Ярилцлага

А.Төгөлдөр: Хүн хангалуун л амьдрах хэрэгтэй, бусад иогийн багш нар юу гэж үздэгийг мэдэхгүй

Ярилцлагын буландаа “Төгөлдөр Иога” сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч А.Төгөлдөрийг урилаа.

-ЭХИЙНХЭЭ ХЭВЛИЙД БАЙХААСАА АНАГААХ УХААНД СУРАЛЦАЖ ИРСЭН ГЭЖ БОДДОГ-

-Та Фэйсбүүк хаяг болон сургалтын төвөөрөө дамжуулж эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний сэдвээр олонтаа ярьдаг. Тиймээс уншигчдад хувь хүн тань сонин байх болов уу. Ер нь иога гэдэг зүйлийг өөрийнхөө амьдралд хэзээ олж нээсэн бэ?

-Би багадаа Буддын шашны бясалгалыг сонирхдог, үүгээр хичээллэдэг хүүхэд байсан. Иогаг ч мөн өмнө нь сонирхож явсан боловч цаад утга учрыг нь өөрийнхөө хэмжээнд таньж ойлгоогүй байсан гэлтэй. Тамирчин байсан учир дасгал хөдөлгөөнөө түүгээрээ л болгочихдог байлаа. Харин 2008 оноос илүү гүнзгийрүүлэн судалж, бясалгагч, иогач болсон гэж болно.

-Та үндсэн ямар мэргэжилтэй билээ?

-Хүнсний инженер.

-Энэ мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Өнөөдөр хийж буй ажил маань ерөөсөө энэ шүү дээ. Хүнсний инженерийг чагнуургүй эмч гэж нэрлэдэг. Чагнуургүй болохоос хүнийг хоол, хүнсээр нь эдгээж, анагаадаг.

Гэрэл зургийг: С.Боргил

-Өмнө нь тамирчин байсан гэлээ. Ямар спортоор хичээллэдэг байснаа сонирхуулбал?

-Чөлөөт бөх. Тамирчин болсноос хойш бараг 19 жил болсон байна. Мөн бодибилдингийн багш байсан. Иймээс өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг болон өөрийн туршлага дээр тулгуурлаж өнөөдрийн сургалтынхаа хичээлээ явуулдаг. Энэ хугацаанд сурсан бодит туршлагаа хүмүүст хуваалцдаг гэж энгийнээр хэлж болно.

-Таныг 2008 оноос иогоор дагнаж хичээллэсэн гэж ойлголоо?

-2008 оноос хойш бясалгалын зам мөрд орсон. Харин иогаг сонирхож явж байгаад 2015 оноос багшилж эхэлсэн. Өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэж, фитнессийн багш хийж байгаад өөрийнхөө хоббигоор иога руу орсон гэж болно.

-Өнөөдрийн хувьд та мэдээж сонирхогч биш. Иогийн жинхэнэ цаад мөн чанарыг нь заалгаж байсан багш нараа нэрлэвэл?

-Иогийн онолын тухайд н.Сумбархас гэдэг багш маань бий. Гэхдээ Иогийн үндсэн философийг н.Лхагваа доктороос сурсан гэж бодож явдаг. Харин багшлах ур чадварын тухайд 2001 оны үед спортын мундаг багш нараараа заалгаж байсан. Бүр эрт үед очвол манай ээж эмч хүн байлаа. Иогийн зорилго бол хүнийг анагаах шүү дээ. Тиймээс эхийнхээ хэвлийд байхаас хүн эмчлэх, анагаахыг сурч эхэлсэн гэж ойлгодог.

-ИОГИЙГ СУРДАГ БИШ, ДОТРООСОО НЭЭДЭГ-

-Хүүхэд байхдаа ирээдүйн амьдралаа хэрхэн зураглаж, ямар хүн болъё гэж боддог байсан бол?

-Тийм хүн болъё гэж бодох юу байх вэ. Хүмүүс “Би ийм хүн болно гэж мөрөөддөг байсан” гэж их ярьдаг. Миний хувьд элдэв мөрөөдөл, бодолтой байгаагүй. Урдах зүйлээ сайн хийдэг, түүнээсээ таашаал хүртдэг л хүүхэд байсан.

-Иогаг олсноор өөрийгөө олсон, түүнээс өмнө нэг талаараа эрэл хайгуул хийж явсан гэж таныг дүгнэвэл хэр нийцэх бол?

-Яах вэ, хүмүүс иога гэхээр нэг их ид шидтэй зүйл гэж ойлгоод байдаг. Биш, зүгээр л амьдралын хэв маяг байхгүй юу. Хүмүүс сунгалттай, эрүүл байхын тулд иога хийж байгаа биз дээ? Гэтэл тэнд буга хандгай, чоно нохой гэх мэт амьтад иогаар хичээллээгүй хэрнээ ямар сүр хүчтэй, эрүүл саруул байна вэ? Нэг ёсондоо иогийг сурдаг биш, дотроосоо нээдэг. Чи жаахан хүүхэд байхдаа иогчин л байсан. Тиймээс урьд мартагдсан зүйлээ л эргүүлэн санаж байгаа юм. Нэг их академик түвшний, мэдлэг боловсрол шаарддаг зүйл гэж ойлгох нь өрөөсгөл. Ер нь иогийн онол нь ардаа, практик нь урдаа явдаг.

Ямар нэг зүйлийг хийхэд өмнө нь хийж байсан юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Энэ бол билиг ухаан юм. Төрөхөд л бидний эд эс, ген, сүнс гээд бүх зүйлд шингэчихсэн байдаг энэ зүйлийг билиг ухаан гэж нэрлэдэг. Харин тархины хөгжил бүхий оюун ухааныг хүн гаднаас авах, хичээж суралцахаас өөр аргагүй. Тийм учраас би билиг оюундаа, өөрийнхөө дотор байсан зүйлийг сэргээж, өөрийгөө нээсэн гэсэн үг.

-Одоо цаашид иогийн зам мөрөөр үргэлжлүүлэн амьдрах бодолтой байгаа юу? Эсвэл залуу хүний өөр төлөвлөгөө байж болох юм.

-Ер нь бол бясалгагч хүнд төлөвлөгөө өөрөө ирдэг. Харин бясалгагч биш, оюун ухаанаас ангид хүмүүс үргэлж боддог, бодол дотроо төөрдөг. Миний хувьд зам мөр тодорхой. Цаашдаа “ингээд л” явна.

-Иогч, бясалгагч болохоос өмнөх Төгөлдөр арай өөр үзэл бодолтой нэгэн байсан байх?

-Үгүй яах вэ, үзэл бодол нэг их өөрчлөгдөхгүй шүү дээ. Багадаа ямар хүмүүжилтэй байсан, түүгээрээ л явдаг юм. Уламжлалт анагаах ухааны, иогийн суурь ойлголттой, энэ чигийн л хүн байсан. Гэнэт бааранд сууж байгаад ном уншиж гэгээрээд л... тийм зүйл байхгүй. Ер нь хүн маш өндөр түвшинд бясалгаж байж, мундаг багштай учирч байж тэгж гэнэт өөрчлөгддөг. Өөрчлөгдөнө гэдэг тийм амархан зүйл биш. Хичээл зүтгэл хэрэгтэй.

-Хувь хүний хувьд багынхаасаа өөрчлөгдөөгүй гэж хэлж байна.

-Өөрчлөгдөөгүй ээ. Яг ижилхэн. Ер нь хүн өөрийнхөө потенциалын 70-80 хувийг нь өвлөж төрдөг гэдэг. Үлдсэн хувь нь зүгээр л дадал.

Хүн өмнөх амьдралдаа суралцчихсан л төрдөг. Тэр цаад мөн чанарыг өөрөөс тань өөр хэн ч ойлгож чадахгүй. Алдсан ч өөрийнхөөрөө, оносон ч өөрийнхөөрөө явах ёстой. Өнөөдрийг хүртэл би өөрийнхөөрөө л амьдарсан. Аав, ээж хоёр надад зөвлөдөг байснаас өөрсдийнхөө үзэл бодлыг тулгаж байгаагүй. Хүн энэ орчлон дээр өөрийнхөөрөө байхын тулд ирдэг байх. Өөрийнхөөрөө байна гэдэг нь бүдүүлэг, заваан байна гэсэн үг биш. Өөрийгөө хайрлах. Харин өөрийгөө хайрладаг хүн бусдыг ойлгож, мэдэрч чаддаг.

Би өнөөдөр иогийн багш байлаа ч, маргааш өөрийнхөө дотроос бас нэг авьяасыг олоод нээчихсэн явж байж болно. Харин нэг ч дуртай зүйлээ, хоббигоо олж нээгээгүй хүмүүс байна. Аливаа зүйлийг дурлаж хийвэл гайхалтай уран бүтээл төрнө, бүх зүйл урсгалаараа явна. Харин дотроосоо дурлаж хийгээгүй хүмүүсийн туршлага дандаа худал. Жишээ нь, өөрөө тарган байж турах тухай ярьж байгаа эмч худлаа шүү дээ. Харин би тарган байсан уу байсан, нуруу нугасны асуудалтай байсан уу байсан, тэрийгээ давсан уу давсан.

Би ер нь бага байхдаа мэдэрдэг л байсан л даа. “Болъё” гэж биш, “Тийм хүн болно” гэдгээ мэдэрдэг байсан. “Болъё” гэж зүтгэх биш, өөрийн мэдрэмжээр бүх зүйлс урсгалаараа явна гэдэг чинь шал өөр байхгүй юу. Би бясалгалын богино бичвэрүүд болон яруу найргийн хоёр ном бичсэн. Энэ номууд бичигдэнэ гэдгийг ч мэдэрч байсан.

-ИОГИЙН ЖИНХЭНЭ ЭХ ҮНДЭС БУЮУ АНАГААХ УХААНЫГ МОНГОЛДОО СУРЧ БАЙНА-

-Хүмүүст та хэдэн жилийн өмнөөс багшилж эхэлсэн бэ?

-Миний хувьд 2006 оноос багшилж эхэлсэн, фитнессийн багшаар. Ялгаа байхгүй ямар дасгал хийх, ямар систем барих, сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх вэ гээд л ажиллана. Тиймээс өмнө нь багшилсан, өөрөө тамирчин байсан зэрэг туршлагууд дээрээ тулгуурлаж “Төгөлдөр Иога” сургалтын төвөө нээж, ажиллуулаад гурав, дөрвөн жил болж байна.

-Хүмүүс их идэвхтэй ирдэг шиг санагддаг.

-Ирнэ. Янз бүрийн асуудалтай, олон төрлийн хүмүүс ирдэг. Нойргүйдэлтэй, нурууны асуудалтай, стресстэй байна. Гол нь эдгээрийгээ бясалгал болон хөдөлгөөнөөр эдгээхээр ирдэг. Ер нь бүх л эмнэлгүүдээр яваад, иогоос өөр гарцгүй юм байна гэсэн хойноо ирэх нь олонтаа. Гэхдээ мэдээж эрүүл байя, хөдөлгөөн хийе гэсэн цоо эрүүл хүмүүс ч бас бий.

Сургалтад хамрагдсан хүмүүс ямар бодит өөрчлөлтийг бий болгодог талаарх жишээнүүд миний фэйсбүүк болон сторигоор дүүрэн байгаа.

-Таныг иогоор мэргэшихийн тулд Энэтхэг ч юм уу, аль нэг “эх” орон руу нь явж суралцсан боловуу гэж бодох юм?

-Яах вэ, мэргэшинэ гэхээр заавал гадагшаа дотогшоо явахын нэр биш л дээ. Энэтхэг багш нар энд ирж, тэднээс суралцаж байсан удаа бий. Гэхдээ иогад суралцана гэдэг анагаах ухаанд суралцана гэсэн үг гэж би хэлдэг. Хоёр жилийн дараа уламжлалт анагаах ухааны хүний эх эмч мэргэжлээр төгсөнө. Иймээс иогийн жинхэнэ эх үндэс буюу анагаах ухааныг монголдоо сурч байна.

Ер нь Монголчууд хэдэн зуун жилийн өмнө өөрсдийн иогийн ойлголт мэдлэгтэй байж. Үүнийг дэлгэрүүлэх, дахин сэргээх цаашдын зорилго бий. Монгол анагаах ухааны иог гэдэг “стилиэр” багш нар хүртэл бэлдээд явж байгаа.

 -Иймээс тодорхой хэмжээний судалгаа хийж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Манай Монголын уламжлалт анагаах ухаан 5 мянган жилийн түүхтэй. Монголд дэлгэрсэн иогийн ухаан мөн тэр үеийнх л байгаа. Энэ сэдвүүдийг судалгааны чиглэл болгоод явж байгаа гэж ойлгож болно.

-СТРЕСС ГЭДЭГ ХҮНИЙ ӨӨРИЙНХ НЬ ЗОХИОЛ-

-“Урьд илүүдэл жинтэй, нуруу нугасны асуудалтай байсан” гэж та яриандаа дурьдлаа. Үүнийг даван туулсан хувь хүнийхээ туршлагаас хуваалцвал сонирхолтой байх болов уу?

-Өөрийнхөө алдаа дутагдлыг засахын тулд зайлшгүй, ухамсартайгаар хичээх ёстой юм байна гэдгийг ойлгосон нь л миний туршлага. Гол нь хүн өөрийнхөө үйлдлийг маш их ухамсарлаж хийх нь чухал. Ухамсартай байж чадвал иогоос өөр зүйлээр ч хүн эрүүлжих боломжтой шүү дээ. Иймээс хувь хүн бүрийн ухамсар чухал.

Миний хувьд тарган, залхуу мунхаг байгаагаа олж харсан л байхгүй юу. Ингээд хичээж эхэлснээс биш, зүгээр л иог хийж байгаад өнөөдөр хүрчхээгүй. Ер нь бясалгал, дасгал хөдөлгөөнийг хүн итгэл үнэмшилтэйгээ холбож байж амжилтад хүрдэг. Энийг сургалтынхаа гол зорилго, чиглэл болгохыг эрмэлздэг. Түүнээс зөв хооллолтын, иогийн сургалтууд зөндөө бий.

-Өнөөдрийн нийгмийг стресстэй байна гэж хэн хүнгүй хэлдэг. Та хэр стресстэж байна вэ?

-Стрессийг ер нь хэн бий болгодог юм бэ?

-Хүн өөрөө.

-Тийм. Тэгвэл өөртөө стресс бий болгож хий зовоод яах юм бэ? Бас стресстэж байж хүнд яаж хичээл заах юм бэ? Стресс гэдэг хүний өөрийнх нь зохиол байдаг. Хүн өөрөө бодож олоод, түүндээ үнэмшдэг. Ингээд салах арга зам хайдаг.

-Тэгвэл Монголчууддаа ойлгуулмаар, хэвшүүлмээр санагдаж явдаг зүйлсээ хуваалцвал?

-Манай Монголчууд аливаа зүйлийг заавал бусдаар чичлүүлж байж хийдэг хүмүүс. Бусад орны иргэд өглөө босоод дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгээ өөрсдөө ухамсарлаж чаддаг байх жишээтэй. Ухаан сэхээтэй цөөн хэдэн хүмүүс байх ч, массаараа заавал хүнээр хэлүүлж байж үйлддэг. Иймээс залхуу, нойрмог байдлаа давж гарах хэрэгтэй. Бас атаач зангаа дарах. Өөрөөс нь илүү гарвал заавал доош нь хийхийг хичээдэг шүү дээ. Ноён хутагт хэлсэн байдаг, ялахын түрүүнд ялууштай нь нойр, залхуу, атаа гурав. Энэ гурвыг давж гарахаас нааш өвчин зовлон, уур бухимдлаасаа сална гэж байхгүй.

-БУЯНТАЙ ХҮНИЙГ МӨНГӨ ӨӨРӨӨ ДАГАДАГ-

-Яг одоогийн байдлаар шинэ соргог юун дээр ажиллаж байна вэ? Сонирхуулаач?

-За, яг одоогоор бясалгалыг анагаах ухаантай холбох оролдлогуудыг хийж байна. Нэг ёсондоо хүн өөрөө өөрийгөө эмчлэх шинэ арга техник. Ер нь эмчилгээний аргуудыг хэн зохиодог вэ, хүн л зохиодог шүү дээ. Иймээс шинэ өвчнүүд үүсэн бий болж байхад түүнийг эдгээх эмчилгээний шинэ техникүүдийг зохиох шаардлагатай.

Миний хувьд эмчилгээний бүх арга хэлбэрүүдийг цогцоор нь хийх систем бий болгохоор зорьж байна. Ерөөс 21 хоногийн сургалтад хамрагдахад эрүүл байхын тулд суусан байх дадал, ойлголтуудыг бүрэн эзэмшүүлэх хөтөлбөрийг бий болгох. Бас нэг чухал зүйл нь миний хичээлд суухын тулд тухайн хүн өөрийгөө бэлдчихсэн байх хэрэгтэй байдаг. Мөнгөтэй болгон нь суухгүй байх нь. Энэ бол яг багш – шавь гэдэг зарчим. Хүндлэл.

-Хамгийн сүүлд нэг зүйлийг сонирхож асуухад сургалтын төв ажиллуулаад явж байхад хувь хүний тань хувьд мөнгө гэдэг зүйл ямар байр суурийг эзэлж байна вэ?

-Мөнгө бол байх ёстой л зүйл. Хүн энэ ертөнц дээр амьдрахдаа тал талын зүйлээр хангалуун байх хэрэгтэй гэж би үздэг. Бусад иогийн багш нар юу гэж боддогийг мэдэхгүй. Хүн чанартай хоол идэж, чанартай орон байранд амьдрах ёстой. Энэ бүгдийг нийлүүлээд “орон” гэж ярьдаг. Орон цэвэр, тохилог байх нь эрүүл байхын үндэс. Үүний тулд мөнгө хэрэгтэй шүү дээ.

Ихэнх иог, бясалгалын багш нар хэтэрхий агаарын зүйл яриад л, эд хөрөнгө хэрэггүй гэж хэлэх гээд байдаг. Энэ биш, хүн энэ ертөнц дээр төрсөн л бол хуулийг нь дагана. Тэр хууль нь хоол тань чанартай байхаас л эхэлнэ. Монголчууд хамаг мөнгөө үнэтэй, цайтай юманд үрчхээд, хамгийн хямдхан хоол авч иддэг. Миний хувьд мөнгөө хамгийн ихээр идэж буй зүйл, боловсролоо зарцуулахыг эрхэмлэдэг. Бусад гар утас мэтийн зүйлс бол ердөө л хэрэглээ. Хүн өөрөө эдэлж буй зүйлс, олж буй мөнгөнөөсөө илүү үнэ цэнтэй байх ёстой.

Ер нь бол мөнгө хүнийг дагадаг л даа. Мөнгө хэр олж байгаагаараа өөрийнхөө хэн бэ гэдгийг тодорхойлно гэх нь ч хаашаа юм. Гэхдээ буянтай хүнийг мөнгө өөрөө дагадаг. Иймээс эхлээд мөнгөтэй байхаас илүү буян хийдэг, бусдад тустай нэгэн болох нь чухал. Бас мөнгийг учиргүй хадгалах гэхээс илүү зөв зарцуулдаг байх хэрэгтэй. Зөв зарцуулж байгаа нь өөрөө хадгаламж болно. Хүн үхэхдээ мөнгө, эд хөрөнгө бүх зүйлээ шувтлаад буцдаг. Энэ философи надад байдаг учраас, миний хувьд мөнгийг зүгээр л үрдэг.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2019-11-13 11:42

ХҮНИЙ ШУНАЛ СЭТГЭЛЭЭСЭЭ ИХ ШҮҮ, ХАНГЛУУН АМЬДАРАХЫГ ХҮСЭЖ БОЛНО ХАРИН ӨӨРӨӨ ХАНГАЛУУН АМЬДАРТЛАА Л АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ АМЬДРАЛАА ӨӨД НЬ ТАТАЖ ЯВАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ ХИЙ МӨРӨӨДӨӨД ХҮСЭЛТЭЭ БУРХАНДАА ӨГЧИХӨӨД ӨӨРӨӨ ЗАЛХУУРАН ДЭЭШЭЭ ХАРААД ХЭВТЭЭД Л БАЙВАЛ ТЭР ХАНГЛУУН АМЬДРАЛ ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ГЭДЭГ ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖЛАГДАН ИРСЭН ҮГҮЙ МӨН ҮНЭН ҮГ ШҮҮ. ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ХАНГЛУУН АМЬДАРЧ БАЙГАА ХҮН ТЭР АМЬДРАЛАА БАТ ХАМГААЛДАГ БУРУУ ЗАМААР ХАНГАЛУУН АМЬДАРЧ БАЙГАА ХҮН НЭГ БОЛ ШОРОНД НЭГ БОЛ ТЭР БУРУУ ЗАМРУУГАА ОРЖ АМИАРАА Л ТӨЛӨӨС БОЛНО.

Ха ха
Ха ха
2019-11-13 12:06

ЭХИЙНХЭЭ ХЭВЛИЙД БАЙХААСАА АНАГААХ УХААНД СУРАЛЦАЖ ИРСЭН ГЭЖ БОДДОГ ч гэх шиг

Зочин
Зочин
2019-11-13 18:25
Reply to  Ха ха

hahahah yg2

Kelgreelm
Kelgreelm
2020-01-27 10:01

Propecia Servicio [url=http://apcialisle.com]Cialis[/url] Viagra 100mg 4 Stuck online cialis Cialis Rezeptfrei Preisvergleich

StevSlarie
StevSlarie
2020-02-07 23:51

Doxycycline Skin Health On Line http://cheapcialisir.com - Buy Cialis Viagra Chewing Gum cialis 40 mg Buy Flagyl Usa

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 01:18

Dutasteride By Money Order http://abcialisnews.com - cialis cheapest online prices Tamoxifene Buy Cialis Bas

Холбоотой мэдээ

Back to top button