Top StoriesНийгэм мэдээ

Сурвалжилга: Он гарсаар үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн 1500 иргэнд хариуцлага тооцжээ

2023 оны эхний 9 сарын байдлаар үл хайхрах хүчирхийллийн зөрчлөөр 1500 иргэнд арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэд насанд хүрээгүй хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлсэн учир Зөрчлийн тухай хуулиар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийн шийтгэл хүлээсэн байна.

Энэ мэдээллийг бидэнд ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхгэрэл өгсөн юм.

Харин сэтгэлзүйч, докторант Т.Батцэнгэл өсвөр насныхантай уулзаж ярилцахад, сургуулиудаар сургалт хийгээд явж байхад тэдний дийлэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртдөг тухайгаа ярьдаг.

Тодруулбал, аав ээжүүд хүүхдүүдийн хайрлах, сонсох, ярилцах, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг огт анхаардаггүй нь бидний хамгийн том алдаа гэв.

Хүүхдийн хүчирхийллийн бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах гэсэн дөрвөн хэлбэр бий. Үүнээс насан туршид нь хор хохирол учруулдаг хэлбэр бол үл хайхрах хүчирхийлэл юм. Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт жилд 11-12 мянган зорилтот дуудлага ирдгийн 30 хувийг энэ төрлийн дуудлага эзэлдэг байна. Тодруулбал, жилд 330-360 хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж буйгаа хүүхэд хамгаалах газар мэдэгдсэн гэсэн үг.

Бид үл хайхрах хүчирхийлэл сэдвээр ярилцлаа. 

-Б.Мөнхгэрэл: Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршийн сэтгэлзүйн гэмтэл авдаг-

-Үл хайхрах хүчирхийлэл гэж юу вэ?

-Хүүхдийг бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй байснаар хүүхдэд гэм хор учруулсан, учруулахаар заналхийлсэн, хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэдсээр байж аваагүй гэх мэт үйлдлүдийг хэлнэ. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар насанд хүрээгүй хүүхдийн анхан шатны хэрэгцээг нь хангахгүй байна гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд хүүхдийг гэр бүлийн хүрээнд үл хайхрах хэлбэрийг хориглосон. Зөрчлийн тухай хуулинд хүүхдийн дэргэд архидан согтуурах, анхан шатны хэрэгцээгээр нь хангахгүй байх зэрэг зөрчлүүдийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шаардлагатай байхад үзүүлэхгүй орхих, товлолт вакцин, витаминжуулалтад хамруулахгүй зэрэг үйлдэл нь үл хайхрах хүчирхийлэл үйлдэж, эрүүл энх өсөж торних эрхэнд нь халдаж байна гэсэн үг. Насанд хүрээгүй хүүхдийг хайрлаж, халамжлах үүргээ биелүүлээгүй, анхан шатны хэрэгцээг хүртээмжтэй байдлаар өгөхгүй байгаа нь өөрөө энэ төрлийн хүчирхийлэлд тооцогдоно.

-Үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн аав, ээж, асран хамгаалагч ямар хариуцлага хүлээх вэ?  

-Зөрчлийн тухай хуулинд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. 2023 оны эхний 9 сарын байдлаар 1500 иргэн арга хэмжээ тооцогдсон. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрх зөрчиж, үл хайхрах хүчирхийлэл үйлдсан учраас цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авсан. Үл хайхрах хэлбэрийн зөрчлийн дийлэнх нь хүүхдийн дэргэд архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлууд байна. Үл хайхрах хүчирхийллийн зөрчилд тооцогдсоноос бусад үйдлийг эрүүгийн хуулиар шийднэ. Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 7 дугаар зүйлд энэ тухай тодорхой зааж өгсөн. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээ мэдээлэл, сурталчилгаа, контентоос хамгаалах үүрэгтэй гэж заасан. Тодорхой хэлбэл, ахуйн хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн орчинд багш, нийгмийн ажилтан, төрийн байгууллагууд өөрсдийнхөө хариуцсан чиг үүргийн хүрээнд зохисгүй мэдээллээс хамгаалах үүрэгтэй.

-Бид энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

 -Хэрэгжүүлдэггүй гэж хэлмээр байна. Фээсбүүк, инстаграм хүүхдэдээ нээгээд өгчихдөг. Гэтэл эргээд буруу, зохисгүй, шүүлтүүргүй мэдээллийг хүүхдүүд чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлчхэж байгаа юм. Аав, ээжүүд энэ талын мэдлэг мэдээллээ сайжруулаад, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон контент сувгуудыг нь нээгээд бусдыг нь насны хязгаараас хамаарч хаадаг тохиргоог хийх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Хамгийн энгийнээр хэлэхэд насанд хүрэгчид ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс цахим хуудсаас өдөр тутам хүүхдээ эрсдэлээс хамгаалах зөвлөмжийг авах боломжтой. Бүр аль үйлдлийн системтэй утаснаас хамаарч ямар тохиргоо хийхийг зөвлөсөн байгаа.

-Цаашдаа бид хаана хаанаа юуг хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулахын тулд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо маш чухал. Бид үүргээ биелүүлэх ёстой. Миний төрүүлсэн хүүхэд яахаа өөрөө мэднэ гэсэн нийтлэг буруу бодол бий. Гэтэл хүүхэд төрсөн цагаас эхлээд эрх нь үүсдэг. Тэр эрхийг биелүүлэхийн тулд бид хараа хяналтаа сайжруулах, ойлголцох, ярилцах, тэднийг хамгаалах талаар хамтран ажиллаад явах нь илүү үр дүнтэй.

-Үл хайхрах хүчирхийлэлд өртсөнөөр хүүхдэд ямар сөрөг үр дагавар бий болдог вэ?

-Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бүрэг, хэнтэй, хаана хэрхэн ярилцахаа шийдэж мэдэхгүй байх нь нийтлэг. Гэр бүлийн хүрээнд аав ээж нь ярилцдаггүй, мэдээлэл солилцдоггүй учраас хичээлдээ дур сонирхолгүй, гадуур сэлгүүцнэ. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй байх, сурч боловсрох эрхэнд ч нөлөөтэй. Ялангуяа анхаарах зүйл нь бол битгий ялгаварлан гадуурх, мэдээлэл байнга солилц, нээлттэй ярилцаж, ойлголц. Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа сэтгэл зүйн гэмтэл авна. Хамгийн наад зах нь ярилцах хэрэгцээг хангаж байж хүүхэдтэйгээ ойлголцоно. Ярих өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа бол үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэр гэж ойлгох хэрэгтэй.

Бид өсвөр насны хүүхдүүдээс санал бодлыг нь сонслоо. Хөвгүүд бас охин нэрээ, сургуулиа нууцалж, зураг авахуулахгүй байх болзол тавьсан юм. Бид тэднээс үл хайхрах хүчирхийллийн талаар юу мэдэх үү, өртөж байсан уу гэх агуулгаар ярилцаж, яриаг нь товчлон нийтэлж байна.

-Аав, ээжүүд хүүхэдтэйгээ утсан хүүхэлдэй шиг харьцдаг-

16 настай хүү: Аав, ээж хоёр чамайг юугаар ч дутаагаагүй гэж хэлдэг. Би ойлгохдоо үүнийг үүрэг нь гэж боддог. Мөн бид нар чиний насан дээр ийм сайхан амьдралтай байгаагүй гэдэг. Энийг би үнэхээр ойлгодоггүй. Би буруутай юмуу гэж хэлээд муудалцаж байсан. Тэд нар ч үл хайхрах хүчирхийлэл үйлдэж байгаагаа мэддэггүй, хүүхдүүд ч өртөж байгаагаа мэддэггүй хэрнээ өдөр бүр давтагдсаар байдаг юм байна. Миний байнга бодсоор дүгнэсэн нэг зүйл бол аав, ээж хоёр бидний хүүхэд юм чинь яаж ч харьцсан, яаж ч удирдсан болно гэж боддог юм шиг санагдсан. Харин тэр үг үйлдэл нь хүүхдэд хэрхэн тусдагийг огт бодож үздэггүй байхаа. Ер нь бол дуртай үедээ загнаж, дуртай үедээ аргадаж, яг л утсан хүүхэлдэй шиг харьцдаг. Манай аав, ээж шиг ийм хүмүүс байвал үүнийгээ анхаараарай гэж хэлмээр байна.

14 настай охин: Үл хайхрах хүчирхийлэл гэдгийг хүүхдээ анхаардаггүй хүмүүсийг хэлнэ гэж бодож байна. Найзуудтайгаа заримдаа ярилцахаар гунигтай болдог. Жишээ нь, манай найзын ээж нь Солонгост ажил хийдэг. Тэр хүүхэд гоё хувцас, гоё утастай ч байнга гунигтай байдаг. Учир нь ээжийгээ аймаар их санадаг, эмээ өвөө нь тэрийг нь ойлгохгүй миний охин чамайг тэжээх гээд хүний нутагт зовж яваа гэж загнадаг. Харин манай аав хичээлээ тараад гадаа жаахан тоглоход аймаар уурладаг. Уурлахдаа дандаа муу зүйлүүдийг хэлдэг. Чамайг хүн аваад явчихвал яана гэдэг ч юмуу.

19 настай хүү: Ээж аймаар цагддаг. Бас ээжийн ах, эгч, дүү нар миний асуудалд дураараа орж ирдэг. Миний нүдэн дээр хүүхдээ битгий давраа, тэг ингэ гэж зааварчилдаг. Хамгийн гол нь ээж намайг хувь хүн гэж огт бодохгүйгээр тэд нарынхаа үгэнд ордог нь гомдолтой байдаг. Ээжийн хамаатнууд өөрийнхөө дүүг, эгчийг л жаргалтай амьдруулахын тулд намайг гоочилдог юмшиг санагддаг. Бидний үеийнхэн хамт байх дуртай. Найзуудаараа юм ярьж суух, тоглох, хоолонд орох, нэгнийдээ очих. Энэ болгон дээр ээжээс зөвшөөрөл авна гэдэг хэцүү. Зүгээр л ээж надад үргэлж итгэдэг байгаасай л гэж хүсч байна.

-Үл хайхрах хүчирхийлэл насанд хүрэгчдийн идэвхигүй үйлдэл хандлагаар илэрдэг-

Үл хайхрах хүчирхийлэл нь хүүхэдтэй зүй бус харьцах явдлын хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр хэдий ч нийгэм, олон нийтийн дунд үл хайхрах хүчирхийллийн тохиолдолд бага анхаарах хандлагатай байдаг. Хүүхдийг зодох, хэл амаар доромжлох зэрэг насанд хүрэгчдийн идэвхитэй үйлдлээр илэрхийлэгдэх бусад төрлийн хүчирхийлэлтэй харьцуулахад үл хайхрах хүчирхийлэл нь насанд хүрэгчдийн идэвхигүй үйлдэл, хандлагаар илэрдэг. 

Үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан байдалд үзүүлж буй сөрөг үр нөлөө нь ихэвчилэн шууд бус, далд хэлбэрээр явагддаг ба хүүхдийн цаашдын өсөлт хөгжилд маш их хор уршиг дагуулдаг байна.

-Сэтгэлзүйч Т.Батцэнгэл: Хүүхдийнхээ хайрлах, сонсох, өөрийгөө нээх хэрэгцээг хангаагүйгээс маш их сөрөг сэтгэлзүйтэй үе гарч ирж байна-

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл гэж юуг хэлэх вэ?

-Нэрнээсээ хүртэл ойлгомжтой байна. Хүнд идэж уух, өмсөж зүүх гээд үндсэн физиологийн хэрэгцээ бий. Эдгээрийн араас аюулгүй амьдрах, эрүүл энх байх цаашлаад хайрлагдах, өөрийгөө нээх гэх мэт хэрэгцээнүүд бий. Гэтэл бид өнөөдөр үндсэн хэрэглээний хэрэгцээнд ач холбогдол өгөөд бусад хэрэгцээг хангахгүй орхисноор үл хайхрах хүчирхийлэл үйлдэгдэж эхэлж байгаа юм. Тэр тусмаа бид үр хүүхдийнхээ хайрлагдах хэрэгцээг хангаж байна уу, зөв хайрлаж чадаж байна уу гэдэг үнэхээр тулгамдсан асуудал болсон. Аав ээжүүд бүх зүйлийг хүүхдэдээ өгөөд хайрлаад байна гэж ойлгодог. Гэтэл хайрлах гэдэг чинь тусдаа зүйл шүү дээ. Энэ хэрэгцээг сэтгэл санааг нь дэмжих, сонсох, ярилцах, тулгамдсан асуудлыг нь хамтдаа шийдвэрлэх гэх мэт арга замаар хангана. Ядаж л дэлгэцэд донтоод байгаа хүүхдүүдэд толгой дараалан сэтгэлзүйн асуудал үүссэн байдаг.

-Тодорхой хэлбэл...?

-Эцэг эх нь хайхардаггүй, анхаарал халамж тавиагүй, тэдэнд ямар хэрэгцээ үүсч байгааг анхаардаггүй айлуудын хүүхдүүд нийтлэг донтож байна гэсэн үг. Тэр ч бүү хэл аав ээжүүд өөрсдийгөө тайван амгалан байлгахын тулд хүүхдэдээ утас өгч байгаа нь хүчирхийлэл. Бид хүүхдийнхээ сурч, боловсрох хэрэгцээг нь хангахын тулд арай өөрөөр ажиллах ёстой. Дээрээс нь сэтгэлзүйн хувьд түгшүүртэй байгаа хүүхдүүд ихэвчлэн донтох эмгэгт өртөөд байна.  Томчууд зөвхөн физиологийнх нь хэрэгцээг хангачхаад тэрнээс цаашх хэрэгцээ байдаг гэдгийг олж харахгүй байгаагийн илрэл шүү дээ.  

-Хайрлах, ярих, өөрийгөө нээх хэрэгцээгээр дутсанаар хүүхдэд, тухайн гэр бүлд ямар асуудал тулгарч байна вэ?

-Хүүхдийн дотор маш их гомдол үүсдэг. Өсвөр насны хүүхдүүдтэй уулзахаар юу гэж хэлдэг вэ гэхээр “эд нар намайг хайхрах үед маань хайхраагүй, өсгөх нь ойлгомжтой гэтэл надад анхаарал халамжаа тавиагүй” гэдэг. Зарим гэр бүлийн хүүхдүүдээ хайртай гэж хэлэх, тэврэх, магтаал урамшуулал өгөх, сонсох хэрэгцээг нь огт хангаагүй учраас эргүүлээд сөрөг, хүнийг хайрлаж чадахгүй ийм хүүхдүүд бий болоод байна.

-Гэтэл аав, ээжүүд бүх юмаар нь хангачихлаа гээд сэтгэл ханаснаар олон сөрөг үр дагавар гарах нь?

-Хүн гэдэг чинь өөрөө сэтгэлийн амьтан. Тийм учраас тэр хүний сэтгэлзүйд ямар орон зай дутуу байгааг эх эцэг мэдрэмжтэйгээр анхаарах хэрэгтэй.  Нэг айлын хоёр хүүхдэд хүртэл сэтгэлзүйн нэлээд асуудал үүссэн явж байна. Аав ээжүүд хүүхдүүдээ ялгавартай ханддаг. Энэ нь нөгөө нөгөө орхигдсон хүүхдэд гомдол үүсгэдэг. Хүүхдүүд аав, ээж, өвөө, эмээ эгчид, ахад, дүүд илүү анхаарал тавьдаг гэж ярьдаг. Энэ гомдол чинь эргүүлээд сөрөг асуудал үүсгэдэг байхгүй юу.  

-Та ярианы эхэнд хэлж байсан. Хүүхдээ хянах гээд сэтгэлзүйд нь асуудал үүсгэдэг гэж?

-Эцэг эхчүүд хэнтэй найзалдаг, хаашаа явж,  юу сонирхож, юу үзэж байна гэх хяналтыг шууд тавиад эхлэхээр хүүхэд хүлээж авахаа больчихдог. Тийм учраас хяналтыг зарим тохиолдолд далдаас дам аргаар хянаж байх ёстой. Өнөөдөр нийгэм дээр үүсч байгаа асуудлууд ерөөсөө анхааралгүй хаяснаас, хэрэгцээг мэдрэхгүйгээс, хяналт шаардлагыг захирангуй байдлаар хийснээс болдог.

-Одоо бид нар сэтгэлзүйд нь нэгэнт асуудал үүсгэчихэж. Эргээд яаж засах вэ?

-Эцэг эхчүүд өөрсдийнхөө хандлагыг маш сайн өөрчлөх хэрэгтэй. Хүүхдээ сэтгэлзүйн зөвлөгөөнд авч ирсэн мөртлөө эргээд зөвлөмжийг өөрсдөө биелүүлдэггүй. Бид нараас энэ хүүхдийг өөрчлөөд өг, үг авдаг, донтолтоос салгаад, намайг ойлгодог болгоод өг гэж л хүсээд байгаа болохоос яг нөгөө үндсэн хэрэгцээнүүдийг ойлгож авдаггүй. Ийм тохиолдолд эргээд хүүхдээ засахад, ярилцахад маш их цаг хугацаа шаарддаг. Та хүүхэдтэйгээ ярилцаж, ойлгох ёстой гээд хэлээд явуулахаар нөгөө эцэг эхчүүд өөрсдөө сэтгэлзүйн боловсролгүй учраас  яаж харьцахаа мэдэхгүй арга ухаанаа олдоггүй. Өсвөр насны хүүхдүүд хэн нэгнээс хайр халамжийг дандаа хүсч байдаг. Мөн эцэг эхчүүд амлалтаа биелүүлдэггүй. Энэ нь өөрөө сэтгэлзүйд том асуудал авч ирдэг. Тун биелүүлж боломжгүй бол учрыг нь сайн гаргаж өгдөг байх учиртай.

-Яг цагаас эхлээд бид юуг анхаарах ёстой юм болоо?

-Бид нар бие махбодь, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл санаа гээд бүх зүйлд нь анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэхээр бид нарын ирээдүй бидний өтөл насны амьдрал үр хүүхэд яаж амьдарч байгаагаас шалтгаалдаг. Үгүй ядаж өөрсдийнхөө төлөө ч бай бид нар өнөөдөр энэ цаг мөчөөс эхлээд анхаарахгүй бол эргээд маш их сэтгэлзүйн гэмтэлтэй хүмүүс гарч ирнэ. Одоо ингээд  20, 30 насынхантай уулзахаар гэр бүлээс авсан шарх нь өнөөдөр гарч ирж байдаг. Тийм учраас өнөөдрөөс энэ мөчөөс хүүхэдтэйгээ ярилцаж тэдний хэрэгцээ гэж зүйл нь юу байгааг мэдэх хэрэгтэй. Яаж хөгжмөөр байгаа, хэнтэй ярилцмаар байгаа, идэж уух дээр хүртэл хүүхдэд хүсэл байж болно шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ыбө
ыбө
2023-09-26 09:49

Хэцүү2

Уул үүл
Уул үүл
2023-09-26 13:23

Нийгэм хэцүү байгааг сайтар тайлбарлаж ойлголцох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button