Гадаад мэдээДЭЛХИЙ

Хориг тавьсан ч Хамас бүлэг хэрхэн санхүүжилт босгодог вэ

Өнгөрсөн бямба гарагт /2023.10.07/ Хамас бүлгийн Израил руу хийсэн довтолгоо их хэмжээний мөнгө шаардсан нь мэдээж.

Тус бүлэг нэг өдрийн дотор дрон, цахим халдлага мөн 2500-аас 5000 пуужин ашиглаж халдсан. Харьцуулбал хоёр жилийн өмнө гарсан мөргөлдөөнд тэд 11 хоногийн хугацаанд үүнтэй ижил тооны зэвсэг ашигласан. Иймд тэдэнд орж ирж буй мөнгөний урсгал нэмэгдсэн гэж үзэж болно.

Хамасыг террорист байгууллага гэж олон улс үздэг. Ийм учраас олон тооны хориг тус бүлгийн эсрэг тавигдсан байгаа. Гэвч “Forbes” сэтгүүл тус бүлгийг дэлхийн хамгийн их хөрөнгөтэй террорист бүлгүүдийн нэг гэж 2014 онд мэдээлж байсан.

Тухайн үед татвар, хандив гэх мэт зүйлсээс 1 тэрбум ам.долларын орлого олдог гэж “Forbes” тооцоолж байсан аж. Тэгвэл өөр ямар замаар санхүүжилт босгодог вэ гэдгийг нь харцгаая.

Криптовалют

Дэлхийн хамгийн том крипто арилжааны платформ болох “Binance” Израилын хууль сахиулах байгууллагын хүсэлтээр Хамас бүлэгтэй холбоо бүхий бүх крипто хэтэвчүүдийг хаасан.

“Wall Street Journal” Израилд үйл ажиллагаа явуулдаг “BitOk” компанийн олсон баримтаас иш татан мэдээлэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд Хамас бүлэг криптовалют хэлбэрээр 41 сая ам.доллар хүлээн авчээ.

Хамас бүлэг криптовалютыг олон жилийн турш ашигласаар ирсэн ч дөрөвдүгээр сард Биткойноор дамжуулж хандив хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна.

Ираны тусламж

Сүүлд болсон халдлагад Иран тусалсан уу, туслаагүй юу гэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ Иранаас Хамаст санхүүгийн тусламж өгдөг гэдэг нь батлагдсан зүйл. АНУ-ын засгийн газрын тооцоолж буйгаар Иран жил бүр Хамаст 100 сая ам.долларын тусламж илгээдэг аж.

Мөн тус бүлэг Катар, Турк зэрэг хэд хэдэн орноос санхүүгийн дэмжлэг хүртдэг. Гэхдээ тэдгээр улсууд Хамасыг шууд санхүүжүүлдэггүй тул ямар дүнтэй мөнгө илгээдгийг нь мэдэхэд хүндрэлтэй.

Хандив

Хамас мөн Исламын хандив болох Закатаар дамжуулж хандив цуглуулдаг. Мөн Персийн булан, Баруун Европ, Хойд Америк зэрэг бүсүүдэд гадаадаас хөрөнгө оруулалт босгох үйл ажиллагаа явуулдаг.

Тус бүлэгтэй холбоо бүхий хандивын байгууллагууд зэвсэгт үйл ажиллагаанд нь бус харин нийгмийн халамжийн үйл ажиллагааг нь санхүүжүүлдэг аж.

Татвар

Сар бүр Хамас бүлэг Египетээс орж ирж буй бараануудаас 12-оос 15 сая ам.долларын татварын орлого олдог. Хамгийн их татварын орлого оруулдаг бараануудад тамхи, түлш, барилгын материал багтдаг байна.

Гадаад хөрөнгө оруулалт

Хамас хөрөнгө оруулах зорилготой тусгай газартай. 2022 онд Германы гаргасан тайлангаас харвал тус бүлэг Турк, Саудын Араб, Алжир болон Судан дахь компаниудад хөрөнгө оруулах замаар 500 сая ам.долларын хөрөнгө босгожээ.

Гэхдээ АНУ-ын Сангийн яам энэ хөрөнгө оруулалттай холбоо бүхий хүмүүсийг илрүүлж, шуурхай хориг тавьсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button