Японд сурагчдыг нойрмоглож байгаа эсэхийг шалгадаг хиймэл оюун ухаан бүтээжээ

Японы Осака мужийн их сургууль хичээлд оролцохгүй байгаа мөн зүүрмэглэж буй оюутнуудыг илрүүлдэг хиймэл оюун ухаан бүтээсэн байна. Кёоикү их сургууль энэ технологийг “Kansai Denki Kogyo” компанитай хамтран бүтээсэн аж.

Тус хиймэл оюун ухаан нь дулааны камер ашиглан хичээлийн үеэр суудлаа орхин босох эсвэл нойрмоглож байгаа эсэхийг нь илрүүлдэг байна. Кёоикү их сургууль энэ технологи багш нарт илүү үр дүнтэй хичээл заахад нь тусална гэж үзэж байгаа юм. Тус их сургуульд багшилдаг дэд профессор Казүки Ниваяама “Энэ систем нь оюутнуудыг юу хийж байгааг хянах бус тэднийг дүрслэн харуулж, багш нарт заах ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах зорилготой” гэж хэлжээ.
Уг технологиос авсан датаг оюутны зан төлөвийн мэдээлэлтэй хавсарган дүн шинжилгээ хийх юм. Гарсан үр дүнгээс хамаарч багш нарт оюутнуудаа илүү магтах, хичээлээ арай энгийн байдлаар заах эсвэл тодорхой сэдвийн талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэх гэх мэт зөвлөгөө өгч болно гэв.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.