Судалгаа: Бүүвэйн дуу нярайн өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг

Америк эрдэмтэд шинэ судалгаа явуулж бүүвэйн дуу сонсох нь нярайн өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг болохыг илрүүлжээ. Эмнэлгийн орчинд нярай хүүхдийн өсгийнд хатгалт хийн цусыг шинжлэх шаардлагатай болдог. Тус шинжилгээгээр фенилкетонури, гипотиреодизм, цистик фиброз, хадуур эст анеми гэх мэт ховор төрлийн өвчнийг оношилдог байна.
Нярайн өсгийд хатгалт хийхдээ өвчин намдаах арга хэмжээ авдаг. Нярайн өвдөлтийг намдаахын тулд ихэнхдээ сахартай ус уулгадаг аж. Тэгвэл эрдэмтэд ганц сахартай ус уулгах, бүүвэйн дуу нэмж сонсгох хоёрын аль нь илүү өвдөлт намдаахад тус болдгийг судалсан байна. Судалгаанд оролцсон 100 нярайд бүгдэд нь сахартай ус уулгасан аж.
Тэдний хагаст нь “Bedtime Mozart: Classical Lullabies for Babies” нэртэй бүүвэйн дууг 20 минутын турш сонсгосон байна. Дууг сонсгож дуусгаснаас 5 минутын дараа өсгийнд хатгалт хийжээ. Хатгалт хийснээс мөн 5 минутын дараа бүүвэйг үргэлжлүүлэн сонсуулсан байна. Судлаачид нярайн нүүрний хувирал, уйлж байгаа эсэх болон амьсгалын хэлбэрээс өвдөлтийг хэмжжээ. Тэд өвдөлтийн хүчийг 0-ээс 7-д үнэлсэн байна.

Өсгийг хатгах үед бүүвэйн дуу сонсоогүй хүүхдүүдийн өвдөлтийн хүч 7-оос бага зэрэг доор байжээ. Харин бүүвэй сонссон хүүхдүүдийн өвдөлт 5 байсан аж. Хатгалт дууссаны дараа хоёр бүлгийн хүүхдүүдэд өвдөлтийн хүч нь буурч эхэлсэн ч бүүвэй үргэлжлүүлж сонссон хүүхдүүдийнх илүү буурчээ. Саяхныг хүртэл анагаах ухаан дөнгөж төрсөн нярай өвдөлт мэдэрдэг эсэх дээр эргэлзээтэй байсан юм.
Гэвч сүүлийн хэдэн жилийн судалгаанууд нярай хүүхэд том хүнээс илүү өвдөлтөд мэдрэг байж магадгүйг харуулжээ. Өвдөлт намдаах арга хэмжээ авалгүйгээр нярайд өвдөлт мэдрүүлэх процедур хийх нь ирээдүйд мэдрэлийн асуудал үүсгэж болзошгүй аж. Тухайлбал өвдөлтийг илүү хүчтэй мэдэрдэг болж магадгүй гэдгийг эрдэмтэд онцолсон байна.
Эх сурвалж: Science News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.