Гадаад мэдээДЭЛХИЙ

“Нобель 2023”: Утга зохиолын аваргууд дундаас шагнуулсан Ёон Фоссе гэж хэн бэ

Нобелийн комисс энэ жилийн шагналтнуудаа тодруулсаар байна. Пүрэв гарагийн /2023.10.04/ орой утга зохиолын салбарт шинэ Нобелийн эзэн тодорсон юм. Утга зохиолын дээд шагналыг Норвеги гаралтай зохиолч Ёон Фоссе авсан байна.

Ингэснээр Фоссе утга зохиолын салбарт нэрээ мөнхөлж, 1 сая ам.долларын эзэн болов. Мөн тэрбээр Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн дөрөв дэх Норвеги хүн болж байгаа юм.

Тэгвэл Жон Фоссе гэж хэн бэ

Жон Олав Фоссе нь 1959 онд Норвегийн Хаугесунд хотод төржээ. Тэрбээр долоон настайдаа ноцтой осолд орсон нь насанд хүрсний дараа зохиол найруулан бичихэд ихээхэн нөлөөлсөн юм.

Фоссе Европт хамгийн их тоглогдсон жүжгүүдээс бичжээ. Иймдээ ч тэрбээр жилээс жилд Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшсээр ирсэн аж.

Түүний анхны роман болох “Raudt”, “Svart” (Улаан, Хар) 1983 онд хэвлэгджээ. Гэхдээ тэрбээр 1981 онд оюутны сонинд хэвлэгдсэн “Han” (Тэр) хэмээх богино өгүүллэгийг уран зохиолчийн хувьд гаргасан анхны бүтээл нь гэж үздэг. Түүний утга зохиолын ертөнц дэх амжилт 1989 онд хэвлэгдсэн "Naustet" (Завин байшин) романаас үүдэлтэй.

Тэрбээр 1992 онд анхны жүжгээ бичсэн нь “Nokon kjem til å kome” (Хэн нэгэн ирэх гэж байна) юм. Гэхдээ хамгийн анх театрт тоглосон жүжиг нь "Og aldri skal vi skiljast" (Бид хэзээ ч салахгүй) ажээ. Тус жүжиг 1994 онд Берген хотын Үндэсний театрт тоглосон байдаг.

Фоссе жүжгээс гадна роман, богино өгүүллэг, яруу найраг, хүүхдийн ном бичсэн юм.

Зохиол бичиж эхэлснээсээ хойш 40 жилийн дараа тэрбээр Нобелийн шагнал хүртжээ. Нобелийн комисс түүнийг "дуу хоолой нь сонсогддоггүй хүмүүсийн дуу хоолой болсон шинэлэг жүжиг, зохиол бүтээлтэй" гэж үнэлж шагнажээ.

Утга зохиолын аваргуудтай өрсөлдөж Нобел хүртсэн

Фоссе Нобелийн утга зохиолын шагналын төлөө Маргарет Атвуд, Харүки Мүраками, Салман Рушди зэрэг барууны орнуудад танигдсан алдартнуудтай өрсөлдсөн юм. Мөн хэвлэл мэдээллийн агентлагууд Цан Шүэ нэртэй Хятад зохиолчийг шагнуулах магадлал хамгийн өндөр гэж мэдээлж байсан билээ.

Харүки Мүраками

Харүки Мүраками нь 1949 онд Кёото хотноо мэндэлсэн. Мүраками 1987 онд бичсэн “Норвегийн ой” романаараа дэлхий даяар алдаршсан билээ. Мөн тэрбээр “Эрэг дээрх Кафка”, “1Q84” гэх мэт олон зохиолуудаараа алдартай.

Бага наснаасаа эхлэн барууны соёл урлаг, ялангуяа Оросын утга зохиолд сонирхон уншдаг байжээ. Тэрбээр Франц Кафка, Густав Флобер, Чарльз Диккенс, Курт Воннегут, Федор Достоевский, Ричард Браутиган, Жек Керуак зэрэг Европ, Америкийн зохиолчдын өргөн хүрээний бүтээлийг уншиж өссөн аж.

Иймдээ ч Мүраками бусад Япон зохиолчдоос ялгардаг.

Мүраками утга зохиолын салбарт Нобелиос бусад бараг бүх шагналын хүртсэн. Дэлхий даяар уншигчид түүнийг Нобель авахыг нь хүсэн хүлээдэг гэхэд болно. Мүраками 2013 онд Нобелийн утга зохиолын шагнал авах нь гарцаагүй мэт яригдаж байсан ч Алис Мунро ялагчаар тодорч байсан.

Түүний зохиолууд мөн кино үрэн бүтээлд хувиран олны хүртээл болсон билээ. Хамгийн сүүлд Мүракамигийн зохиолоос сэдэвлэсэн "Burninig" болон "Drive my Car" нэртэй кино гарсан. "Drive my Car" Академийн шагналд нэр дэвшин Оскар авсан юм.

Салман Рушди

Ахмед Салман Рушди 1947 онд Энэтхэгийн Мумбай хотод төржээ. Тэрбээр "Shalimar the Clown", "Satanic Verses", "Midnight's Children" гэх мэт бүтээлээрээ алдартай.

Салман Рушди бол тэмцэгч. Түүний бичсэн “The Satanic Verses” номыг 1989 онд Ираны удирдагч Аятолла Рухолла Хомейни бурхныг доромжилсон явдал хэмээж, зохиолч болон хэвлэн нийтлэхэд оролцсон бүх хүмүүсийг цаазлах тушаал гаргажээ. Тэрбээр шашны хэт туйлширсан үзлийн томоохон шүүмжлэгч юм.

Тухайн үед Лондонгийн оршин суугч байсан Рушди цаг тутам бүрийг цагдаагийн хамгаалалт дор өнгөрөөсөн байдаг. 2000 онд Нью-Йорк хот руу шилжин суурьшсаны дараа тэрбээр айдас дор амьдрахаас татгалзан, өөрийн хүсэлтээр цагдаагийн хамгаалтаа цуцлуулжээ. Рушди үймээн самууныг ардаа орхиж, эрх чөлөөтэй амьдрах хүсэл тээн Нью-Йорк хот руу нүүсэн.

Тэрбээр “Терроризмыг ялах ганц арга бол айхаа болих” гэж хэлсэн юм. 2022 онд түүний амь насанд халдах гэсэн цочирдом хэрэг гарч байв. Рушди хүзүү болон хэвлий тус газраа 10 гаруй удаа хутгалуулсан ч азаар амь гарсан.

“The Satanic Verses” номыг гадаад хэл рүү орчуулсан хүмүүс ч мөн адил халдлагад өртөж байсан. Япон хэл рүү орчуулсан Хитоши Игараши, Испани руу орчуулсан Этторе Каприоло нар халдлагад өртөн хутгалуулсан. Харамсалтай нь Игараши шархаа дийлэлгүй нас баржээ.

Номыг нь орчуулсан хүмүүс халдлагад өртөн, амь насаа алдаж өөрөө хүртэл үхлийн ирмэгт тулж ирсэн ч гэсэн Рушди найруулан бичих нь үхлийг эсэргүүцэн тэмцэж буй явдал гэж хэлсэн юм.

Цан Шүэ

Хэвлэлийн агентлагууд Нобель авах хамгийн магадлалтай гэж мэдээлсэн Цан Шүэ бол маш сонирхолтой зохиолч. Цан Шүэ гэх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Дэн Шиаохуа нь 1953 онд БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотод мэндэлжээ. Тэрбээр 2001 он хүртэл Чанша хотод амьдарсан байна.

Аав, ээж нь Соёлын хувьсгалын үед хэлмэгдсэн тул Шүэ боловсрол эзэмших боломжоо бүрэн хасуулсан юм. Гэхдээ тэрбээр унших, бичихэд дурласан сэтгэлээ хадгалж үлдэж чадсан байна. Шүэ бие даан Англи хэл сурч, Мүракамитай адил барууны уран зохиол ихээр уншиж эхэлжээ.

Тэрбээр амьдралынхаа туршид багш, оёдолчин, явган эмчээр (Эмчлэх зөвшөөрөл аваагүй тосгоны эмч) хүртэл ажиллаж үзсэн юм. 1980-аад оноос эхлэн Шүэ авангард хэв маягаар бичиж эхэлсэн. Энэ нь түүнийг бусад Хятад зохиолчдоос ялган, онцолсон ч алдар нэрт хүргээгүй юм.

Шүэ олон зуун роман, тууж, богино өгүүллэг бичиж хэвлүүлсэн. 2015 онд түүний “The Last Lover” нэртэй роман шилдэг оруулгын номын шагнал авч байжээ. Мөн “Love in the New Millenium” роман Бүүкэрийн шагналд нэр дэвшсэн.

Тэрбээр өөрийнхөө зохиолуудын тухай ярихдаа “Миний үзэл санаанууд баруунд ургаж хөгжсөн. Гэхдээ би энэ үзэл санааг ухаж аваад 5 мянган жилийн баялаг түүхтэй Хятадын хөрсөнд суулгасан. Миний бүтээлүүд барууны эсвэл Хятад зохиолууд шиг биш, харин миний өөрийн өвөрмөц бүтээл. Хятадын соёл миний сэтгэл зүрхэнд бий. Би энд төрсөн, энд амьдардаг. Би зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг сурах шаардлгагүй” гэжээ.

Шүэ Хятадын утга зохиолын салбарын ирээдүйг гутрангүй хардаг. Тэрбээр “Sixth Tone” агентлагт 2016 онд ярилцлага өгөхдөө “Би өмнө нь хэлж байсан, одоо ч гэсэн хэлье надад гэгээлэг надад ямар ч итгэл найдвар байхгүй. Энд хүн болгон л хуучны зүйлээ хадгалж үлдэхийг хичээдэг. Хэрвээ чи бусадтай адил уламжлалаа дагахгүй бол гадуурхагдана” хэмээсэн юм.

Гэхдээ тэрбээр Хятадын залуу үед зориулж бичсээр байх болно гэдгээ илэрхийлсэн байна. Шүэ “Хятадад прогрессив үзэлтэй хүмүүс маш цөөн. Тиймээс би залуу үедээ л итгэн найддаг. Тэд одоо 20 нас хүрч байгаа. Дахин 20 жил өнгөрсний дараа оюун санааны хувьд бэрхшээл тулгарах үед, эсвэл материаллаг эд зүйл хэрэгцээг нь хангахгүй болж эхлэхэд тэд миний номнуудын аль нэгийг нь барьж авч магадгүй” гэж хэлжээ.

Алдарт Мүраками, тэмцэгч Рушди, өвөрмөц Шүэ нарын дундаас Фоссе нэр цохон гарч ирж, Нобелийн медаль хүртэв.

Эх сурвалж: The New Yorker, BBC, Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-06 15:17

Edgeer mundag zoxiolchid olon saixan gaixaltai adal yavdal unen bodit tuuxeer duuren nomnuudiig bichsen
Tednii zoxiol buteeluud delxii daxind olon tumen unshigchidiin shireenii nom bolson doo

Холбоотой мэдээ

Back to top button