Монголын 3х3-ийн сагсчид Азийн оюутны аварга боллоо

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод болж /2019.05.11/ өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөлөө. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонгконг, Макао, Малайз, Филиппин болон Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Дөрвөн хоног үргэлжилсэн уг тэмцээнд манай улсын эрэгтэй баг аваргын алтан медалийг хүртэж бахдам ажилт үзүүллээ. Эрэгтэйчүүдийн баг буюу “Мон-Алтиус” Биеийн тамирын дээд сургуулийн баг хэсэгтээ Малайз, Хонгконг, БНСУ-ын багуудыг хожиж, хэсэгтээ Тайванийн багийн араас хоёрдугаар байраар шалгарч медалийн төлөө өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар хагас шигшээ тоглолтод улсын багийг Индонез /18:17/-аар, Тайванийн /20:12/ багийг дараалан хожиж, Ази тивийн оюутны аварга боллоо.


Монголын эмэгтэй баг Иран, Хонгконг, Тайвань, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгээс Иран, Тайванийн баг цааш өрсөлдөх эрхийг авчээ. Эмэгтэй багуудаас талбайн эзэд болох Тайваньчууд түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртжээ.
Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалын эзэд болсон байна. Энэ жил А.Тулга дасгалжуулагчтай багийн залуус Тайваньд шилдэг тоглолтуудыг үзүүлж, тивийн оюутны аварга болсон бахдам амжилтыг үзүүллээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.