Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хичээлийн жил дэлхийн орнуудад хэзээ эхэлж, хэрхэн өнгөрдөг вэ

Хичээлийн шинэ жил Монгол Улсад эхэллээ. Бидэнтэй цуг дэлхийн олон орны сурагч, оюутнууд хичээлдээ явж эхэлж байгаа. Гэхдээ бүх улс есдүгээр сараас эхлэн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлдэггүй. Тухайлбал Японд дөрөвдүгээр сард эхэлдэг бол Энэтхэгт тав юм уу зургаадугаар сард эхэлдэг байна.

Дэлхийн аль тал бөмбөрцөгт оршдогоос хамаарч улс улсуудын хичээлийн шинэ жил эхлэх өдрүүд өөр байдаг аж. Тухайлбал бөмбөрцгийн хойд хагаст оршдог улсууд ихэвчлэн 8, 9-р сард хичээл нь эхэлдэг. Харин өмнөд хагаст байрлалтай орнууд ихэнхдээ 2, 3-р сараас сургуулиа эхлүүлдэг аж. Тэгвэл одоо гадаадын улс орнуудад хичээл хэзээ эхэлдэг, сургуулийн онцлог нь ямар байдаг талаар харцгаая.

Япон

Арлын Япон улсад хичээлийн шинэ жил дөрөвдүгээр сард эхлээд, дараа жилийнх нь гуравдугаар сард дуусдаг. Хичээлийн жил гурван улиралтай, улирал хооронд зун, өвөл, хаврын амралтууд болдог байна. Сурагчид дүрэмт хувцас өмсөх шаардлагатай бөгөөд үс засалт, гутал, нүүрний будалт, хичээлийн дагалдах хэрэгслүүдэд хамааралтай олон дэг журам дагадаг.

Нэг ангид дунджаар 29 хүүхэд суралцаж, тэд хоорондоо таваас зургаан компьютер хувааж ашигладаг аж. Японд оюутнуудад үндэсний хэл, математик, нийгэм судлал, хөгжим, урлаг гэх мэт ерөнхий боловсролын хичээлүүд заахаас гадна ёс суртахууны хичээл ордог. Ёс суртахууны хичээлээр сурагчдад эрүүл мэнд, аюулгүй байдал, сахилга баттай амьдрах, эелдэг байдал, итгэл үнэмшил, олон нийтийн ёс зүй, байгаль орчны талаарх мэдлэгийг заадаг байна. Сурагчид хичээл тарсны дараа сургуулиа заавал цэвэрлэдэг аж.

ОХУ

Манай хойд хөршид хичээлийн жил есдүгээр сараас дараа жилийн тавдугаар сар хүртэл үргэлжилдэг аж. Хичээлийн анхны өдөр тус улсад “День знаний” буюу Мэдлэгийн өдөр нэртэй баяр болдог. Энэ баярыг 1984 оноос хойш багш, сурагч, оюутнууд тэмдэглэж иржээ.

Сурагчид 08:30-аас 15:00 цагийн хооронд хичээллэдэг. Тус улсад нэгдсэн формын журам гэж байхгүй ч сургуульд өмсөж болох, болохгүй хувцасны дүрэм байдаг аж. Орос хүүхдүүд хуулийн дагуу заавал 10-р ангиа төгсөх ёстой. 11 болон 12-р ангид сурахгүй ч байж болдог. Судалдаг хичээлийн хувьд бидэнтэй адил үндэсний хэл, математик, уран зохиол, байгалийн ухаан, хөгжим, урлаг, биеийн тамирын хичээл үздэг байна.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост хичээлийн жил ихэвчлэн гуравдугаар сараас дараа жилийн хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Хичээлийн жилийг хоёр улиралд (3-р сараас 7-р сар, 9-р сараас 2-р сар хүртэл) хуваадаг. Сурагчид өглөөний 08:00-аас 16:00 цаг хүртэл хичээллэдэг ч ихэнх хүүхдүүд оройны сургалтад явдаг байна. Үүнээс гадна сурагчид хичээл тарахаас өмнө ангиа цэвэрлэхэд тусалдаг аж.

Хичээлийн өрөө болгонд гуч орчим сурагч сууж, арван компьютертой ажилладаг. Хүүхдүүд сургуулиа тараад гэртээ харин цайгаа уусныхаа дараа “Хагвон” гэж нэрлэгддэг оройны сургалт руугаа гардаг байна.

Ахлах ангийн сурагчид өдөрт 12-оос 15 цагийг сургуульдаа хичээлээ хийж эсвэл бие даан сурсан зүйлээ давтахад зарцуулдаг. Ийм учир Өмнөд Солонгосын боловсролын системийн чанар хатуу, ширүүн байдлаараа алдартай.

Зарим сургуулиуд 2012 он хүртэл бямба гараг бүр заавал хичээллэдэг байсан. Гэхдээ одоо хагас сайн өдөр хичээллэхийг зөвшөөрдөггүй ч зарим сургуулиуд хичээллэдэг аж.

Австрали

Австрали хүүхдүүд жилийн 200 өдөр сургуульд явдаг. Тэдний хичээлийн жил нэгдүгээр сараас арван хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг байна. Тус улс дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст оршдог тул манайд өвөл болж байхад Австралид зуны өдрүүд өнгөрдөг. Ийм учраас Австрали сурагчдын зуны амралт арван хоёрдугаар сараас нэгдүгээр сарын хооронд болдог аж.

Цэцэрлэгийг тус улсад албан ёсны боловсролын анхны жил гэж үздэг. Мөн Австралийн хичээл заах хөтөлбөр нь бусад орноос өөр. Олон сургууль хичээлүүдийнхээ хөтөлбөрийг нэгтгэн заадаг.

Жишээлбэл, байгалийн ухааны хичээл дээр шүрэн хад судалж байна гэж бодъё.

Нэгдсэн бус хөтөлбөртэй байсан бол сурагчид зөвхөн байгалийн ухааны хичээл дээр шүрэн хад судална. Харин нэгдсэн арга барилаар бол сурагчид математик дээр шүрэн хадны хэмжээг тооцоолж. Дараа нь энэ мэдээллийг ашиглан шүрэн хадны тухай хэлний хичээл дээрээ тайлан бичих юм.

Эх сурвалж: Web Japan, Haps Magazine Korea, Japan Nakama

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button