагсаалтаас хасагдаж байгаа юм.
Хоёрдугаарт, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон түүнийг дэмжиж, намын дарга нь З.Нарантуяаг генсекээр оруулж ирсэн ч ҮБХ-ны гишүүдийн санал асуулгад "бүдрэх" магадлал өндөр юм. Хорооны гишүүдийн хувьд одоогоор түүнийг уг албан тушаалыг хаших бүрэн чадамжтай гэж үзэхгүй байгаа бололтой. Мөн экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойрын харилцаатай гэгддэг нь ч нөлөөлж болзошгүй.
Гуравт. Бэрс болохыг хүссэн шатрын хүү
Магадгүй түүнд энэ нэршил хамгийн ихээр тохирох биз. С.Эрдэнэболдын хувьд генсек болохоор амбицалж буй нь бэрс болохыг хүсэх хүүтэй адил. Түүнийг амжилттай улстөрч хэмээн дүгнэхэд хэт эрт. Гэсэн хэдий ч зэрэгцэн уг суудлыг "хүсэгчид"-тэй харьцуулахад сонгогдох магадлал хамгийн өндөр нэгэн.
Хэдийгээр ҮБХ-гоор генсекийн асуудлыг хөндөөгүй боловч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тэргүүтэй хэд хэдэн гишүүд С.Эрдэнэболдын нэрийг оруулахаар зүтгүүлж байгаа юм. Товчоор бол нам дотроо ч олон жил улс төрд хүчин зүтгэж буй ах эгч нараасаа илүү дэмжлэг сайтай гэгддэг. Тэрбээр чадварлаг улстөрч гэдгээ бүрэн дүүрэн харуулж чадаагүй учраас З.Нарантуяагийн нэгэн адил санал асуулга дээрээ унах магадлалтай. Ямартай ч түүнийг зүтгүүлж буй хэд хэдэн гишүүд бүдэрч унахаас нь өмнө түшиж, босгохыг ч үгүйсгэх аргагүй.
Дөрөвт. Талцал үүсгэхгүйгээр байр сууриа бэхжүүлэгч.
Өмнө нь дурдсанчлан С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар сонгосон. Үүнээс урьтаж түүнийг генсекийн албан тушаал руу мацагч хэмээж байсан юм. Ямар сайндаа л намдаа одоог хүртэл эрх мэдэлтэй байж, олон ч фракцаар дэмжүүлэх билээ.
Харин генсекийн суудалд суух боломжгүй гол шалтгаан нь экс Ерөнхийлөгч юм. Энгийн жишээг дурдахад л нэг нь Оюутолгойн гэрээг байгуулцаж, нөгөө нь хөрөнгө оруулагчийг нь хөөж байсан түүх бий. Тэд бол одоо ч нэгэнтэйгээ талцдаг эртний танилууд.
Тиймээс эвлэлдэн нэгдэхийг эрмэлзэх энэ үеэр С.Баярцогтыг генсек болговол Х.Баттулгын фракцынхан зүгээр суух нь юу л бол. Тиймээс л хал палгүйгээр нь генсекийг горилохгүйгээр Тэргүүн дэд даргын сэтэр зүүхээр болж буй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Дотоод бүтцийн шинэчлэлээ хэрэлдэж, хэлэлцэж хийсэн Ардчилсан намынханд одоо үлдсэн нэг том даваа бол генсекийн суудлыг шийдэх явдал. Гурван сард нэг удаа хуралддаг ҮБХ-ны хуралдаанаар ийн шийдвэрлэж чадаагүй тэд дараагийн хурлаар уг асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх биз. Ямартай ч МАН-тай харьцуулахад Ардчилсан намын хувьд харагдах талаасаа дотроо чөлөөт өрсөлдөөнтэйгөөр дэд дарга нарын томилгоог хийлээ. Олон нэр дэвшигч өрсөлдөж, санал асуулгаар шийдэж буй нь ардчиллын хэв шинжийг тодорхой хэмжээнд агуулсан. Одоогоор тэднийг сонгууль нэгтгэж буй нь тодорхой хэдий ч намын дарга Л.Гантөмөрөөс ч шалтгаална. Тэрбээр түүхэн хүн болж дурсагдах, эсвэл түр зуурын даргын сэтэртэй явах эсэх нь энэ удаад шийдэгдэх хүндхэн хариуцлагыг үүрсэн. Дэд дарга нараар фракцуудын хуваагдлыг шийдэж, үүнийгээ ч Л.Гантөмөр С.Баярцогтоор ахлуулж, өөртөө туслуулж байгаа. Тиймээс генсек хэн болохоос шалтгаалж, тус намын үнэт зүйл цаашид оршин байж чадах эсэх нь тодорхой болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэд дарга олон байх нь фракцуудын амбицыг дарахад хэрэгтэй байж болох юм.
Энэ нам Эрх мэдэл нь хэт туйлшраад Даргаа сонгож чадхаа больжээ.Юун нөгөө Ардчил�##� байгуулсан гэх нүүргүй болцгоолоо тараа тарцгаа
АН Баярцогттойгоор ч шавартаа хий эргээд хөдөлж ч чадахгүй боллоо доо кк .
Энэ удаагийн хур�##�даанаар Сангажавын Баярцогт л илүүдэл болж муухай харагдуулаа.
Ха ха АН ын лидерүүд ч гэх хулгайч луйварчид лидер болчих юм байна л дөө. Хэдэн төгрөг хусчих гээд суудлын төлөө үхлээ юу
Энэ удаа АН дандаа сэтгэцийн хувьд эрүүл хүмүүсийг сонгожээ. Харин 15 толгойт атга�##�жин хар мангас гэдэг дээ. Энэ тоон дээрээ ба�##�уулна, Баярцогтоос болж бас ба�##�уулна.