Судалгаа: Тараг саримсны үнэрийг сайн дардаг

Эрдэмтэд судалгаа явуулж таргийн нэг ашигтай талыг илрүүлсэн байна. “Molecules” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харвал тараг саримсны үнэрийг сайн дардаг болохыг тогтоожээ.
Тэгэхээр их саримстай хоол идээд, үнэрийг нь сэнгэнүүлэхгүй байхыг хүсвэл тараг уухад л болох аж. Лабораторид явуулсан туршилтаар энгийн тараг нь саримсны хурц үнэрийг үүсгэдэг бараг бүх молекулуудыг агаарт дэгдэхээс сэргийлж чаддаг гэдгийг илрүүлсэн байна.
Судлаачид тараг болон орцонд нь ордог уураг, өөх тос, усны саримсны үнэрийг дарах чадварыг шинжилжээ. Өөх тос, уураг хоёр хоёул хурц үнэртэй молекулуудыг дарахад үр дүнтэй байсан аж.

Энэ эрдэм шинжилгээний ажилд оролцсон Охайо мужийн их сургуулийн хоол судлалын профессор Шерил Барринжер “Одоо хүмүүс уураг ихтэй хоол идэхийг хүсдэг болсон. Ийм учраас уураг ихтэй хоолыг амьсгалын үнэрийг дарах үйлчилгээтэй гэж сурталчилж болох юм. Харин өндөр өөх тостой хоолыг ингэж сурталчлах нь зүй ёсны хэрэг биш” гэж хэлжээ.
Туршилтыг явуулахдаа эрдэмтэд ижил хэмжээний түүхий саримсыг шилэн саванд хийжээ. Савнуудад таргийн уураг, ус, таргийн өөх тос болон тараг хийж хурц үнэр ялгаруулдаг бодис хэр их дэгдэж байгааг шинжилсэн байна. Туршилтын хариуд тараг үнэр ялгаруулдаг бодисыг 99 хувиар бууруулдаг болохыг илрүүлсэн юм.
Эх сурвалж: Phys.org
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.