Ливи: Жагсагчид Дерна хотын даргын гэрийг шатаажээ

Есдүгээр сарын 10-ны өдөр Ливи улсын Дерна хотод Даниел хар шуурганы улмаас хүчтэй үер буусан. Уг гамшгийн улмаас 11,300 хүн амь насаа алдсан гэж Ливи дэх Улаан хавирган сар нийгэмлэг тооцоолсныг НҮБ иш татаж мэдээлсэн юм.
Тэгвэл даваа гарагт /2023.09.18/ уурссан иргэд Дерна хотод жагсаал хийж, албаны хүмүүст хариуцлага тооцохыг шаардсан байна. Даваа гарагийн үдээс хойш жагсагчид хотын дарга Абдулменам аль-Гайтин гэрийг шатаасан гэж хотын даргын оффисын менежер “Reuters” агентлагт хэлжээ.
Ливи улсын зүүн бүсийн засгийн газарт сайдаар ажилладаг Хичем Абу Чкиуат хэлснээр Гайтиг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Дернад үер болсон шалтгаан бол хоёр далан эвдэрсэн явдал.

Даниел хар шуурганы улмаас их хэмжээний бороо орж, хотын гадна оршдог хоёр далан сүйрсний улмаас хот бүхэлдээ усанд автсан юм. Тус хотын иргэд үерийн хохирол ийм аймшигтай хэмжээнд хүрсэн нь албаны хүмүүсийн буруу гэж үзэж байгаа.
Тухайлбал даваа гарагт болсон жагсаалд оролцсон Мансур нэртэй оюутан “Олон мянган хайртай хүмүүсээ алдахад хүргэсэн” учраас хоёр далан эвдэрсэн явдлыг яаралтай шалгаж эхлэхийг шаардаж байна гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.