Идалиа далайн хар шуурга Флоридад 9.36 тэрбум ам.долларын хохирол учруулав

Идалиа далайн хар шуурга Флорида мужийн эрэгт хүрж аадар бороо орон, хүчтэй салхины улмаас 9.36 тэрбум ам.долларын дэд бүтцийн хохирол учиржээ. АНУ далайн хар шуургыг хүчээр нь 5 зэрэгт ангилдаг. Гуравдугаар зэрэглэлийн хүчтэй гэх ангилалд багтах Идалиа 201 км/цаг хүртэл хурдтай салхины урсгал үүсгэсэн байна.

Өнгөрсөн шөнө Флорида мужийн захирагч Рон ДеСантис шуурганы улмаас хүн нас бараагүй гэж мэдэгдэл хийжээ. Энэ нь шуурганд хамгийн хүчтэй өртөх бүсэд оршин суудаг иргэд анхааруулгыг хүлээн авч, өндөрлөг газар луу нүүн суурьшсан учир хүний амь эрсдэхээс сэргийлж чадсан гэж ДеСантис нэмж хэлсэн юм. Гэхдээ Флорида мужийн хурдны замын цагдаа нар хоёр мотоциклтэй хүн бороо орсны улмаас осолдож нас барсан гэж мэдээлжээ.
Идалиа өнгөрсөн есдүгээр сард Флорида мужийг дайрч, 150 хүний аминд хүрч, 112 тэрбум ам.долларын хохирол учруулсан Иан хар салхинаас хамаагүй бага хохирол учруулав. АНУ-ын Үндэсний хар салхины төв мэдээлснээр Идалиа Флоридагаас гарч Жоржиа мужийн зүүн өмнөд хэсэгт хүрэхэд салхины хурд нь 144 км/цаг болж буурсан тул 1-р зэрэглэлийн хар шуурганы ангилалд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.