Top StoriesНИЙГЭМСурвалжилгаУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн сурвалжилга

Сурвалжилга: Б.Чойжилсүрэнгийн шинэ түлшний түүхий эд Хятадад дайвар, Монголд голлох бүтээгдэхүүн

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийслэлийн бондоос 177 тэрбум төгрөгөөр урд хөршөөс хагас кокс авах талаар танилцуулга хийж, нийгэмд "цочроо" өгснөөр хэдийн нэг сарын нүүрийг үзлээ.

"Б.Чойжилсүрэнгийн шинэ түлш" гэх алдрыг хүртээд буй хагас коксон түлшийг ч одоогоос ес хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 15-наас зах зээлд нийлүүлэхээр болсон юм. Ингэхдээ 45 хоногийн хугацаанд тодорхой бүсүүдэд уг туршилтыг хийхээр тооцоолсон байдаг. Тэгвэл хагас коксон түлш гэх бидний шинэхэн туршилтын түлшний талаар Эгүүр мэдээллийн агентлаг энэ удаад сурвалжлан хүргэж байна.

Энэхүү нийтлэлд:

  • Монголд шахмал түлш хэрэглэж эхэлсэн эхний давалгаа
  • Шахмал түлшний хоёрдугаар давлагаа буюу Б.Чойжилсүрэнгийн туршилт болох хагас коксон түлш
  • Дэлхийд хийгээд Монголд орчны болон ахуйн агаарын бохирдлын улмаас нас барагсдын тоо
  • Хагас коксжсон нүүрс, хагас кокс, хагас коксон түлшийн ялгаа
  • Хятадын хагас коксон түлш үйлдвэрлэгчид
  • Яагаад хагас коксон түлш бус мидлинг бүхий шахмал түлшийг сонгож, туршиж, хэрэглэсэн талаарх агуулгыг цогцлоон хүргэж байна.

-Өнгөрсөн хийгээд туршилтын нүүрсний санхүүжилтийг 5.5 дахин багасгасан нь-

Эргэн сануулахад Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд шинэ шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан байдаг.

Өнөөх алдарт 177 тэрбум төгрөг нь ч 32 тэрбум болж, 5.5 дахин бага санхүүжилтийг түлшинд зарцуулахаар болсон билээ.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан үе буюу 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж түүхий нүүрсийг хэрэглэхээ больж, шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бол үүний хоёрдугаар давлагаа нь энэ жилээс эхлэхээр зэхэж буй. Тухайн үедээ ч У.Хүрэлсүх "Утааг яллаа" хэмээн мэдэгдэж, "Агаарын бохирдол 50 хувиар буурлаа" гэж мэдээлж байлаа.

Эхэндээ агаарын бохирдлыг бууруулсан байхыг үгүйсгэхгүй. Гэвчиг хоёр дахь жилээсээ уг үзүүлэлт буурсан байдаг. Товчоор бол түүний туршилт "саарал хөндий"-н өнгийг өөрчилж чадаагүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд "У.Хүрэлсүхийн түлш"-ийг хэрэглэж, сүүлийн гурван жилд нь түүхий эд болох мидлинг нь чанаргүй байсныг илрүүлээд байгаа. Ямар сайндаа л Эрчим хүчний сайдын албан тушаалыг аваад нэг жилийн нүүрийг үзэж буй Б.Чойжилсүрэнд "агаарын бохирдлыг бууруулах" гэх томоохон ажил ногдох билээ.

Тиймдээ ч албан тушаалаа аваад удаагүй сайдаас өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч байгаа талаар олон нийт шалгаахад түүнд "салхи"-наас өөр үг олдоогүй. У.Хүрэлсүхийн ачаа нуруунд нь ирэх үед л "Салхи гарахгүй бол утаа багасахгүй" гэх алдарт эшлэлээ Б.Чойжилсүрэн хэлсэн байдаг.

-Гэр ахуйн агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жилд манай улсын хүн амтай тэнцэхүйц иргэн нас бардаг-

Анх шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нэг сарын хугацаанд манай улсад найман иргэн нас барж, 800 иргэн угаартаж байлаа. Гэсэн хэдий ч тухайн үед нүүрсэнд асуудал байгаагүй гэх хариултыг удирдлагууд өгч байсан байв. Гэвч 2019-2020 оны өвөл гэхэд л 2568 хүн угаарын хийнд хордсоноос 15 нь нас барсан байдаг. Нас барагсдын найм нь хүүхэд байсан юм.

Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л шахмал түлшний улмаас 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан байдаг.

Тэгвэл ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар нийт 2.4 тэрбум хүн ахуйн агаарын бохирдлыг бий болгодог байна. Тухайлбал, керосин, биомасс болон нүүрсийг зууханд хэрэглэдэг нь ахуйн бохирдлын гол шалтгаан болдог ажээ. Үүний улмаас 2020 оны байдлаар гэхэд л дэлхий даяар нийт 3.2 сая хүн нас барсан байдаг аж. Энэ нь тухайн жилийн манай улсын нийт хүн амын тоотой тэнцэхүйц үзүүлэлт юм.

Уг бохирдлын улмаас цус харвалт, зүрхний өвчин, уушгины архаг бөглөрөл болон уушгины хорт хавдар зэргээр өвдөхөд хүргэдэг хэмээн ДЭМБ мэдээлжээ. Харин тэдний судалгаанд дурдсанаар орчны болон ахуйн агаарын бохирдлын нийлбэр дүнгээр дэлхий даяар жилд 6.7 сая хүн нас нас бардаг аж.

-Агаарын бохирдлыг бууруулах хоёр дахь давлагаа буюу хагас коксон түлш-

Зөвхөн манай улс ч гэлтгүй дэлхийн бусад томоохон нийслэлүүд ч агаарын бохирдолтой өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Сөүл болон Бээжин тэргүүтэй нийслэлүүд ч 100 хувь агаарын бохирдлоос ангижирсан хэмээн тооцоолж болохгүй.

Дэлхийн улс орнуудын хувьд агаарын бохирдлыг бууруулахдаа олон үе шатыг дамждаг бөгөөд үүний нэг нь хийн түлшинд шилжихийн өмнөх шат болох хагас коксон түлшийг хэрэглэх явдал юм. Олон нийт ч солонгос кинон дээрээс нүхтэй, том хэмжээний, саарал галлагааны түлшийг харж байсан биз ээ. Тухайн түлшийг одоо ч Өмнөд Солонгос улсад ахуйн галлагаанд ашигласаар. Харин Хятадын хувьд бага хэмжээтэйгээр буюу манай улсад хэрэглэж буй түлштэй ижил хэмжээтэйгээр ахуйд хэрэглэж байна.

Тиймээс урд хөршид үйлдвэрлэж буй хэд хэдэн ахуйн түлш болох хагас коксон түлшний хэрэглээ, үйлдвэрийн талаар танилцуулахаас өмнө уншигчид та бүхний зайлшгүй мэдэх ёстой зүйл бий. Энэ бол хагас коксжсон нүүрс хийгээд хагас кокс, хагас коксон түлш хоорондын гурван ялгаа юм.

Олон зүйл нуршилгүй энгийнээр тайлбарлавал,

  • хагас коксжсон нүүрс - эрдсийн хольц агуулсан ургамлын гарал үүсэлтэй, хатуу шатамхай, тунамал байгальд орших чулуу
  • хагас кокс - хүрэн болон чулуун нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн
  • хагас коксон түлш - хуурай пироликын аргаар гаргаж авсан нунтаг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар халууны задралд оруулан, боловсруулж гаргаж авсан түлш юм.

НЭГТ. Сентай Нью Техноложи шахмал түлшний үйлдвэр.

Тус үйлдвэр нь жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Нэг цагт 160-210 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн хувьд зөвхөн шахмал түлшээ үйлдвэрлэдэг нь манай "Тавантолгой түлш"-тэй ижил гэсэн үг юм.

Тус компанийн мэргэжилтэн "Нүүрсээ зөөвөрлөж авч ирж, бутлаад, барьцалдуулагч хольж, зургаан шатны холигчоор хольсны дараагаар амрааж, хэвлэх машинт хийж, найман цагийн турш хатааж, эцэстээ шуудайлна. Дээрх шат дамжлагыг давсны эцэст иргэдийн гар дээр очиход модны нүүрс болон аргалаас гаргаж авсан түлшээр галаа өрдөж, асаадаг" хэмээв.

ХОЁРТ. Шэнмү энержи девелопмент компани.

Өмнөх үйлдвэрээс ялгаатай нь эл үйлдвэр нь нүүрснээс гадна дэргэдээ химийн үйлдвэртэй юм. Түүхий нүүрсийг 650-750 хэмд жигнэж, хагас кокс гаргаж авдаг уг үйлдвэр нь хагас коксоо нунтаг болон бүхэллэг ширхэглэгт гэх хоёр хэсгээр ялгана.

Нунтаг хэсгээр нь иргэдийн хэрэглэх түлшийг хийдэг бол бүхэллэг хэсгийг нь гангийн үйлдвэрт нийлүүлдэг ажээ. 14 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр нь жилдээ 800 мянган тонн хагас коксон түлшийг үйлдвэрлэдэг хүчин чадалтай юм.

ГУРАВТ. Ван зонг вэй еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын компани.

Өдгөө 24 дэх жилтэйгээ золгож буй уг компани нь 150 мянган тонны дөрвөн ширхэг зуухтай бөгөөд нийт 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.

Тус үйлдвэрийн мэргэжилтэн Лиуруи "Нийт дөрвөн төрлийн хагас коксон түлшийг гарган авдаг байна. Нунтаг, жижиг, дунд болон том гэх дөрвөн төрлийн хэмжээтэй гарган авдаг. Ингэхдээ олон нийтэд гэрээ дулаалах галлагаанаас гадна шорлогийн нүүрс хийж, экспортлодог" гэсэн юм.

Тэр дундаа тэдний хагас коксон түлш нь "10 тэрбумын стратегийн төлөвлөгөө"-нийх нь гол бүтээгдэхүүн нь хагас коксон түлш ажээ.

Сүүлийн хоёр компанийн хувьд хагас коксон түлшийг үйлдвэрийн аргаар гарган авдаг хэдий ч тэдний хувьд голлон бүтээгдэхүүн биш гэдгийг онцолж байлаа. Шалтгаан нь түүхий нүүрсийг үйлдвэрийн аргаар боловсруулахад хагас кокс, давирхай болон хийг гарган авдаг байна. Ингэхдээ давирхай болон хийг голлох, харин хагас коксыг дайвар бүтээгдэхүүнээ хэмээн үздэг ажээ.

Хэдийгээр Хятадын томоохон хотууд одоог хүртэл хагас коксон түлшээ хэрэглэж байгаа ч үүний хажуугаар хийн түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж буй. Зөхөн Хятад бус Өмнөд Солонгос улсаа хийн түлшээр бүрэн халаадаг болохын тулд хагас коксон түлшээ хамтад нь ашигласаар байна. Ийн ашиглаж буй гол шалтгаан нь хийн түлшид улсаа бүрэн хамруулахад багадаа 15-20 жил шаардлагатай хэмээн үзсэнтэй нь холбоотой юм.

Манай улсын хувьд анхнаасаа хагас коксон түлшийг хэрэглэх боломжгүй байсан уу. Шууд хийн түлшинд шилжих боломжгүй юу?

Агаарын бохирдол ярьж, олон түлшний туршилтад орж буйд бухимдах иргэдийн хувьд дээрх асуултууд урган гарах нь гарцаагүй. Тэгвэл эл асуултад Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр "Анх шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө туршилт хийхэд агаарын бохирдлыг 50 хувь бууруулж байгаа гэх тооцоолол гарсан юм билээ. Товчоор бол түүхий нүүрсийг ашиглахаас илүү шийдлийг нь сонгосон гэж хэлж болно. Шахмал түлшний түүхий эд нь мидлинг байв. Гэвч хожим энэ түлш агаарын бохирдлыг бууруулахаа больсон тул түүхий эдийг нь солих туршилтын ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ мидлингийг хагас коксоор орлуулсан юм. 97 удаагийн туршилт хийсэн.

Туршилтын үр дүнд дэгдэмхий ес, хүхэр 0.5, үнслэг чанар найман хувиар бага гарсан. Мөн тоосонцор 3.7, хүхэрлэг хий 6.9 дахин багассан бол угаарын хий 810, азотын исэл 56-гаар буурсан үзүүлэлтийг харуулсан юм" гэв.

Товчоор бол хийн түлшинд шилжих хүртлээ бусад орны жишгийг дагаж, хагас коксон түлшээ хэрэглээндээ ашиглах сонголтыг хийсэн хэрэг. Тиймдээ ч 2025 оноос Хагас кокс - Эрчим хүчний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг нь хийж буй гэх. Ямартай ч 2023-2024 оны өвөл турших түлшний хоёрдугаар давлагааны үр дүн ямар байхыг ирэх хавар харцгаах л үлдлээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-10 10:46

энэ ЗГ Чойжилсүрэнгээ даруй солих хэрэгтэй б.на.Төсвийн мөнгө уйлж б.гаа ш.Ард түмэн тэсрэхэд ойрхон б.на.Чойжилсүрэн өмнөх сайдын индэр дээрээс "эмээ өвөө нар бие биеэ үхээсэй гэж харах"болно гэж ичих ч үгүй донгоссон гаж "ухаантан"шд.Ийм төртэй ч байх гэж д.Монгол ард түмний л сонголт.

Зочин
Зочин
2023-09-10 15:27

Сайжруулсан түлш гээч Хүрэлсүхийн жүжиг цааш хэдэн анги үргэлжлэх байх гэсэн чинь энэ хүрээд түмбэржүржиг боллоо. Энэ хугацаанд 46 хүний �##�тан амийг авч оджээ. Харицлагыг нь үнэгүй мидлинг нийлүүлсэн Ж.Оджарг�##� хүлээх учиртай болж байгаа юу.

Зочин
Зочин
2023-09-10 20:59

УБ утаа болохгүй шүү

Зочин
Зочин
2023-09-12 11:17

iimerhuu yumnuud olson heden tsaasaa muruuruu ureed uls turuus holuur yavaj boldoguin bhda

Холбоотой мэдээ

Back to top button