БНХАУ-ын эдийн засгийн хүндрэл: Монголд инфляц буурах эерэг нөлөө үзүүлэх магадлалтай

БНХАУ-д эдийн засгийн хувьд хэцүүхэн нөхцөл байдал үүссэн байгаа. Тус улсад үүссэн хүндрэл Японд сүүлийн 25 жилийн турш үргэлжилсэн асуудалтай ижил болж ирж буй. Яг л 2000-аад оны БНХАУ шиг, 1970 болон 80-аад онд Японы эдийн засаг хурдацтайгаар өссөн билээ.
Гэвч 1989 онд Япон үнэт цаасны бодлогодоо гэнэтийн өөрчлөлт оруулсан. Энэ нь хөрөнгийн бирж болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсээд байсан хөөсийг хагарахад хүргэсэн юм. Тэр цагаас хойш инфляцын түвшин багассаар багассаар ирж дефляцид орсон билээ.
БНХАУ-д тулгараад байгаа эдийн засгийн хүндрэл нь Японд 1990 оны эхээр үүссэн асуудалтай зарим талаараа адилхан байгаа аж.
Хамгийн том хүндрэл нь үл хөдлөхийн салбарт үүсжээ
Хятадад тулгамдсан хамгийн хүнд асуудал бол эдийн засгийн бараг гуравны нэгийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсжээ. БНХАУ-ын орон нутгийн засаг захиргаа газрын борлуулалтаас төсвийн орлогоо босгож ирсэн түүхтэй. Ийм учраас орлогын эх үүсвэрээ дэмжихийн тулд нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээнээс давсан үед ч үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжиж ирсэн байна.
Үүний үр дүнд “Сүнс хотууд” гэж нэрлэгдсэн хоосон орон сууцны хорооллууд олширч, хэрэгцээгүй дэд бүтэц их хэмжээгээр баригджээ. Зарим шинжээчид 2019 онд БНХАУ дахь эзгүй орон сууцны хэмжээ нийт орон сууцны тавны нэгийг бүрдүүлдэг гэж тооцоолсон байна.
Тэдгээр хэрэгцээгүй дэд бүтцүүдийг барилгын компаниуд ихээхэн хэмжээний зээл авч барьсан нь мэдээж.
Тухайлбал, төрийн бус 86 барилгын компани нийт 725 тэрбум юанийн (99 тэрбум ам.доллар) өртэй болжээ. Харин төрийн өмчит 53 компани 174 тэрбум юанийн (22.8 тэрбум ам.доллар) зээлтэй тавьсан байгаа аж.
“Gavekal Dragonomics” компанийн Хятад судлалын захирал Кристофер Беддор “Хоёр улсын ижил төстэй тал нь хэт их хөрөнгө оруулалт хийж, ингэхдээ их хэмжээний өр тавьсан уу гэдэг асуулт юм. Хэрвээ тэгсэн бол хэзээ нэгэн цагт тэр өрөө төлөх шаардлагатай гэсэн үг. Энэ нь өөрөө эдийн засгийн өсөлтийг бууруулна” гэж хэлжээ.
Үл хөдлөх хөрөнгийн асуудал эдийн засгийн өсөлтийг удаашруулахаас гадна худалдааны өсөлт багасаж, залуучуудын ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн нь БНХАУ-г дефляцад ороход хүргэв. Тэгвэл эдгээр асуудал Монголд хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуулт гарч ирнэ.
Монголд хэрхэн нөлөөлөх вэ
Монгол Улс экспортынхоо 80 гаруй хувийг БНХАУ-руу гаргадаг билээ. Тэр дундаас Хятад руу хийж буй нүүрсний экспорт бол манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр. БНХАУ 2023 он гарснаас хойш нүүрсний импортоо нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал Хятад долоодугаар сард 39.26 сая тонн нүүрс импортолжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 66.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 2023 оны эхний долоон сарын хугацаанд БНХАУ нийтдээ 261.18 сая тонн нүүрс худалдсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний импорт нь 2022 оны мөн хугацаанаас 88.6 хувиар өссөн гэсэн үг.
Энэ тоо баримт бүх төрлийн нүүрсийг хамруулсан ч ихэнх хэсгийг нь эрчим хүчний нүүрс эзэлж буй. Гэхдээ энэ жилийн эхний хагаст БНХАУ коксжих нүүрсний импортоо 73.7 хувиар нэмэгдүүлж, нийтдээ 45.22 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Хятадын коксжих нүүрсний импортын 49 хувийг Монгол, 29 хувийг ОХУ нийлүүлдэг.
“Everbright Futures” эдийн засгийн зөвлөх компани Хятад улс 2023 онд Монголоос 41.8 тонн нүүрс худалдаж авах төлөвтэй гэж тооцоолсон. Энэ нь 2022 оноос 63 хувь өснө гэсэн үг. Харин 2023 оны наймдугаар сарын 29-ний байдлаар Монгол Улс 40 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм. Нүүрсний экспорт тооцооллоос илүү байгаа тул Хятад нүүрсний импортоо бууруулах гэнэтийн шийдвэр гаргахгүй тохиолдолд тус улсын эдийн засгийн асуудал манайд хальж орж ирэх магадлал бага юм.
Мөн Монгол Улс нийт импортынхоо 26 хувийг БНХАУ-аас авдаг. Хятадад бараа бүтээгдэхүүний үнэ буурч, дефляц үүссэн гэдэг нь Монгол импортоор оруулж ирдэг бараануудаа илүү хямд үнээр авах боломж үүслээ гэсэн үг. Энэ нь манай орны инфляцыг бууруулахад нөлөөлж магадгүй.
Эх сурвалж: Trading Economics, Al Jazeera, S&P Global, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жижиг орон хэцүү юм аа
Угаасаа Хятад болон дэлхийн бусад оронд инфляци суларч, дефляци үүсэж байгаа шүү дээ.